УИХ-ын дарга М.Энхболдыг эвгүйтүүлэх өдрүүд айсуй...

2016 оны 10-р сар 15-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараахнаас шуугиулсан Эрдэнэтийн 49 хувийг Монголын тал худалдаж авсан дуулианыг шалгах УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоор ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг тун удахгүй УИХ-аар хэлэлцэж хэн нэгэн буруутай этгээдийг тогтоох өдөр ойртох тусам Монголын улстөр буцалж эхэллээ. УИХ-ын дэд дарга МАН-ын “Төмөр хоолой” Ц.Нямдоржийн хувьд өнөөдөр Монгол Улсын хоёр дахь эрх мэдлийг атгаж суугаа М.Энхболдтой тэртэй тэргүй тэрсэлдэх нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын нээлтийн чуулган дээр хэлсэн үгнээс нь л тодорхой байсан. Ц.Нямдоржийн хувьд М.Энхболдыг юу юугүй улсын хоёр дахь эрх мэдлийн суудлаас нь түлхэн унагах бодолгүй байж болох ч чухамдаа М.Энхболдын дохио зангаагаар бүрэлдсэн Мэргэжлийн Засгийн газрыг нь алга урвуулахын төдийд огцруулж дөнгөх, намдаа төдийгүй Монголын улстөрд хүчтэй нэгэн гэдгийг Монголчууд андахгүй. Ц.Нямдоржийн хамгийн гол төлөвлөгөө бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өнөөдөр Монголд эрх мэдэл, нэр нөлөөгөөрөө яах аргагүй хоёрдугаар хүн болчихоод байгаа МАН болон УИХ-ын дарга М.Энхболдыг гарах гарцгүй болгон нам дарж авах явдал гэдэг нь тун удахгүй УИХ-аар Эрдэнэтийн 49 хувийг Монголын талаас худалдаж авсан ажиллагааг хэлэлцэх үеэр бүр тодорхой нотлогдох болно.

УИХ-ын дарга М.Энхболдыг ийнхүү нэг намын нөлөө бүхий хамтран зүтгэгч нь шахаанд оруулах өдөр ойртсон тун эвгүй үед цагийн байдлыг сайтар мэдэрч, улстөрийн оноо салгах талаараа мэргэшсэн АН-ын тэмцэгч О.Магнай өнгөрсөн мягмар гарагт дуулиантай мэдээлэл цацаж гал дээр тос асгалаа. АН-ын гишүүн О.Магнай энэ  сарын 11-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулахдаа УИХ-ын дарга М.Энхболдыг “Ах дүү, амраг садны 20 хүнээ төрийн өндөр албан тушаалд томилсон” хэмээсэн. Түүний энэхүү мэдэгдэл УИХ-ын дарга М.Энхболдыг үнэхээр их балмагдуулж, барьц алдуулсан нь яарч сандран хариу мэдэгдэл хийснээс нь тодорхой харагдана. УИХ-ын дарга М.Энхболд магнайныхаа хөлсийг шудран байж “О.Магнай ор үндэслэлгүй гүтгэлэг тараалаа” хэмээсэн мэдэгдэл  хийсэн.

Тэрээр мэдэгдэлдээ “Монгол Улсын Их Хурлын тухай болон бусад хууль тогтоомжид зааснаар УИХ-ын дарга нь Монголбанкны ерөнхийлөгч, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн нийт найман албан тушаалтныг томилуулахаар санал гаргадаг бөгөөд тэдгээрийг УИХ-аар хэлэлцэн томилдог.

Монгол Ардын Намын дүрмийн хүрээнд улс төрийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийг намын бүх шатны нэгж, байгууллага болон Удирдах зөвлөлөөр хэлэлцэх үед Намын даргын хувьд миний бие саналаа илэрхийлэх, зөвшилцөх эрх, үүрэгтэй. Ингэхдээ тухайн хүний мэргэжил, боловсрол, туршлага, чадварыг нэн тэргүүний шаардлага болгодог. Өөрөөр миний бие өөрийн ах дүү, амраг садны хүнийг төрийн албан тушаалд санал болгосон, албан тушаалаараа шахалт үзүүлж томилуулсан зүйл байхгүй. Миний хүү Э.Анарын хувьд Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар томилогдсон нь үнэн. Хүү маань банк санхүүгийн чиглэлээр Япон улс, АНУ-ын Колумбийн их сургуулийг төгссөн, мэргэжлийн хүн. Одоогийн хашиж буй албан тушаалд очиход нь би ямар нэг байдлаар нөлөөлөөгүй, боловсрол, мэдлэг, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж, эрмэлзэл тэмүүлэлтэй монгол залуусын нэгэн адил өсөн дэвжиж яваад нь эцэг хүний хувьд талархалтай ханддаг” хэмээн сандруухан мэдэгдэл хийнэ лээ.

Мэдээж О.Магнай цагийн байдлыг сайтар мэдэрч, МАН УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулаад 100 хоног өнгөрч байгаа үед МАН болон УИХ-ын дарга, Монголын хоёр дахь эрх мэдлийг атгаж суугаа М.Энхболдын эсрэг ноцтой дайралт хийсэн нь тун удахгүй түүний эсрэг Ц.Нямдоржоос эхлээд Ө.Энхтүвшин гээд МАН-ын ланжгарууд нэгдэн тэмцэж болзошгүй улстөрийн ноцтой нөхцөл байдлыг сайтар тооцоолсноор тайлбарлагдана. О.Магнайгийн мэдээлсэн УИХ-ын дарга М.Энхболдын ах дүү хамаатсан садан 20 хүний томилгоонуудаас дурдвал:

1. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар нь Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар,

2. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын төрөл садан А.Ундраа УИХ-ын гишүүн болсон

3. УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайд

4. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатийн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгэ аймгийн ОНӨҮГ-ын дарга

5. МАН-ын дарга асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нь Монголбанкны бодлогын зөвлөлийн гишүүн

6. МАН-ын дарга асан Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын дарга

7. Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Барилга хот байгуулалын яамны газрын дарга

8. Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн ахын хүү Г.Гантулга Зам тээврийн яамны газрын дарга

9. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга

10. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын албаны дарга

11. Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч

12. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны Төрийн Захиргаа Удирдлагын Газрын дарга

13. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцагийн дүү Д.Баярсайхан Төрийн банкны захирал

14. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Т.Саран Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дэд дарга

15. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн

16. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын дарга

17. УИХ-ын гишүүн Б.Оюунчимэгийн дүү Б.Эрхэмзаяа “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тээвэр, ложистик хариуцсан захирал

18. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын гэр бүлийн найз Г.Мөнхбаяр Барилга хот байгуулалтын сайд

19. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын гэр бүлийн найз Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн дэд сайд

20. МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, биеийн тамирын багш П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

21. МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн Барилга, хот байгуулалтын дэд сайд

22. Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд С.Бямбацогтын туслах З.Мэндсайхан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга

23. Ерөнхий сайд агсан П.Жасрайн зээ охин Ариунзаяа Үндэсний Статистикийн Газрын дарга

24. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын гэр бүлийн эзэмшлийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны захирал Б.Баярсайхан Үндэсний хөгжлийн газрын дарга

25. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүлийн эзэмшлийн “МАК” компаний дэд ерөнхийлөгч Б.Нямдаваа Хөдөлмөр, халамж үйлчилгэний ерөнхий газрын дарга

26. Су.Батболдын туслах нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга

27. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн дүү С.Мөнгөнчимэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд

28. Морин спорт уяачдын холбооны гишүүн, манлай уяач Даваахүүгийн хүү Д.Баянбат нийслэлийн хөдөө аж ахуйн газрын дарга

29. Нийслэлийн Морин спорт уяачдын холбооны дарга н.Мөнхбаясгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн захиргаа, удирдлагын газрын дарга

30. Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Ц.Баянжаргал Хүнс, хөдөө аж ахуйн яамны газрын дарга

31. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга

32. МАН-ын сонгуулийн сурталчилгааны менежер сэтгүүлч Б.Баярсайхан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон бол, түүний нөхөр МАН-ын сонгуулийн сурталчилгааны менежер П.Баярмагнай Гадаад Харилцааны Яамны газрын даргаар тус тус томилогджээ.

О.Магнайгийн олж илрүүлсэн дээрх томилгоонуудаас харвал “Төрийн албыг төрлийнх болгохгүй” гэж гарч ирсэн МАН үнэндээ яах аргагүй жинхэнэ утгаар нь “төрснийх хийгээд төрлийнх” болгож байгаа нь хаашаа ч бултах аргагүй ноцтой байдалд хүрчээ. “Мэргэжлийн Засгийн газар байгуулж, Монгол Улсыг эдийн засгийн хямралаас богино хугацаанд гаргана” гэсээр гарч ирсэн М.Энхболдын толгойлсон МАН-ынхан анхнаасаа л амлалтаасаа ухарч жинхэнэ “Мэргэжлийн бус” Засгийн газар байгуулсан бол одоо “Төрийн албыг төрөл садангийнх”  болгож цус ойртуулан эргүү тэнэгдүү болгож эхэлснийг тэмцэгч О.Магнай тун гярхай олж харан эгзэгтэй цагт улстөрийн оновчтой тоглолт хийн МАН болон УИХ-ын дарга М.Энхболдод хүндхэн цохилт өгч өөрийнхөө улстөрийн карьерт том оноо салгаж дөнгөлөө. 

М.Энхболд даргыг эвгүйтүүлэх өдрүүд дөнгөж л эхэлж байна. Тун удахгүй УИХ-ын чуулган дээр “Төмөр хоолой” Ц.Нямдоржоос эхлээд Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа гээд түүний эсрэг чангахан дуугарах, бүр эвгүйтвэл Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн “Мэргэжлийн Засгийн газар”-ыг унагахаар МАН-ын дотор 25-ын бүлэг үүсэж ч болзошгүй нөхцөл байдал   бүрэлдэж ч мэднэ. Намрын халуун өдрүүдтэй зэрэгцэн Монголын хоёр дахь хүн М.Энхболдыг шарах, бүр шатааж ч болзошгүй эвгүй өдрүүд ирж явна. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Наран

      (122.201.19.2) 2016-10-15 10:26
      • 0
      • 0

      2012 онд АН гараад,яг ингэж давраад ,бүр БЗД-ийн үйлчлэгчийг ажлаас нь халсан юм ш дээ.Бид бүр гайхашраад шогшроод л өнгөрсөн.Гэтэл саяхан гишүүн байсан Оюунгэрэл өөрсдөө тийм зүйл хийж байгаагүй юм шиг л ярилцлага өгсөн байна лээ.Яг өөрт нь тохиолдоогүй бол нийтийн өмнөөс мэдэхгүй зүйлээ ярьж хэрэггүй л дээ.

      Хариулах

    • Зочин

      (202.179.25.198) 2016-10-13 13:32
      • 0
      • 1

      Даваахүү манлай уяачийн хүү Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга

      Хариулах

    • зочин

      (202.21.106.168) 2016-10-13 13:25
      • 1
      • 0

      Танай нам гарахаараа бас л ингэдэг бус уу.Өөрөө ч гэсэн хуучин хүнийг нь халж хаяад хэрэглэгчдийн холбооны дарга болоо биз дээ.Нам нь ялсан юм чинь өөрсдийнхөө намын хүмүүсийг тавьдаг нь аль ч намд байдаг бичигдээгүй хууль.Худлаа шоудаад байхаа болимоор юм

      Хариулах

    • 1245623

      (49.0.186.152) 2016-10-13 13:12
      • 0
      • 1

      Мөн Миеэ Энхболдын уяач, Монгол улсын аларт уяач Ононгийн дүү М.Энхжаргал АМГТХЭГ-ын тэргүүн дэд дарга болсон байна.

      Хариулах

    • Зочин

      (103.10.20.34) 2016-10-13 09:54
      • 2
      • 1

      АН-ыхан хаана будлиантай асуудал байна тэнд явж төр бужигнуулж явах юмаа

      Хариулах