Манай улсын нутаг дэвсгэрийн 80 хувь нь цөлжиж байгаа гэсэн судалгаа гарчээ

Twitter Print
2016 оны 09-р сар 16-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Монгол, Кувейтийн судалгааны төвд “Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох зам” сэдэвт сургалт хэлэлцүүлэг эхэллээ. Тус хэлэлцүүлгийг ХХААЯ, Монголын бэлчээрийн менежментийн холбоо зэрэг байгууллагууд зохион байгуулж байна. Мөн БОАЖЯ-наас хамтран оролцож,  Тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар илтгэл тавилаа. Хэлэлцүүлэгт орон нутгийн төлөөлөл, Монголын болон БНХАУ-ын ӨвөрМонголын өөртөө засах орны  судлаачид  оролцож байна.

Уг сургалт нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд “Тогтвортой хөгжилд бэлчээрийн газрын үүрэг, ач холбогдол”, “Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монгол орны  газар нутаг дэвсгэрийн 71 хувь нь 2015 оны байдлаар бэлчээрийн газар болжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсч,  56 сая болсонтой  холбоотой юм. Мал өснө гэдэг ард иргэдийн амьдралд тустай ч нөгөө талаар байгаль орчинд  сөргөөр нөлөөлөх болжээ. Бэлчээрийн даац хэтэрч буй нь  цөлжих, гол горхи ширгэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

Бэлчээрийг зохицуулах, хамгаалах, нөхөх сэргээх зэрэг асуудлуудад төрөөс зохицуулалт дэмжлэг хэрэгтэй гэж хэлэлцүүлгийн оролцогчид онцолж байлаа. Малын бэлчээрийг хамгаалах асуудал жилээс жилд хурцаар тавигддаг. Бэлчээрийг хамгаалахын тулд даацыг хэтрүүлэхгүй байх, бэлчээрийн ургамлыг тасалж идүүлсний дараа түүнд нөхөн төлжих хугацаа хэрэгтэй байдаг гэнэ. Мөн малын тоо толгойг цөөлж, чанаржуулах, бэлчээрийг сэлгэж,  зүй зохистой ашиглах талаар МБМХ-ны захирал, доктор, профессор Д.Дорлигсүрэн  илтгэлдээ дурдсан юм.

Монгол орны ирээдүйд  тогтвортой хөгжихөд  газар нутаг маш чухал. Тиймээс бэлчээрийн газрын хамгаалалт, нөхөн сэргээлтэд анхаарах цаг болсон ажээ.  Үүний тулд  хөдөө аж ахуйн  бэлчээрийн хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ёстой гэнэ.

Бэлчээрийн даац хэтэрсэн, уур амьсгалын өөрчлөлт зэргээс болж манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь цөлжиж байгаа гэсэн судалгаа гарчээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.