Филиппиний ерөнхийлөгч өөрийгөө Гитлертэй зүйрлэснийхээ төлөө уучлал хүсчээ

Twitter Print
2016 оны 10-р сар 03-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте хар тамхины эсрэг явуулж буй тэмцэлд өөрийгөө Гитлертэй зүйрлсэндээ  өчигдөр ням гаригт дэлхийн жүүдүүдийн холбооноос уучлал хүссэн тухай Reuters мэдээлжээ. 

Тэрээр өмнө нь өөрийн төрөлх хот Даваод очиж олны өмнө үг хэлэхдээ, “Гитлер зургаан сая жүүдүүдийг устгаж байсан бол Филиппинд өнөөдөр гурван сая хар тамхичид байна. Би тэднийг бүгдийг нь устгахдаа баяртай байх болно. Хэрвээ Германд Гитлер байсан бол Филиппинд…” гэж хэлээд хэсэг азнаад өөрийгөө зааж байсан аж. Үүнтэй холбогдуулан Германы Гадаад хэргийн яам Филиппинийн элчин сайдаас тайлбар өгөхийг шаардсан байна.  

Филиппиний ерөнхийлөгч өөрийн уг зүйрлэлийг “Намайг олон хүний аминд хүрсэн Гитлер мэт үзэж байсан учраас энэ зүйрлэлийг хэлсэн юм” гэж тайлбарлажээ. 

Түүнийг хар тамхины эсрэг тэмцэлд шүүхийн шийдвэргүйгээр олон хүний аминд хүрсэн гэж шүүмжилсэн Европын Холбооны парламентийг “чөтгөр рүү нь тонилгож” байсан Дутерте дэлхийн дахины улс төрчдийн доромжилдгоороо сүүлийн үед олон улсын анхаарлыг татах болсон билээ. Тэрээр Хятадад чуулсан Их 20-ын уулзалтын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг “гичийний зулбадас” гэж хочлоод зогсохгүй хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдийг шүүхээс гадуур яллаж байгааг нь шүүмжилсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муныг “тэнэг”-ээр нь дуудаж, Манил хотод суугаа АНУ-ын элчин сайд, тэрчлэн Ромын папыг хүртэл хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод амжсан билээ. 

Родриго Дутерте өнгөрсөн зургадугаар сарын 30-нд ерөнхийлөгчийн албан тушаал хүлээн авахаасаа өмнө тус улс дахь хар тамхины наймаачдын эсрэг  байж болох бүх аргаар хатуу тэмцэхээ мэдэгдэж байсан бөгөөд өөрийн үр хүүхэд нь хүртэл хэрвээ энэ төрлийн хэрэгт холбогдсон тохиолдолд хороохоос буцахгүй гэж байсан аж. Харин түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи хоёр сарын хугацаанд хар тамхины хэрэгт холбогдсон хоёр мянга гаруй хүн шүүхээс гадуур цаазлагдсан байна. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.