Өнөөдөр өндгөнд хүндэтгэл үзүүлэх өдөр

Twitter Print
2019 оны 10-р сар 14-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу? Өнөөдрийн хувьд өндөг анхдагч бололтой. Энэ өдөр дэлхий дахины өндөгний өдөр  (World Egg Day). 

Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гарагийг Дэлхийн өндөгний өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон нь гайхаад байхаар асуудал биш, өндөг хамгийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн байдгаас тэр гэнэ. 

Өндгөнд хүндэтгэл үзүүлдэг баяр тэмдэглэдэг болсон түүх  1996 оноос эхтэй аж. Энэ онд Австрийн нийслэл Вена хотод Олон улсын өндөгний комисс (International Egg Commission) хуралдаж, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гарагт «өндгөн» баяр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна. Энэ баярыг тэмдэглэхгүй байхын аргагүй, учир нь дэлхийн олон улс орны хүнс тэжээлийн нэгэн гол эх үссвэр нь өндөг байдаг тул өндөг үйлдвэрлэгчид нь энэ саналыг баяртай хүлээн авч дэмжинэ гэж тус комиссынхон үзсэн аж. 

Ингээд тэдний санал санаачилга өргөн дэлгэр дэмжлэгийг олж, олон улс орон энэ өдрийг өөр өөрсдийн хүсэл сонирхлоор тэмдэглэдэг болсон бөгөөд өндөг ашиглан хоол унд хийх уралдаан тэмцээн, сайн жор шалгаруулах, өндөгний эмчилгээний ашиг тус болоод хэрхэн зөв хооллох зэрэг ухуулга сурталчилгааны олон арга хэмжээ зохион байгуулдаг болсон байна. Америкт зэрэг олон улс оронд гэхэд энэ өдөр асар том хэмжээтэй омлет буюу өндгөн жаврай хийдэг уламжлал тогтжээ. 

“Хүнс маань эм болж, эм маань хүнс байх ёстой” гэсэн мэргэн сургаалийг Эртний Грекийн суут ухаантан, эмч Гиппократ нэгэнтээ айлдсан буй. Дэлхий  ертөнцөд оршин амьдрагч амьд организмуудаас хоол хүнсийг ухамсартайгаар, тэгэхдээ хамгийн олон төрлөөр нь, бас их хэмжээгээр хэрэглэгч нь хүн билээ. Манай улс “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй өнөө үед хүн амын хоол хүнс, хэрэглээний боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх зорилгоор хүнс, хоолны ач холбогдол, бие организмд үзүүлдэг эерэг болон сөрөг нөлөө, хоол хүнсээ боловсруулж, тохируулан хэрэглэх, зөв хооллолтын дэглэмийн талаар бичсэн нийтлэл, зөвлөмжөөс толилуулж байна. 

Зарим эх сурвалжид тэмдэглэснээр хүй нэгдлийн үед хүмүүс зэрлэг шувууны өндөг хэрэглэдэг байжээ. Энэ үед хүнд зайлшгүй шаардлагатай уургийн гол эх үүсвэр нь өндөг байсан гэж судлаачид таамагладаг. Харин соёл иргэншил бүрэлдэн тогтох үеэс шувууг гэршүүлж улмаар түүний ашиг шимийн нэг болох өндгийг хүнсэнд хэрэглэж иржээ. 

Тахианы өндөг дээд зэргийн чанар бүхий уургийн чухал эх үүсвэр, эмчилгээ сувиллын чанартай хүнсний үнэт бүтээгдэхүүн. Иймд тэдгээрийг дэлхийн хүн ам өдөр тутмын хоол хүнсэндээ байнга түгээмэл  хэрэглэдэг хүнс юм.

Өндөгний ач тус

Тахианы өндөгний 98%-нь биед шингэнэ.

Хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай аскорбины хүчил, тиамин, рибофлавин, ниацин, пантотений хүчил зэрэг аминдэм, мөн кальци, төмөр, магни, фосфор, кали, натри, цайр зэрэг эрдсийг өндөгнөөс авах боломжтой.

Өндгөнд триптофан, треонин, изолейцин, лейцин, метионин, цистин, фенилаланин, валин, гистидин зэрэг үл орлох аминхүчил агуулагдана. Эдгээр нь зохицуулах үйлчилгээтэй бүрэлдэхүүн бодис юм.

Тахианы өндөгний уургийн бүрэлдэхүүнд байдаг лизин нь хүүхдийн ясны бүрдэлт, хэвийн хөгжилд зайлшгүй хэрэгтэй. 

Өндгөнд агуулагддаг метионин аминхүчил  нь исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд бие махбодид таурин, цистеиний нийлэгжилтэнд оролцож хоол боловсруулах болон булчингийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Таурин нь судас хатуурах, зүрхний өвчин, хавагнах, цусны даралт ихсэхээс сэргийлдэг бол өндөгний найрлага дахь лецитин бие махбодид хуримтлагдах холестериний хэмжээг бууруулах үйлчилгээтэй. 

Өндгөнд агуулагддаг  натри, кали, магни зэрэг эрдэс бодис нь тархины үйл ажиллагааг зохицуулах, кальци нь яс сийрэгжилтээс сэргийлэх  ач холбогдолтой. 

Хүн өдөрт нэг ширхэг өндөг идэж заншвал аминдэм, кальцийн дутагдлаас сэргийлэх, хордлогоос хамгаалах нөхцөл бүрддэгийг эмч нар зөвлөдөг. 

1997 онд Харвардын Анагаах ухааны сургуулиас хийсэн хорт хавдрын тархвар зүйн судалгаагаар өндөг тогтмол хэрэглэдэг эмэгтэй хүн хөхний хорт хавдарт өртөх магадлал харьцангуй бага байгааг тогтоожээ.

Бүр Юань гүрний үед (1280-аад он) зохиогдож хожим хэвлэгдсэн “Идээ ундааны жинхэнэ товч”-д бичсэнээр тахианы өндөг нь тамирыг сайжруулдаг ба илүү идвээс дуу өнгийг засдаг. Хүүхдэд идүүлбээс баас алдахыг зогсооно. Түүнчлэн тахианы өндөг нь зүрхний тамирийг тайвшруулж таван цулыг амирлуулна. Өндөгний цагаан нь өчүүхэн хүйтэн чанартай тул улайж халуурч өвдөхийг эмнэж, зүрхэнд нуугдсан халууныг арилгана. Дотор дүүрч агсаж ханиахыг зогсооно хэмээжээ.

Бөднө шувууны өндөг нь аминдэм, аминхүчил, бичил элементээр баялаг. Бактерийн болон  хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, ходоод гэдэс, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж хүний бие махбодиос радионуклид, хүнд металлыг гадагшлуулна. 

Бөднө шувууны өндгөнд идэвхтэй хэлбэрээр агуулагдсан Д аминдэм нь хүүхдийн рахит өвчнөөс сэргийлнэ.

Эрчүүд бөднийн өндгийг түүхийгээр нь тогтмол хэрэглэж заншвал биеийн тамир тэнхээ, чалх, бэлгийн чадавхид сайн.

“Монгол идээн товчоо”-нд бичсэнээр бөднийн өндөгийг чанаж идвэл ходоод буюу мэдрэл муудсаныг засаж, уушигны сүрьеэг анагаана. Мөн номонд тэмдэглэснээр бөднийн өндөгний уургийн мөхлөг нь бага, шингээхэд хялбар тул өдөрт хэд хэдийг идвэл урт насалдаг гэжээ.

Бөднө шувууны өндгийг хүүхэд хоногтоо 2-6 ширхэг, насанд хүрэгчид 4-6 ширхэгийг хэрэглэх нь зүйтэй гэж үздэг.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.