Ингэхгүй гэх газаргүй

Twitter Print
2016 оны 09-р сар 24-нд 16:11 цагт
Мэдээний зураг,

Үнэндээ ийм байхгүй гэх газаргүй. Монголчууд бид амны билгээс ашдын билэг хэмээн ам нээхдээ хүртэл аливаад билэг ерөөл оршоож байдаг эрхэм заншилтай хэдий ч төрийн хар хайрцагны боддлого үгүйлэгдэж, албан тушаалтнууд нь авилгад идэгдсэн өнөө цагийг бодоход удахгүй хэдхэн жилийн дараа дээр тэнгэр хол, доор газар хатуу гэгчийн гаслан үзэхэд ойрхон мэт.   

Тиймээс хүмүүс ингэж сэтгэж байна. Жишээ нь 2079 онд Дундад Иргэн Улсын Боловсролын Хэвлэлийн Газраас гаргасан 7-8-р ангийн эх түүхийн сурах бичгээс...

"...20-р зуун нь манай Ар монголын автономит улсын хувьд хамгийн эмгэнэлтэй цаг үе байлаа. Бүдүүлэг оросын ятгалганд автаж элэг нэгт дундад улсын анд нөхдөөсөө хөндийрсөн бидний өвөг дээдэс маань тусгаар улс байгуулж байна гэсэн эндүү бодолд хөтлөгдсөн авай. Чингээд тэд маань эхлээд 1921 онд дундад улсын журмыг сахиулагч нөхөрсөг цэргүүдийг автономийн нутгаас хөөж, бүрэн эрхэт хэмээх үнэндээ бол оросын тоглоомын улсыг байгуулжихуй. Энэ байдлыг үл тэвчин, элэг нэгт дундад улстайгаа эргэж нэгдэхийг хүсэн эрмэлзэж байсан үй олон хүмүүсийг тухайн үеийн ар монголын удирдагчид 1936-1940 оны хооронд оросын шахалтаар устган хэлмэгдүүлсэн бөлгөө. Энэ үед олон улсын тавцанд хүчирхэгжин гарч ирсэн Их Наран улстай манай элэг нэгт төрөлх дундад улс маань хамтран ажиллах тохироо бүрдүүлж, ар монголчуудыг элэг нэгт дундад улстай нь нэгтгэж өгсөн тохиолдолд улаан оросын эсрэг тэмцэлд нь Наран улсад туслах гэрээг манай дундад их гүрний удирдагч Чан Кайши хийсэн бөлгөө. Харамсалтай нь олон хүчин зүйлийн улмаас энэ төлөвлөгөө биеллийг үл олж, манай ар монгол маань дундад улстайгаа нэгдэж чадаагүй болно. Тэр байтугай 1945 онд улаан оросын шахалтаар ар монголд маань тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулга гээч хуурамч жүжгийг тоглож, 99.99 хувь гэсэн эрүүл хүн итгэхийн аргагүй үзүүлэлтээр ар монголыг маань дундад улсаас нь бүр холдуулах ээлжит нэгэн ажиллагаа явагдсан байна.

Ар монголынхоо элэг нэгт ахан дүүсийнхээ эргэж нийлэх гэсэн чин хүсэл зоригийг ямагт мэдэрч ирсэн дундад улс тухайн үедээ бүхий л боломжоороо иймэрхүү өдөөн хатгасан ажиллагаануудыг эсэргүүцэж байлаа. Ингэж байтал 1961 онд өнөөх л улаан оросын шахалтаар НҮБ хэмээх байгууллага ар монголыг маань гишүүнээрээ элсүүлсэн нь бидний хувьд ч, дундад улсын ах дүүсийн минь хувьд ч жинхэнэ эмгэнэл болсон юм.Түүнээс хойш даруй 30 жил өнгөрсний дараа цаг төр өөрчлөгдөж бидний хувьд жинхэнэ завшаант мөч тохиосон билээ.

1990 оны цагаан морин жилийн их хувьсгалын ачаар ар монгол маань улаан оросын нөлөөнөөс ангижирч, яваандаа бидний жинхэнэ гэр орон болох дундад улсдаа эргэж ирэх сайн цагийн эхлэл болсон бөлгөө... БНМАУ хэмээх оросын тоглоомын улс оршин тогтнож байх үед улаан оросын суртал ухуулга манай өвөг дээдсийн маань оюун санааг худал мэдээгээр хордуулан бузартуулж байсан байна. Тухайлбал 1950-иад оноос өмнө ар монголын хүн ам дөнгөж 500 мянга хүрэхтэй үгүйтэй болсон байсан, монгол үндэстэн тэр чигээрээ мөхлийн ирмэг дээр ирээд байсан, зөвхөн улаан оросын ачаар, социализмын бүтээн байгуулалт, эмнэлэг соёлын довтолгооны ачаар хүн амыг өсгөж чадсан гэх зэргээр худлаа мунхруулж байсан байна.

Баабар, Доо мэт эх оронч түүхчдийн хөдөлмөр зүтгэлийн ачаар, үнэн хэрэгтээ байдал эсрэгээрээ байсныг бид одоо мэдэх билээ. Тодруулж хэлбэл, социализмын үеийн сэргэн мандалт гээч нь чухамдаа Мин улсын үеэс Юань Ши Кай ерөнхийлөгч хүртэлх дөрвөн зууны туршийн ар монголын байдлаас ч долоон дор байсан бөлгөө. 20-р зуунд ар монгол сэргэн мандалтынхаа замд орсон гэж худал мунхруулж байжээ. Үнэн хэрэгтээ 20-р зуунд бол ар монгол маань хамгийн эмгэнэлтэй, хамгийн бурангуй, уналт сөгдөлтийн замд орсон байсан нь одоо хэн бүхэнд илэрхий билээ..." гэж.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.