“Хаан жимс”-ийнхэн “Хуба хаяа” чацарганы шинэ брэндээ өлгийдөн авлаа

Twitter Print
2016 оны 09-р сар 12-нд 15:33 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн амралтын өдөр “Хаан жимс” чацарганы баяр болж, “Хуба хаяа” чацарганы шинэ брэндээ өлгийдөн авлаа. Долоодахь жилдээ болж буй энэхүү баярт найман сартай балчираас 80 настай буурал гээд олон зуун хүн хүрэлцэн ирсэн байв. Мөн “Хаан жимс” чацарганы баяр дээр баяр нэмж Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд үүсгэн байгуулагч Н.Алтанхуяг, жүжигчин Батаа буюу Д.Баттөмөр, поп дива Ж.Алтанцэцэг нарын олны танил нэр хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирж баяр хүргэн инээд хөөр, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.

Түүнчлэн “Ханхуур” хөгжмийн хамтлаг хурсан олны болон чацарганы талбайн жаврыг үргээж, морин хуурын хөг эгшиглүүлсэн юм. Нар хур тэгширсэн энэ л өдөр чацарганы 4 га талбайд олны инээд хөөр цалгиж, бөөн бөөн витаминжуулалт өрнөсний зэрэгцээ баярт зориулсан урлаг соёлын арга хэмжээ, уралдаан тэмцээн болж ялагчид шинэхэн ургацын чацарганы дээжээр шагнуулсан баярт үйл явдал болов.      

Энэ жил зуншлага байсан учир ургац арвинтай байна гэдгийг баярын арга хэмжээний үеэр Н.Алтанхуяг онцолж байлаа. Мөн тэрбээр “Хаан жимс”-ийхэн 16 жилийнхээ хөдөлмөрийн үр шимээ хүртэж, олон жил судлаж боловсруулсан чацарганы шинэ брэндээ өлгийдөн авсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Монголын брэнд дэлхийн зах зээлд удахгүй амжилт олно гэдэгт итгэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Баярын арга хэмжээний үеэр “Хаан жимс”-ийн гаргаж авсан “Хуба хаяа” чацарганы шинэ брэндийн амталгаа болсон бөгөөд баярт хүрэлцэн ирсэн хүмүүс шинэхэн брэндийг “төгс” бүтээгдэхүүн болсон байна хэмээн сайшааж, удахгүй зах зээлд нийлүүлж, олон олон хүнийг эрүүлжүүлэн, залуужуулж, дархлаажуулах болтугай хэмээн ерөөж байсныг тэнд тэмдэглэх нь зүйтэй болов уу. Түүнчлэн тус баярт хүрэлцэн ирсэн бяцхан охин Х.Үрэлжингээс баярын сэтгэгдлийг сонсоход тэрбээр “Би өнөөдөр энэ баярт ээжтэйгээ хамт ирсэн. Манай ээж хүүхэд байхдаа чацаргана түүдэг байсан болохоор надад яаж түүх аргыг зааж өгч байгаа. Би энэ баярт ирсэндээ маш их баярлаж байна. Чацаргана үнэхээр амттай байна” хэмээн юм.

Ингээд хан уулын хормойд, хатан туулын усаар усалж ургуулсан чацарганаас гарган авсан шинэхэн брэндийн талаар “Хуба хаяа”  төслийг санаачлагч Н.Алтанхуягаас зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

Н.Алтанхуяг: 16 жил судалж, хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж шинэ бүтээгдэхүүнээ гарган авсандаа баяртай байна

-“Хаан жимс” чацарганы баяраа долоо дахь жилдээ тэмдэглэж байгаа та бүхэнд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Энэ сайхан өдөр уламжлал болгон тэмдэглэдэг чацарганы баяраа хийж байгаадаа маш их баяртай байна. Энэ жил чацаргана жимсээр ямар бүтээгдэхүүн хийж болох талаар 16 жил судалсан ажлаа ажил хэрэг болгож анхныхаа бүтээгдэхүүнээ гарган авч баяраа тэмдэглэж байгаагаараа өмнөх жилүүдийнхээсээ онцлог болж байна.  

-“Хуба хаяа”  брэндийнхээ талаар жаахан тодруулаач. Үнэхээр сайхан бүтээгдэхүүн болжээ.

-Бид Монголынхоо үржил шимтэй хөрсөнд ургуулсан чацарганаар ямар нэгэн ус бодис нэмэхгүйгээр витаминых нь охийг цуглуулаад чацарганы хүчил гэдэг бүтээгдэхүүнээ гаргаж авлаа. Энэ бол хүч тамир оруулдаг, залуужуулдаг, дархлаа сайжруулдаг бүтээгдэхүүн болсон гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

-Бүтээгдэхүүнд ямар нэгэн ус, бодис ороогүй гэхээр хадгалах хугацаа нь ямар байх вэ?

-“Хуба хаяа”-г 12 сар хадгалах боломжтой. Германы хадгалах технологийг судалсан чинь тогтворжуулагч гэж бодис нэмдэг юм байна лээ. Тэгэхээр хугацаа нь өшөө уртасна. Гэхдээ бид дөнгөж шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа юм чинь тогтворжуулагчгүйгээр явуулахаар болсон. Чацарганы тос өөрөө сайн чанартай байдаг учир удаан хадгалах боломжийг олгож байгаа юм.

-“Хуба хаяа” гэдэг нэр их өвөрмөц санагдлаа. Яагаад ийм нэр өгсөн юм бэ?

-Энэ бүтээгдэхүүнүүд маань “Хуба хаяа” гэдэг брэнд болж байгаа. Манай энэ чацаргана тариалж байгаа газар бол Монголын нууц товчоонд бичигдсэн Хуба хаяа гэдэг өвөлжөө болох нь тогтоогдсон. Тодруулбал МНТ-ны 148-д. Чингис хаан тэнд тайчуудыг дагуулж тайчуудай яст хүмүүнийг Агучу баатар Хотун  Өрчэн Хутугудартан Тайчуудыг ургийн ургаа хүртэл үнсээр хийсгэн хядав  Улс ирганийг ану хөдлгөж ирж Чингис хаан ХУБА ХАЯА-д өвөлжив.

151.Гэсүгүр нуураа ирвээс Чингис хаан урьд  Есүхэй хан лугаа анд хэмээлдсэн ёсоор тухай баатар Сүхэхэй Жэгүн хоёрыг илч илгээгээд хэрэлний тэргүүнээс Чингис хаан өөсөөн эсрэг одож өлсч турж ирэв хэмээн ван хаан гурчуур гувчиж өгч хүрэн дотор оруулж тэжээв тэр өвөл зэргээр нүүж, Чингис хаан ХУБА ХАЯА-д өвөлжив хэмээн бичиж үлдээсэн байдаг юм билээ. Тийм учраас эзэн Чингис хааны өвөлжөөн дээр тариалсан чацарганаар хийсэн бүтээгдэхүүн учраас ийнхүү нэрлэсэн юм.

-Энэ бүтээгдэхүүнээ хэзээнээс туршиж эхэлсэн бэ?

-Хамгийн анхны бүтээгдэхүүнээ дөрвөн сарын өмнөөс туршиж эхэлсэн. Бид ямар нэг ус бодис нэмэлгүйгээр чацаргана дотор байгаа шүүс, тосоор энэ бүтээгдэхүүнийг гаргасан. Тиймээс жаахан гашуун амттай байгаа байх. Гэхдээ цаашдаа хэрэглэгчидээс энэхүү бүтээгдэхүүнд жаахан зөгийн бал ч юмуу, сахар нэмье гэсэн санал ирвэл нэмж болно. Гэхдээ Японы мэргэжилтнүүд “сахар нэмбэл ургамлаас гаргаж авсан тэр сахарыг л жаахан нэмбэл нэмж болно” гэсэн. Ер нь ийм бүтээгдэхүүн гаргаж авна гэдэг маш нарийн юм байна лээ.

-“Хуба хаяа”-гийн онцлог, давуу тал нь юу вэ. Хэзээнээс худалдаанд гаргах бол?

-Чацарганад залуужуулах, хүч тамир нэмэх, дархлаа сайжруулах гэсэн чанар байдаг. Үүнийг би их сургуулийн багш байхдаа судалж байсан юм. Ингэхээр энэхүү бүтээгдэхүүн маань залуужуулж, хүч тамир нэмэх, дархлаа сайжруулах үйлчилгээтэй байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээгээ л онцлог доо. Харин одоохондоо зах зээлд худалдаанд гаргаагүй өнөөдөр анхны бүтээгдэхүүнийхээ дээжийг хүмүүст амтлуулж байна.

-Энэхүү брэндээ дэлхийн зах зээлд гаргах бодол байгаа юу. Ер нь ийм боломж байгаа болов уу?

-Манай бүтээгдэхүүнийг Япон, Солонгос, Хятадын талууд ихээр сонирхон хамтран ажиллаж байгаа. Ийм гурван том зах зээл байна. Хамгийн гол нь тэд нар маань юу хэлж байна гэхээр тасралтгүй хангаад байх юм бол авна гэж байгаа.

-Ер нь танд хэдийнээс чацаргана тариалах санаа төрсөн бэ, одоо хэдэн га-д тариалалт хийж байна?

-Анх би 1992 онд ганзагын наймаа хийгээд Улаан-Үдэд очихдоо тэндхийн чацарганын станцад очиж үзээд үүнийг тарих юмсан гэж бодсон. Тэгээд мөр хоорондын зай, ургамал хоорондын зай хэд байдаг юм бэ гэдгийг тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж авч байсан түүхтэй. Дараа нь 1999 онд Увсад газартай болж, тэндээ чацарган тарьж эхэлсэн. Одоо энд 4 га газарт чацаргана тариалж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.