Соном өвгөний хулганууд буюу цахим картны луйвар

Twitter Print
2016 оны 09-р сар 15-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

“Хүргэн хүү”-гийн Соном өвгөний үе өнгөрч, монголчууд хэдэн бор төгрөгөө банкинд хадгалуулдаг баатар болтол нөгөө муу хулгана чинь бүр төрөл арилжаад амилчихаж. Хадгалуулсан хэдийг маань хилийн цаанаас сорчихдог сүлжээ бий болоод дээр, доргүй сандаргаж байна.

Бэлэн мөнгөтэй явбал бусдад суйлуулж, дээрэмдүүлээд горьгүй. Мэддэг, мэддэггүй ч хамаагүй арилжааны банкинд хадгалуулчихаад карттай болчихсон нь хамаагүй дээр. Картаараа хоол хүнс, бараа таваар худалдаж аваад, татвар үйлчилгээг ч хаа газраас хийдэг болчихсон.

Хаа холын баруун аймаг руу ээждээ, аавдаа хэдэн төгрөг явуулах гэж банкинд дугаарлах шаардлагагүй. Интернетээр хэдэн тоо, нууц үг оруулаад бүх зүйл ок. Арилжааны банкны эдгээр үйлчилгээ цаг зав, мөнгө төгрөг хэмнээд их тааламжтай байсансан.

Гэтэл саяхнаас харилцагчдын хадгалуулсан мөнгийг хаанаас ч хамаагүй хулгайлдаг гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Бүртгэлийн дугаар нэмэгдсээр, хохирогч нь бүр 480-д хүрээд байгаа ажээ. Тэдний нийт хохирол нь 120 гаруй сая төгрөг гэнэ. Энэ хэрэгт БНХАУ-ын хоёр иргэнийг сэжиглэн шалгаж байгаа тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү ярив.

Сэжигтнүүд хилийн чанадаас хуурамч карт ашиглан Монгол Улсын арилжааны банкнуудын харилцагчийн дансыг ухаж, төнхсөн бололтой. Хоёрхон хүн 480 хүний мэдээллийг олж, гадаадад худалдан авалт, гүйлгээ хийсэн гээд боддоо.

Шинэ төрлийн энэ гэмт хэргийн үндсэн шалтгааныг хуулийнхан харилцагчийн хариуцлагагүй байдалтай холбон тайлбарлаж байна. Банкны картаа хаяж гээчихээд яаралтай хаалгадаггүй, итгэлгүй хүнд нууц дугаараа өгч картаа дамжуулдаг, ялангуяа бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа нууц дугаараа арын хүндээ харагдахаар хийдгээс ангуучдын бай болдог байна.

Шинэ төрлийн энэ гэмт хэргийн үндсэн шалтгааныг хуулийнхан харилцагчийн хариуцлагагүй байдалтай холбон тайлбарлаж байна.  

Хэрэгтэнд таны, таны картны тухай цөөхөн мэдээлэл байхад л хангалттай. Хуурамч карт үйлдвэрлээд таны мэдээллийг суулгаад л хаана ч хамаагүй дуртай гүйлгээгээ таны өмнөөс хийдэг ажээ.

Харамсалтай нь энэ тухай хэрэглэгч, харилцагч хэзээ хойно мэдэж, хуулийн байгууллагад ханддаг нь хэргийг илрүүлэхэд хүндрэл учруулдаг байна. Тиймээс дээр  өгүүлсэн алдаа гаргалгүй, байнгын сонор сэрэмжтэй байхыг уншигч танд анхааруулъя.

Хилийн чанадаас монголчуудын дансыг “ухсан” энэ гэмт хэргийн мөрөөр цагдаа, арилжааны банкууд хамтран шалгалт явуулж эхэлжээ. Арилжааны банкуудад энэ хохирол анхных биш.

Гадаадын иргэд манай банкны “Вестерн юнион” үйлчилгээг ашиглан хуурамч картаар их хэмжээний хохирол учруулсан олон тохиолдол бий. Ингэхдээ энэ удаагийнх шиг монгол иргэдийн дансыг биш, гадаадын томоохон банкны харилцагчдын мэдээллийг хууль бусаар олж авч хуурамч картаар Монгол Улсад гүйлгээ хийсэн хэргүүд.

Хамгийн сүүлд өнгөрсөн долоодугаар сард БНХАУ-ын гурван иргэн АНУ-ын “Champion credit union” банкны харилцагчдын мэдээллийг хууль бусаар олж аваад, төлбөрийн картыг хуурамчаар үйлдсэн байгаа юм. Тус картаа манайхны үйлчилгээний байгууллагуудын пос терминал төхөөрөмжид уншуулж онц их хэмжээний хохирол учруулсныг цагдаа нар мэдэгдсэн.

Мөн Малайзын иргэд хуурамч карт ашиглан Монголоос гадаад руу явах тийз авч, худалдааны байгууллагуудаас их хэмжээний бараа худалдаж авсан хэрэг ч өмнө нь гарч байв. Түүнээс гадна манай улсын иргэд ч энэ төрлийн хэрэгт гар дүрж гадаадынхантай хамсан луйвар хийсэн нь бий.

Банк, санхүүгийн салбарт сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа энэ гэмт хэргийн ард иргэд болон арилжааны банк хохирч үлддэг. Дээр өгүүлснээр иргэдийн сонор сэрэмж нэг шалтгаан болж буй ч нөгөө талаар манай улсын арилжааны банкуудын хамгаалалт, аюулгүй байдлын систем ямар хэмжээнд байдаг тухай асуудал яах аргагүй хөндөгдөнө.

Цагдаагийн байгууллагынхны хэлж буйгаар арилжааны банкууд хамгийн сүүлийн үеийн техник, технологийг нэвтрүүлж, харилцагчдынхаа мэдээллийг найдвартай хамгаалдаг. Банкуудтай хамтран илрүүлсэн хэргүүд олон байдаг гэж байна. Өнөөдөр хамгийн сайн, найдвартай гэж үзсэн систем маргааш хоцрогдох, аюулгүй байдлаа хамгаалж чадахгүйд хүрэх жишээтэй. 

 Харин мэргэжлийн байгууллага энэ асуудлыг хэрхэн тайлбарлахыг сонсохоор Монголын банкны холбоог зорьж очсон ч “Манай холбоонд банкуудын хамгаалалтын систем, аюулгүй байдлын талаарх мэдээлэл байхгүй” гэлээ. Тиймээс эдийн засгийн хөндлөнгийн шинжээчээс энэ талаар тодруулсан юм. Эдийн засагч Х.Батсуурь энэ тухайд “Монголын банкны системийн хувьд аюулгүй байдлыг дүгнэвэл дундаж. Энэ бол хангалттай хэмжээ биш. Банк, санхүүгийн салбарын технологийн хөгжил маш хурдтай шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр хамгийн сайн, найдвартай гэж үзсэн систем маргааш хоцрогдох, аюулгүй байдлаа хамгаалж чадахгүйд хүрэх жишээтэй. 

Харамсалтай нь манай банкууд хамгийн сүүлийн үеийн “нөү хау”-г суурилуулаагүй нь ойлгомжтой. Гэхдээ тэд харилцагчдад тийм л гэж хэлнэ. Гадаад улс оронд шинээр нэвтэрч буй техник, технологи манайд арай хожуу нэвтэрдэг. Банк санхүүгийн технологийн хөгжил бусад салбартай харьцуулахад маш хурдан хувирдаг, өөрчлөгдөж байдаг учраас манайхаас цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө, технологийн мэдлэгийн бааз суурийг шаардана.

Энэ хоёр зүйл манайд хангалттай төвшинд байхгүй. Шинэ технологи бүрийг түргэн хугацаанд хэрэгжүүлж байх ёстой. Манай улсын арилжааны банкууд бусад улс орны банк, бас бусад салбартай харьцуулахад хамгийн ашигтай ажилладаг. Тэгэхээр технологийн шинэчлэл хийх боломж байгаа” гэж тайлбарлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • бага мэдэмхийр

      (203.169.50.51) 2016-09-15 10:39
      • 0
      • 1

      Соном өвгөн Хүргэн хүү кинонд биш Аман хуур кинонд гардагсан. Жамц гуайтай сүрхий андуурч мэдэмхий сэтгүүлч тараа таниуллаа.

      Хариулах