С.Чепурной Монгол Улсыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаа амлалаа

Twitter Print
2016 оны 10-р сар 07-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Их Хурлын дарга М. Энхболд өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Элчин сайд С.Чепурнойтой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод тус улстай худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа дурдаж, энэ тал дээр анхаарал хандуулж ажиллахыг ноён Элчин сайдаас хүсэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ЗХУ-ын үеэс эхлэлтэй бөгөөд өнөөг хүртэл идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа ноён Элчин сайд С.Чепурной хэлээд цаашид Монгол, Беларусь Улсын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх өргөн боломж байгааг онцоллоо. Мөн тэрбээр хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалуудыг тогтмолжуулах, яриа хэлэлцээрийн түвшинд байгаа төсөл хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох тал дээр УИХ-ын даргыг дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Тухайлбал, Беларусь Улсын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр зорчигч тээврийн автобус, зам засвар арчилгааны машин, гал унтраах машин, тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг зохион байгуулахад бэлэн байгаагаа УИХ-ын даргад уламжилсан юм. УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Беларусийн харилцаа, олон талт хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд ноён Элчин сайд чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байгааг илэрхийлээд, УИХ-ын даргын хувьд болон УИХ-ын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.