Спортын ордныг шинэчлэх саналыг Хятадын талд тавина

Twitter Print
2016 оны 09-р сар 19-нд 14:24 цагт
Мэдээний зураг,

Хятадын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, спортын сайд Лю Пэн Монголд айлчилж байна. Өмнө нь Хятадын олимпийн хорооны ерөнхийлөгчийн хувиар 1992 онд Ү Шаози, 2002 онд Юань Веймин нар Монголд ирж байснаас хойш олон жилийн дараа ийн БНХАУ-ын спортын салбарын удирдлагууд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны урилгаар зочилж байна.

Өнгөрсөн баасан гаригт Монголд ирсэн Хятадын олимпийн хорооны ерөнхийлөгч амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин сумыг зорьж очжээ.

Өнөөдөр айлчлалын гол арга хэмжээ болох МҮОХ, БНХАУ-ын үндэсний олимпийн хороотой хамтран ажиллах гэрээ үзэглэх ёслол ”Olympic house”-т болж, Монголын талыг төлөөлөн МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Хятадын талыг төлөөлж Лю Пэн нар гарын үсэг зурлаа.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн тодотгосноор гэрээнд МҮОХ гарын үсэг зурж байгаа ч хэрэгжүүлэх, ашиг тусыг нь хүртэх газрууд нь Монголын спортын төрийн байгууллага, спорт холбоод байх ажээ. Энэ нь өөрөө Хятадын талтай хамтран спортын бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд томоохон гарц нээж өгч буй үйл явдал юм.

Хятадын Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Лю Пэн гэж хэн бэ?

Тэрбээр 1951 онд Чүнчин хотод төржээ. Ши-Ань хотын тээврийн дээд сургууль, Чүнчиний их сургуулийг механик инженерийн мэргэжлээр төгссөн. Чүнчин хотын залуучуудын байгууллага, Сычуань мужийн намын хороо, Хятадын коммунист намын төв хорооны үзэл суртлын хэлтэст 2004 оныг хүртэл удирдах алба хашсан.

2004 онд БНХАУ-ын Биеийн тамир, спортын хорооны даргаар томилогдож, 2005 онд Хятадын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдон, одоог хүртэл ажиллаж байна. “Бээжин-2008” зуны 29-р олимпийн наадмыг Зохион байгуулах хорооны орлогч даргын албыг хашиж байсан. Одоо “Бээжин-2022” өвлийн 24-р олимпийн наадмын Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байгаа хүн юм.

Хятадын спортын бодлого, олимпизм, бүтээн байгуулалт гээд спорттой холбоотой сүүлийн арав гаруй жилийн ажил энэ хүнтэй салшгүй холбоотой. Тэр утгаараа “Монголын спортын салбартай хамтран ажиллах эхлэлийг албан ёсоор тавьснаараа бид та бүхний санал, хүсэлтийг хүлээн авч, спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн” гэсэн амлалтыг Хятадын олимпийн босс тодотгоод, бодит саналаа чөлөөтэй ярилцахыг санал болгож байлаа.

Энэ бол спортын төрийн байгууллагын хувьд алдаж болохгүй боломж.

Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц өнөөдөр үдээс хойш Хятадын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч болон дагалдан ирсэн зочидтой уулзах аж. Энэ уулзалтаар яригдах гол зүйлийн нэг нь Хятадын талын тусламжтайгаар Спортын төв ордныг бүрэн шинэчлэн засварлах тухай яриа байх сурагтай.

Хятадын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, ноён Лю Пэн өнөөдөр болсон уулзалтын дараа ярилцлага өгөхдөө,

-“Монголын үндэсний олимпийн хорооны зүгээс бидэнд Монголд урьж, хамтран ажиллах саналыг олон жилийн өмнөөс тавьж ирсэн. Хэдийгээр бид найрсаг хамтын ажиллагаатай олон жил явж ирсэн ч албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулж, спортын салбарт бодит ажил хийх эхлэлийг тавьж байгаа нь өнөөдрийн энэ үйл явдал болж байна. Биднийг хүндэтгэн урьж, энэ томоохон ажлын эхлэлийг тавьсан МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн даргад баярлалаа. ОУОХ-ын гишүүн Ш.Магван гуайн зүтгэл үүнд их бий. Олон жил ярилцаж, сэтгэл гаргасны үр дүн ирж байна.

Хятад, Монголын спортын харилцаанд сайхан түүхүүд бий. Энэ түүх улам өргөжинө гэдэгт найдаж байна. Би монголчууд олимпийн анхны алтан медалиудаа Бээжингийн олимпиос хүртсэнд хувьдаа баярлаж явдаг. Рио-2016 олимпийн наадмаас Монголын баг мөнгө, хүрэл медаль хүртсэн нь том амжилт шүү. Та бүхэн үнэхээр шилдэг бөхчүүдтэй. Сайн боксчидтой. Тийм ч болохоор бид Монголоос жүдо бөхийн дасгалжуулагч урьж ажиллуулсан /Гавьяат тамирчин, дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг хэлэв/. Үр дүнгээ өгч, Хятадын жүдоч Риогийн олимпийн наадмаас медаль хүртсэн. Монголын топ төрлүүдийн дэмжлэгийг авч байгаа шигшээ бид өөрсдийн оронд сайн хөгжиж ирсэн спортын төрлүүдээс Монголд хөгжүүлэх, сайн дасгалжуулагч, техник хэрэгслээр туслахад бэлэн.

Монголын багийн спортыг дэмжих хэрэгтэй гэж би бодож байна. Сая хөдөөгүүр явж үзлээ. Хархорин сумын хаа сайгүй хүүхдүүд сагсан бөмбөг тоглож байна. Хүүхдүүд тийм багаасаа гудамжинд бөмбөг тоглож байгаа нь танай улсад багийн спорт хөгжих үндэс байна гэсэн үг. Бид энэ тал дээр тусалж болно.

Өнөөдөр өглөө би эрт босч, орчин тойронтойгоо танилцан хэсэг алхлаа. Дугуйн зам тавьсан байгаа нь надад сайхан санагдлаа. Энэ бол иргэдийнхээ эрүүл мэнд, эгэл жирийн хүмүүсийн спортоор хичээллэх боломжийг олгож байгаа том зүйл юм” гэдгийг тэрээр онцолсон байна.

Б.Баясах 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.