Дөрвөн яамны ТНБД нарыг сонгон шалгаруулна

Twitter Print
2016 оны 09-р сар 23-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Төрийн албаны зөвлөлөөс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг тодруулах сонгон шалгаруулалтыг энэ сарын 16-нд зарлажээ. Бүртгэл ирэх сарын 17 хүртэл үргэлжилж, 18-нд шалгалт авах тов гарчээ.

Засгийн газраас ирүүлсэн захиалгаар энэхүү ажлын байранд өрсөлдөх иргэнд санхүү, эдийн засагч мэргэжилтэй байх, төрийн албанд 15 болон түүнээс дээш жил, үүнээс санхүүгийн салбарт 10, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх зэрэг шаардлага тавигджээ. Иймээс дээрх шаардлага хангаж байгаа иргэд Төрийн албаны зөвлөлд хандан бүртгүүлж, өрсөлдөх боломжтой юм.

Үүнээс гадна Төрийн албаны зөвлөл энэ сарын 29-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байранд өрсөлдөхөөр бүртгүүлж буй иргэдээс шалгалт авахаар болжээ.

Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгох сонгон шалгаруулалт шүүхээс ирүүлсэн шийдвэртэй холбогдож гацаад байгаа аж.

Учир нь, өмнөх Засгийн газрын үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэр бүхий албан тушаалтан “Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн” гэх гомдлыг шүүхэд гаргаж, заргаа авсан нь шинээр байгуулагдсан Засгийн газраас ирүүлсэн ажлын байрны захиалгад дахин Төрийн нарийн бичгийн дарга сонгох шалгалт авах боломжгүй болгоод буйг холбогдох албаны хүн хэлсэн.

Одоогоор Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус яамны газрын дарга Б.Нямаа, Эрчим хүчний яамны ТНБД-д УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны ТНБД-д жүжигчин Б.Амарсайханы эгч Б.Баярсайханы нэр яригдаж байна.

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.