Муу л бол захын хар овоохой гэдэг шиг...

Twitter Print
2016 оны 10-р сар 12-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Ниргэсэн дээр нь нэрвэх гэдэг шиг улс орны эдийн засаг гацаанд орж, дээр нь дэлхий дахинд хямрал нүүрлэхийн хэрээр арилжааны банкуудын амбиц хэтэрлээ. Авдаг өгдөг аль аль талаа бодоод үзэхэд арай л дэндүү үнэндээ. Ардчилалын салхи сэвэлзсэн он цагаас эхлээд Монголчууд дэлхийн өндөр хөгжилтэй улсуудаас дутахгүй амжиргааны өндөр өртөгтэй болж ирснийг хэн ч хэлнэ. Амжиж, дэвжиж яваа бизнесмэнүүд тэр үед гаднаас олсон бүхнээ Монголд хэд нугалсан өндөр үнэ хүргэж ирсэн билээ, тэр нь үр дүнгээ өгч Монгол улс өнөөдөр Япон, Сингапуртай эн зэрэгцсэн өндөр амжиргаатай улс болсон. Цатгалан царайлчихсан тэд одоо улс оронд юу болж байгааг сайн мэдэж байгаа, харин бидний авдаг цалин хөлс маань хэд билээ. Энэ бол хий хоосон гүжир гүтгэлэг огт биш Америкийн  “Time” сэтгүүлээс гаргасан жагсаалт.

Уг жагсаалтыг хүн амын худалдан авах чавдар, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн хөлс, хүнсний бүтээгдэхүүний үнэ цэнэ, үйлчилгээний үнийн судалгаан дээр үндэслэн Нью Иорк хотын түвшинтэй харьцуулан гаргасан байна. Гэтэл энэ судалгаагаар Монгол улс бүс нутагтаа тэргүүлсэн байх бөгөөд Монгол улсын нийслэлд энэ үзүүлэлт Нью Иорк хотынхтой адил хэмжээнд гарчээ. 

Одоо тэгээд яахав, нэг л их халгиж цалгин баярхаж явсан хүмүүст одоо хямрал нүүрлэчихээд байна. Улс орны удирдлагуудын царайг хараад байхад, хараад байх ч юу байхав чадахгүй юм чинь, хямралыг хүн бүр өөр өөрийн аргаар давахаас өөр зам алга. 

Ерөнхий сайд өнөөдөр Японд бадар барьж очив. 12-15-ны өдрүүдэд тэрээр Японы ерөнхий сайд Абэтай албан ёсны хэлэлцээ хийж, “гуравдагч хөрш”-ийн харилцаа цаашид баримтлах, хоёр улсын стратегийн түншлэлийн чиглэлийг тохиролцох гэж байгаа ч хамгийн гол нь тус улсаас тусламж гуйх ёстой. Албан ёсны мэдээлэлд тэмдэглэж буйгаар ерөнхий сайд “Монгол, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцоно. Чухам энэ үед л “гар бариад лавхан шиг бугуй барьж чадвал” өм цөм тасарчихаад байгаа улсын төсөвт нэг хэсэгтээ нөхөөс тавих хэдэн юм олоод ирнэ.

Шадар сайд У.Хүрэлсүх өмнө нь энэ замыг бараг засчихаад байв. Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл дэх Японыг хариуцсан гүйцэтгэх захирал ноён Коичи Хасэгаватайг тэрээр саяхан хүлээн авч уулзахдаа Азийн хөгжлийн банкны дэргэдэх Японы ядуурлыг бууруулах сангаас буцалтгүй тусламжаа нэмэгдүүлэх санал тавьсан. Бусад улс орнуудтай харьцуулахад уг сангаас өмнө нь олон удаа тусламж авч байсан хэдий ч энэ удаа яах ч аргагүй байгаагаа учирлаж, дахиад овоо их тусламж хүссэн гуйлтын мөрөөр ерөнхий сайд асуудлыг баталгаажуулахаар Япон зорьсон гэхэд хилсдэхгүй биз

Улс орны хөрөнгө сан хоосорч, ягтаа тулсан яг энэ үед гадны банк оруулах, ядахнаа Олон улсын валютын сангаас зээлжих эрхийн “стэнд бай” хөтөлбөр олж авах тухай асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцээд Монголын банкны салбарыг дампууруулах нь гэсэн түгээд ирэв. Гэхдээ энэ бол банкируудын айдас. Нөгөө иддэг шулдгаас нь хөндлөнгийн этгээд хумслах нь гэсэн. 

Тэдний нотолж байгаагаар бол 1990 онтой харьцуулахад зээлийн хүү буурсан нь бодит үнэн юм гэнэ. Гэтэл сүүлийн хоёр жилд тэдний олгосон 1,1 их наяд төгрөгийн зээл “чанаргүйдчихээд” байна гэдэг зээлийн хүүгийн хатуу чанд бодлого аж ахуй эрхлэгчдийг элгээр нь хэвтүүлчихээд байна гэсэн үг юм. 

Тэгээд ч тэд “стэнд бай” хийхийг эсэргүүцэж, “манай банкны системийг гадны банкны нүдээр харах юм бол ойлгомжгүй шүү дээ. Зөвхөн бид л ойлгоод 100 хувь барьцаа хөрөнгөө аваад харилцагчдаа эрсдэлд оруулчихгүй зээл өгөөд яваад байгаа. Гаднын банкуудын нүдээр үүнийг харвал дандаа чанаргүй зээл яваад байгаа юм шиг харагдана. Тиймээс бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн эсрэг л байр суурьтай байна. Үүнийг хүчээр хэрэгжүүлдэг зүйл биш. Бидэнд Олон улсын валютын сангийн тусламжгүйгээр дотооддоо хийх зүйл маш их байна. Барьцаа хөрөнгийг худалдан борлуулж болдог, түр хугацаанд шилжүүлж, хугацаа өгч болдог гэх мэт харилцагчдаа чирэгдэлгүй хоёр талдаа хэрэгтэй хуулиуд хэрэгтэй байна. Энэ мэтчилэн дотооддоо асуудлаа шийдвэрлэх зөндөө олон боломжууд байгаа.

Яг одоогоор бол банкуудын хөрөнгө хангалттай байна. Чөлөөтэй эх үүсвэр болох мөнгө байна. Тиймээс бидэнд тулгарсан хүндрэл бэрхшээл алга” гэж. Тэд ингэж л ярьдаг улс. Энэ бол зөвхөн нэг банкны ТУЗ-ийн гишүүний яриа. Үнэндээ бол гадны зээл тусламж, тэр дундаа “стэнд бай” гээд байгаа уг хөтөлбөр ямар утга учиртай, ямар ашиг тустай эд болохыг өргөн олон тэр бүр мэдэхгүй учир олны үзэл бодол үүнд огт хамаагүй, банкны салбарынханд бол өөрсдийн ашиг сонирхлоор зохицуулж болох асуудал. Тэдний энэ улайрсан байр суурийг харин ардын хувьсгалын эхэн үед гарч байсан “Хар, шар феодал” хэмээх нэртэй биет таниулга, ухуулга сурталчилгаатай харьцуулбал утга зорилго нь ойлгогдох мэт. 

 

Гэтэл Стэнд-бай зээл (Stand-by credit) Олон улсын валютын сангаас гишүүн орнуудад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэгждэг, тодорхой зорилготой, хугацаатай, нэлээд их хэмжээний мөнгийг бага хүүтэй олгодог хөтөлбөр учраас ямар ч тохиолдолд эдийн засгийн бэрхшээл тулгарсан улс оронд ашигтай баймаар юм. 

1952 онд гишүүн орнууддаа хэрэгжүүлж эхэлсэн уг зээлийн систем гишүүн улс орнуудын төр засагтай харилцан зөвшилцлийн үндсэн дээр явагддаг учир «стэнд-бай» гэж нэрлэгдсэн байдаг. Банкнаас уг зээлийг олгохдоо тодорхой хэмжээний хөрөнгийг  дурьдсан хугацаанд эргүүлэн төлөх болзол тавьдаг бөгөөд зээлдэгч тал энэ боломжийг хэрэгцээнээсээ шалтгаалан хэсэгчлэн болон бүхэлд нь авч ашигладаг байна. 

Нөөцийн зээл (Stand-by Arrangements) болон өргөтгөсөн зээлийн тохиролцоогоор (Extended Arrangements) санал болгодог уг зээлийг 12-24 сарын хугацаатай олгодог бөгөөд эргээд хоёр жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээдэг нөхцөл болзолтой зээл. Тиймээс банкирууд айгаад байх явдал ер алга. Манай улс ч энэ хөтөлбөрийг өмнө нь хэд хэдэн удаа авч, амжилттай хэрэгжүүлсэн байдаг учир одоо нэгэнт гэрээ хэлцэл хийх шатанд хүрчихээд энэ сарын 20-нд Олон улсын валютын сангийн ажлын хэсэг Монголд ирж ажиллана гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдээд байна.

Энэ бол яах ч аргагүй авч хэрэгжүүлэх ёстой асуудал, гэвч үнэндээ “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэдэг улс өөрөө удирдаж чадахаа байхаар тусламж авч байгаа хэрэг юм. Уг хөтөлбөрийн тохиролцоо ёсоор улс орны эдийн засаг төлөвлөлтийн бодлогыг Олон улсын валютын сангаас хамтран удирдаж, тулгамдсан асуудлыг цэгцэлж өгнө гэсэн үг. Үүнээс л манай банкирууд болгоомжилж, үүцээ задалж, бусдын "нүдний хор" оруулахгүй гэж зүтгээд байх шиг байгаа юм. 

"Муу л бол захын хар овоохой" гэдэг үг бий. Олон улсын банк санхүүгийн салбарт манай банкирууд шиг алдаж асгаж явсан улс байдаггүй биз. Түүнийг нь нотлох баримт мэдээлэл бишгүй байдгийг өөрсдөө андахгүй. Тиймээс олон улсын санхүүгийн системтэй хамтран ажиллаж, улс орныхоо эдийн засгийг нэг эрүүлжүүлээд авъя л даа, өөрсөндөө харин юм нааж авах хэрэгтэй, дараа нь бас тэвдэж сандарсан хэрэг явдал гарвал алзахгүй байхаар. Эдийн засгийнхаа өсөлтөөр манайх ер нь бүс нутагтаа сүүл мушгиж ирсэн нь үнэн биз дээ, юм л болвол захын хар овоохой гэдэг шиг чичлүүлэхгүй байж болох л юмсан. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.