Нас бол зүгээр тоо, бүү анзаар, сэтгэлээрээ амьдар

Twitter Print
2016 оны 10-р сар 03-нд 17:03 цагт
Мэдээний зураг,

Амьдрал үнэндээ сайхаан, бүр салахын аргагүй. Гэвч бид өнөөдөр уламжлал, ёс заншлаа санан санан гээсээр энэ амьдралын мөн чанар, утга учрыг ч ойлгохоо больж хоцорч байна уу даа гэлтэй. Ахмад үеэ хүндлэх нь байтугай, эцэг өвгөд, угсаа гарвал, өв уламжлалаа үл ойшоох энэ цагийн залуу халаа Монголчуудад ертөнцийн зүй зохирол гэдэг юу байдгийг ухаарах хувь дутах аж. Яахав, аливааг ухаарч ойлгохын завдалгүй омголон өнгөрдөг залуу халуун насны гэм байдаг хэдий ч өвгөд хөгшдөөсөө амьдралын ухааныг нь авч үлдэх сэтгэл үгүйлэгдсээр. 

“Дөч гарсан эр, дөрөв дарсан ат” гэдэг. Бодоход, энэ үгийн утгыг ухаж чадсан цагт л хүнд ер нь ухаан суудаг биз. Гэтэл тэр цагт эргээд нэг харахад бүх зүйл буруугаараа эргэчихсэн хөглүүлж явбал яалтай. Зарим талаар байж болох л асуудал. Тиймээс эцэг өвгөдөөс уламжилж ирсэн ухвар нэгэн ухааныг санаж явууштай аж. 

Хүний амьдралд олон баярт мөч тохиолддогийн нэг нь айл гэрт бүл нэмж, хүний ховорхон заяаг олж мэндэлсэн насны ой байдаг билээ.  Гэвч бидний өнөөдөр нас болгоны ойгоо төрсөн өдөр нэрийн дор тэмдэглээд “сурчихсан” энэ зан хүний хувь тавиланд олон талаар сөрөг нөлөө үзүүлдэг. 

Монголчуудын уламжлалт ёс заншилд зөвхөн хүүхдийн насны ойг онцгойлон тэмдэглэдэг байснаас биш одоогийнх шиг жил бүр төрсөн өдрийн баяр хийдэггүй байжээ. Монголчууд хүүхдийг эхийн хэвлийд олдсон үеэс эхлээд төрөх хүртлээ нэг нас элээдэг гэж үзэн “хий нас” хэмээж, төрсөн дор нэг настай гэж тооцон нэг ойндоо хүрэхэд хоёр настай боллоо гэж  ойг нь ёслон тэмдэглэдэг уламжлалтай.  

Ер нь монголчуудын баяр цомхон байсан нь уламжлалт амьдралын хэв маягтай нь салшгүй холбоотой байдаг бөгөөд хүүхдээ хоёр нас хүрмэгц (хий настайгаа) цагаан идээгээр идээ засч ойр төрлийн ах дүү, айл саахалтаа цуглуулан будаалга хийж, хүрэлцэн ирсэн хамгийн өндөр настай хүнээр ерөөл, бэлгэ дэмбэрэлийн үг хэлүүлдэг ёстой. Харин энэ цаг үеээс хүүхдийн насны ойг огт тэмдэглэггүй, зөвхөн даахи үргээх найр надам хийдэг заншилтай улс. Монголчуудын энэ ёс цээрийг бусад улс үндэстнүүд ч онцгойлон мөрдөж ирсэн байдаг бол 35 наснаас хойш төрсөн өдрөө тэмдэглэхээс зайлсхийх ёстой гэнэ. 

Хүн ер нь сэтгэлийн амьтан гэдгийн үлгэрээр 35 наснаас хойш хүний ухамсар, сэтгэлгээ нэгэнтээ дархлагдан тогтож, хөгшрөх тал руугаа гудайдаг байна. Залуу насанд хүний бие организм эрчимтэй бөгөөд амьдралын зөв хэмнэлтэй ажиллаж, сэтгэл санаа ч өөдрөг сэргэлэн байдаг бол насны дунд хэрээс гундаж, сэтгэлийн аливаа эмзэглэл, гутрал өвчний бөөн үүр уурхайд хүргэх эрсдэлтэй болдог аж. Тэгээд ч олон улсын эрдэмтдийн үздэгээр, хүний бие организмын хөгшрөх явц илт болж ирдэг бөгөөд «биологийн» гэдэг нас ч урсаж өгдөг байна. Сонирхолтой нь үүнд гол нөлөө үзүүлдэг нэг хүчин зүйл нь цаг тооллын хуанли байдаг гэнэ. “Нас бол зөвхөн тоо” гэдэг үг энэ тохиолдолд ёстой урвуугаараа эргэнэ. АНУ-ын Массачусетсийн их сургуулийн сэтгэл судлалын ухааны доктор Сюзан Крауссын үзэж буйгаар хүн 30-40 насандаа төрсөн өдрөө тэмдэглэж байхдаа бүх зүйл хэвийн сайхан, ёстой гялалзаж байгаа мэт сэтгэдэг бол энэ зэрэгцээ нас явж байна гэсэн бодол тэс ондоо хүн болгож орхидог байна. Чухамдаа энэ хэмжээнтэй насанд хүн нийгэмд эзлэх байр сууриа төлөвлөсөн байдгийн хэрээр буурь суурьтай ахмад хүн мэт сэтгэлгээтэй болсон байдаг гэнэ. 

Ийм ухаанаар олонхи хүн «миний насанд арай тохирохгүй юм», «өдий насанд арай ч хөнгөдсөн явдал болох байлгүй» гэсэн хязгаар тавьж эхэлдгээс сэтгэл санаагаараа шууд хөгширч, өөрийгөө анзаарч, спортоор хичээллэхээ больдог гэж байгаа. Харин бүсгүйчүүд бол өөрийн насанд үл зохицох гоо сайхны бүтээдэхүүний хойноос хөөцөлдөж эхэлдэг байна. Ингээд хөгшрөх явц хурдаа авч эхэлдэг бөгөөд зарим тохиолдолд хичнээн залуу сэтгэлгээтэй байгаад ч биеийн хүчний ачаалал буураад ирснийг мэдсэн организм хийдгээ хийж, урьд өмнө хэвийн байснаа гэнэт эм тариа нэхэж эхэлдэг аж. Тэгээд ч хүн өөрөө хөгшрөх үйл явцыг нэхэж эхэлдэг 200 гаруй хүчин зүйл байдаг гэж эрдэмтэд үздэг байна. 

Боловсрол болоод сэтгэл зүйн насны уялдаа  

«Боловсрол болоод насны тэн тамхи болоод уушигны өвчин хоёр лугаа салшгүй холбоотой» гэж Scientific American сэтгүүлийн нэгэн өгүүлэлд онцлон тэмдэглэжээ. Хүний амьдралын зөв хэв заншил зөвхөгн боловсролоор тогтохгүй, ухаалаг хүн аюул осолтой явдалд орооцолдох нь харьцангуй бага байдаг байна. Эрдэмтэн судлаачдын олж тогтоосноор, «юмны учир мэддэг ухаалаг» хүмүүс хүрээлэн орчингдоо амархан дасдаг учраас стресст бага өртөж, энэ нь хүний насыг уртасгах гол хүчин зүйл болдог аж. Судалгаа, шинжилгээний Mayo Clinic төвийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хүн өөрийгөө эргэн тойрныхондоо ямар ч хэрэгцээ шаардлагагүй, хөөрхийлөлтэй амьтан гэж боддог болсон цагаасаа сэтгэл санааны хөгшрөлд автаж эхэлдэг аж. Харин энэ сөрөг үзэл бодлоос тархины идэвхтэй үйл ажиллагаа авардаг бөгөөд эрдэмтэн судлаачид ч сүүлийн жилүүдэд энэ асуудлаар судалгаа явуулж, мэдлэг боловсролд шимтсэн хүн өтөл насны ой ухааны доройтолд тун бага өртдөг болохыг тогтоосон байна. Тэгээд ч хүн аль болох их боловсорно, сурч мэдсэн жил бүрийнхээ тоогоор оюун ухаан доройтох эрсдэлийг 11 хувиар буруулдгийг эрдэмтэд тогтоосон аж.

Ганц дайсан бол цаг тоолол

Байгаль орчны бохирдол, эрүүл бус хооллолт, буруу зуршил гэхээсээ илүү цаг тоолол, нийгмийн ёс журам бидний насыг их богиносгодог байна. Энэ нөхцөлд харин сэтгэл санаагаараа залуу хүмүүсийн хөгшрөлт удаан байдаг бол “санаа нь бүр явчихсан” хүмүүс илүү хурдагн хөширдөг байна. Цаг тоолол харгалзсан наслалт биологийн бодит наслалтаас хол зөрүүтэй. Бүхнийг жил, сар, өдөр, цаг, минутаар хэмжсэн өнөө үед хүний наслалтыг нийгэм тогтоогоод өгдөг болж. Хувь хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол хамааралгүйгээр 18 хүрсэн хүн 30 наснаасаа карьер хөөцөлдөж, гэр бүлтэй болсон байх бол 55 наснаасаа бодит нөхцөл байдлаас үл шалтгаалан нийгмийн «илүүдэл» болж хоцрон тэтгэвэр горилдог ёс журамтай. 

Одоо яахав ийм л ёс журамтай юм хойно гэхэд хэрвээ эрүүл мэндийн хувьд гялалзаж, хөрөнгө өвлөж авах , хонжворт сугалаа хожих зэрэг ямар нэгэн санаанд оромгүй завшаанаар их мөнгөтэй болсон тохиолдолд шууд 25 настайдаа тэтгэвэрт суучихаж болно. Энэ бол 55-60 настантай адилхан л нийгмийн нас. Гэвч энэ хэрийн тэтгэврийн насны залуу хүнд эрт орой хэзээ нэгэн цагт сэтгэл санааны насжилт үйлчилж эхэлнэ. Харин хожуу хүүхэдтэй болох, өтөл насандаа хүүхэд хүмүүжүүлэх явдал нийгмийн насжилтийг илт «залуужуулаад» өгдөг байна. 

Тиймээс 35 наснаас хойш хүн насны “ой” бүхэнд сэтгэл санааны хүнд цохиолтод өртөж байдгийг сэтгэл судлаачид анхааруулдаг төдийгүй зарим мэргэжилтнүүд бүр насны баяр ёслол тэмдэглэхгүй байхыг зөвлөөд зогсохгүй, хэрвээ хэрэгтэй гэж үзвэл ганцхан насан дээрээ тогтож, жишээ нь жил бүр 35 нас сүүдэрт  хүрсэн мэт сэтгэн тэмдэглэж бай гэдэг аж. Энэ тохиолдолд “нас бол юу юм, зүгээр тоо” гэдэг өнөө хайхрамжгүй сэтгэхүй л сэтгэл санааны сайн дэмжлэг үзүүлэх байх. Доктор Сьюзан Крауссын харин зөвлөснөөр, «тоотой ер нь зууралдаад байх хэрэггүй» зүгээр л өөртөө «Хэрвээ би хэзээ төрснөө мэдэхгүй байсан бол өөрийгөө хэд хавьтай гэж бодох байсан бэ?» гэдэг асуулт тавьж байх хэрэгтэй гэнэ. Гэхдээ энэ бол хамгийн сүүлд жартайдаа дээд лигт тоглож байсан Америкийн домогт сагсчин Сатчел Пейжийн хэлдэг байсан үг гэдэг. 

Ингэхэд нас гэдэг үнэндээ хүний сэтгэл санааны “тэнхээ” мэт. Үүнийг ч Монголчууд бидний эцэг өвгөд эртнээс олж харж, насны ой гэж огт тоохын хэрэггүй, зүгээр сэтгэлээсээ амьдар гэж сургадаг байсан бололтой юм.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.