Хоосрол болоод хийрхэл

Twitter Print
2018 оны 06-р сар 10-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Хүн үнэндээ сэтгэлийн амьтан гэдэг үнэн аж. Бидний энэ богинохон, ердөө л ганцхан насны амьдралд сэтгэл гэдэг юу юунаас илүү чухал. Хүмүүс сэтгэл нэг л хоосроод явчихлаа гэж ярьж байхыг сонссон санагдана. Гэвч тухайн үед анзаарах ч сөхөөгүй хөнгөн явж. Хорвоогийн хоосон чанарыг мэдэхгүй явж гэсэн үг. Харин хүн тэр хоосон чанарыг зах зухаас мэдэрч, ухаарч ойлгож эхлэх цагтаа амьдралын мөн чанарыг таньж, саяхан л дунд нь хөөцөлдөн уралдаж, уралцан явсан олны дундаас гэнэт сугаран хоцорч, хөндлөнгөөс тэднийг харах мэт авах идэхийн шуналыг гайхдаг гэж байгаа. Амьдралын нүцгэн үнэн гэдэг нь тэр биз.

“Хүн энэ хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцдаг” гэдэг бол энэ хорвоод ирсэн цагаасаа хүн бүх юмс үзэгдлийг ямар нэг аргаар гоёчилж, будаж шунхадсаар байгаад тэр бодитой нүцгэн үнэнийг олж харж чадахаа байчихдаг, харин хэзээ хойно ухаардаг бололтой. Харин тэр цагт жинхэнэ хоосролыг мэдрэх болно. Энэ бол бусдын болоод улс орны хөрөнгөд шунаж сувидаглаж явдаг олигархуудад даан ялангуяа хамаатай асуудал. Гэвч тэд хүн лугаа адил сэтгэл үгүй, бэрд лугаа төрлийн “хүмүүс” болохоор сэтгэл хэмээх ухаан тэдэнд огтоос байхгүй. 

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад гуай, өндөр наслах сайхан ч үеийнхэн маань цөөрчихөөр сэтгэл хоосрох юм хэмээн нэгэнтээ ярьж байхыг сонсож билээ. Олигархуудтай харьцуулж үзэхэд энэ бол урлагийнхний хэлдэгээр ёстой “контраст”, өдөр шөнө шиг эрс тэс ялгаа гэсэн үг. 

Холливудын нэгэн од Киану Ривз гэж байх. Тэрээр харин хорвоогийн энэ хоосон чанарыг ухаж, авах, идэхийн ухааныг үзэн яддаг болсон хүн бололтой. Угаасаа ч хүнд амьдралтай гэр бүлд төрж, өсч хүмүүжсэн хүн болохоор амьдралын эрээн барааныг дэндүү сайн мэддэг, мэддэг дээрээ нэр алдрын оргилд хүрсэн хойноо жирийн олны адил л амьдрахыг хүсдэг болж. 

«Ойр зуурын хэрэгцээтэй бүх юм маань гарын дор байх ердийн л нэг гэрт амьдрах би дуртай. Энд тэндгүй хоосорч харагдах тийм том байшин барилгад би дургүй» гэж тэрээр ярьдаг байна.

Түүнийг 12 настай байхад эцэг нь хар тамхины хэрэгт орооцолдож, шоронд суусан бол тайчигч байсан эх нь хүүхдүүдээ авч Канадад очоод хэд хэдэн хойд эцгийн нүүр үзүүлсэн гэдэг. Киану Ривз мөн хайртай бүсгүйгээ гар дээр нь амьсгал хураахыг харсан хүн. Хүний ёсоор сайхан хурим хийж, нэр төртэй гэрлэхийг тэрээр хүсэж байсан боловч хайрт бүсгүй нь автомашины осолд орсон юм. Гэтэл өнгөрөхөөс нь өмнө бүсгүйн хэвлийдээ тээж явсан үр зулбаж, Киану сэтгэлдээ эмзэглэл, хоосрол гэгчийг дэндүү мэдэрсэн болохоор одоо үр хүүхэдтэй болох тухай бодохоос эмээдэг байна. Арга ч үгүй биз, тансаг орд харш тоодоггүй  Холливудын ганц од учраас тэр амьдралд хачин их эмзэг ханддаг болсон мэт. 

Түүний хамгийн сайн анд нөхөр Ривэр Феникс (River Phoenix) мөн хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээр хорвоог орхисон бол охин дүү бас цусны цагаан эсийн өмөн өвчнөөр өвчилж, тэрээр энэ өвчнөөс салахад уран бүтээлийн шагналынхаа 70 хувийг зарж байжээ. Киану «Маtrix» киноноос олсон орлогынхоо ихэнхи хэсгийг дүүгийнхээ хэвтэж байсан эмнэлэгт хандивлаж цусны цагаан эсийн өмөн өвчний эсрэг тэмцэх сан байгуулж байсан гэдэг. Дүү нь харин ахынхаа уйгагүй зүтгэлээр эдгэршгүй гэж үздэг тэр өвчнийг давж гарч чадсан байна.  

Киану Ривз төрсөн өдрөөрөө нэг удаа кекс худалдан авч, цэцэрлэг хүрээлэнд суугаад идэж байхыг нь харсан хүмүүс “нүд нь орой дээрээ гарч” үнэмшиж ядахдаа дөхөж очиход нь хуваагаад хазаж болно шүү гээд сарвайж байжээ. Ямар ч бренд энээ тэр дэгжин хувцас хунаргүй, хамгаалагч сэлт дагуулдаггүй  энэ “хачин” хүнээс “Та яагаад ингэж уйтгартай суугаа юм бэ” гэж хүмүүс асуухад «Та нар харин сайн сайхан амьдрахын тул аз жаргалтай бай. Харин надад бол хэрэггүй…» гэж хэлсэн байна. Түүний энэ үзэл бодол нэг талаас хэтэрхий гутранги мэт байж болно. Нөгөө талаас “оддын өвчин” ч байж болно. Гэвч тэрээр энэ зуур амьдралын хоосон чанарыг танин барьсан Бурхны шашинтай хүн.

Эхнэрээ янхан адил хувцаслаж олны өмнө дагуулж явдаг нэг ухаан байхад даруухан дулаан инээмсэглэлээс нь амьдралын утга учрыг олж, хөхин баясаж суудаг бас нэгэн уужуу ухаан байх. Нэр төр хөөцөлдөөд байгаа хэрнээ нэр нүүрээ барж явдаг нэг ухаан байхад мөн ганц биеийн тэнхээ шавхан олны өмнөөс гүйж гүйчихээд хөлөө усанд дүрж амрах мэт магнай тэнийн баясаж суух ухаан бас бий. Амьдралын хоосон чанарт ийм л эрс тэс хоёр туйл байдаг. 

Эцгийн хөрөнгөөр туйлж, элбэг хангалуун амьдарч чадаж байгаа мэт сэтгэн салхи сүнгэнүүлэн давхих нэгэн байхад энгийн даруухнаараа анхаарал татаж, эрдэм мэдлэгээрээ гайхашруулах бас нэгэн ч энэ амьдралд бишгүй тохиолдоно. Сонирхолтой нь Бурхан багш “Хоёр туйлаас хараат бус, нэр тэмдгээс хэтийдсэн утгыг хоосон чанар (номын агаар) гэнэ”  хэмээн Алтангэрэлт сударт заасан байдаг нь хоорондоо эрс тэс ялгаатай бидний энэ мэт ухаан бодлыг хэлээд байгаа мэт. 

Гэтэл мөн Зүүн өмнөд Ази даяар төгс гэгээрсэн их багш гэж үздэг Чин Хай, “Хоосон чанар бол Нирваан. Бүх хүсэл, эрэл, идэвхийллээс хоосорч чөлөөлөгдсөн гэсэн үг. Нирвааны эрэл хүсэл ч замхран арилсан төлөв" гэж үздэг байна. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.127.165) 2018-06-11 16:09
      • 0
      • 0

      Сэдвээ сайн ойлгож бичээгүй бололтой.

      Хариулах