Хар тамхины хэрэгтэн н.Отгонбаатар: Хятадад хоригдож байхдаа ээжийгээ "алдчих" вий л гэж хамгийн ихээр айдаг байсан...

Twitter Print
2016 оны 09-р сар 23-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын иргэн н.Отгонбаатар нь БНХАУ-ын Юун Нан мужаас Бээжин рүү бусадтай бүлэглэн мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг үйлдэж БНХАУ-ын Бээжин хотын Хоёрдугаар дунд шатны шүүхээс 15-н жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Тэрээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотын 1-р хорих ангид 9 жил гаруй хугацаанд хорих ял эдэлсэн бөгөөд үлдсэн ялаа эх орондоо үргэлжлүүлэн эдлэх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн юм.

Өнөөгийн нийгэмд хурцаар хөндөгдөх болсон хар тамхины асуудалд санаатай буюу санамсаргүйгээр холбогдож байгаа залуусаа сэрэмжлүүлэх зорилгоор Багануур дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 427-р ангийг зорьж дараах ярилцлагыг хийлээ.


-Хэдий ялаа үргэлжүүлэн эдлэж байгаа ч эх орондоо ирэх сайхан байсан байх. Анх хэдэн онд энэ хэрэгт холбогдсон талаар яриагаа эхэлье.

-Мэдээж тэгэлгүй яахав. Би 2007 оны 4 сард БНХАУ-д Улсад очиж хар тамхины хэрэгт холбогдоод тэндхийн хуулиар шийтгүүлж 15 жилийн ял сонссон. Тэгээд Хятадын шоронд 9 жил, 3 сар хоригдож байгаад хоёр орны ялтан солилцох гэрээгээр хамгийн эхнийх нь болж 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Монголдоо ирсэн. 

-Тэнд хоригдож байх хугацаанд ар гэрээс чинь эргэлт хир их очдог байсан вэ. Ер нь уулзалтын хугацаа нь ямар байдаг вэ?

-Тэндхийн журмандаа ялтан жилд нэг удаа 40 минутийн хугацаатай ар гэрийнхэнтэйгээ уулзах ёстой байдаг учраас тэр үеэр ах, эгч маань эргэж ирдэг байсан. Дөнгөж амьдралд хөл тавьж байсан 24-хөн насандаа хэрэгт холбогдож хоригдсон болохоор гэр бүл зохиож амжаагүй. 

-Чинийх хувьд энэ хэргийг санаатай үйлдсэн байдаг. Хэргийнхээ талаар жаахан тодруулаач. Ямар үйл дээрээ хаанаас баригдав?

-Тийм ээ, ер нь бол энэ хэргийг би өөрөө зорьж очиж хийсэн л гэж хэлнэ л дээ. Тухайн үед Эрээнд амьдардаг байсан Нараа гэх монгол эмэгтэйгээр дамжуулж Өвөрмонголын хэдэн хүнтэй танилцаад явж байхдаа ийм хэрэгт холбогдсон. Одоо тэр хүмүүсийг хаана юу хийж явааг мэдэхгүй. Намайг барьж өгсөн хүн бол Өвөрмонгол барилддаг залуу байсан. Надаар ажлаа хийлгэж байхдаа өөрөө цагдаад бариад өгчихсөн. Тухайн үедээ би Хятадын урд Юун Нан мужаас очиж 300 грамм хар тамхи авч Бээжин хотод ирээд Нисэх онгоцны буудлаас таксидаад явж байхдаа баригдсан. 

-Хэд дэх удаагийн үйлдэл байсан бэ. Ер нь нэг удаад хэдэн төгрөг өгнө гэж явуулдаг юм?

-Хамгийн эхний үйлдлээрээ баригдсан. Одоо сүүлд ямар байгааг би мэдэхгүй байна. Намайг явж байх үед нэг удаа гаргаж өгөхөд 5000-7000 юань гэдэг байсан.

-Чиний хоригдож байсан шоронд ийм төрлийн хэрэгтэй хичнээн Монгол хүн байсан бэ. Ер нь ямар, ямар байдлаар холбогдсон талаараа хоорондоо ярилцана биз?

-Намайг анх энэ хэрэгт холбогдож хоригдож байхад манай улсаас хүн байгаагүй. Сүүлдээ мэр сэр орж ирэх болсон. Ялангуяа 2013 оноос хойш эрчимтэй орж ирж эхэлсэн. Одоо тэнд 19-22 насны 7 залуу байна. Тэднээс 3-нь 25 жилийн ялтай. Хоёр нь санамсаргүй байдлаар холбогдсон юм билээ.

Бид бүгд нэг өрөөнд байдаг болохоор яаж холбогдсон талаараа их ярилцана. Ямар ч байсан Монголд хар тамхи маш их дэлгэрч байгаа талаар тэд ярьж байсан. Ер нь энэ хэрэгт монголчуудыг татан оруулж байгаа гол хүмүүс бол өвөрмонголчууд байдаг юм билээ. Монголоос 15-16 настай жаахан хүүхдүүдийг "мөнгө төгрөг, машин тэрэг өгье"... гэж хар тамхины ажилд явуулдаг гэсэн. Манайхаас ч тэрэнд нь зуучилж байгаа хүмүүс ч байдаг талаар сая намайг нааш явахын өмнө орж ирсэн 20 орчим настай 8-10 жилтэй 3 залуу ярьж байна лээ. Мөс буюу ice гэж нэрлэдэг зүйл байдаг. Тэрнийг л Монгол руу их зөөж байгаа гэж байсан.

Эхний удаа ажлаа хийлгээд амалсан мөнгө, эд зүйлээ өгчихөөр хүүхдүүд итгэж болоод байх юм байна гэсэн ойлголттойгоор дахин явна. Гэтэл цаана хийлгэж байгаа хүмүүс нь нэг хийлгэсэн хүнээрээ олон удаа хийлгэх сонирхолгүй байдаг учир 2-3 удаа явуулаад сүүлийн удаад нь бага хэмжээний хар тамхи өгөөд тэрэн дээрээ өөрсдөө цагдаад мэдээлэл өгч бариулдаг.

Бас санамсаргүй байдлаар орсон ч хүн байсан. Онгоцны буудлаас чирдэг чемодан өгөөд Бээжин хүргээд өгөөч гэж гуйхад нь зөвшөөрч аваад Бээжинд ирээд онгоцноос буух үедээ цагдаад баригдаж шалгагдахад цүнхнийх нь доод талд хар тамхи байгаад 25 жилийн ял авчихсан залуу ч байгаа.

-Хятадад шоронгийн нөхцөл байдлын талаар? Хоол унд, хэл яриа, дүрэм журмаас эхлээд асуудал их гарна биз?

-Ер нь өөрөө социалист орон болохоор хүний эрх гэх зүйл бараг л байхгүй. Бүх хүмүүс яг л нэг хүн шиг байх ёстой. Хоол ундны хувьд маш муу. Угаасаа ч өөрсдөө ногоо их иддэг хүмүүс болохоор махан төрлийн юм олж иднэ гэж бараг л байхгүй. Голдуу л мантуу иднэ. Гахайн гэдэс, усанд чанасан байцаа, төмс зэргийг өдөрт 2 удаа өгнө. Угаасаа их хүнтэй улс болохоор шоронд байгаа хоригдолууд нь ч манайхаас хавьгүй их. 9 жилийн хугацаанд хүний газрын шоронд хоригдоход дарамт шахалт, зодуур нүдүүрийг их үзсэн.

Нэгэнт л өөрийн хийсэн хэрэг болохоор тэвчээд гарахаас өөр аргагүй гэж бодоод л шүдээ зуудаг байлаа. Гэхдээ тэр бүр хамт хоригдож байгаа хүмүүс нэгнээ зодохгүй л дээ. Цагдаа нь юу гэж тушаал өгнө тэрийгээр нь хийдэг юм байна лээ. Нэг удаа л намайг Бээжинд хоригдож байхад цагдаа нь миний гарыг гавлаж, хөлийг дөнгөлж байгаад хооронд нь богинохон гинжээр холбож уяад 3 хятадаар зодуулж байсан. Монголчуудын хувьд тэнд байхад нэг хэцүү юм гэвэл маш их хэмжээний сэтгэл санааны дарамтанд оруулдаг. Шоронд ямар л муу муухай юм болно бүгдэнд нь тонголчуудын буруутгаж болж л өгвөл сахилгад хийж, арга хэмжээ авах гээд байдаг юм байна лээ.

-Чи өөрөө хэрэглэж үзсэн үү?

-Хэдий гар бие оролцож явсан ч ганц ч удаа хэрэглэж үзээгүй.

-300 гр гэхээр их л жаахан хэмжээ юм шиг санагдаж байна л даа. Үнэ нь тийм өндөр байдаг юм уу?

-Үнэтэй л дээ. Намайг явж байх үед 1 грамм нь 400 юань байсан. Цаана тосож авдаг тусгай хүнтэй тэр нь цааш баар, цэнгээний газруудаар зардаг гэсэн. Би бол анх удаа л явж байсан болохоор тэр бүх зүйлийг нь гүнзгий сайн мэдэж амжаагүй байхдаа баригдсан. Ер нь баригдсан ч болсон юм байна лээ. Хэрэв баригдахгүй яваад байсан бол дахиж гүнзгийрээд 25 жил эсвэл цаазаар авахуулах хэмжээний ял дээр тулах ч байсан юм бил үү гэж одоо боддог.

-Нийт 15 жилийн ялаас 2.6 жилийг шагналыг хоног гэж хасуулсан байдаг. Ямар, ямар ажил хийдэг байсан бэ.

-Би наранд байхдаа спортоор хичээлллэдэг байсан болохоор тэнд хоригдож байхдаа тэмцээн, уралдаан гээд бүх арга хэмжээнд нь идэвхтэй оролцсон. Тэндхийн сагс, волейболын багт орж Өвөрмонголын хэмжээний 11 шоронгийн дунд 2 жилд нэг удаа явагддаг бүсийн тэмцээнд нь хэд хэдэн удаа оролцож амжилт гаргасан учраас шагналын хоног ахиу авсан. Нэг удаа тэмцээнд оролцож амжилт гаргахад 3-4 сар ажил хийж байж авдаг оноог шууд өгчихдөг. Тэмцээнд амжилттай оролцож байсан маань намайг эх орондоо ирэхэд хүртэл их нөлөөлсөн. Яагаад гэвэл хүсэлт гаргах бүртээ тэмцээн, уралдаанд амжилт гаргасан үеийн зургаа Монгол руу явуулна. Гэрийнхэн маань өргөдөлдөө хавсаргаад миний хүсэлтэй цуг өгдөг байсан.

Түүнээс дан ганц ажил хийгээд тийм их хоног авч чадахгүй л дээ. Хятадын хуулиндаа ял эдэлж байгаа бүх хоригдлууд ажлын 5 өдөр хөдөлмөрлөх ёстой гэж заасан байдаг юм байна лээ. Гэхдээ миний байсан шорон бол дотоод журам гээд 7 хоногт бүгдэнд нь ажиллуулна. Тэгээд шалгалт ирэхээр тэр байдлаа нуугаад амралтын 2 өдөр хятад хэлний хичээлд суулгадаг, амруулдаг гэж хэлдэг байсан.

Миний хувьд 2009, 2010, 2011 онуудад тоосгоны үйлдвэрт ажилласан. Дараа нь гуанзны аяга, таваг угааж пакетлаад нэг удаагийн хэрэглээ болгож гаргадаг газар ажиллаж байгаад шоронгоороо бүгд оёдлын үйлдвэрт үргэлжүүлэн ажилласан. Би тэнд нь засварчнаар ажиллаж байсан.

-Есөн жилийн турш дандаа ногоо шахуу хөнгөн чанарын хоол идэж байсан болохоор Монголд ирээд хоолондоо дасах хэцүү байв уу?

-Манай хоол бол хамаагүй илчлэг өндөртэй, хүчтэй байдаг юм байна лээ. Анх ирээд олон жил шим тэжээлгүй хоол идчихсэн болохоор таарахгүй хэцүү байсан. Хоолноос гадна бас нэг зүйл бол би сүүлийн 5 жил бие маань яаж ч өвдсөн тэндээс эм ууж үзээгүй. Анх бие өвдөөд ханиад хүрэхээр үзүүлсэн чинь шар өнгийн эм өгсөн. Гэтэл тэрэнд нь огт зүгээр болохгүй байсан. Сүүлд олж мэдэхэд ханиадны биш гэдэсний эм өгөөд байсан байна лээ. Тэрнээс хойш бид нар хэн нь ч эм авч уухаа больсон. Бүр болохоо боливол дусал л хийлгүүлдэг байсан. Бид тэрийг нь олж мэдээд элчиндээ хэлсэн чинь өөрийнхөө улсын иргэдийг жилд нэг удаа нарны эмнэлэг рүү шинжилгээнд оруулдаг болгоно гээд 2016 онд анх удаа хэрэгжүүлж бид нарыг эмнэлэгт аваачиж үзүүлсэн. 

Намайг наашаа явах гэж байхад шинээр ирсэн гээд элчингийн ажилтан ирэхэд бид бүх зүйлээ ярьсан. Хөх хотын дээд Консулын ажилтан ирсэн үед л бидэнд юм хэлэх боломж олдоно. Яагаад гэвэл цагдаа орохгүй ганц орчуулагч л суудаг. Эхэндээ 2009, 2010, 2011 онуудад Консулын ажилтан ирнэ гэж дуулдангуут урьд өдөр нь биднийг цуглуулаад "Та нарт ажлын хоногийг чинь ахиу өгнө, хоол ундыг чинь нэмнэ, шоронгийн дотоод журмын талаар элчиндээ ямар нэг зүйл хэлж болохгүй" энэ тэр гэдэг байсан. Гэтэл 2014 оноос эхлээд ямар нэг асуудал гарах үед бид элчинтэйгээ утсаар яръя, хэлъе гэхээр өөдөөс шууд "Танай элчин ирээд юу өөрчлөх юм бэ" гэж хэлдэг болсон. Гол нь би энэ бүхнийг ярьж хэлснээрээ амьдралаа эхлүүлж яваа залуус маань ийм асуудалд орвол тэнд тийм  л тавилан хүлээж байна гэдгийг л ойлгуулах гэсэн юм.

-Монгол байхдаа ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-Хүнсний технологийн коллежид 2 дахь жилээ сурч байхдаа хэрэгт холбогдоод төгсөж чадаагүй.

-Аав, ээж чинь байдаг уу. Жилд ганц олдох уулзалтын үеэр ирдэг байв уу?

-Ээж маань байдаг. Гэхдээ би нэг ч удаа очуулж байгаагүй. Ээж өөрөө эгчийг дагаад иръе л гэдэг байсан гэсэн. Мэдээж би хэрэг хийсэн ялтан ч гэлээ төрүүлсэн хүүхэд нь болохоор намайг хараад 40 минут баярлах л байх. Тэр 40 минутийн дараа миний ээж хүүгээ үлдээгээд босоод цааш явахад сэтгэл нь ямар байх уу. Би бас ээжийгээ харж байгаад цааш босгоод явуулахад миний сэтгэл ямар үлдэх үү. Тэр бүхнийг үргэлж боддог байсан учир би өөрөө дургүйцдэг байсан.

Шоронгоос хааяа утсаар яриулна. Тэгэхэд би ээжтэйгээ л ярьдаг байсан. Харин Монголд ирээд Хорих 461-р ангид байхдаа ээжтэйгээ уулзсан. Саяхан энд хоногийн эргэлтээр бас ирээд явсан. Хятадад байхдаа миний ганц айж байсан зүйл бол хүний газар ял эдэлж байх хугацаанд ямар нэг байдлаар ээжид минь муу юм болчихвол яана гэж их айдаг байсан. Ирээд ээжтэйгээ амьд мэнд уулзахад сэтгэл санаа тайвшраад сайхан болсон.

-Хүсэлтийг чинь хүлээн авч эх орондоо ялаа эдлэх болсон талаарх мэдээг сонсоход ямар байв?

Монгол руу явна гэдэг чимээг 3 сарын өмнөөс сонссон ч чухам хэзээ гэдэг цаг хугацаа нь тодорхой бус байсан. Гэтэл яг 7 хоногийн өмнө "явахаар боллоо, юмаа бэлдээрэй" гэхэд мэдээж баярлаж байсан. Гэтэл надтай хамт байгаа ялтнуудын сэтгэл маш хэцүү болж эхэлсэн. Бид нарыг орой ажлаас буугаад жагсаал дээр зогсож байхад ирээд тэд нарын хажууд шууд хэлчихсэн. Сонгонгуут бүгд л дуугаа хурааж юм бодоцгоогоод надтай харьцахгүй болж эхлэхэд надад маш хүнд байсан учир баярласан сэтгэлээ ил гаргаж чадахгүй аль болохоор нуухыг хичээж байсан. Тэд бас бүгд хүсэлтээ гаргачихсан байгаа. Сүүлд намайг нааш ачигдахад Элчингийн газраас ирсэн хүмүүст бас л хүсэлтээ гаргаж байна лээ.

-Элчин ямар хугацаа болж байж та нар дээр ирдэг вэ?

-Цагаан сар, Наадам гээд Монголын уламжлалт баяруудаар л ирдэг. Би энэ асуултанд нэг зүйл ярихийг хүсэж байна. Учир нь би 2007 онд Бээжинд баригдчихаад байцаагдаж байхад Бээжин хотын консулын газар ажилладаг орлогч н.Дашзэвэг гэж хүн над дээр ирсэн. Миний тээвэрлэсэн хэмжээ 300 грамм байсан учир авах ял маань 25 жилийн дээр тогтчихоод байсан. Би энэ байдлаа н.Дашзэвэг гуайд хэлэхэд "Би хөөцөлдье" гэж яваад 300 граммаас 10 грамм хасуулж 290 грамм болгож байж ялын хэмжээг 15 жил рүү оруулж өгсөн. Дөнгөж 10 граммын зөрөө 10 жилийг ялаас чөлөөлж байна гээд бодохоор энэ хэрэг үнэхээр аймаар хүнд хүнд ялтай юм байна гэдгийг тэгэхэд л ойлгосон. Тэр хүнд би маш их баярлаж явдаг.

-Чамайг ял эдэлж байх хугацаанд Монголоос гадна ямар, ямар улсын иргэд энэ төрлийн хэрэгт их холбогдож ял эдэлж байсан бэ?

-Намайг 2008 онд Бээжингийн олон улсын шоронд ял эдэлж байхад тэнд байсан хүмүүсийн 70-80 хувь нь дандаа хар тамхиний хэрэгт холбогдсон хүмүүс байснаас ихэнх нь Африкийн улс орноос болон Франц, Японоос байсан.

-Эхэндээ хэл, ус нэвтрэлцэхгүй болохоор магадгүй өөрийгөө ойлгуулах тал дээр ч юмуу бэрхшээл гарч байв уу?

-Хүний газар байгаа учраас хүчээр сурдаг юм байна лээ. Би Хятадаар бага сага ярьж сурсан. Уг нь бол амралтын өдрөөр хичээлд суулгаж хэл заах ёстой юм байна лээ. Гэхдээ намайг хоригдож байх хугацаанд тийм зүйл байгаагүй. Элчин ирэхээр танай улсын ялтнуудыг хэлний болон өөрийнх нь сонирхсон бусад төрлийн сургалтанд суулгасан гэж худал ярьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ ажлаар маш их дарна. Өглөө 6 цагт гараад үдшийн бүрийгээс нааш дуусахгүй. Бас нэг асуудал нь бол бид хятад хоригдлуудтай адилхан цаг хугацаанд ижилхэн ажил хийж байхад өгөх шагналын хоногийг нь хүртэл ялгамжтайгаар өгдөг.

Бид хэдий ялтан ч гэлээ эх орноо санаад төрийн далбаа, соёмбоо өөрсдөө хийгээд өрөөнийхөө хойморт хадчихаар ав гэж уурлана. Тэгээд маргааш нь Хятад Улсын төрийн далбааг хийгээд хажууд нь хадчихаар дуугүй болчихож байгаа байхгүй юу.

Мэдээж дандаа эрчүүд байгаа газар бага сага хэмжээний хэрүүл, маргаан гарахад монголчууд эхлүүлээгүй байсан ч бид л буруутна. Дээрээс нь бид хэл сайн мэдэхгүй болохоор болсон процессийг тайлбарлаад Өвөрмонгол хүнээр орчуулуулахаар тэр нь цааш шал өөрөөр орчуулна. Тэгээд л бид арай хийж цуглуулсан оноо, хоногоосоо хасуулна. Нэг удаагийн асуудлаас болж 5 оноо хасуулахад л хагас сарын ажил хийгээд авах хоног гэсэн үг.

-Суллагдаж гараад юу хийх бодол байна?

-Би дээрээ 5 ах, 1 эгч, 1 дүүтэй. Манайхан гайгүй боломжийн амьдралтай хүмүүс бий. Мэдээж ах, эгч, дүү нар минь тосоод авах л байх. Надад одоогоор суллагдаж гараад тийм юм хийж амьдарна гэж бодож тооцоолсон зүйл байхгүй ч ямар ч байсан ийм замаар амьдрахгүй гэдгээ сайн мэдэж байна. Ажил олоод хийе гэхээр хүний өмнө гаргаад тавих юм алга. Бас чаддаг зүйл ч алга чадахгүй зүйл ч алга. Хайран залуу насаа ямар ч үр ашиггүй өнгөрүүлсэндээ үнэхээр их харамсдаг. Ямар ч байсан эхний ээлжинд гэр бүл зохиогоод эхнэр хүүхэдтэй болж сайхан амьдаръя гэж бодож байна.

-Монголд ийм хэрэгт зуучилдаг, татан оруулдаг хүмүүс байна гэж чи ярилаа. Магадгүй чиний араас дахиад өөр хэдэн ч залуу ийм хэрэгт холбогдож болохыг үгүйсгэхгүй юм. Бидний хувьд ч өнөөдөр чамайг ирсэн нь бас л тэдэнд анхааруулж сэрэмжлүүлэх зорилготой. 

-Нэг их сайхан үлгэрлэхээр зүйл хийсэн биш хэлж яриад байх зүйл юу байхав дээ. Гэхдээ магадгүй яг одоо энэ хэргийг хийгээд хэн нэгний хоморгонд автаж байгаа залуучууд байгаа бол 9 жилийн хугацаанд ямар хэцүү байдгийг өөрийн биеээр мэдрээд ирсэний хувьд хэлэхэд: Жаахан мөнгөний төлөө ийм юм хийгээд цаана нь ямар эрсдэл байгаа билээ гэдгийг гол нь бодох хэрэгтэй. Өнөө маргаашаа хараад хэдхэн төгрөгний төлөө над шиг явах юм бол өөрөө л хохироод хайран сайхан залуу насаа хүний газрын шоронд өнгөрөөх хувь тавилан хүлээж байдаг юм байна гэж хэлмээр байна.

Эцэг эхээс заяасан энэ сайхан эрүүл оюун, ухаанаа ажилуулж гар хөлөө хөдөлгөөд үнэхээр зориод хийе, амьдарья гэвэл наранд боломж их л байна. Би тухайн үедээ тэр бүхнийг олж хараагүй явсандаа харамсдаг. Отгонбаатар гэж хүнээс гадна цаана нь бүхэл бүтэн Монгол Улсын иргэн гэсэн нэр гарч явна гэдгийг бодохоор үнэхээр хэцүү санагддаг байсан. Тухайн үед Хятад Улсад хар тамхиний хэрэгт холбогдвол ямар хатуу чанга хуультай гэдэг мэдээллийг ядаж интернэтээс ч гэсэн авчихсан гадарлаж байсан бол энэ замыг сонгохгүй л байсан байх. Хүний газар эрх чөлөөгөө хасуулаад 9 жил болоход хамгийн түрүүнд эх орон маш их санагддаг юм байна лээ. Төр засаг маань намайг татаж авсанд маш их баярлаж байна. Хүний газрын чулуу нь хүртэл хатуу байдаг юм билээ. Өнөөдөр миний энэ ярьсан ярилцлага монгол улсад байгаа өсвөр насны залууст хүрч өөрсдөө яг тэр шоронд миний адил биеэрээ туулаад гараад ирсэн юм шиг ойлгож, үг өгүүлбэр бүрийг нэг бүрчлэн уншаасай гэж хүсэж байна.

Нэмж хэлэхийг хүссэн ганц зүйл маань Монголын төр засаг маань цаашдаа тэнд байгаа иргэдээ ч бас татаж аваасай л гэж хүсэх байна.


ШШГЕГ-ЫН ХОРИХ 427-Р АНГИЙН АХЛАХ ТӨЛӨӨЛӨГЧ, ХОШУУЧ Н.БАТ-ЭРДЭНЭ

Бид энэ түүний хоригдож байгаа хэсгийн ахлах төлөөлөгч, хошууч Б.Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр н.Отгонбаатартай БНХАУ-аас ирсэний дараа хэсэг хугацаанд ярилцсан талаараа хэлээд түүний бидэнд ярилгүй үлдээсэн зарим зүйлийг хэлсэн юм.

Отгонбаатар ял эдэлж байх хугацаандаа нойлийн цаас, вок, саван, тамхи гээд ахуйн хэрэгцээний зүйлсээр өөрийгөө болон хамт нэг өрөөнд хоригдож байсан Монголчуудаа хангахын тулд нууцаар хятад ялтнуудад шивээс хийж байсан ба нэг ялтны нуруунд бүтэн шивээс хийхэд Монгол мөнгөөр 300,000 төгрөг авч хэрэгцээгээ хангадаг байжээ. Гэхдээ энэ нь аль ч Улсын хорих ангид хориотой учир Монголд хоригдож байх хугацаандаа ийм үйлдэл гаргахгүй гэжээ. Мөн Монголд хоригдож байх хугацаанд ялтнууд н.Отгонбаатараас хар тамхины талаар мэдээлэл өгөхийг хүсэж маш их зүйл асуудаг ч ганц ч зүйл ярихгүй байгаа гэдгээ хэлсэн байна.

Тэрээр цааш хэлэхдээ: 1990 оны траншейны нөхдүүд бүгд 30-35 настай болчихсон энд хоригдож байгаа шүү дээ. Тэд нарт гараад тосож авах амьдрал байхгүй учраас асууж сураглаад байгаа дээр анализ хийхэд дараагийн гэмт хэргээ төлөвлөөд байна уу гэсэн бодол төрж байна гэдгээ нуугаагүй юм.

Эх сурвалж: prokuror.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Нар

      (182.160.34.19) 2016-09-23 22:58
      • 0
      • 0

      Хөөрхий дөө. Маш их ухаан хатуужил тэвчээр суусан даа. Дахиж алдахгүй дээ.

      Хариулах