Эрнст Хемингуэй - Цагаан заан шиг толгод /Өгүүллэг/

Twitter Print
2016 оны 03-р сар 11-нд 19:29 цагт
Мэдээний зураг,

Эрбор голын хөндий дагуу намхан толгод сунайн цавцайх ажээ. Хөндийд тусах ямар ч сүүдэр, ганц ч мод үгүй бөгөөд наранд гялтганан үзэгдэх төмөр замын хоёр тийшээ чиглэсэн шугамын яг голд өртөө байна. Өртөөний ойролцоо замын эсрэг талд нэгэн барилгын бүгчим сүүдэр үзэгдэх бөгөөд тэнд байх уушийн газрын нээлттэй үүдэнд ялаанаас сэргийлсэн, хэлхмэл хулсан хөшиг дүүжилжээ. Нэгэн америк эр хамт яваа бүсгүйтэйгээ байшингийн гадна талын сүүдэрт тавьсан ширээнээ сууна. Тэсэхүйеэ бэрх халуун, Барселоноос буухиа галт тэрэг иртэл ахиад дөчин хормын зай үлджээ. Мөнөөх галт тэрэг энэ зангилаан дээр хоёр хором зогсоод Мадрид руу хөдөлдөг юм.

-Би тэгээд юу уух билээ? хэмээн бүсгүй асуув. Тэгээд бүрх малгайгаа авч ширээн дээр тавилаа.

-Овоо халуун байна шүү гэж эр нь хэлэв.

-Шар айраг ууя даа.

-Dos cervezas гэж эрэгтэй хөшигний цаад руу хандан дуугарлаа.

-Томоор уу? гэж үүдний хонгилоос эмэгтэй хүн асуух дуулдав.

-Тийм ээ, хоёр томыг.

Үйлчлэгч эмэгтэй хоёр аяга шар айраг, хоёр зөөлөвч тавиур авчирлаа. Авчирснаа ширээнд тавихдаа хархүү, бүсгүй хоёрыг ажив. Бүсгүй цуварсан толгодыг ширтэн суух ажээ. Тэдгээр толгод нарны гэрэлд цавцайн гялалзах бөгөөд хөндий тал нэлэнхүйдээ бор, хуурай гандуу харагдана.

-Яг л цагаан заанууд шиг харагдаж байна гэж бүсгүй хэллээ.

-Би заан ер үзээгүй л дээ гэх зуураа хархүү нь шар айргаа балгав.

-Үгүй, чи тийшээ харсангүй шүү дээ.

-Харалгүй яахав дээ, чи л намайг харсангүй гэж хэлж байгаа болохоос хэмээн хархүү өгүүлэв.

Бүсгүй хэлхмэл утсан хөшгийг ажиглав.

-Тэнд нэг юм биччихэж. Юу гэж байна?

-Anis del Toro. Энэ уух юмны нэр байна.

-Амсч үзвэл яасан юм бэ?

Хархүү хөшигний цаад руу “Үйлчлэгч ээ” хэмээн хашгирахад, нөгөө эмэгтэй уушийн газраас гарч ирээд:

-Дөрвөн реал гэлээ.

-Бидэнд “Anis del Toro” хоёрыг авчраад өгөөч.

-Устай авах уу?

-Чи устай авмаар байна уу?

-Мэдэхгүй ээ, усаар шингэлж уувал зүгээр байдаг юм уу гэж бүсгүй асуулаа.

-Тэр нь дээр л дээ.

-Тэгэхээр та хоёр устай авна гэсэн үг үү хэмээн бүсгүй лавлав.

-Тэгье ээ, устай авъя.

-Энэ яг эмийн ургамал шиг амттай юм гээд бүсгүй аягаа тавив.

-Юм болгон л чамд тийм амтагдах юм аа даа.

-Харин тийм. Үнэхээр уусан болгон л ийм амттай байна шүү. Ялангуяа, чиний удтал мөрөөдөөд явсан нөгөө абсент шиг... гэж бүсгүй битүү егөөдөв.

-За, наад яриагаа больчих л доо.

-Чи л эхэлсэн биз дээ. Би зүгээр л тоглоод хэлж байхад чинь. Би аль болох зугаатай байя л гэсэн юм хэмээн бүсгүй маргалаа.

-За за, тэгвэл зугаатай байх гээд оролдъё л доо.

- Тэгье ээ. Би бол оролдсон шүү. Тэр толгодыг цагаан заан шиг харагдаж байна гэж хэлсэн. Цавцайгаад, тийм л байгаа биз дээ?

-Нээрэн ч цавцайж байна шүү.

-Энэ ундааг амсч үзье гэсэн санааг бас л би гаргасан. Ийшээ тийшээ харж сонирхож, ууж үзээгүй зүйлээ амсч үзэхээс өөр одоо юу хийх юм бэ, тийм биз дээ?

-Тийм ээ, чиний зөв.

Бүсгүй толгодыг дагуулан ширтлээ.

-Үнэхээр гоё толгод юм аа. Яг ч цагаан заан биш л дээ. Моддын чөлөөгөөр зааны арьс үзэгддэг шиг л тиймэрхүү өнгөтэй мэт надад санагдсан юм.

-Хоёулаа өөр юм ууж үзэх үү?

-Тэгье.

Халуун салхи хэлхмэл хөшгийг ширээний өөдөөс хийсгэв.

-Шар айраг ч сайхан сэрүүцүүлчихлээ шүү гэж хархүү хэллээ.

-Ёстой сайхан байна гэж бүсгүй хэлэв.

-Энэ бол ердөө л гар хурууны үзүүрийн, байдаг л зүйл шүү дээ, Жийг. Ямар мэс засал биш гэж хархүү дуугарлаа.

Бүсгүй тонгойж, ширээний хөл тулсан газар луу ширтэв.

-Чи нэг их айж сандраагүй биз дээ, Жийг? Айх ч юу байхав дээ. Тэд ердөө нээгээд агаар оруулах л төдий юм чинь.

Бүсгүй дуугарсангүй.

-Би чамтай цуг очоод, дуусан дуустал нь дэргэд чинь байна аа. Тэгээд ердөө бага зэрэг агаар оруулаад л, тэгээд бүх зүйл номоороо болно.

-Тэгээд бид дараа нь яах билээ?

-Бүх зүйл сайхан болно оо. Бид яг л урьдынх шигээ байх болно.

-Яагаад чи тэгж бодож байгаа юм бэ?

-Энийг л давчихвал бидэнд шаналах зүйл үлдэхгүй. Биднийг зовоож байгаа цорын ганц зүйл бол энэ л байна шүү дээ.

Бүсгүй сүлжмэл хөшиг рүү ширтсэнээ, гараа сунгаж, хэлхсэн хоёр унжуурга барин имэрч үзэв.

-Тэгвэл бүх зүйл маань хэвэндээ орж, жаргалтай болно гэж чи бодож байна уу?

-Тэгэлгүй яахав дээ. Чамд айх юм ерөөсөө байхгүй. Өчнөөн л хүмүүс ийм зүйл хийлгэдэг.

-Тийм л байх л даа гэснээ бүсгүй:

-Тэгээд дараа нь цөмөөрөө маш их жаргалтай болцгоодог байх хэмээлээ.

- За за, чи хүсэхгүй байгаа бол хэрэггүй ээ. Чамайг огт хүсээгүй байхад би албадмааргүй байна. Уг нь маш энгийн зүйл л дээ гэж хархүү хэлэв.

-Чи үнэхээр үүнийг хүсэж байна уу?

-Минийхээр бол энэ л хамгийн зөв алхам. Гэхдээ чи үнэхээр л хүсэхгүй байгаа бол хийлгэх гэхгүй ээ.

-Хэрвээ чи намайг хийлгэчих юм бол чи жаргалтай болж, бүх зүйл урьдынх шигээ байж, чи намайг хайрлах уу?

-Би одоо ч чамд хайртай. Намайг чамд хайртай гэдгийг чи мэднэ шүү дээ.

- Мэднэ л дээ. Гэхдээ хэрэв би үүнийг хийвэл, бүх зүйл эргээд сайхан болж, жишээ нь, хэрэв би зарим зүйлс цагаан заан шиг харагдаж байна гэж хэлбэл чамд тэр бүхэн сайхан санагдах уу?

-Би тиймэрхүү зүйл ярихад чинь дургүй шүү дээ. Надад одоо ч тэр толгод сайхан харагдаж байна. Зүгээр, би яг одоо энэ тухай бодож чадахгүй байна л даа. Сэтгэл санаа тавгүй байгаа үед яаж төвлөрөх билээ, чи ойлгож байгаа шүү дээ.

-Хэрэв би үүнийг хийх юм бол чиний сэтгэл санаа тавгүйтэхээ болих уу?

-Энэ маш энгийн зүйл болохоор миний санаа зовоод тавгүйтээд байгаа юм ч алга л даа.

-Тэгвэл би хийлгэнэ ээ. Надад өөрт ямар байх нь огт хамаагүй.

-Юу гэсэн үг вэ?

-Би өөртөө бол санаа зовохгүй байна.

-За, боль доо, би чамд санаа зовж л байна шүү дээ.

-Өө тэгэлгүй яахав. Харин би өөртөө санаа зовохгүй байна. Би үүнийг хийнэ, тэгээд бүх зүйл сайхан болно.

-Хэрэв чи ийм бодолтой яваа бол би чамайг хийгээсэй гэж хүсэхгүй байна.

Бүсгүй босоод төмөр замын буудлын нэг булан руу дөхөсхийв. Нөгөө талаар уулс хөшилдөнө.

Үүлэн сүүдэр тариан талбай дээгүүр хөвж, моддын чөлөөгөөр голын ус гялтганахыг тэрээр олж харлаа.

-Бид энэ бүхнийг давж гарна. Тэгээд бид хүссэнээрээ байх болно, хойшид бид өдөр бүр үүнийг хийх боломжгүй болно хэмээн тэр хэлэв.

-Юу гэнэ ээ?

-Бид хүссэнээрээ байх болно л гэсэн юм.

-Бидний өмнө бүхий л ертөнц нээлттэй байна.

-Үгүй дээ, тийм биш.

-Бид дуртай газар руугаа явах болно.

-Тийм биш ээ. Юу яасны дараа бол бидэнд хамаагүй шүү дээ.

-Энэ бол биднийх байсаар байх болно.

-За, үгүй дээ. Нэг л удаа тэд аваад, тэгээд л гүйцээ. Ахиж чамд бий болохгүй.

-Гэхдээ тэд авчихаагүй л байгаа шүү дээ.

-Бид хүлээж, давж гарах болно.

-Алив, буцаад сүүдэрт ор. Чи ийм зүйлс бодохоо боль гэж хархүү хэлэв.

-Би юу ч бодоогүй ээ. Зүгээр л мэдэж байна гэж бүсгүй хэллээ.

-Чиний хүсэхгүй байгаа зүйлийг чамаар хийлгэхийг би хүсэхгүй ээ.

-Надад тийм ч сайхан байхгүй гэдгийг би мэдэж байна аа. Алив, ахиад шар айраг авах уу хэмээн бүсгүй дуугарав.

-Тэгье. Гэхдээ чи бас ойлгох хэрэгтэй...

-Би ойлгож байгаа. Ерөөсөө энэ яриагаа боливол яасан юм бэ гэж бүсгүй ундууцлаа.

Тэд ширээндээ сууцгааж, хөндийн гандуу хуурай хэсэг дэх толгодыг бүсгүй ажиглан, харин хархүү бүсгүй рүү, бас ширээ рүү ширтэх ажээ.

-Хэрэв чи өөрөө хүсэхгүй байгаа бол чамайг үүнийг хийгээсэй гэж би хүсэхгүй ээ гэдгийг чи ойлгосон шүү дээ. Чамайг хүссэн тохиолдолд л би сая зориглож чадна гэж тэр хэлэв.

-Чамд тэгээд ямар ч хамаагүй хэрэг үү? За, одоо маргалдахаа больё.

-Мэдээж надад хамаатай. Гэхдээ одоогоор надад чамаас өөр хэн ч хэрэггүй. Би өөр хүн хүсэхгүй байна. Тэгээд ч энэ бол гар хурууны үзүүрийн ажил гэдгийг мэдэж байна.

-Тийм ээ, чинийхээр бол гар хурууны үзүүрийн л ажил.

-Чиний ингэж хэлэх ч зөв л дөө.

-Яг одоо чи миний төлөө ямар нэгэн зүйл хийх үү?

-Чиний төлөө би юуг ч хийнэ.

-Тэгвэл, бурхан минь энэ яриагаа больж үз, больж үз, больж үз гуйя.

Хархүү юу ч хэлэлгүй өртөөний хана түшүүлэн тавьсан цүнх тээш рүүгээ харан суув. Тээшин дээр нь тэдний хоног төөрүүлсэн бүхий л зочид буудлын хаяг наалттай байлаа.

-Гэхдээ би чамд үүнийг хүсэхгүй байна аа. Ер нь энэ тухай бодохыг ч хүсэхгүй байна гэж тэр хэлэв.

-Би хашгирч чарлах байх аа гэж бүсгүй хэллээ.

Үйлчлэгч бүсгүй хөшигний цаанаас хоёр шар айраг барин гарч ирээд, чийгтсэн жийргэвч дээр тавив. Тэгээд:

-Галт тэрэг таван хормын дараа ирнэ гэжээ.

-Юу гэсэн бэ хэмээн бүсгүй асуулаа.

-Аа, галт тэрэг таван хормын дараа ирнэ гэнэ ээ.

Бүсгүй мөнөөх эмэгтэйн зүг талархан инээмсэглэв.

-Би цүнхнүүдээ буудлын нөгөө талд гаргачихъя даа хэмээн хархүүг хэлэхэд, бүсгүй түүн рүү мөн инээмсэглэжээ.

-За за, тэгээд буцаад ирээрэй, шар айргаа дуусгая.

Хархүү нэлээд хүнд хоёр цүнхийг өргөж, өртөөний байрыг тойрон авч явсаар нөгөө зам дээр аваачиж тавив. Тэрээр зам руу хараа сунгасан ч, айсуй галт тэрэгний цуваа үзэгдэхгүй л аж. Галт тэрэг хүлээнгээ юм ууцгааж суугаа хүмүүсийн дундуур тэрээр уушийн газраар дамжин буцаж алхлаа. Баарны лангуун тушаа зогсоод тэр Anis уунгаа хүмүүсийг ажиглана. Цөмөөрөө л галт тэрэг хүлээж буй нь илт. Тэрээр унжуурга хөшгийг яран гарлаа. Бүсгүй ширээн дээрээ сууж байх бөгөөд түүнийг хармагцаа инээмсэглэв.

-Зүгээр биз гэж асуухад нь бүсгүй:

-Зүгээр ээ. Санаа зоволтгүй, тайвширчихлаа гэлээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Letitia

      (188.143.232.32) 2016-12-21 10:29
      • 0
      • 0

      Så fint du er med å bidra på Himmelsk denne gaegnn!Og så nydelig det var med bilder fra Japan! Et vakkert land som jeg håper er over det verste nå...

      Хариулах