Дахиад дэлгэгдсэн оффшор баримтууд дотор Монголын улстөрчийн нэр цохиж явна

Twitter Print
2016 оны 09-р сар 22-нд 10:37 цагт
Мэдээний зураг,

Дахиад л оффшор дансны дуулиан. Тоон технолги хэтэрхий хөгжсөн энэ эрин үед ямар ч бичиг баримтуудыг нууцлах аргагүй болж хоцорч. Дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн онц нууц баримт бичгүүдийг хүртэл мэдээллийн технологийн “дээрэмчид” ядах юмгүй онгичоод хаячихна. Хамгийн сүүлд гэхэд Багамын арлуудад нууцлагдаж байсан оффшор дансны 1,3 сая баримт бичгүүдийг сэтгүүлчид олзолж авснаа “Тhe Guardian” сонинд дэлгэн тавьжээ.  

Сэтгүүлчдийн олз болсон мэдээллүүд дотор дэлхийн олон орны улс төрчдийн нэр багтсаны дотор Монгол улсаас ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын нэр дээр бүртгэлтэй алт олборлолтын компанийн мэдээлэл аргагүй илэрсэн байна. Эрхэм улс төрч өнгөрсөн тавдугаар сард уг асуудалд нэр холбогдож байсан боловч гадны ямар ч нууц дансгүй гэж албан ёсоор мэдэгдээд өнгөрсөн. Гэвч өнөөдөр тэрээр аргагүй үнэнд гүйцэгдэх шинжтэй. 

Хилийн чанадад хөрөнгөө үүцэлсэн Монголын улстөрчид ганц Батболдоор ч зогсохгүй, удахгүй түүнтэй хамт оффшор данс гэж юу ч байдгийг мэдэхгүй гэж мэдэгдэж байсан Зам тээврийн сайд асан Д.Цогтбаатарын  нууц хөрөнгө “ хөвөөд” гараад ирэх вий. Панамын бичиг баримтууд дэлгэгдсэнээс хойш таван сарын дараа илэрч байгаа уг мэдээлэлд 176,000 орчим компани, сангийн захирал, эздийн нэр багтсан байгаа учир сайн ухаад үзэхэд юм юм л дуулдаж таарна. 

Панамын баримт бичгүүдээр “амташсан” Германы Suddeutsche Zeitung сонин энэ удаа дахин Багамын гэх шинэ баримт олсон учир удахгүй тус сонины сэтгүүлчдийн зэвсэг болсон Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоогоор (ICIJ) дамжуулан уг баримт бичгүүдийu олны хүртээл болгох аж. Тиймээс уг асуудалд холбогдолтой улстөрчид тайван амрах аргагүй болох нь.

International Consortium of Investigative Journalists /ICIJ/ буюу Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо төрийн удирдагчид, тэргүүн асан дэлхийн алдартай хүмүүсийн оффшор компанитай холбоотой 11,5 сая баримтыг 4 дүгээр сарын 3-нд олон нийтэд дэлгэсэн нь томоохон шуугиан тарьсан билээ. Татвараас “бултаж”, халхавч компанийн нэр дор их хэмжээний мөнгө байршуулж, зарим талаараа угаасан гэх нэр бүхий хүмүүсийн жагсаалт Германы “Suddeutsche Zeitung” сонин болон дэлхийн 100 гаруй мэдээллийн томоохон сувгуудаар нэгэн зэрэг цацагдсан юм. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.