О.Магнай: 2020 он хүртэл Монгол Улсыг МАН-ын гэр бүл, ах дүү амраг садан удирдах нь ээ

Twitter Print
2016 оны 10-р сар 11-нд 13:12 цагт
Мэдээний зураг,

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай Засгийн газрын 100 хоногийг угтуулан, хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол ардын нам 100 хоногт” хэмээх хараат бус тайлан гаргаснаа сэтгүүлчдэд танилцууллаа.

О.Магнай хэлэхдээ, "Засгийн газрын 100 онцлох үйл явдалд сайн сайхныг танилцуулдаг хэдий ч харамсалтай нь өнөөдөр сайн сайхан зүйл алга.

Засгийн газрыг удирдах баг бүрдүүлэлтэд цэвэр ах дүү, амраг садангууд цуглаж байна. Бидний судалгаагаар удирдах албан тушаалд томилогдсон нийт албан тушаалтны 70 орчим хувь нь УИХ-ын гишүүд болон МАН-ын дарга нартай ямарваа нэг садан төрлийн холбоотой байгаа нь харагдлаа. Энэ улс төрийн нам мөн үү. Эсвэл нэг хүний дарангуйлал тогтоох гээд өөрийнхөө ах дүүг томилж байгаа юм уу. Нэг гэр бүл энэ намыг эзэгнэж байна хэмээгээд доорх жишээг дурдлаа.

-УИХ-ын дарга М.Энхболдын хүү Анар Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирал,

-УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайд,

-МАН-ын дарга асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны Бодлогын зөвлөлийн гишүүн,

-Мөн Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн Ерөнхий газрын дарга,

-УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын дарга,

-Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч,

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяр Гадаад харилцааны яамны Төрийн Захиргаа Удирдлагын газрын дарга,

-Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын даргаар тус, тус томилогджээ.

-Морин спорт уяачдын холбооныхон бүгд төрийн албанд дарга болсон. Тухайлбал, ММСУХ-ны дэд тэргүүн П.Сэргэлэн Хүнс хөдөө аж ахуйн сайд,

-Дэд Ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн Барилга хот байгуулалтын дэд сайд,

-Нийслэлийн Морин спорт уяачдын холбооны дарга н.Мөнхбаясгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,

-Мөн тэргүүлэгч Ц.Баяржаргал Хүнс хөдөө аж ахуйн яамны газрын даргаар томилогдсон байна" гэв. 

"МАН-ын мөрийн хөтөлбөрийн 4.2.7-д Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах, дүү төрөл саднаа ажилд авахыг хориглоно гэж заасан байдаг". Мөн "4.2.8-д Төрийн албанд шат ахиулан албан тушаал дэвшүүлэх мерит тогтолцоог хэвшүүлнэ" гэж тус тус заажээ.

Иргэн О.Магнай мөн "Энэ бол жирийн ард иргэдэд өсч дэвжих, албан тушаал ахих боломж ирэх дөрвөн жилд байхгүй гэдгийг харуулж байна. Бид Засгийн газрын хуралдаан бүрийн тэмдэглэлүүдтэй танилцсан. Яг одоо ийм ажил хийлээ гэсэн зүйл болоогүй. Нэг удаагийн Засгийн газрын хуралдаан дээр дунджаар 2-3 ажлыг зогсоосон гэсэн судалгаа гарч байна. 

"100 хоногийн дотор бүх зүйл сайхан болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ 100 хоногийн дотор зөв зүг чигийг чиглүүлж болдог уу гэвэл болдог. Монголын ард түмэн ч гэсэн үүнийг хүлээж байсан байх. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Хамгийн сүүлд албан тушаалтны гэмт хэрэг, авлига гэдэг шүдний өвчин болсон зүйлийг арилгахын тулд яаж тэмцэх талаар ямар ч бичиг баримт гарсангүй. Мөн өнөөдрийн эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах тухай төлөвлөгөөгөө энэ 100 хоногийн хугацаанд гаргаж чадсангүй.

Харин ч эсрэгээрээ Засгийн газар 100 хоногийн хугацаанд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай хууль, Хүүхдийн мөнгө, Оюутны 70 мянга, Эмч багш, ажилгүйдлийн тэтгэмжийг бууруулснаас гадна 1111 төвийг татан буулгасан. Мөн цаашлаад гадаадад тэтгэлгээр сурахыг зогсоож, Төрийн албан хаагчдыг хомроглон халсан гээд нэр дурдах өчнөөн зүйлийг үнэгүйдүүлсэн" гэлээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.