“Монгол малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Twitter Print
2016 оны 08-р сар 31-нд 16:52 цагт
Мэдээний зураг,

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Уг тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 26 дугаар зүйлийн 26.7-д “...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор ... УИХ-д өргөн мэдүүлнэ....” гэж заасны дагуу Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн болохыг танилцуулгын эхэнд дурдав.

5 бүлэг 381 заалттай уг хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа МАН-ын Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо танилцуулсан мөрийн хөтөлбөр болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үндэслэсэн байна. 

Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэн, байгаль орчинд нийцтэй, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болгохоор Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ.

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Эрүүл хүнс-эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөр, “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөр болон байгаль, хүний эрүүл мэндэд ээлтэй ногоон хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг багтаасан байна. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Батзориг, А.Сүхбат нар асуулт асууж, хариулт авав. Ирэх жилүүдэд мал, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх талаар ямар хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал аж ахуйг хэрхэн дэмжих талаар тодруулсан  УИХ-ын гишүүн Х.Баделханы асуултад ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хариулт өгсөн юм.

Мал, мах, малын гаралтай түүхий эдийн үнэ буурсан, өмнө жилдээ 25,000-26,000 тн мах экспортолдог байсан нь өнгөрсөн гурав, дөрвөн жилийн хугацаанд маш их багассан. Тиймээс Засгийн газраас малын гаралтай түүхий эдийн экспортыг дэмжихээр татварын бодлоготой уялдуулсан зохицуулалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.

Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян”-ыг шинээр эхлүүлэхээр тусгасан, энэ хүрээнд олон арга хэмжээ авахаар тусгасан болохыг тодотгон хэллээ. Мөн малчдын талаар баримтлах бодлогын хүрээнд “Монгол малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.

УИХ-ын гишүүн Б.Батзориг, хөдөө аж ахуйн салбарт анхаарал хандуулан, экспортыг дэмжих шаардлага байгааг онцлоод “Монгол чацаргана” хөтөлбөр тусгагдсан эсэх, мөн улсын хэмжээнд байдаг 1 сая га тариалангийн талбайгаас одоогоор ашиглагдаагүй байгаа 240 мянган га талбайг эргэлтэд оруулах эсэхийг тодруулсан юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганын үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлэх, мөн "Атрын III аян"-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр уг хөтөлбөрт тусгасан хэмээн ЗГХЭГ-ын дарга хариулт өгөв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа гишүүдээс гаргасан саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж, байнгын хорооны хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • amaraa

      (203.91.115.40) 2016-08-31 17:41
      • 0
      • 0

      Malchdaas max awaxdaa xymdxan aris shir ni vnegvi banknii zeel awaxiin tuld malaa nemj tooluuldag butsaagad xmg malaa bankund ogdog tiimerxvv bna

      Хариулах