Голланд улс эрүүл чийрэг хүмүүст ч амьдралаа сайн дураар орхих хүсэлтийг нь хуульчлах гэж байна

2016 оны 10-р сар 13-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Нидерланд улс иргэдээ анагаах ухааны хэллэгээр эвтанази гэгддэг амьдралыг сайн дураараа орхих хүсэлтийг хуульчлах төслийг хэлэлцэх гэж байна. Тус улсын Эрүүл мэндийн болон Хууль зүйн яамнаас дэвшүүлсэн уг хуулийн төсөл, эдгэршгүй хүнд өвчтэй төдийгүй “амьдрахын утга зорилгогүй" болсон хүмүүс “амиа хорлоход” хүрэхээс сэргийлэх зорилготой аж. 

Нидерландын Эрүүл мэндийн яамны сайд Эдит Схипперс болон Хууль зүйн сайд Арт ван дер Стер нарын парламентад өргөн барьсан бичигт, “Амьдралаа төгсгөх шийдвэрт хүрсэн хүмүүсийн үзэл бодол хэр зөв эсэхийг хатуу магадлан тогтоосны эцэст хууль зүйн хүрээнд хүсэлтийг нь хэрэгжүүлэх нь зөв” гэж тэмдэглэсэн байжээ.

Парламентаар нарийвчлан хянуулахаар өргөн барьсан уг төслийг тус улсын засгийн газар эмч, шинжээчдийн оролцоотойгоор нягтлан судалж, 2017 оны төгсгөлд баталж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Тус улс 2002 онд дэлхий дахинд анх удаа эвтаназийг хуульчилсан улс болсон билээ. Одоо тус улсад эдгэршгүй хүнд өвчнөөр шаналж буй иргэд хууль ёсны дагуу амьдралаа орхидог байна. 

Нидерланд улсын жишээгээр өнөөдөр мөн Бельги, Люксембург, Швейцар улсууд хүнд өвчтэй хүмүүст амьдралаа төгсгөх хүсэлтийг гүйцэлдүүлэх болсон бол өөр бусад улс орнууд шууд бус арга хэлбэрээр буюу найдваргүй өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээ зогсоож, өөрийнх нь үхлээр төгсгөх болсон байна. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.