Хайрын бурхан буюу Батмөнхийн Сарантуяа

Twitter Print
2016 оны 10-р сар 24-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Сарантуяа гэгч гил хар шөнийн гэгээн туяа мэт анирлангуй, чандаган цагаан өдрийн час улаан туяа мэт асарлангуй, сарны аялгуу нарны ааг амтагдсан зүүдэн хонгор нас мэт нэгэн ажээ.

Зоргоор туулах он жил үүд нь дуун тамгатай, зоригоор туучих омголон сэтгэл нь дуун домогтой, золгоод учрах зүрхэн эгшиглэн нь дуун хадагтай тэрбээр Зууны манлай гэнэм. Тэр дуучин бөлгөө.

Сарантуяа гэгч шөнийн мянган одод чимээлэн чагнах сарны аялгуу мэт, хөхөмдөг модот уулсын цаанаас цэлсхийн мандах нарны гэгээн туяа мэт даяарын Шидэт долгис бөгөөд дуун ертөнцийн эрхэмсэг хатан хаан заяатны төрх бүрдмэл нэгэн ажээ. Тэр ихэмсэг, эрхэмсэг, эрчимлэг үзэгдэнэ. Тэр хайрын дууч бурхан бөлгөө.

Батмөнхийн Сарантуяа хаврын яргуйн цэнхэр униарын амсарт төрсөн билээ. Т эр цагийн хавар Сүхбаатарын Талбайн зүлэг хамгийн түрүүнд хэнзэлж, Улаанбаатарын дөрвөн их хайрхан нялх ногооны эртийн үнэрт умбан цэнхэрлэж, Богд уулын ар энгэрт яргуйд согтсон гүр согоо сортолзож, хаа нэгтээ адуу тургилан байсан буй за. Монгол хотын эх дүр энэ мэт бөгөөд тэр үед их хотын хөл хөдөлгөөнд эх байгаль хэдийн ээнэгшин дассан ийм л хэв донж зураглан буудаг байв.

Мянга мянган жил нялхсыг угтах мэт хаврын тэр тэргэл өдөр халх эр, якут эхээс нэгэн охин дуун хадаан төрсөн нь Сарантуяа бай.ж. Цагаан нохой Жилийн шинийн арван тавны цагаан морь энэ өдрийг “Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа 1970.04.20-ны өдрийн Даваа гарагт мэндэлсэн” хэмээн Монголын рок поп урлагийн түүхэнд бичигдэхийг тэр үед хэн мэдлээ.

Дөрөвдүгээр сарын 20-нд А.Гитлер, С.Зориг нар мэндэлсэн гээд бодоход тэр өдөр өөрөөр сэтгэгчид, хувьсгалчид төрдөг байж мэднэ. Батмөнхийн Сарантуяа Монголын рок поп урлагт шинэчлэл хийх гэж заяагдсан хувьсгалч хатан хаан байж бас мэднэ.

Б.Сарантуяагийн дал, наяад он Монгол-Оросын их өв соёлын уулзварт өсч торних нялх балчирын ер бусын жилүүд байлаа. Тэрбээр якут эхийн орос соёл, ур сэтгэмж, халх аавын монгол ухаан, уужуу сэтгэлгээний уулзвар зангилааны давтагдашгүй орчинд эрххэн бага насаа өнгөрөөсөн юм.

Түүний багын хоч нь хүртэл оросжуу. Монхор хамартай болохоор нь “монташка” гэдэг байж. Зуны амралтаар хөдөө эмээгийндээ очих монгол ахуй, якутын буурал ээждээ очих орос ахуй түүнд ер бусын мэдрэмж төрүүлж өөрийгөө танин мэдэх, бусадтай харьцуулах, ирээдүйгээ төсөөлөх боломжийг үе тэнгийнхнээс нь өөр өнцгөөс олгосон бололтой.

Тэрбээр якут эхийн орос соёл, ур сэтгэмж, халх аавын монгол ухаан, уужуу сэтгэлгээний уулзвар зангилааны давтагдашгүй орчинд эрххэн бага насаа өнгөрөөсөн юм.

Бас багаасаа охид, хөвгүүдийн өөр өөр зан араншинг ойлгох боломж тохиосон нь Сарангуа эгч, Төмөр дүүгийн ертөнц юм. Тиймээс тэр хүүхэд байхаасаа бие даасан өвөрмөцийн ертөнцийг олж харсан бөгөөд хожим нь өөрөө “миний анх гарч ирсэн имиж чинь онгироо, аягүй пээдгэр, ах захгүй, нэг тийм цадиггүй” гэж тодорхойлсон юм.

Монгол ахуй орчинд орос дунд сургууль төгссөн нь яах аргагүй түүнд хүчтэй нөлөөлсөн байх. 23 дугаар дунд сургуулийн Любовь Антоновна хэмээх алтан шаргал үст багшийн алган дээр нэгдүгээр ангид орсон нь аз хийморийн даллага байсан бөгөөд бага ангийн багшийнхаа үлгэр дууриаллаар дууны урлагт, амьдралын үнэнд татагдсан юм билээ.

Чухам энэ бүхэн нь хожмын их уран бүтээлч болохын үүтгэл, үүсгэлийн амин түлхүүр, ямагт урагш тэгэхдээ шинэчлэлийн босго давагч хувьсгалчийн дүр төрхийн мөн чанар болсон байнам.

Хувьсгалч гэдгийг улс төрийн бус уран бүтээлчийн тухайтад хөгжлийг түүчээлэгч манлайлагчийн утгаар энд онцолж байна. Үнэндээ тэр Монголын рок поп урсгалын хөгжлийг өөрийнхөө уран бүтээл, буй байдал, амьдралаараа түүчээлэн урагшилсаар байна.

Зөвлөлтийн IX дунд сургуулийнхан тэр үедээ оюун соёлын олон зүйлээр үлгэр дуурайлал болдог байсан. Тэр тусмаа сурагчдынхаа хувь хүний төлөвшил, авьяас билгийн хөгжилд онцгой анхаарч сэтгэлгээний чөлөөт байдлыг буй болгодог байж. Түүний нэг бодит жишээ нь Сарантуяа.

Арван зургаахан насандаа урлагт хүлээн зөвшөөрөгдөн алтан тайзнаа микрофон барьж гарч ирнэ гэдэг ховор зүйл. “Мөнгөн харандаа” хамтлагт ирээдүйн од Сарантуяа дуулж байсан учраас эдүгээ нэр дурсагдаж байна. Юм гэдэг ийм бөгөөд тохиолдлын зүйл гэж үгүй.

Б.Сарантуяагийн амьдрал, уран бүтээл хоёр зууныг дамжин үргэлжлэх нь сонирхол татна. Тухайлбал, ардчилсан хувьсгалын эхлэл түүний идэр жавхлант хорин настай давхацсан нь уран бүтээлийн жинхэнэ эрх чөлөөг авчирсан юм.

Буянгийн Жаргалсайхан “Хөх тэнгэр” хамтлаг байгуулж тэр үеийн “номер нэг”-үүдийг цуглуулж, хөгжим хэрэгслээр тултал нь хангаж рок поп урлагийн шинэ үеийн замыг зассан нь гайхалтай буянт үйл байлаа. Мэдээж тэнд Батмөнхийн Сарантуяа зоолттой байсан хэрэг. “Хөх тэнгэр” хамтлаг нь шинэ цаг үеийн шинэ хөгжмийн урсгалд Монголын гэх өөрийн өнгө төрх, арга маяг, урын сантай байхын утга учрыг яалт ч үгүй шинээр дэвшүүлэн тавьсан юм.

Б.Сарантуяа 1994 онд “Сэтгэлийн хөг” нэртэй анхны бие даасан тоглолтоо Соёлын төв өргөөнд хийж байлаа. Одоо тэрбээр тус өргөөний дэд даргаар дэвшин ажиллаж байна.

“Зүүдний говь” /1993/, “Инээмтгий хүн” /1994/ цомог хэвлэгдэж, Азийн дуу дуулаачдын наадмын мөнгөн медаль /1991/, “Азийн дуу хоолой” наадмын “Гран-при” шагнал /1993/, “Супер стиль” /1994/ наадмын цом хүртсэн зэрэг амжилт нь түүнийг хорин хэдхэн наснаасаа дуучны хувьд Монголынхоо хилээс хэдийн халин гарсныг харуулж байна.

Түүний уран бүтээлийн дараагийн шинэ мөчлөг ерээд оны дунд үеэс эхэлсэн гэж хэлж болно. “Аргагүй амраг”/1996/, “Эгэл сэтгэл” /1998/ цомог, "Миний дуу, /1997/ хуурцаг дараалан гарлаа. Тэр бүхэн үзэгчдийн дунд шинэ давалгаа үүсгэдэг байв. "Аргагүй амраг” цомогт “Аргагүй амраг”, “Гоолингоо” дуу орсон нь шуугиан дэгдээсэн юм.

Тэр үед рок поп дууг хотын дуу, монгол дууг хөдөөний дуу гэх туйлшрал уран бүтээлчдийн дунд хүчтэй өрнөж байсан билээ. Б.Сарантуяа энэ хоёр дууг хөгжмийн найруулгын цоо шинэ хэв маягаар нээж дуулсанаараа мөнөөх туйлшралд цэг тавьсан юм.

Ер нь орчин үеийн дуу хөгжмийн шинэ урсгал монгол ардын урлагийн шимт хөрсөнд баттай суурилж байж идээшин дасах төдийгүй дэлхийн рок поп урлагт монгол гэх өөрийн орон зайгаа эзлэх юм байна гэсэн хөгжлийн чиг баримжаа энэ үеэс хэлбэршин тогтсон гэж миний хувьд боддог юм.

“Аргагүй амраг” цомогт “Хэн юм бэ?” /ая. Энхбаяр/, “Хайрын бурхан” /ая. Өлзий-Орших/дуу анх хэвлэгдсэн юм. “Хайрын бурхан" дуу гэхэд л хорин жилийн турш Сарантуяагийн шүтээн сүлд дуу байсаар ирсэн бөгөөд цаашид ч үргэлжлэн эгшиглэх визийг үзэгч түмнээс хүртсэн бүтээл гэж хэлж болно.

Хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших бид хоёр энэ жил “Хайрын бурхан” дууны 20 жилийн ойд зориулан “Хайрын бурхан-2” дуу шинээр зохицож талархсан нь бас түүний 30 жилийн ойтой холбогдож байна.

Ерээд оны дуучин Б Сарантуяагийн үнэлэмжийн оргил нь “Зууны манлай эстрадын дуучин” /1999/ цол юм. “Зууны мэдээ” сониноос хэрэгжүүлсэн энэ төсөлд шалгарч өөрийн овог болтлоо нэршсэн “Зууны манлай” дуучин болохдоо тэр ердөө л 29 настай байсан юм.

Тэр шалгаруулалтад сэтгүүлчдийн санал нөлөөтэй байсан, би ч бас саналаа өгч байсан билээ. Бүхэл зууныг төлөөлөх уран бүтээлчийн зиндаанд түүний залуу нас үл саад болсон нь тухайн үед ч одоо ч ард түмний хайр хүндлэлийн хүлээсэн түүний уран бүтээлийн замналаас тодорхой харж болно.

Хоёр мянгаад оноос дуучин Б.Сарантуяагийн уран бүтээлийн оргил оргилуун даацтайхан жилүүд" эхэлсэн билээ. Тэрбээр эхний арван жил дараалан цомог хэвлүүлж тоглолтоо хийж үзэгч түмэнд амьсгал авах зай чөлөө өгөхгүй эзэгнэж байв.

“Хайрын зөрлөг”/2000/, “Тэгвэл хоёулаа”/2001/, “Saraa De Мооn” /2002/, “Би жаргалтай” /2003/, “Шинэ жилийн аялгуу”/2004/, “Өнөөдөр ирсэн аялгуу”/2007/, “Төрсөн өдрийн аялгуу”/2009/, “Хайрын бэлэг” /2012/ “Сэтгэлийн есөн цацал” /2012/ цомгийг өнөөдөр сонсон ч шив шинээр. Тэр ер бусын эрч хүчээр цэнэглэгдэж хурдны мориор бол ир нь ханажээ. Тиймээс “Хайрын зөрлөг” /2000/ “Би жаргалтай” /2003/, “Хайрламаар” /2007/, “Аргагүй монгол аялгуу” /2011/, “Хайрын бурхан” /2013/, “Хайрын бэлэг” /2014/, “Мөнгөн шөнө” /2014/, “Сэхүүн салхи” /2015/ зэрэг бие даасан тоглолтоо хийж уран бүтээлийн дараагийн шинэ давалгаа эхлүүлснээ тунхаглан зарласан билээ.

Б.Сарантуяагийн уран бүтээлийн ололт шинэчлэл бүхэн нь Монголын рок non урлагийн хөгжлийн шинэ дүр төрх, чиг хандлага, түвшинг илэрхийлж байдгаараа онцгой юм. Тэрбээр гадаадад анх цомог хэвлүүлж, бие даасан тоглолт хийж, эх орондоо аялан тоглолтыг ээлж дараалан зохион байгуулж, дуулсан дууныхаа ханшийг өргөж, үзэгч түмнийхээ оюуны цангааг тайлж, Монголын pok non урлагийн нэр хүнд, үнэ цэнийг өнөөгийн өндөр түвшинд хүргэсэн юм.

Ийм гайхамшигтай уран бүтээлчтэй хамтран ажиллана гэдэг хөгжмийн зохиолч, яруу найрагчдын мөрөөдөл байдаг юм. Зөвхөн миний хувьд л гэхэд тийм аз завшаан олонтоо тохиосон билээ. Тэрбээр анх “Хэн юм бэ?” /Г.Энхбаяр/ дууг минь дуулсан бөгөөд “Хайрын бур.хан” /Д.Олзий-Орших/ дуу хоёр дахь нь юм.

Түүнээс хойш “Хайрын тэнгэр”, “Шинэ цас” /Б. Ангирмаа/, “Чам руу над руу урсана” /С.Оргил/, “Амрагийн тавилан” /Д.Бэхбат/, “Ойрхон” /Г.Пүрэвдорж/, “Хайрын бурхан-2” /Д.Өлзий-Орших/, “Анх ижий минь” /X. Мөнх-Ертөнц/, “Миний ижий-эх дэлхий”, “Эгшиглэнт залуу нас жаргалтай”, “Шинэ жйл манайд ирлээ”, “Сайн байна уу,  Шинэ жил”, “Зоргоороо амраг” /Л.Балхжав/ зэрэг олон сайхан уран бүтээлийг минь амьдруулж Монголын дууны урын алтан санд мөнхөлсөн юм.

Батмөнхийн Сарантуяа 30 жилийн турш Монголын рок поп урлагт чин үнэнчээр хүчин зүтгэж, манлайлж ирсэн бөгөөд үнэндээ Ардын жүжигчний үүргийг гүйцэтгэж хөгжлийн түүчээ болсоор байна.

Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн уран бүтээлийн 30 жилийн 20 жилд нь миний бие ийнхүү уран бүтээлээр андлан нөхөрлөж ирсэндээ бахархаж байна. Тэр бол итгэж болох, бас нөхөрлөж болох шулуун шударга, ил тод, ойлгомжтой хүн. Үнэндээ Монголын дуучид дотроос оддын амьдралаар амьдарсан сонгомол дуучин гэвэл Сарантуяаг л би нэрлэнэ.

Түүн шиг уран бүтээлээр насан туршдаа хэлбэрэлтгүй дагнан ажиллаж өөрийн ухамсарт амьдралаа урлагт эргэлзэл үгүй зориулсан нь хуруу дарам цөөхөн. Тэр нэг л зангаараа, нэг л зарчим, туурштай үзэл бодол, хүсэл мөрөөдөлтэй хүн.

Би түүнд тохиосон нэг үйл явдлыг мартдаггүй юм. Б.Сарантуяа 2005 онд Монгол Улсын гавьяат жүжигчин алдар цолоор шагнуулсан. Шагнал гардуулах ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулахдаа “Ардын жүжигчин” гэж уншсанаа “гавьяат жүжигчин” гэж залруулж билээ. Ерөнхийлөгчийн зарлигийг ингэж андуурах тохиолдол огт байсангүй. Би ч түүнийг алдаа бус гэж боддог.

Учир нь Батмөнхийн Сарантуяа 30 жилийн турш Монголын рок поп урлагт чин үнэнчээр хүчин зүтгэж, манлайлж ирсэн бөгөөд үнэндээ Ардын жүжигчний үүргийг гүйцэтгэж хөгжлийн түүчээ болсоор байна. Ерөнхийлөгчийн зарлиг анхны хувилбараараа уншигдах цаг тун удахгүй буй за.

Батмөнхийн Сарантуяа дуучин хоёр зууны зааг дээр хоёр их соёлын уулзвар дээр арга билэг, уламжлал, шинэчлэлийн бэлгэдэл болон гарч ирсэн их уран бүтээлч, эстрадын нэгэн онцгой үзэгдэл юм. Түүний дуулах нь зүүний сүвэгчээр сарны туяа садарч зөн билгийн наран шувуу болон нисч зүрхэнд мянган одод зэрэг гэрэлтэх мэт ажаам.

Тэрбээр Монголын рок поп урлагийг зуун дамжин төлөөлөх эрх бүхий онцгой нэгэн бөгөөд уран бүтээлийнх нь 30 жил бол түүний амьдрал, уран бүтээлийн үндсэн дэвсгэр хөг нь билээ. Зууны манлай эстрадын дуучин, Пентатоник наадмын гурван удаагийн шагналт, “Алтан микрофон” наадмын шагналт, Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива хатагтай Б.Сарантуяагаас Монголын рок поп урлагийн хөгжлийн шинэ зууны шинэчлэлийн дараагийн шинэ давалгааг хүлээх, хүсэх эрх үзэгч бидэнд урдын адил хүлээлт болон үлдэж байна.

 Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, дууны яруу найрагч Ү.Хүрэлбаатар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.