Су.Батболд захирагчийн эхний гарз болон гавьяа…

2016 оны 10-р сар 12-нд 17:58 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд арав гаруйхан хоногийн зайтайгаар Улаанбаатарын иргэдэд эхний томоохон гарз хохирол болон гавьяаг байгуулж өмнөх захирагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн сүр хүчинд тийм ч амархан дарагдахгүй гэдгээ нотлов.

Хатан Туулын өмнөд биеэр нутаглаж асан алдартай уяач аавын хүү хатан Туулынхаа ард биед ийнхүү шуугиулж эхэллээ. Сая таван зуун мянга гаруй иргэнтэй төв Азийн томоохон хотын захирагч хүний гаргаж байгаа шийдвэр болгон Улаанбаатарын иргэдийн эрүүл аюулгүй, тохилог сайхан хотод ая тааваараа амьдрах гол эрхийг хангахад бүх талаар нийцэж байх учиртай. Мэдээж том хотыг толгойлж байгаагийн хувьд санхүүгийн тодорхой боломжтой, тэр хэрээр ч зарим үед дэндүү дураараа загнаж, хэтэрхий үрэлгэн загнаж болзошгүй гэдэг нь өнгөрсөн сарын 30-ны шөнө Чингисийн талбайд болсон “Улаанбаатарын намар” шоу тоглолтыг зохион байгуулагчдад олгосон тун өгөөмөр “Гар сунгалт”-аас нь харагдаж, Улаанбаатарчуудын хувьд ганц шөнө томоохон гарз учруулсан нь тун саявтар олон нийтэд ил болов.

Учир нь Су.Батболд дарга өнгөрсөн сарын 27-ны өдөр А/680 захирамж гарган “Улаанбаатарын намар” шоунд тун өгөөмөр хандаж, хөрөнгө мөнгөөр угжихыг өөрийнхөө Тамгын газрын, Санхүү төрийн сангийн хэлтэсийн дарга Э.Ганхүүд зөвшөөрснөөр ганц шөнийн хагаст үргэлжээд дуусах шоунд 217 сая төгрөг хийсгэх боломж олгосон байна.

Шоунд оролцсон Камертон, Никитон хамтлагуудад тус бүрт нь 50 сая төгрөг олгож тансаглахдаа тайз, карказ, гэрэлтүүлэг, техник тоног төхөөрөмжийн бүх зардалд 30 саяыг төсөвлөсөн нь шөнийн шоунд сэтгэлээ сэргээхээр очсон олон залуусын урмыг багагүй хугалахад голлон нөлөөлсөн нь ойлгомжтой. Ер нь ганц шоунд оролцохдоо зарим дуугаа ам бариад халтуур хийчихдэг хамтлаг, дуучдын толгойг анхнаасаа тэгтэл нь илж, үзэгчдэд 100 хувийн сэтгэл ханамж өгч чаддаггүй тэднийг тэгтэл нь өөгшүүлэх нь Улаанбаатар мэтийн шийдэх асуудал нь ар араасаа цуварч байдаг хотын захирагчийн хувьд тэгтэл сайшааж магтаад байхаар ажил биш төдийгүй “Ганц шөнийн хамгийн том гарз” хэмээн дүгнэвэл зохилтой шоу болоод өнгөрөв.

Ер нь Су.Батболд захирагч элдэв шоу, гоё сайхан хүүхнүүдийн цугларалт зэрэгт гар татахгүй нэгэн гэдгээ “Face of beauty international-2016” Олон улсын миссийн тэмцээнийг өөрийн нөөц хөрөнгөөс 20 сая төгрөгөөр ивээн тэтгэснээс тодорхой харагдсан билээ. Зохион байгуулагчид нь “Дэлхийн 60 гаруй орноос жинхэнэ гайхамшигтай миссүүд Улаанбаатарт хөл тавьж, хотын маань өнгө үзэмжийг жигтэйхэн сайхан чимсэн. Тэр ч байтугай Украйнаас амьд Барби Валерий Лукянова өөрийн гэгээн дүрээрээ заларсан нь жинхэнэ амьд гайхамшиг болсон. Ёстой солиотой” гэж ирээд өөрсдийг нь харамгүй шагнасан Су.Батболд захирагчийг амаа олохгүй магтацгаагаад байсан. 

Тэгвэл шоу цэнгүүнд гар татахгүй нэгэн гэдгээ Улаанбаатарчуудад ойлгуулж дөнгөсөн хотын захирагч маань гайхамшиг бүтээчих ч сэтгэлтэй нэгэн гэдгээ нотолж их хотын иргэдэд урам зориг, амьдрах итгэл нэмсэн нэгэн сайхан ажлыг зохион байгуулчихдаг юм байна. Тэр нь юу вэ гэвэл “Би ганц шөнийн шоунд 217 сая төгрөг үрж дөнгөх хэдий ч Улаанбаатарчуудынхаа хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд нийслэлийн төсвөөс гарган өгч байна” хэмээж бид бүгдийнхээ нүдийг орой дээр нь гаргачихдаг юм байна.

Улсын баатар Э.Бат-Үүл ч ийм буянтай ажил санаачлан хийж, Улаанбаатарчуудын нүдийг орой дээр нь гаргаж байгаагүй гэхээр Су.Батболд захирагчийн ирээдүйд хийх олон буянтай сайхан ажилд итгэл төрж эхлээд байгаа юм. Монгол Улсын хэмжээнд ганцхан өдөрт элэгний хорт хавдраар 4-5 хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг гээд бодохоор Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын Хавдар судлалын Үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатартай хамтран ажиллахаар байгуулсан гэрээний асар их ач холбогдол, Монголчуудын эрүүл мэндийн төлөө зориглон хийсэн үнэхээр буянтай ажлыг нь магтан сайшаахаас өөр аргагүй. 

Ийнхүү сая таван зуун мянга гаруй иргэнтэй Улаанбаатар хот маань ганц шөнө хэдэн зуун саяар нь шоудчихаж ч чаддаг, түүнчлэн хэний ч шийдэж чадахгүй байсан тулгамдсан асуудлыг ч ганцхан амьсгаагаар шийдчихэж ч дөнгөдөг шинэхэн даргатай болжээ. Харин гарз, гавьяа хоёрынх туухайн жин аль тал руугаа хэлбийхийг Улаанбаатарчууд дөрвөн жилийн дараа дүгнэж, нэг бол Э.Бат-Үүл болон түүний багийнхан шиг хөөгөөд явуулчихна, эсвэл “Улаанбаатар маань одоо л нэг жинхэнэ мээртэй боллоо” хэмээгээд гар дээрээ өргөсөөр дахин сонгох болно. Ерөнхийдөө Су.Батболд захирагчийн эхлэл итгэл төрүүлэхүйц байна шүү. 

Харин МАН-ынхны гэм биш зан болсон сонгуулийн өмнөх шоу биш л байгаасай. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.10.20.34) 2016-10-13 09:08
      • 0
      • 0

      Pidda chin shal demii show ntr hiihiin ysan zavtai bayan durak ve

      Хариулах