Монголд гарсан улс төрийн хэлмэгдэл: Дүгнэлт, сургамж

Twitter Print
2017 оны 09-р сар 10-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулав.

Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан

Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт гарсан явдал нь Орчин үеийн Монголын түүхийн хуудсанд тодорхой орон зай эзэлсэн хар толбот үзэгдэл болсон билээ. Монгол үндэстэнийг дайрч гутаасан хэдэн арван жилээр үргэлжилсэн энэхүү хар дарсан зүүд мэт үзэгдэлд бүхэлд нь түүхийн үүднээс ул суурьтай хандаж, үндэслэлтэй судалгаа хийж, шинжлэх ухааны чанартай дүгнэлт өгсөн явдал өнөө хэр гарсангүй. Эл олон жил шууд болон шууд бус хэлбэрээр үргэлжилсэн эл үзэгдлийг хэсэг хэсгээр нь, тодорхой асуудлуудыг түүвэрлэх маягаар судалж ирсэнийг энд үгүйсгэхгүй байна.

Улс төрийн хэлмэгдэл хэмээх үзэгдэл ганцхан Монголд гарсан бус бөгөөд ЗХУ, социалист гэж байсан бараг бүхий л орнуудад гарсан нийтлэг үзэгдэл юм. Тиймээс эл хэлмэгдэл хэмээх үзэгдлийг социалист гэж нэрлэж ирсэн орнуудад тохиолдсон нийтлэг үзэгдэл хэмээхэд болно. Түүний учир шалтгааныг ч социализмтай холбох нь гарцаагүй хэрэг. Монголоос бусад социалист хэмээн нэрлэж байсан улсууд уг асуудлыг түүхийн үүднээс шинжлэн судалж, улс төрийн дүгнэлт өгч, аль хэдийн нэг мөр шийдсэн байх юм. Гэвч бид тэгсэнгүй. Яагаад нийгэм өөрчлөгдөөд зууны дөрөвний нэг хугацаа өнгөрсөн байхад ингэж чадсангүй бэ. Бидний дунд социализм амь бөхөд оршиж байгаа бус уу. Эл монгол үндэстэн өөрийгээ таньж, өөрөө өөртөө эзэн байх учиртай бус уу. Ийм сэтгэл үндэстэнд алга гэж үү.

Тиймээс монгол үндэстэнийг дайрч гутаасан эл хар толбот үзэгдлийн тухайд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн болно.

Улс төрийн хэлмэгдүүлэлтэнд нийтдээ Монгол улсын 35 мянга орчим хүн цаазаар авхуулсан тухай мэдээ буй. Мэдээж хэлмэгдэлд өртсөн хүмүүсийн тоо зуун мянга хол давах нь ойлгомжтой. Монгол Улсын хүн амын тооллогоор шүүн тунгааж үзэх аваас үүнээс ч илүү тоо гарах магадлалтай юм. Хэлмэгдүүлэлтэд өртөөгүй гэр бүл нэгээхэн бээр ч үлдээгүй гэхэд болно. Хэлмэгдсэн хүмүүс бол монголчуудын элит буюу үндэстний сор болсон алтан ургаас гаралтай, сэхээтэн, лам хуврагууд байлаа. Тэд цөм үндэсний үзэлтэй байсан төдийгүй нийгмийн хөтлөгч сэхээтэн байсан юм.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн оргил буюу 1937 – 1940 оны үед Монгол улсын 25 мянга орчим хүн өөрийн биеэр хэлмэгдэлд өртсөний дотор 17 мянган лам алагдсан гэдэг. Эл тоог ч улам нарийвчлан гаргаж тогтоох нь зүйд нийцнэ. Энд хилс хэргийн улмаас өөрийн биеэр алагдсан, шоронд хоригдосон, цөлөгдсөн хүмүүсийн талаар л ярьж байна. Тэгвэл монгол үндэстний уламжлал, соёл, түүх, соёл, шашны үнэт хэдэн мянган өв дурсгалын зүйлсийг санаатайгаар устгаж, шатаасан үгүй хийсэн явдлыг хэн судалж тогтоох юм бэ. Яагаад монгол үндэстэний үнэт зүйлсийг бүхэлд хамарч, үндэстэний оршихуйн үндсийг тасалсан эл хэлмэгдэл хэмээн нэрлэсэн хорт үзэгдлийн талаар иж бүрэнээр судалж, дүгнэлт өгөхгүй байна вэ.

Улс төрийн хэлмэгдэл хамрах хугацааны талаар

Одоо мөрдөж буй хуулиар хэлмэгдэгсдийн дурсгалын тэмдэглэх өдрийг 9 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэж байгаа. Зарим хүмүүс улс төрийн хэлмэгдүүлэлт 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эхэлсэн гэж үздэг. Х.Чойбалсан тэргүүтэй Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 9 дүгээр сарын 10-нд байгуулагдаж, 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа 51 удаа хуралдаж 25824 хүний хэргийг шүүж 20474 хүнд буудан алах ял өгч, 5103 хүнд 10 жил хорих ял, 240 хүнд 10 аас доош жилээр хорих ял оногдуулжээ. 1937 оны 9 дүгээр сарын 10-нд баривчлагдсан хүмүүсийн дотроос Монголын төр, цэргийн нөлөө бүхий 14 хүнийг хилс хэрэгт хэлмэгдүүлэн мөн оны 10 дугаар сард хөнөөсөн билээ. Иймээс 9 сарын 10 ны энэ өдрийг Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон төрөөс 1996 онд албан ёсоор зарлаж жил бүр тэмдэглэж буй билээ. Хэлмэгдүүлэлт оргилдоо хүрсэн энэ үед нам, төр, цэрэг, залуучуудын болон лам нарын маш өргөн хүрээг хамарсан баривчлгаа явагдаж, нийт ард олныг ангичлан ялгаварлах, хүн хүндээ үл итгэх явдал дээд цэгтээ хүрсэн байжээ. Улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан хүн өөрөө егүүтгэгдээд зогсохгүй, түүний ар гэр, ахан дүүс, төрөл төрөгсөд, танил нөхөд нутаг усныхан хэлмэгдлийн давалгаанд өртөж, тэднийг нийгэмд эзлэх өөрийн байр суурьгүй болгож, ирээдүйдээ итгэх итгэлгүй, амьдралын баталгаагүй болгон хөсөр хаях явдал Монголын бүх нутгийг асар хурдацтайгаар тархан газар авч байжээ.

Гэвч улс төрийн хилс хэргээр хэлмэгдүүлэлт энэ үеэс нилээд эрт бүр 1922 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсын Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо нарын 14 хүнийг цаазлан хороосноор, бүр нарийвчилбал Богдын Засгийн газрын гишүүдийг баривчилсанаар эхэлсэн байх гэж өчүүхэн судлаач бибээр боддог юм. 1921 оны Монголын үндэсний тэмцэлд өөрийн хувь нэмрийг оруулж, оройлох үүрэгтэй байсан нэгэн бол Догсомын Бодоо билээ.

1924 оны 8 дугаар сарын 30-ны өдөр МАН-ын Төв Хорооны дарга, Сангийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Солийн Данзанг Эвлэлийн Төв Хорооны Баваасангийн хамтаар Шар хаданд учир начирыг ялгаж салгалгүйгээр хороосон явдлыг энд бас дурьдах нь зүйтэй мэт санагдана. Энэ бол МАН-ын 3 дугаар их хурлын хуралдааны дундуур хурлынхаа даргыг буудаж хороосон явдал байв.

1928 он МАН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж, Н.Жадамба нарыг албан тушаалаас нь хүчээр зайлуулж, улмаар Москвад аваачсан явдал болов.

1930 он Төгсбуянтад гарсан лам нарын бослогыг цэргийн хүчээр дарсан явдал гарав.

1932 оны хавар Монгол улсын бараг бүх нутаг дэвсгэрийг хамарсан зэвсэгт бослого буюу ардын хөдөлгөөн дэгдэж, улмаар иргэний дайны шинжийг агуулсан үйл явдал болж мөн л цэргийн хүчээр номхотгогдов. Үнэндээ энэ бол нийгэм журам буюу монголын хөрсөнд таарч нийцэхгүй социализмын ангичлан ялгаварлах үзлийг эсэргүүцсэн тэмцэл байсан юм. Хожим үүнтэй агаар нэгэн хөдөлгөөн 1956 онд Унгарт, 1968 онд Чехословакт гарсаныг дэлхий нийт мэднэ. Харин Монголд юу болсон талаар бол дэлхий мэдэхгүй байлаа. Учир нь монгол дэлхийгээс хаагдмал ертөнцөд оршиж байв.

1934 он Лхүмбийн хэрэг хэмээх хилс хэрэг гарч, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргын нэр оролцсон энэ хэрэгт буриад голдуу хүмүүс хамрагдан хэлмэгдэв.

1936 он Монгол улсын Ерөнхий сайд П.Гэндэнг албан тушаалаас нь зайлуулж, Москвад «эмчлүүлэхээр» илгээсэн явдал болов.

1937 оны 9 сарын 10 Гэндэн Дэмидийн хэмээх хилс хэрэг гарч, түүнд Монголын олон арван хүмүүсийг хамруулсан их баривчилгаа дэгдэв.

1938 он Ёнзон хамбын хэрэг хэмээх гарч бас лам хувраг олныг цааш харуулав.

1947 он Порт Артурын хэрэг гарсан үйл явдал болов

1956 он Сэхээтний төөрөгдөл хэмээх дэгдэж, бас л монголын сэхээтнүүд өртөв.

1959 он Дашийн Дамбыг МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалаас зайлуулсан явдал гарав.

1962 он МАХНын Төв Хорооны нарийн бичгийн дарга Төмөр Очирын хэрэг гарчээ.

1964 он Намын эсрэг бүлэг хэмээгчдийн хэрэг гэх зэргээр явсаар эдгээрийн үр хөврөл 1990-ээд онтой золгосон байна.

Дээр зөвхөн заримыг дурьдсан улс төрийн хилс хэргүүд бол ХХ зууны Монголын түүхийн нэгэн талыг илэрхийлж харуулсан үйл явцууд билээ.

1922 оноос 1990 он хүpтэлх хугацаанд Монгол Улсын төp, засаг, намын тэpгүүнээp нийт давхаpдасан тоогооp 33 хүн (наpийн бичгийн даpга наp оpоогүй) ажилласанаас 8 хүнээс бусад нь ямаp нэгэн хэмжээгээp хэлмэгдсэн буюу учиp битүүлэг, хаpийн оpонд нас баpсан байна.

Ийм дүр зургаас үзвэл, эл үед эгэл нэгэн монгол хүний эрх, аюулгүй байдлын тухай асуудал ярих ямар ч утгагүй байсаныг тодорхой харж болно. Жижиг орны удирдагчдыг ийм хувь заяа хүлээж байдаг юм гэж үү? Эл зөвхөн Монгол болсон үйл явдал уу? Энэ орны жирийн иргэдийн оршихуйн үндсийн тухай хэн хэлж ярьж хамгаалж байх учиртай вэ? Бодож тунгааж, түүхээс сургамж авч, өнөөгөө бодитой цэгнэн, ирээдүйдээ итгэлтэй болох хэрэгтэй бус уу. Иймээс улс төрийн хэлмэгдэл эхэлсэн цаг хугацааг 1922 оны 8 дугаар сарын 30-наар тогтоож, үргэлжилсэн хугацааг нарийвчлан авч үзэх нь зүйд нийцэх болов уу. Өөрөөр хэлбэл улс төрийн хэлмэгдэл хэмээх эл үзэгдэлийг бүхэлд нь социализмын гэж нэрлэж ирсэн он жилүүдэд хамааруулан улс төрийн дүгнэлт өгөх нь зүйд нийцнэ.

Цагаатгалын талаар

Улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах ажил ЗХУКН-ын ХХ их хурлын дараа эхлэсэн гэхэд болох болов уу. Хэдийгээр 1939 он, 1940 өөд оноос гэм зэмгүй хүмүүсийг  олноор шууд буудан хороодог явдал тодорхой хэмжээнд хязгаарлагдсан ч гэсэн эл хэлмэгдэл хэмээх аймшигт үзэгдэл үргэлжилсээр байсан юм. Мөсөн уулын бэлээс бага ч атугай ханзрах уу гэмээр үйл явц 1956 оноос эхлэсэн байдаг.

1956 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр ЗХУКН-ын ХХ их хуралд ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.С.Хрущев “Нэг хүнийг тахин шүтэх явдал ба түүний үр дагаврын тухай” гэсэн дуулиант илтгэлээ их хуралд оролцогчдод танилцуулсан байдаг. ЗХУКН-ын ХХ их хурал дууссаны дараа ЗХУКН-ын Төв Хорооны хаалттай хуралдаанд Хрущев илтгэлдээ Сталиныг илчилсэн баримтууд дэлгэж, түүнийг хурцаар шүүмжилжээ. Гэвч “хэвлэлд зориулаагүй” гэсэн тамгатай Н.Хрущевын илтгэл тухайн үеийнхээ намын байгууллагууд, социалист орнуудын Төв хороодод тараагдсан ч 1989 он болтол албан ёсоор уг илтгэл нийтийн хүртээл болоогүй байсан юм.

ЗХУКН-ын Төв Хорооны ХХ их хуралд оролцсон Д.Дамба нарын хүмүүс Монголд ирэнгүүт 1956 оны 4 дүгээр сард МАХН-ын Төв хорооны IV бүгд хурлыг хуралдуулж, Х.Чойбалсанг шүүмжлэн, нэг хүнийг тахин шүтсэний улмаас хувьсгалт хуулийг зөрчиж байсан явдлыг нарийвчлан шалгаж илрүүлэх шийдвэр гаргасан юм. МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны 1956 оны 4 дүгээр сарын 21-ний тогтоолоор улс төрийн зарим хэргийг хянан үзэх комисс байгуулж, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан Б.Баасанжав нарын зэрэг 1940 оны эхээр хэлмэгдсэн 36 хүнийг цагаатгасан байна.

1957 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд Цагаатгах ажлыг эрхлэх комисс байгуулагдаж, 1937-1947 онд Дотоод яамны үйл ажиллагаанд гарсан завхарлын асуудлыг нарийвчлан шалгаж, 1930-аад онд хилс хэрэгт ял шийтгүүлсэн 294 хүнийг цагаатгажээ.

1.МАХН-ын Хянан Шалгах Хорооны дарга Т.Гэндэнгээс “Улсыг аюулаас хамгаалах байгууллагын ажилд гарч байсан алдаа завхралыг шалгасан дүнгийн тухай” 600 гаруй хуудас илтгэлийг 1961 оны 12 дугаар сард бэлтгэж, Намын Төв Хороонд танилцуулахаар оруулсан байдаг.

2.МАХН-ын Төв Хорооны 1960 оны 7 дугаар сарын 20-ны 17 тоот тогтоолын 2б-д заахдаа: “Ангийн хувьд зайлшгүй шийтгэгдвэл зохих байсан этгээдийн хэргийг шалгахгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй. Хувьсгалын өмнө хөдөлмөрчдийн биш ангид багтаж байсан боловч хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй үнэнч шударгаар оролцон явсан хүмүүсийн хэргийг шалгаж шийдвэрлэж байвал зохино” хэмээжээ.

Х.Чойбалсанг тахин шүтсэний хор уршгийг арилгах шийдвэрийг ХХ их хурлын дараачаас гаргаж, цагаатгах ажлыг хийхийг оролдсон ч улс төрийн хэлмэгдүүлэлтэнд биечлэн оролцсон хийгээд тэдний үзэл санааг үргэлжлүүлэгчид Монголын нам, төрийн удирдлагад хэвээр байсан нь цагаатгах ажил саад болсон төдийгүй хязгаарласан байна. 1962 оны 2 дугаар сарын 8-нд хуралдсан МАХН-ын Улс Төрийн товчооны  хурал цагаатгах ажлыг эрхлэх комиссын ажил дууссан гэж дүгнээд түүнийг татан буулгаж, ажил үүргийг нь Улсын дээд шүүх болон НАХЯ-нд шилжүүлсэн байна. Энэ үеэс хойш цагаатгах ажил удааширч, үндсэндээ зогсонги байдалд оржээ. Тиймээс Хянан шалгах хорооны дарга Т.Гэндэнгээс бэлтгэсэн илтгэлд дурьдсан улс төрийн талаар хэлмэгдэлд өгсөн үнэлэлт дүгнэлт таалагдаагүй учраас Намын Төв Хороо уг ажлыг зогсоосон төдийгүй түүний 600 гаруй хуудас илтгэл алга болсон гэдэг. Хожим Т.Гэндэн гуай тэрхүү 600 гаруй хуудас илтгэлийнхээ гуравны нэгийг “Гурван түмэн хүний амь” хэмээх нэртэй нийтлэсэн байдаг.

Үүнээс хойш 1989 он хүртэл хэлмэгдлийн талаарх ажил үндсэндээ зогссон юм. 1989 онд ЗХУ-д өрнөж байсан перестройка буюу өөрчлөлт шинэчлэлийн нөлөөгөөр Монголд Улс төрийн хэлмэгдсэн нам, төрийн удирдах хүмүүсийг цагаатгах ажил дахин сэргэсэн байна. Гэвч 1989 онд байгуулсан комиссын ажиллах ажлын хүрээ хэмжээ хязгаартай байлаа. Тэрхүү комисс “1930-1940-өөд онд хэлмэгдэгсдийн тухай асуудлыг үргэлжлүүлэн нөхөн хянан үзэх, үнэн байдлыг тогтоож тэдний шударга нэр хүндийг сэргээх, хэлмэгдэгсдийг цагаатгуулах” үүрэгтэй байв. Түүнээс гадна улс орны нөхцөл байдал ч бүрэн дүүрэн утгаар ажиллах боломж хомс байсан биз ээ.

1956 оноос 1989 оны хооронд улс төрийн талаар хэлмэгдэгсдийн талаар болон тэднийг цагаатгахтай холбоотой ажил хийж байсан комиссынхон МАХН-ын архив, НАХЯ-ын архив, ЗХУ-ын тусгай архивуудаас баримт бичгүүдийг илрүүлэн авч, ихэвчлэн нам, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс болон тодорхой хэргүүдийн талаар цагаатгах ажлуудыг хийж иржээ.

Ингээд 1990 оны ардчилсан хувьсгалтай золгов.

1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, ОХУ-ын ерөнхийлөгч Б.Н.Ельцин нар хамтарсан мэдэгдэл гаргаж, шинэ цагийн хоёр улсын харилцааны эх суурийг тавихдаа "Монголын олон иргэн ЗСБНХУ-д хэлмэгдэн, цаазлагдсаны хариуцлага өнөөгийн ОХУ-д холбогдолгүй" гэсэн мэдэгдэл гаргажээ.

БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зарлигаар байгуулсан Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах Улсын Комисст улс төрийн хэлмэгдэлийн асуудлыг ацаглаад орхисон гэхэд болно. 1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийг Монгол Улсын Их Хурал батлан гаргаснаар энэхүү хэлмэгдэлийн асуудлыг дуусгавар болсон гэж үзэж байх шиг байна.

Тиймээс жил бүр Цагаатгалын комиссоос “Улс төрийн хэлмэгдэгсдийн хохиролыг барагдуулах зорилгоор 1998-оос хэлмэгдэгч болон түүний ар гэрт 500 мянга болон 1 сая төгрөгийг цагаатгалын нөхөн олговор, буцалтгүй тэтгэмж олгож байна. Одоогоор 18036 хэлмэгдэгчид 16 тэр бум 247,4 сая төгрөгийн нэг удаагийн нөхөн олговрыг олгосон бөгөөд бас нас барсан, цаазлагдсан хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлийн хүнд хашаа, орон сууц худалдаж авахад нь зориулж тодорхой хэмжээний буцалтгүй тэтгэмж олгоод байна” хэмээн тайлан тавьж ам хаасаар ирэв.

Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн хэргийг үүссэн улс төрийн нөхцөл байдал, олон улсын болоод монгол дотоод, гадаад орчины судалгаанд түшиглэж улс төрийн дүгнэлт өгөх замаар шийдвэрлэх нь оновчтой юм. Эс тэгвээс одоо мөрдөж буй хуулийн хүрээнд Шүүхийнхэн, Цагаатгалын комиссынхоны ажил эргэлдэж, хэлмэгдлийн салаа мөчир төдийгээр оролдохоос хэтрэхгүй байгаа юм.

Иймээс эл асуудалд улс, үндэстэний эрх ашгийн үүднээс хандаж, Монгол Улсын Их хуралд “Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдэл, түүнд өгөх улс төрийн дүгнэлт” гэсэн асуудлыг боловсруулан өргөн барьж шийдвэрлүүлэх нь зохистой болов уу.

Хэлмэгдэл гарсан шалтгааны тухайд      

Монгол төрийн уламжлал шингэсэн бодлого – нэг талаас, нөгөө талаас Монголд туршилт хийсэн нийгэм журмын (социализм) үзэл онолтой зөрчилдсөн явдлыг улс төрийн хэлмэгдүүлэлт гарах нэг үндсэн шалтгаан гэж үзэж байна. 1911 оноос Монгол Улсын эзэн хааны ор суусан Богдын эрхийг 1921 оноос хязгаарлаж, 1924 онд Богд хаан таалал болонгуут бүгд найрамдах засаг тогтоон, улмаар, хорь, гучаад онуудад Монголын төрийн уламжлалт бодлого, Монгол төрийн ноён нурууг тээгч – Эзэн Чингисийн алтан ургийнханы залгамж халааг хөрөнгий нь хурааж, үзэл суртал, оюун санааг нь таягдан хаяж, өөрсдийг нь үгүй хийж, үндсийг нь бараг тасалсан юм.

  1. Ангийн тэмцлийн тухай онол хэлмэгдэл гарах нэгэн шалтгаан болжээ.

Карл Марксын үүсгэсэн, В.Лениний хөгжүүлсэн онол, И.Сталины хэрэгжүүлсэн ангийн тэмцлийн онол, улс төрийн үйл ажиллагаа \Гол зохион байгуулагч нь ЗХУКН-ын Төв Хороо, түүний УТТ, хэрэгжүүлэгч нь Коминтерн, Монголд МАХН\ нь нийгмийг ангичлан үзэх, аливаа асуудалд ангийн байр сууринаас хандах, нийгмийн болон хүний аливаа үзэгдлийг зөвхөн нэг өнцөгөөр харах, нэг үзэл сурталд таацуулах хандлага бий болгож, тэр нь үндэсний ардчилсан үзэл бодол, бурханы шашинаар тэжээгдсэн хөрс суурьтай нүүдлийн монголчуудын амьдрал, үйл ажиллагаатай таарч нийцээгүй юм. Энэ нь Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдүүлэлт бий болох бас нэгэн шалтгаан байв.

  1. ЗХУ хэмээх Их гүрний үзэл нэг талаас, нөгөө талаас өөрийн үндэсний онцлог, өвөрмөц байдал, нүүдлийн иргэншлийн өнгө төрхийг хадгалсан монголчуудын бие даасан байх үзэл бодолтой зөрчилдсөн явдал нь хэлмэгдэл гарах нэгэн шалтгаан мөн буй за.

  2. Төрийн өндөр алба хашиж байсан хувь хүмүүсийн үүрэг роль, тухайлбал, И.Сталин, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын зэрэг хувь хүмүүс болон тэдгээрийг тойрсон хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаатай улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийг холбон үзэх нь ч зүйд нийцнэ.

  3. Мөн түүнчлэн дээд, дунд, доод шатны тодорхой албан тушаалтай эрх мэдэлтнүүдийн бусармаг үйл ажиллагаа, ёс суртахуунгүй байдал хэлмэгдүүлэлт гаарч газар авахад өөрийн хувь нэмрийг оруулсан гэж үзэж байна.

Улс төрийн хэлмэгдэлийн асуудлаар санал дүгнэлт болгох нь

Энэхүү улс төрийн хэлмэгдэл нь Монгол үндэстэний оршихуйн үндсийг тасалж, үндэсний уламжлал, соёл, эх бичиг, эх түүх тэргүүтэй үнэт зүйлсээ гээхэд хүргэсэн юм. Үүний хор уршиг одоо хэр арилаагүй гэхэд болно. Учир нь хэлмэгдэл хэмээх хорт үзэгдэл монгол хүн бүрийг, монгол өрх бүрийг дайрсан гэхэд болох биз ээ. Гинжин урвал мэт нэгийг нь нөгөөгөөр нь хөнөөлгөсөн эл хэлмэгдэл монгол үндэстэний оршихуйн үндсийг тасалжээ. Ийм байхад энэхүү үндэсний хэмжээнд явагдсан улс төрийн хэлмэгдлийн талаар улс төрийн дүгнэлт гаргахгүйгээр үнэн мөнийг тогтоож чадахгүй юм. Улс төрийн хэлмэгдлийн хамарсан хүрээ, цаг хугацааг аваад үзсэн ч эл асуудлын эрэг шураг төдийг шүүхээр цагаатгаснаас хэтрэхгүй байна.

Чухамдаа монгол үндэстнийг он удаан жилийн турш авч ирсэн тэрхүү үнэт зүйлсийг тасалдуулсан нь хамгийн хохиролтой зүйлс болсон байна. Улс төрийн хэлмэгдлийн уршгаар өнөөдөр бид өөрөө өөрсдийгээ танихгүй шахам болтлоо өөрчлөгджээ. Дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй атлаа дэргэдэхээ танихаа байтлаа өөрчлөгджээ, бид. Хүн хүндээ чоно хэмээсэн латин зүйр үгийн нэгэн утга монгол монголдоо чоно болтлоо өөрчлөгдөө юу хэмээлтэй.

Нэг. Хэлмэгдэл монгол үндэстэнийг бүхэлд нь тодорхой урт цаг хугацаанд хамарсан улс төрийн асуудал тул улс төрийн дүгнэлт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-аас өгөх нь зүйтэй хэмээн үзнэ.

УИХ –аас хэлмэгдэлд улс төрийн дүгнэлт өгсөний дараа эл асуудлаар гарсан дүгнэлтийг Монголын түүхэнд тэмдэглэж, хойч үедээ дахин давтагдахгүй байх сургамжтайг ямагт сануулж байх нь зүйтэй болов уу.

Хоёр. Нэгэнт эл асуудлаар УИХ-аас шийдвэр гарсаны дараа эл асуудлыг аливаа улс төрийн намууд үндэсний эрх ашигт харшилсан хэлбэрээр тоглолт хийхийг хориглох нь зүйтэй.

Гурав. Нэгэнт монгол үндэстэний хувь заяатай холбогдол бүхий асуудал тул Монголын төрөөс тусгайлан мөнгө гаргаж, хэлмэгдлийн талаар баримтат болон уран сайханы кино хийж түмэн үед хоцроох нь хойч ирээдүйд сургамж болох болов уу.

Дөрөв. Улс төрийн талаар хэлмэгдүүлэлт гарахад гол шалтгаан болж нөлөөлсөн ангичлан ялгаварлах коммунист үзэл хийгээд үүн лүгээ адил монголчуудыг дотор нь хуваан талцуулсан аливаа үзэл суртлыг Монгол улсад хориглох хууль гаргавал зохилтой.

Тав. Төр хэлмэгдэгсдээс уучлал гуйсан нь төр Монголын ард түмний өмнө буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч буй хэмээн үзэх учиртай. Нэгэнт төрөөс буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн учраас хэлмэгдэгсдэд нөхөх олговор олгох нь зүйн хэрэг. Гэвч 1998 онд батлагдсан хуулиар олгосон нэг сая төгрөг нь хэлмэгдсэн хүмүүсийн гомдлыг бүрэн барагдуулж чадаагүй, бөгөөд магадгүй тухайн цаг үеийн эдийн засгийн байдалд таацуулсан байж мэдэх тул эдүгээ монголын улсын төсөв их наядаар яригддаг байдалтай уялдуулан нөхөх олговорыг нэг удаа өсгөн нэмэгдүүлж олгох нь зүйд нийцнэ.

Монгол үндэстэний үнэт зүйлсийг сэргээх, үндэстний эв нэгдлийг хангах эрхэм дээдлэгч зүйлсийн талаар монголын төрөөс шаардагдах хөрөнгийг гар таталгүй гаргаж, дэс дараатай бодлого явуулж, үндэстэний дархлааг бэхжүүлэх шаардлагатай байна.

Ашигласан материал

  1. О.Батсайхан Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт: амьдрал ба домог, УБ., 2014 он, гурав дахь хэвлэл

  2. О.Батсайхан Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд (1911-1946), УБ., 2007 он, хоёр дахь хэвлэл

  3. Цагаатгалын “Цагаан ном” УБ., 1-2 боть, УБ., 2008, 2012 он

  4. Монголын тухай БХК(б)Н-ын баримт бичигт 1920-1952, 1-3 боть, УБ., 2008-2012 он,

  5. Г.Цэрэндулам П.Гэндэн Эцгийн тухай дуртгал, УБ., 2000 он

  6. С.Л.Кузьмин Социалимын эсрэг 1932 оны Монгол дахь бослого, УБ., 2014 он

  7. Т.Гэндэн Гурван түмэн хүний амь, УБ 1999 он

  8. М.Ринчин Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цагаатгал, УБ 2000 он

  9.   Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгал Цагаан ном, Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон, хянан тохиолдуулсан М.Ринчин, Цагаатгах ажлыг Удирдан зохион байгуулах улсын Комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төв, УБ., 2004-2008 он, одоогоор ная гаруй дэвтэр, арван хоёр боть цуврал хэвлэгдсэн.

  10. https://mn.wikipedia.org/wiki/их хэлмэгдүүлэлт

  11. Япон үндэсний үзэл, УБ., 2010 он.

  12. Л.Бат Очир Догсомын Бодоо, УБ., 2010 он

  13. Д.Даш Солийн Данзан, УБ., 1990 он.

  14. МАХН-ын долдугаар их хурлын материал

  15. О.Батсайхан Монголд гарсан хэлмэгдэл, түүнд өртсөн төр,  засаг, намын тэргүүн нарын тухайд өгүүлэх нь, Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос Конрад Аденауэрийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт, сургамж (1970-1980) сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл, 2015.10.08-09

  16. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, УБ., 1993 он.

  17. Монголын тухай БХК(б)Н-ын баримт бичигт 1920-1952, УБ., 2008-2009 он,

  18. Монгол ба Коминтерн, УБ., 1996 он.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Сайхнаа

      (85.93.218.204) 2017-09-12 11:18
      • 0
      • 0

      Монголд нохойнд халзуулсан хүнд галзуугын эсрэг тавиа байхгүй байна

      Хариулах

    • Б.Пүрэвжав

      (27.123.213.132) 2017-06-15 19:26
      • 0
      • 1

      Өмнөговь аймгийн Хоёрдугаар Хонгор сумын нутагт байсан "Байшинтын хийд"-д ажиллаж амьдарч байсан 49, 52 настай, миний 2 буурал нагацыг хэлмэгдүүлэн хороосонд одоо би маш их харамсаж явдаг. Монголын 30 гаруй мянган сэхээтнүүдийн амиар тоглосон Сталин, Х.Чойбалсан, Лувсаншарав, Цэрэндорж нарт асар их гомоддог юм.Утас:89161956

      Хариулах

    • Ххх

      (202.9.41.190) 2017-04-05 11:11
      • 0
      • 1

      Хмм

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.41) 2016-09-11 10:43
      • 0
      • 3

      Мөн ч хэцүү цаг үе байсан шүү. Хүн бүр айдастай.

      Хариулах