М.Чимэддорж: “Стэнд-бай” төсвийн сахилга батыг сайжруулж, бодлогын алдааг засна

2016 оны 10-р сар 22-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

Эдийн засагч, Хөдөлмөрийн зах зээл судлаач М.Чимэддоржтой нийгэм, эдийн засгийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын төсөв санхүүгийн байдал хүнд байна. Судлаач хүний хувьд эдийн засгийг хүндрэлд оруулсан гол шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?

-Манай улсад нийгэм, эдийн засгийн нэгдсэн бодлого гэж алга. Өнөө маргаашаа харсан, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн аргацаасан бодлого явж байна. Үүн дээр гэнэт баяжсан хүмүүсийн цээж өвчин нэрмээс болж байна. Товчхондоо улстөржсөн эдийн засаг, төсвийн хариуцлагагүй байдал өнөөдрийн хямралын үндэс, гол зангилаа нь болсон. Төсвийн үр ашиггүй, эдийн засгийн мөчлөг дагасан өсөлт, тодорхой зорилтгүй Засгийн газрын зээл нь түүхий эдэд суурилсан эдийн засгийг хямралд хөтөлсөн.

-Төсөв  алдагдалтай байгаагаас гадна хоёр сарын дараа Монгол Улс өрөө төлж эхэлнэ. Энэ хүндрэлээс гарахын тулд “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлт тавьж, Хятад Улсаас зээл авах гээд төр засгийн удирдлагууд мөнгөний эрэлд гарч байна.  Эдийн засгийн хүндрэлээс гарах  гол гарц нь таны харж буйгаар юу вэ?

-“Их идсэний маргааш өнж” гэдэг байх аа. Бид бүсээ чангалаад эдийн засгийн бодлогоо эргэж харж, засаглалаа сайжруулах ёстой. Хямрал бол алдаа дутагдлаа олж харах, түүнийг засч залруулах боломж олгодог. Бид яаралтай хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай тулгарч байна. Үүнд Олон улсын валютын сангийн “Стэнд-бай” хөтөлбөр тусална. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бидний хэрэгжүүлж чаддаггүй төсвийн сахилга батыг сайжруулж, макро эдийн засгийн бодлогын алдааг засварлах боломжтой. Харин Хятадаас бага хүүтэй урт хугацаатай зээл авбал өнгөрсөн хугацааны макро эдийн засгийн бодлогын алдаагаа олж харахгүйгээр барахгүй санхүүгийн сахилга батгүйн илэрхийлэл болох зээлжих зэрэглэл, Засгийн газрын бондын олон улсын зах зээл дээрх үнэлгээ байхгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид алдаагаа олж харж засварлах биш харин түүнийг улс төрийн агуулгатай мөнгөөр далдлах гэж оролдож байгаагийн нэг илрэл болно.

- Өнөөдөр Монгол Улсын халамж, тэтгэврийн сангууд нь хоосорчихлоо. 2011 оны ид өсөлтийн үед Баялгийн сантай болъё гэж их ярьсан ч амьдралд хэрэгжсэнгүй. Эрсдлийг даах санг байгуулахын тулд монголчууд юу хийх ёстой вэ?

-Байгалийн баялагт суурилсан эдийн засагтай орнууд тухайн баялгаасаа хуримтлал үүсгэж хөгжлийн дараагийн шатандаа гарч чаддаг. Хүний оролцоо багатай баялагт суурилсан улсын эдийн засгийн төсвийн хяналт сул байдаг. Өөрөөр хэлбэл төсвийн тэлэлт нь шууд татвар нэмэхийг шаарддаггүй учраас олон нийтэд төдийлөн хамааралтай байдаггүй. Яг ийм нөхцөл баялагтай олон орон дампууралд хүрсэн. Баялагт тулгуурлан амжилттай хөгжсөн орнуудын туршлагаас үзэхэд юуны өмнө төсөв санхүүгийн сахилга батаа алдаагүй, орж ирсэн орлогыг тодорхой санд төвлөрүүлэн эдийн засгаа хэт халаахгүйгээр дотооддоо хөрөнгө оруулалт хийж хувийн хэвшлийн хөгжлөө тэтгээд, илүүг нь гадаад улс орнуудад хөрөнгө оруулалт хийх замаар дэлхийн томоохон корпорациудын ашгаас хүртэж чадсан байдаг. Ийм чадавхитай болсны дараа эдийн засгийн тодорхой салбарыг кластер маягаар хөгжүүлж дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг бэхжүүлж чадна.

Халамжийн сангуудын хувьд бид түүхий эдийн үнийн өсөлттэй үед хүний хөгжлийн нэртэй улс төрийн популизмын сан байгуулж бэлэн мөнгө тараасан шүү дээ. 2012 оны сонгуульд зориулан тус сангаар дамжуулан мөнгө тараах зорилгоор Чалко компаниас зээлж авсан өр нүүрсний үнийн уналтаас болж өнөөг хүртэл төлж барсангүй. Тэтгэврийн сан бүр ч хүндэрсэн. Өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын санд хуримтлагдсан хөрөнгийг  нэгдсэн төсөв рүү оруулаад зарцуулчихсан. Өөрөөр хэлбэл одоо хуримтлагдсан хөрөнгө байхгүй гэсэн үг. Дэлхийн банкны тооцож байгаагаар тэтгэврийн даатгалын сан 2030 он гэхэд ДНБ-ийн 7 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарч байна шүү дээ. Энэ нь төрөлтийн коэффициент буурсан, дундаж наслалт нэмэгдсэн, хүн амын насжилт нэмэгдэж байгаагаас үүдэлтэй. Мөн одоо ажил эрхэлж байгаа 10 хүн тутамд 4 тэтгэврийн хүн ноогдож байгаа. Энэ үзүүлэлт 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэхээр байна.

Тиймээс аль болох богино хугацаанд бие даасан сан болгож, хуримтлагдсан өрийг төрөөс төлөх ёстой. Цаашид төрөөс даатгалын төлбөрийг хугацаанд нь төлдөг болгох, хөдөлмөрийн насыг нэмэгдүүлэх зэргээр сангийн орлогын тогтвортой байдлыг хангах, эрүүл мэндийн даатгалын сантай уялдуулах, хөрөнгө оруулалт хийх замаар сангийн хөрөнгийг өсгөх механизмыг бүрдүүлэх ёстой.

- Хөрөнгө оруулалт татарснаар төгрөг үнэгүйдэж валютын ханш дээд цэгтээ хүрлээ. Ханшийг барихаар Төвбанк мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлснийг зарим эдийн засагчид түр зуурын арга гэж байсан. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

- Бодлогын хүүг өсгөх нь зөв буруу гэхээсээ илүү Төвбанк мөнгөний бодлогодоо юуг авч үздэг, цаашилбал мөнгөний бодлого гэж  Монгол Улсад байна уу гэдэгт хариулах ёстой. Төвбанкны үүрэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хадгалахаар томьёологдсон. Энэ нь ханшид биш инфляцид чиглэж байвал зохилтой. Гэхдээ цаана нь эдийн засгийн өсөлтийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн салбаруудын өсөлтийн тэнцвэр, нийгмийн янз бүрийн бүлэгт бодлого хэрхэн нөлөөлж буйг  авч үздэг байх ёстой. Түүнээс бус 300 нэр төрлийн барааны үнийн өөрчлөлт, ам.долларын ханш хоёроор нүдээ боолгоод суувал үүнийг мөнгөний бодлого гэж нэрлэхэд хэцүү.Нөгөө талаас олон жилийн турш сонгуулийн дараа Төвбанкны Ерөнхийлөгчийг сольдог жишиг тогтлоо. Тодруулбал мажоритар системд ялахын тулд хийсэн популизм сум болгонд тоосго өрөхийг, машин явдаггүй газар зам барихыг шаардаж буйтай ялгаагүй. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн бодлогыг үгүй хийж, амлалтаа биелүүлэхийн тулд гэсэн ганц зөвтгөлтэйгээр үр ашиггүй, үрэлгэн төсвийг бий болгож байгаа хэрэг. Эцэстээ мөнгөний бодлогын үр нөлөөг устгана. Энд онцлон хэлэх гээд байгаа хамгийн гол санаа нь засаглалын ийм зөрчил дунд, тодорхойгүй бодлоготой Төвбанкнаас их зүйл шаардах нь утгагүй юм.

Хөрөнгө оруулалтын хувьд манайд үнэндээ уул уурхайн салбарыг хасчихвал цаана нь гадаадын хөрөнгө оруулалт бараг байхгүйтэй адил. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт дундаа Оюу Толгойгоос бусад нь эрсдэл өндөртэй хайгуулын салбар зонхилж ирсэн. Энэ нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнээс хамаардаг. Нөгөө талаас хөрөнгө гэдэг зүйл тааламжтай орчныг дагаж явдаг эд. Бид хэдэн жил түүхий эдийн үнэ өндөр байх үед мөнхийн юм шиг бодоод стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах ёстой гэх мэтээр хаадаг боомилдог болсон. Мөн түүнчлэн өмчийг хамгаалах тогтолцоо сул, төрийн хүнд суртал ихтэй байгаа нь хөрөнгө оруулалт дайжих бас нэг нөхцөл болсон гэж хэлж болно. Бид хөрөнгө оруулагчийн итгэлийг сэргээх чиглэлээр тодорхой ажлууд хийж, эрх зүйн орчноо ойлгомжтой, тогтвортой байлгах хэрэгтэй.

- Сүүлийн үед гадны банкуудыг оруулж ирэх  талаар нэлээн ярьж байна. Гадаадын банк орж ирснээр зээлийн хүү буурах ч үндэсний аюулгүй байдал алдах вий гэсэн болгоомжлол нийгэмд байна. Ер нь банкны хүүг бууруулах гол хөшүүрэг нь юу вэ?

- Манай санхүүгийн зах зээлийн 94 хувь нь банкны салбар, хадгаламжийн хүү хэт өндөр байгаа зэрэг шалтгаанаар зээлийн хүүг богино хугацаанд бууруулах боломжгүй. Гадаадын банк оруулж ирэхэд манай банкууд өрсөлдөх чадамжгүй байна. Бид санхүүгийн салбартаа шинэчлэл хийх цаг нь болсон. Юуны өмнө нийгмийн даатгалын санг нэгдсэн төсвөөс гаргаж бие даалгах, баялгийн санд хуримтлал үүсгэх замаар хөрөнгийн зах зээлийг тэлэх, арилжааны банкуудын идэвхгүй активыг хөдөлгөөнд оруулах, түүнчлэн арилжааны банкуудын хувьцаат капиталыг өсгөх замаар өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг зоримог алхмуудыг хийх хэрэгтэй .Ингэснээр хөрөнгийн зах зээл идэвхжиж, арилжааны банкууд өрсөлдөх чадвартай болно. Үр дүнд нь зээлийн хүү буурч, гадаадын банкууд ажиллах нөхцөл бүрдэнэ.Ингээгүй тохиолдолд гадны банк оруулж ирснээр санхүүгийн салбараа алдах  нөхцөл үүснэ.

-Нийгмийн салбарын шинэчлэлийн талаар сонирхоё. Боловсрол, эрүүл мэнд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог сайжруулах замаар эдийн засгаа хэрхэн тэлэх боломжтой вэ?

-Нээлттэй, зах зээлийн эдийн засгийн системд шилжих шилжилт боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэл дээр зогсоод 20-иод жил боллоо. Зах зээлийн эдийн засгийн системийн амин сүнс болох өрсөлдөөн ба сонголтыг үл хайхран өөрчлөлгүй авч үлдсэн боловсрол, эрүүл мэндийн салбарын хуучин тогтолцоо өнөөдөр бидний хамгийн том асуудал болж хувирсан. Хүн бүрт хамааралтай энэ салбарыг шинэчлэхгүй бол дараагийн 10 жилд санхүүжилт, хариуцлагын тогтолцоо нь дампуурч гамшгийн хэмжээнд хүрнэ. Өнөөдөр эрүүл мэндийн үйлчилгээний импорт жилдээ 100 тэрбумаас хол давсан, дээр нь дотоодын өндөр үнэтэй цөөн эмнэлгүүд багагүй ашиг олж байна. Бид улсын төсвөөс эмнэлгийн барилга барьж эмч нарыг цалинжуулаад байгаа ч нийт тусламж үйлчилгээний 5 хувь, үнийн дүнгийн 30 хувиас илүүг нь хувийн хэвшил нийлүүлж байна. Гэтэл цаад 95 хувийнх нь үйлчилгээний чанарын асуудлыг яаж шийдвэрлэх нь тодорхойгүй хэвээр үлдлээ.

Боловсролын салбарын хөрөнгө оруулалт бол хөгжил дэвшлийн үндэс. Хувийн хэвшлийн боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, аль болох олон хүүхдийг чанартай, боломжийн үнэтэй боловсрол олгох шаардлагатай. Ерөнхий боловсролын хувьд мөн адил жилийн 20 мянган ам.долларын үнэтэй сургууль, үнэгүй чанаргүй улсын сургуулиуд зэрэгцэн оршиж байна.

- Ядуурлыг бууруулж дундаж, чинээлэг  давхаргыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ. Дундаж, чинээлэг  давхаргыг нэмэгдүүлнэ хэмээн сонгууль болгоноор ярьсаар улиг боллоо. Хөрсөнд буулгах боломж байна уу?

-Дундаж давхаргыг нэмэгдүүлнэ гэдэг нь сонгуулийн амлалтаар хэрэгждэг зүйл биш. Энэ бол баялаг хуваарилалтын системүүдийг сайжруулж, түүнд аль болох олон хүнийг оролцуулснаар шийдэх асуудал. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт болон бизнесийн байгууллагын ашгийг хуваарилдаг нээлттэй хувьцаат компаниудыг бий болгох, тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгө нь өсч, өтөл насанд нь орлогын баталгааг хангаж чаддаг болгох хэрэгтэй. Мөн байгалийн баялгийн орлогын нийт эдийн засаг дахь өгөөжийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн механизмуудыг бий болгож байж хэрэгжинэ. Үүнийг оролцоотой өсөлт гэдэг юм. Технологийн дэвшил уламжлалт баялгийн хуваарилалтын системд заналхийлж байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ оролцоотой өсөлтийг тогтвортой байдлын үндэс гэж үзэж орлого хуваарилалтын шинэ механизмуудыг төлөвшүүлэх гэж хичээж байна.

-Эдийн засгийг жам ёсоор нь явуулахгүй байгаа гол хүчин зүйл нь  улс төр. Өнөөдөр төрийн өмчит компаниуд ашиггүй ажиллаж буйн гол шалтгаан нь төрийн хэт оролцоотой холбоотой гэх. Улс төрийн популизмаас эдийн засгийг салгах  арга байна уу?

-Улс төрждөггүй эдийн засагтай болоход маш тодорхой хэдэн ажлыг хийх ёстой. Юуны өмнө Засгийн газрын гишүүн болгоныг парламентаар оруулж баталдагийг болиулж, ерөнхий сайдад хариуцлагыг нь бүрэн хүлээлгэдэг болгох хэрэгтэй байна.  Хоёрдугаарт төрийн өмчид байгаа томоохон компаниудын хувьцааны ядаж гуравны хоёрыг хувьчлах хэрэгтэй. Мөн боловсрол эрүүл мэндийн салбарын тогтвортой байдлыг нь алдагдуулахгүйгээр шинэчлэх шаардлагатай. 

-Та хямралын  гарцын талаар  илтгэл тавина гэлээ. Энэ илтгэлээрээ нийгэмд ямар мессеж хүргэхээр зорив оо?

-Биднийг сайн засаглалаа төлөвшүүлэх, эдийн засгийн бодлогоо шинээр авч үзэх, нийгмийн салбарын хөгжлийн зорилтуудыг зөв томьёолохыг цаг үе шаардаж байна. Тийм ч учраас хөгжлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, засаглалын шинэчлэлийг цогцоор нь авч үзсэн өөрийн шийдлийг танилцуулах гэж байгаа. Бидэнд бизнесийн зээлийн хүүг жилийн 4 хувь болгох, гадаадад хөрөнгө оруулалт хийж дэлхийн томоохон компаниудын ашгаас хүртэх боломж бий. Цаашилбал эдийн засгийн тодорхой салбаруудыг дэмжин хөгжүүлж бүтээгдэхүүнээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөх, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх суурь нөхцлийг ирэх 10 жилийн хугацаанд бүрдүүлэх боломж ч байгаа гэж үзэж байна. Тиймээс өөрийнхөө боловсруулсан хөгжлийн бодлогыг олонтой хуваалцаж, эдийн засагчид, мэргэжилтнүүдийн санал шүүмжлэлийг сонсохоор шийдсэн юм.

Б.Заяа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Jalene

      (188.143.232.32) 2016-12-21 15:15
      • 0
      • 0

      In the coailpcmted world we live in, it's good to find simple solutions.

      Хариулах