О.Хенри - Сүүлчийн ганц навч /Өгүүллэг/

Twitter Print
2016 оны 10-р сар 05-нд 17:46 цагт
Мэдээний зураг,

Вашингтоны цэцэрлэгт хүрээлэнгээс баруун тийшэх бяцхан хорооллын гудамжнууд гарц нэртэй зурвас, хонгилууд болон тахиралдаж мухиралдаад, эх адаг нь мэдэгдэхгүй солбицож, зөрөлдөж гүйцжээ. Тэр гарцнууд гайхмаар өнцөг булан, мурий тахир шугам үүсгэдэг. Тэнд нэг гудамж өөрийгөө хоёр огтолж орхидог. Хэнбугай ч билээ нэгэн зураач эрхэм энэ гудамжны ер бусын үнэт давуу талыг анх нээжээ. Дэлгүүрийн мөнгө хураагч будаг шунх, цаас, зотонгийнхоо тооцоотой түүгээр эргэцэж эргэцэж, тооцооныхоо нэг ч центийг олж авч чадалгүй гэр лүүгээ гэлдэрч буй өөртэйгээ гэнэт мэлсхийтэл тулчихдаг гээд та бод доо! Мундаг давуу тал шүү.

Ийнхүү цагийн эрхээр голланд дээврийн шовх сүмбэн орой, XҮIII зууны вааран дээвэр ярайлдах умар зүгт харсан цонх, хямд байрны эрэлд хатсан урлагийн улс энө өвөрмөц, нууцлаг, төөрмөөр Гринвич-Виллидж хороолол руу өөрийн эрхгүй хуйлардаг болжээ. Дараа нь тэд зургадугаар гудамжнаас сэнжтэй, тугалган хэдэн аяга, нэг хоёр ширмэн хайруулын таваг ийш нь чирч ирээд, өөрсдийн "колонио" төвхнүүлж эхэлсэн юм.

Сью, Жонси хоёрын урлан ч гурван давхар тоосгон байшингийн дээд давхарт байрлажээ. Жоаннагийн өхөөрдсөн нэр нь Жонси. Тэдний нэг Мейн мужаас, нөгөөх нь Калифорнигоос иржээ. Тэд Наймдугаар гудамжны нэг жижигхэн зоогийн газрын ширээний ард танилцаж, урлахуйн ухаан, идээний зууш, моодны ханцуйны тухай үзэл бодол нь зовлонгүй таарч тохирсон. Үүний ачаар тэд хамтын урлантай болжээ.

Энэ бол аль тавдугаар сарын үйл явдал. Харин эмч нар Уушгины хатгаа хэмээн авгайлдаг хэрзгэр егзөр харь хэлтэн тэнд ч нэгийг, энд ч нэгийг мөсөн хэлхээ хуруугаараа хайрч дагжааж, энэ арван нэгэн сард зураачдын колониор үзэгдэх биегүй мөн ч их тэнүүлчилсэн. Хотын дорно талаар энэ хөнөөгч хэдэн арвыг золионд авч, зориг төгс алхаж явсан бол харин энд хөвдөнд идэгдсэн, бачуу давчуу, эх адаг нь мэдэгдэхгүй гудамжнуудад төөрч, хоёр хөл нь солбичиж, тамираа барав.

Ноён Уушгины хатгааг би яаж ч бодсон настай, найртай эрхэм гэж хэлж чадашгүй нь. Ер нь Калифорнийн тарагнаас цус багатай болчихсон, өхөөрдөм бяцхан бүсгүй, барзгар улаан нударгатай, уухилж аахилсан, хүдэр бадир, хөрзгөр хөгшин тэнэгийн гарын ая даах өрсөлдөгч болж чадах уу, аан. Гэхдээ тэр муу бүсгүйг яаж ийгээд унагаад авсан, Жонси өдгөө голланд цонхны жижиг жижиг дөрвөлжөөр хажуугийн тоосгон байшингийн дүлий мэлгэр хана ширтээд, будмал төмөр орон дээрээ хөдөлгөөнгүй хэвтэж байгаа.

Нэг өглөө сэтгэл нь зовнисон эмч сагсгар буурал хөмсөгнийхөө ганц сэвхийлтээр Сьюг хонгилд дуудан гаргаж билээ.
-Түүнд ганц боломж... юу л даа, арвын эсрэг ганцхан, хэмээн халууны шилний мөнгөн усыг сэгсрэнгээ: 
-Гэхдээ тэр өөрөө амьдрахыг хязгааргүй хүсвээс тэр шүү. Хүмүүс авсчины талд ажиллаад эхлэхээр бидний хамаг эм тан шал утгагүй, үнэ цэнэгүй болчихдог юм. Одоо нэгэнт дээрдэхээсээ өнгөрлөө гээд танай бяцхан бүсгүй сэтгэл шулуудчихжээ. Тэр юун тухай бодож байгаа бол?
-Тэр... тэр Неаполитанын буланг зурахсан гэж мөрөөддөг юм.
-Зурах аа? Шал дэмий юм! Түүний сэтгэл зүрхэнд юу ч юм бэ, үнэхээр нэг санагалзмаар тийм юм байна уу, жишээ нь эр хүн ч юм уу?
-Эр хүн ий? -гэж Сью асууснаа, хоолой нь аман хуур шиг гэнэтхэн цангинаад цахиртаад: 
-Бодохоор улс биш шүү дээ, тэр эрчүүл чинь. Үгүй дээ, эмч ээ, тийм юм даанч байхгүй.
-Тэгвэл тэр шуударчихаж, гэж эмч санаа алдан: 
-Шинжлэх ухааны төлөөлөгчийн хувьд миний бие чадах бүхнээ хийнэ. Гэхдээ миний өвчтөн өөрийнхөө оршуулгын цувааны машиныг тоолоод эхлэхээр би эм тангийн анагаах чадлын тавин хувийг шууд хасчихдаг юм. Хэрэв та энэ өвөл хүүхнүүд ямаршуу ханцуйтай юм өмсөх бол гэсэн ганц үг түүнээс сонсоод орхивоос, түүнд арваас нэг бус харин таваас нэг боломж гарч ирнэ гэдгийг би баттай хэлнэ.

Эмчийг явсны дараа Сью урландаа гүйж ороод, япон амны цаас нэвтэртэл, элгээ эгштэл ганцаараа уйлжээ. Дараа нь хөгжөөнтэй дуу исгэрсэн шиг, зургийнхаа самбарыг барин, Жонсигийн өрөөнд зүрхтэйхэн явж оров.

Жонси цонх руу хараад, хөнжил дороо мэдэгдэхтэй үгүйтэй хэвтэж байлаа. Жонсиг унтчихаж гэж бодсон Сью исгэрэхээ болив.
Тэр самбараа эвтэйхэн тавиад, сэтгүүлийн өгүүллэгийн чимэг зураг хар бэхээр таталж эхэллээ. Залуу зохиолч нарын утга зохиолд мөрөө гаргаж эхэлдэг сэтгүүлийн өгүүллэгт чимэг зураг таталбарлах ажлаар залуу зураач нарын урлагт орох их зам эхэлдэг.

Дэгжин ганган хувцастай, өрөөсөн нүдэндээ дугуй шилтэй Айдахогийн ковбой залууг өгүүллэгт зориулан таталж байхдаа, Сью доройхон шивнээ хэдэнтээ давтагдахыг сонсов. Тэр сандруухан ор руу дөхөж очив. Тэгтэл Жонсигийн нүд бүлтийчихсэн, цонх руу хараад амандаа тоолж байлаа, гэхдээ бүр урвуу тоолж байв.
-Арван хоёр, гэснээ тэр бяцхан азнаад, -Арван нэг, тэгснээ дараа нь "арав", "ес", дараа нь "найм", "долоо" гэж бараг зэрэг хэлэв.

Сью өөрийн эрхгүй цонх руу сэртэсхийжээ. Тэнд тоолохоор юм юу байдаг билээ? Хорин алхмын цаана тоосгон байшингийн дүлий нүцгэн хана, хов хоосон, уйтгар төрөм хашаа харагддагсан. Бас үндэснийхээ тэрүүхэнд ялзарчихсан, тахиралдаж мушгирсан хөгшин ороонго мөчир сарвуугаараа тоосгон хананы талыг бүрхчихсэн байгаа. Одоо бол намрын хүйтэн салхи навчсыг нь мөчрөөс нь тасчиж, нүцгэрсэн хэлхээ мөчир бутарч унаж буй тоосгоноос тас зуурчихаж.

-Тэнд юу байгаа юм бэ, хонгор минь? гэж Сью асуулаа. -Зургаа, гэж Жонси дуулдахтай үгүйтэй хариулаад: 
-Тэд нар одоо улам хурдан хийсч байна. Гуравхан хоногийн өмнө бараг зуу зуугаараа байсан. Тоолохоор толгой эргэдэг байсныг яана. Гэтэл одоо амар болжээ. За тэр, нэг нь хийсчихлээ. Одоо ердөө тав үлдэж гэв. -Юун тав бэ, хонгор минь? Сьюдидээ хэл дээ. 
-Навч. Ороонгоны навч. Сүүлчийн ганц навч унахаар би үхнэ. Би үүнийг мэдээд гурав хонож байна. Эмч чамд хэлээгүй юү?
-Ийм тэнэг юмыг анх удаа сонслоо, хэмээн Сью дотор нь арзганасан янзтай дургүйцэн, 
-Чиний бие дээрдэхэд хөгшин ороонгоны навч ямар хамаатай юм бэ? Энэ ороонгонд чи ямар хайртай байлаа, аан, муухай охин минь! Ингээд тэнэгэрчих гэж! Чамайг удахгүй эдгэнэ гэж эмч өнөө өглөө надад хэлсэн, за байз энийг тэр юу гэж хэллээ?.. Аа, тийм, чамд нэгийн эсрэг арван боломж байна гэсэн. Энд Нью-Йоркт байгаа, трамвайд яваа ч юм уу, шинэ байшингийн дэргэдүүр өнгөрч байгаа бидний хэнээс ч дутахааргүй, яагаад ч багагүй тийм боломж. Жаахан шөл уух гээд үз дээ. Лагшин чилээрсэн охиндоо дарс, өөртөө гахайн шанз мах авахын тулд Сьюди нь зургаа дуусгамаар байна, бас түүнийгээ редакторт зармаар байна, гэхэд:
-Чамд дахиад дарс авах хэрэг гарахгүй биз дээ, гэж цонх цоо ширтэн буй Жонси хариулаад: 
-Тээр, дахиад нэг хийсчихлээ. Үгүй ээ, би шөл уумааргүй байна. Одоо дөрөвхөн үлдлээ. Би сүүлчийн навч яаж унахыг харах юмсан. Тэгээд үхэхэд харамсах юм алга гэжээ.
-Жонси, хонгор минь, гээд Сью түүний дээрээс тонгойж, 
-Намайг ажлаа дуусгахаас өмнө цонх руу харахгүй, нүдээ ч нээхгүй гэж амлаач! Би энэ зургийг маргааш өглөө өгөх ёстой. Над гэрэл хэрэгтэй, тэрнээс биш би хөшгөө буулгаж орхимоор байна.
-Чи өөр өрөөнд зурж болохгүй юм уу гэж Жонси зэвүүцэнгүй асуужээ.
-Би чамтай хамт суумаар байна, гэж Сью учирлаад: 
-Тэрнээс гадна чамайг энэ тэнэг навч руу гөлрөөд байгаасай гэж хүсэхгүй байна, гэхэд:
-Хэзээ дуусахаа хэл л дээ, гэж гантиг баримал шиг хөшиж цайвгартсан Жонси нүдээ анингаа арайхийн бувтнаж: 
-Би сүүлчийн ганц навч яаж унахыг харах юмсан. Би хүлээж цөхөрлөө. Би бодож цөхөрлөө." Намайг агдлаад байгаа бүхнээс хагацаж, хөөрхий зовлонт навчисийн нэг шиг хийсэн ниссээр, доошлон доошилсоор унамаар байна гэлээ.
-Унтахыг бод доо, гэж Сью түүнийг аргадаад: 
-Би Берманыг дуудалгүй горьгүй нь, би түүнийг харж алтны хайгуулч, бядан явагчийг зурах гэсэн юм. Би их удлаа гэхэд ганцхан минут болно. Намайг ирэхээс өмнө хөдлөөд үзээрэй гэжээ.

Хөгшин Берман бас зураач. Тэдний урлангийн яг дор, доод давхарт амьдардаг нэгэн. Тэрбээр жар хол гарч, хууз нь Моисей, Микеланджелогийнх шиг ширэлдэж мушгиралдаад, элэглэгчийн тэргүүнээс нь одой хүмүүний гэмээр мөр рүү нь сагсайн унжжээ. Урлагт Берман аз одгүй. Тэр агуу мөнхийн бүтээлээ хэзээ мөдгүй туурвина, гэхдээ арай эхлээгүй байгаа. Хэдэн жилийн турш тэр талхныхаа төлөө реклам нялахаас өөр юу ч зураагүй. Басхүү биеэ зуруулагч мэргэжлийн эрхмүүдийн авдаг ацаг хөлсийг хүчирдэггүй залуу зураач нарт нүцгэлэн үзүүлбэрлэж бага сага юм олно. Бусдаар бол энэ хүн авир зан гэж тамтаггүй, уян гэнэхэн сэтгэлийг ихэд доромж үздэг өвгөн бөгөөд өөрийгеө хоёр залуу зураач бүсгүйг хамгаалуулахаар зориуд уяж орхисон гарз нохой мэт үзнэ.

Арцны үнэр хамар сэтлэм ханхийлгэсэн Берманыг Сью доод давхрын харанхуй бүүдгэр өрөөнөөс нь төвөггүй олов. Өрөөнийх нь нэг мухарт суут бүтээлийнх нь анхны таталбарыг алд биедээ хүлээн авахад бэлэн, хурууны хээ хүрээгүй зотон дэлгэмэл, модон хөл дээрээ хорин таван жил тавиатай байснаараа байж л байна. Жонсигийн дэмийрэл, навч шиг хөнгөхөн, бяцхан найзынх нь ертөнцтэй амь сүжирч буй хэврэг холбоо юу юугүй суларч нэг мөсөн тасрах вий гэсэн өөрийнхөө айдас хүйдэсний тухай Сью өвгөнд ярив. Берман хөгшний улайсан нүднээ нулимс цийлэгнээд ирсэн агаад ийм мунхаг санаашралыг учиргүй даажигнан, их дуугаар хашгирч гарлаа.
-Юу гэнэ ээ! -гэж тэр хашгираад: 
-Тийм тэнэг юм байдаг юм уу, хараал идсэн ороонгоноос навч унасны төлөө үхзх гэж үү! Анх удаа ийм юм сонсож байна. Чиний тэр даяанч мунхаг болж суухгүй ээ би, үгүй, үгүй. Тийм адгийн юмаар сэтгэлээ зайцуулахыг нь зөвшөөрч байдаг. Таарч дээ! Эвий, хөөрхий миний бяцхан Жонси! гэсэнд:
-Тэр өвдөөд, бүр дордчихлоо гэж Сью учирлан: 
-Халуундаа дэмийрээд ухаан нь орж гараад, элдвийн юманд санаашраад байхгүй юу. Ноён Берман та надад үзүүлбэрлэхийг хүсэхгүй байгаа бол тэр л биз, хэрэггүй, сайн л биз. Та бол хөгийн хөгшин. Хөгийн олон үгтэй хөгшин гээд би бодчихъё гэв.

-Энэ чинь ёстой хүүхэн үү, үгүй юү, харин! -хэмээн Берман учиргүй гуугалан:

-Би үзүүлбэрлэж чадахгүй гэж хэн чамд хэлээтэхэв? Явъя. Би тантай хамт явна. Би үзүүлэн болъё гэж хагас цаг ярьж байхад... Бурхан минь! Хатагтай Жонси шиг тийм сайхан бүсгүйн өвдөх газар уг нь энд биш юмсан. За яахав, би бүтээлээ нэг шударчихнаа, тэгэхээр гурвуулаа эндээс зайлна гайгүй. Тэгнэ, тэгнэ! хэмээн үглэж явлаа.

Тэднийг дээшээ гарч ирэхэд Жонси унтаж байлаа. Сью хөшгөө бүр цонхны тавцанд хүртэл буулгачихаад Берманыг нөгөө өрөөнд оръё хэмээн дохив. Тэнд хоёулаа цонх руу сэмээрхэн ойртож очоод хөгшин ороонго руу айдас дүүрэн харжээ. Дараа нь нэг ч үг хэлэлгүй бие бие рүүгээ харав. Гадаа бороо цас холилдсон, хүйтэн шамрага тавьж байлаа. Хад чулууны оронд данх хөмөрч сандайлсан Берман хуучин хөх цамцтайгаа алтны хайгуулч, даяанчийн дүрд хувилаад, чимээ имээгүй суув.
Маргааш өглөө нь жаахан зүүрмэглээд сэрэнгүүтээ Сью намиртал нь буулгасан ногоон хөшигнөөс Жонси бүлтийсэн дүгрэг сүүмэн нүдээ салгаж чадахгүй байгааг харжээ.
-Наадахаа өргө дөө, би хармаар байна гэж Жонси шивнэн захирчээ.
Сью дуртай дургүй захирагдлаа.
Тэгсэн яасан гэж санана! Шөнөжингөө нижигнэсэн аадар бороо, салхины исгэчээний дараа тоосгон ханан дээр ороонгоны ганц навч тэсээд үлдэж! Сүүлчийнх нь! Ишнийхээ тэрүүхэнд хөөрхөн хар ногоон, хөрөөний ир шиг хөвөөгөөр нь өмх, хэвний шар буурал өнгө тодорсон ганц навч, газраас хорин фут өндөрт юу ч болоогүй мэт тэссээр байлаа.
-Энэ сүүлчийнх нь гэж Жонси шивнээд: 
-Би энийг шөнө яг уначихлаа гэж бодсон. Би салхины исгэчээнийг сонссон. Өнөөдөр энэ унана, тэгэхээр би үхнэ гэсэнд:
-Бурхан өршөөг, чамайг! гэж дэрэн дээр нь толгойгоо зовиуртайяа гудайлгасан Сью арайхийн хэлээд: 
-Өөрийнхөө тухай боддоггүй юмаа гэхнээ ядаж миний тухай бодмоор юм. Би яах юм бэ? гэжээ.

Гэтэл Жонси ганц үг дуугарсангүй. Алс холын нууцлаг замд одохоор зэхэж буй зүрх сэтгэлд энэ ертөнцийн юм бүхэн харь болчихдог аж. Түүнийг хүмүүстэй, энэ амьдралтай холбож буй бүх утас учигнууд ар араасаа тасран тасрахын цагт ужиг өвчин, дэмийрэл санаашрал нь Жонсиг улам туйлдуулсаар байлаа.

Өдөр өнгөрлөө, бүр харуй бүрийд ч ороонгоны ганц шар навч мөчир дээрээ тэссээр, тоосгон хананы наахна тэссээр буйг тэд ажигласаар, харсаар байв. Харин харанхуй нөмрөнгүүт, умардын салхи юу юугүй дахин исгэчиж, борооны ус голланд вааран дээврээс асгаран буухдаа цонхыг нь сэхээ сэвгүй нижигнэтэл балбалаа.

Үүр хаяарав уу, үгүй юү, өрөвдөхийг үл мэдэгч Жонси хөшгөө дахин сөхөхийг тушаав. Ороонгоны навч байрандаа нөгөө л янзаараа. Жонси түүнийг харан зөндөө удаан хэвтлээ. Дараа нь хийн цоргиур дээр түүнд өгөхөөр тахианы шөл халааж байсан Сьюг дуудав.
-Би их өөдгүй охин юм аа, Сьюди, гэж Жонси хэлээд: 
-Намайг ямар өөдгүй хүн гэдгийг харуулах гэж энэ муу ганц шар навч мөчир дээрээ тэсээд байгаа бололтой. Үхэхийг хүсэх чинь нүгэл гэдэг биз дээ. Одоо над жаахан шөл өгч болно. Харин дараа нь дарстай сүү авчраарай. Хэрэггүй ч юм уу. Эхлээд надад толь аваад ир, дараа нь миний дэрнүүдийг өндөрлөөд орхи доо, би суугаад чиний яаж мунгинахыг хармаар байна гэлээ.

Цагийн дараа тэр ингэж хэлсэн юм.
-Сьюди, би хэзээ ч юм Неаполитанын буланг зурна гэдэгтээ итгэлтэй байна.
Өдөр нь эмч ирсэн бөгөөд Сью ямар нэгэн шалтаг гаргаж, түүний араас хонгилд гарч ирэв.
-Боломж яг тэнцлээ, хэмээн Сьюгийн салганасан ясархаг туранхай гарыг чанга атгангаа эмч дуу алдаад: 
-Олигтойхон асарч чадвал та ялна. За, одоо дор би өөр нэг өвчтөн үзэлгүй горьгүй нь. Түүнийг Берман гэдэг юм. Зураач гэсэн санагдана. Бас уушгины хатгаатай. Настай хүн бие нь тун тааруухан байгаа, өвчин нь бүр хүндэрчихэж. Ямар ч найдлага байхгүй, гэхдээ өнөөдөр түүнийг эмнэлэгт аваачна, тэндээс харин гарах болов уу, яах бол гэжээ.

-Тэр аюулаас зайчиж. Та яллаа. Одоо хоол унд, асаргаанаас өөр юу ч хэрэггүй гэж маргааш нь эмч Сьюд хэлж билээ. Тэр өдрийн үдэш хачин хурц хөх өнгөтэй, хэнд ч хэрэггүй ноосон ороолт нэхээд дуусч буй Жонси руу, хэвтэж буй ор руу нь очоод, Сью түүнийг дэртэй нь нэг гараараа чанга тэврээд авч билээ.
-Би чамд нэг юм хэлмээр байна. Цагаахан бяцхан хулгана минь гээд тэр:

-Ноён Берман өнөөдөр эмнэлэгт уушгины хатгаагаар нас баржэз. Тэр ердөө хоёрхон хоног өвдсөн. Эхний өдрийнх нь өглөө хаалгач хөөрхий өвгөнийг өрөөндөө шалан дээр хэвтэж байхад нь олсон гэнэ. Ямар ч ухаангүй. Хамаг гутал хувцас нь шал ус, нов нойтон, мөс шиг хүйтэн. Тийм аймаар шөнө яах гэж, хаашаа гарсныг нь хэн мэдэх вэ. Дараа нь харин асаалттай хаясан дэнлүү, байрнаас нь аваад одсон шат, шар ногоон будаг нялаатай нийлүүр, хөсөр хаясан хэдэн бийрийг нь гаднаас олж авчээ. Цонх руу, ороонгоны сүүлчийн ганцхан навчийг хар даа, хонгор минь. Тэр салхинд хөдлөх ч үгүй, чичигнэх ч үгүй байгаад чи гайхаагүй гэж үү? Тийм ээ, хонгор минь, энэ бол Берманы мөнхийн гайхамшигт бүтээл нь. Сүүлчийн навч хийсч одсон тэр шөнө үүнийг зуржээ гэж хэлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.