Хүндлэн хүртэх Хануйн рашаан

2017 оны 07-р сар 19-нд 20:40 цагт
Мэдээний зураг,

Хүний л амьдрал болсон хойно элдэв саад бэрхшээл тохиолдсоор энэ зун хөдөө гадаа явж агаар салхинд гарч амжилгүй байсаар нэг мэдсэн намрын сар хол гаргачихжээ. Зуны гурван сардаа хөдөө гадаа гарч, урт өвлийг өнтэй, өвчин ханиадгүй өнгөрөөх эрч хүчээ олж аваад дараагийн зуныг тэсэн ядан хүлээдэг нь монголчуудын амьдралын нэгэн чухал хэсэг, хэвшил дадал болсон зүйл гэхэд хилсдэхгүй. 

Нэгэнт иймдээ тулсан тул ямартай ч хотоос гарахын түүс болж санаанд орсноороо Булган аймагт нэг сайн рашаан байдаг гэнэ, тийшээ зүглэе гэсээр гараад өглөө.  

Хануйн рашаан эсвэл Баян-Агт сум гэсэн тэмдэглэгээ хайсаар олоогүй "хар" замаасаа яльгүй хэтэрч гарсан болохоор замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй шороон замаар нилээн төөрч, малчид, замд таарсан машинаас сураг ажиг гаргасаар харуй бүрий болгов. Нэгэнт бүрий болсон тул "шөнөд оройгүй" хэмээн бодоод тэнгэрийн хаяаны туяан чөлөөнд хэдэн сайхан адуу гүвээ даган идээшилж буйг хараад тэсэлгүй хэдэн зураг дарав.

Ингээд баруун тийш салсан шороон замаар 60 гаран кило­метр явж Хануйн гүүрэн дээр очлоо. Гэхдээ энэ бол маргааш өдөр нь шинэ гүүрэн дээрээс авсан хуучин гүүрний зураг л даа. Энэ гүүрээр одоо машин явахаа болиод хажууд нь зэрэгцүүлэн шинэ бетонон гүүр барьсан байгаа.

Мэдээний зураг,

Харин гүүрээр гармагцаа 2-3 км хэртэй газар хадан хавцал дундуур явах юм. Сүрдмээр ч юм шиг. Маргааш нь түр зуурын хүчтэй бороо орсны дараа хавцалын ирмэгээр ирвэл машин замыг даган үерийн ус сүртэйеэ шуугин урсаж, хотоос жижиг машинтай ирсэн гэх "баруун" нутгийн аялагатай хоёр бүсгүй гурван нялх хүүхдээ дагуулан "хоёр гурав хоноход татарчих байгаа" гэж санаа зовсон байртай явахтай таарав. Үнэхээр ч санаа зовмоор болсон байлаа.

Мэдээний зураг,

Хануй гол нь өөрөө Чулуут, Тамир голууд­тай бараг цуг эх авдаг Хангайн нуруунаас эх аван Архан­гай айм­гийг нэвт туулан 400 км урссаар Сэлэнгэд цутгадаг урт бо­ловч том биш гол. Хануй голын нэг онцлог бол эрдэс, минераль рашаан усны чадлаараа улс даяар алдартай Булган аймгийн Баян-Агт сумын нутагт орших Хануй,  Цагаан голын рашаан юм. Тус сумын нутагт байрлах Хануй голын хүрмэн чулуун дунд 108 төрлийн рашаан байдаг гэх ч зарим нь ширгэж үгүй болсон ба тэнд элэг, зүрх, бөөр, уушиг, ходоод, цөс, сав, хамар, чих, хоолой, нүд, шүд, толгой, амны хөндий, хэл, тархи, мэдрэл,  дотор зэрэг хүний бүх эрхтэнд зохицох рашаанууд байдаг. Ялангуяа Хануй, Цагаан голын рашаан нь мэдрэл, ходоод гэдэс, элэг цөсний өвчнийг анагаах чадалтай рашаан байдаг бөгөөд гидрокарбонит, хлорид натри, кальцийн найрлагатай рашаан гэнэ.

Мэдээний зураг,

Хануйн рашааны түүх мөн л дундад зуунаас эхтэй. Занабазар Богд гадна дотны маарамба нар­тай хамт голын адаг орчим дахь баруун эргээс ундрах жижиг горхи­нуу­дыг шинжлэн улмаар шашны эмнэлэг хүртэл байгуулж байсан юм билээ. Бүхнийг устгагч хэлмэг­дүү­лэлтийн үед шашинжсан уг рашаан зүгээр өнгөрөөгүй нь мэ­дээж. Хожим 1960-аад онд Булган аймгийн эмнэлэг элэгний шар өвч­нөөр өвчлөгсдөдөө дарагдаж хүч­рэхээ байгаад эндээс усны маши­наар рашаан зөөсөн гэнэ. Тэгээд шар өвчин ч дарагдаж, ачийг нь хүртсэн рашаанаа ч мартсан байна. 

Юутай ч бид хавцалаас гарангуутаа хамгийн эхний шовгор байшингууд бүхий сувилалын газрыг бараадав. Азаар зуны оргил үе биш тул хоосон "шовгор" байгаа гэсээр сайхан зантай нэгэн эмэгтэй угтсан нь тус сувиллын газрын  баруун хойхно нь харагдах Наран- Уул хайрханаараа нэрлэсэн сувиллын эзэгтэй Цэвэгсүрэн байв. 

Мэдээний зураг,

Хануй рашаанд орох хамгийн тохиромжтой үе нь долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25 хүртэл гэнэ. Долдугаар сар оргил ачааллын үе байдаг бөгөөд хувийн майхан савтай зочид эргэн тойрон бууж, байгаль орчин бохирдохоос өгсүүлээд өчнөөн асуудал тулгардаг тухай яриа хөөрөө өрнүүлсээр бидэнд хоноглох ёстой "шовгор"-ыг маань зааж өгөв. 

Мэдээний зураг,

1980-аад оны сүүлчээр Булган аймгийн төр, захиргааны байгууллагын санаачлагаар Хануй голын рашааныг түшиглэсэн багш нарын амралт, рашаан сувилалын газар анх үүссэн байгуулагдснаар Хануй голын рашааныг түшиглэсэн амралтын газрууд олноор бий болсон байна. 

Мэдээний зураг,

Рашаан аль ч сувилалын газраас жаахан яваад голын хавцал руу уруудан голоо хүрч, эргээ даган рашаанаа хүртсээр туулах зам маань нэг талдаа 1.5 орчим км юм. Рашаанаа өдөрт 3 ууна гэвэл өдөрт рашаанчид дунджаар 9 км газар явах аж. Үүнийг дуулаад эхлээд сэтгэлээр унасан ч эхний өдөр өглөөний цайны дараа рашаандаа яваад ойр орчин, рашааны байрлалтайгаа танилцан, яаж хүртэх ёстойг нь хүн амьтнаас сураглаж, байгалийн сайхныг биширч явтал нэг мэдэхэд өдрийн хоолны цаг өнгөрсөн байв. Олон ид шидтэй рашаанаас өөрт таарахыгаа сонгон хүртээд голынхоо эргээр амран суун, голын урсгал ширтэн саатаж явах нь хөлд ямар ч ачаалал өгөхгүйн дээр байгальд үнэхээр тааламжтай сайхан, рашаанчид олонтой, сонин сайхан ихтэй тул цаг өнгөрөхийг ер мэдрэхгүй юм. Тэгээд ч таяг тулсан эмгэд өвгөд рашаанаа шинээр нь хүртэнэ гээд өглөө наран гармагц "гүйгээд", өдөртөө гурав тойрчихоод байхад би бас ч юув дээ.

Мэдээний зураг,

Ингээд рашаанчдын хэзээ ч юм зохиосон эхлээд очиж мөргөдөг гэх, хүн болгон дуулж өгдөг, сайхан дуулбал мэлмэртэл уйлаад рашаанаа харамгүй хайрладаг гэх модон дээр очив. Рашаан ургаа модны хол­тосны завсраас шүүрэн гарч бай­на. Түүнийг тойроод эхийн тухай дуу дуулж хундаганы чинээ хон­хрыг дүүрээд ирэхлээр нь нүдээ норгож эмчилдэг гэнэ. Рашаанчид олон байсан тул зориг муутайхан,

Бөмбөр бөмбөр модондоо бүргээ-ээд шувуу-уу бөөрнө дөө хө,

Бөөрөнхий биеийг минь өө-сгөсөн ээжийнхээ-ээ ачий-ийг яалаа даа, хө... гэж дуулбал мод мэлмэртэл "уйлсангүй". Мод уяраагүй ч би өөрийнхөө дуунд уяраад золтой өөрөө уйлчихаагүй шүү.

Мэдээний зураг,

Дараа нь толгой руугаа асга­даг мэдрэлийн, нүүрэндээ наадаг гоо сайхны шаврын, хамар руугаа сорж шавшдаг гамрит хар­шилын, ходоодны, савны, бөөр­ний, чих­ний, шүдний рашаан, шав­рууд цааш үргэлжилнэ.

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Рашаан дахь уран сайхны халил, туйлш­рал хэтрээд зам дээр хугараад уначих­сан модны хатсан мөчир дээр очиж хүслээ шивнэж хадаг уяж, мөнгө өргөдөг болж. Тэр бүү хэл "Мөнхийн рашаан" гэсэн булаг хүртэл байна. Бас "хотынхон зохиосон" гэж нутгийнхан ховлосон цагаан, ногоон тан гэдэг рашааныг хамгийн сүүлд хүртэхээр бүх уусан рашааныг нь биеийн аль хэрэгтэй газар луу нь хүргэж тараадаг ид шидтэй гэнэ. Бас эрчүүд түрүү булчирхайн чулуу гээд нэг чулуун дээр мордож суучихаад  тэр чулуундаа үрж бүлээн болгосон тус эрхтний хэлбэртэй гэх нэг чулууг өмдөндөө хийж ч байх шиг. 

Мэдээний зураг,

Рашаан голынхоо савыг даган 1.5 км зам сунан үргэлжилнэ.

Мэдээний зураг,

Энэ чулуу, мод хоёрт нуруугаа үрж, хуян шар усаа тараана. Гөлийгөөд харласныг бодоход тун ч хэрэгцээтэй эд гэдэг нь харагдана. 

Мэдээний зураг,

Өвчтэй хөлөө үрдэг чулуу.

Мэдээний зураг,

Энэ харин боломжийн хөөрхөн сэтгэсэн санагдсан. Учир нь энэ чулуу яг өглөөн нарны эсрэг харсан байрлалтай. Энергийн чулуу гэдэг нэртэй. Эгээ л диван сандал мэт тух, хэлбэртэй. Энэ чулуун дээр нарны өөдөөс харж гараа алдлан хэвтээд энерги, эрч хүч авах юм. Нарандаа сүслэн залбирсан ч болно. Харин ингэхийн тулд нэг зан үйл хийх ёстой. Яг л цаанаасаа ингэж таарсан юм уу, энэ чулууны ард хоёр жижиг нүхтэй юм. Энерги авах хүн эхлээд тэр хоёр нүх рүү хоёр эрхий хуруугаа шургуулаад баруун тийш нь "могжиг" хийтэл нь эргүүлээд энергиэ нээх юм. Тэгээд ханатлаа хэвтэж дууссаныхаа дараа чулуугаа нар зөв тойрч буцаж ирээд мөн л нөгөө хоёр нүх рүү энэ удаа чигчий хуруугаа хийж "могжиг" хийж зүүн тийш нь эргүүлэн энергиэ хааж дараагийн хүнд чулуугаа бэлэн болгож өгнө. Нэг бодлын хүний энергитэй холилдохгүй гэсэн санаа зөв ч юм шиг, нөгөө бодлын хүүхэд тоглож байгаа юм шиг сонин бодол төрнө. Энергиэ нээнэ, хаана гээд буруу зөв эргүүллээ гэж хөгшин залуугүй будилахыг харахад бас л хөгжилтэй. 

Гэхдээ нэг удаа очоод хэвтэх гэтэл эхнэртэйгээ муудалцаад, хүүхдээ уйлуулаад байсан нэг залуу очоод хэвтчихсэн байхыг хараад за энэ удаа больё, маргааш ирэхэд олон хүн энерги аваад чулууны энерги солигдсон байх биз гэж бодогдохыг бодоход энэ бас надад нөлөөлж байх шиг. 

Мэдээний зураг,

Энэ бол мөн л хуян шар ус тарааж, нурууны өвчин хуучныг эдгээдэг гэх чулуу. Уул нь ингэж хэвтэхээр нуруу сайхан тэнийж, таатай мэдрэмж төрнө. Бүр сайн болохын тулд хөл гараас нь 2 хүн ээлжлэн татаж, үрж байсан. Бас л таатай эд билээ. 

Мэдээний зураг,

Рашаан усыг хэрхэн хүртэх тухай орчин үеийн анагаах ухааны болон уламжлалт хэд хэдэн үндсэн зарчим байдаг юм байна. Үүнд рашааныг 7-14 хоногийн турш өдрийн гурваар ууна. Уух үед архи сүү харш тул хар цай уудаг, айраг үл хэрэглэнэ. Рашааныг мөнгөн аяганд хийж уух маш сайн. Зэс, төмөр, ялангуяа хуванцар аяга найрлагыг өөрчилдөг учир муу. Мод, шил шаазан бол зүгээр. Хууч­цуул аягандаа хөөрөгний шүрэн толгой хийгээд ууж байдаг. Хүндлэн хүртвэл ид шидээ амархан үзүүлдэг гэх тул ном журмаар нь торгон дээлээ өмсч, гутал хувцасаа бүрэн өмсөөд, мөнгөн аяганд рашаанаа хийгээд эгээ л цайгаа ууж буй мэт айвуухан тогтоон ууж буй хөгшчүүл нэлээн харагдсан. 

Мэдээний зураг,

Цөсний рашааныг аягандаа хийж аваад энэ чулуун дээр эгээ л цөс угаах мэт зүүн хөлөө нугалж, баруун талаараа хэвтэж ууна гэж зааж өгсөн. 

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Ганц аягыг маш аажуухан ууж "Оточ манал минь арьс махны завсраар шингэж рашаан болох болтугай" гэхчилэн сайн ерөөл шившдэг. Энэ нь гол бул­гийн ус, рашааныг байгаль дэлхийдээ байгаа амьд ус тул хүний сайн муу бодож буйг мэдэрч, хийж буй сайн муу үйлд гомдож, талархах, буруу үйлдэл хийвэл хариу өгөх чадалтай гэж үздэгтэй холбон тайлбарлаж байна. Харин бидний уудаг усыг байгалиас нь тасалж амьгүй болгож, ариутгалын бодисоор хордуулсан ус гэлээ. Иймд бид байгальтайгаа маш хүндэтгэлтэй хандах ёстой.

Мэдээний зураг,

Гэсэн ч уул усаа тахиж шүтэж байна хэмээн сонин юм бодож олдог хүмүүс бас байнаа. Эхний өдөр хүртэх ёстой рашаанаа ололгүй дээш нэлээн давхан явбал торгон дээл өмсөж, алтан эмжээр бүхий тоорцог өмссөн удган бололтой нэг эмэгтэйг даган хэсэн хүн цагаан хадаг гар дээрээ дэлгэн их л хүндэтгэлтэй голын ус ширтэн шившлэг ном уншиж байхыг харсан. Харин маргааш нь ирээд тэд голын эрэг дээр тавгын идээ, хонины толгой тэргүүтэй мах зэргийг картонон хайрцаг дэлгээд орхисон дээр шувуу, зурам цугласан байхыг хараад энэ арай л биш ээ гэж бодсон шүү. Харин Булган сайхан хангай ямар ч ялаа шумуул, батганагүй сайхан нутаг юм билээ. 

Мэдээний зураг,

Энэ юу ч биш, намрын дунд сарын шинийн 17-нд нэгэн бөө зайран шүтэн бишрэгчид болох хэдэн зуун дагуултайгаа Хануй голд уул, усаа тахихаар ирдэг гэнэ. Хэдэн өдөр зан үйл хийж, архи дарс ууж наргиж цэнгэхэд бараа бологч нарынх нь зарим нь "тасарч" унаад рашаан усанд хувцас хунар, гуталтайгаа ороод хэвтчихсэн байсан тухай сумаас нь сонирхохоор оролцсон гэх хэдэн залуу рашаан уух зуураа хуучилцгаасан. Хэд хэдэн рашааны дээр зүүлттэй байгаа энэ далны яснууд тэдний хийдэг зан үйлтэй холбоотой эд бололтой.

Мэдээний зураг,

Энд эрт дээр үедээ 108 рашааны ундаргатай гэж үздэг байсан ч яг одоогоор 38 төрлийн рашаан байна. Сүүлийн жилүүдээс хоолойны ангинатай хүүхдийн хөлийг голын хөвөөнд тогтсон хэсэгхэн ша­вартай усанд мэдээ алдтал дүрэ­хээр "жилээ дааж байна" гэж шуу­гиц­гаасан тул худлаа хэлдэг хүнд дөнгөж төрснөөс авахуулаад бүхий л насны хүүхэд, залуучууд ирдэг болсон байна. Дөнгөж +5 градус гэх энэ рашаанд нялх "амьтас"-ыг хүчээр даран орилуулах эцэг эхийг хараад өөрөө хөлөө дүрж үзээд ясанд янгинам хүйтэн байсныг мэдэх тул "аливаа юм хэтрэхээрээ хор болдог", "нялх хүүхдийг хүйтэн усанд хамаагүй удаан байлгавал чөмөг царцах гэдэг бүр ч аюултай өвчин тусах магадлалтай" энэ тэр гэвэл тоож байгаа хүн ч алга. Ноднин ингэж дүрээд ханиад хүрээгүй, бүтэн жилээ даадаг юм билээ гэцгээнэ. Аргаа бараад Булган аймгийн засаг захиргаанд он удаан жил ажиллаж бас гэж рашаан усаа судлуулж шинжлүүлж, үүх түүхийг нь судлаж явсан гэх Пүрэвсүрэнгийн Дамба гэдэг хүний бичсэн "Хануйн олон рашаан" гэдэг гарын авлага номонд нялх хүүхдийг дөнгөж дүрээд авах, 2-оос дээш насны хүүхдийг 1 минутаар дундаа завсарлагатайгаар 3 удаа, том хүн 5 минутаар дундаа завсарлагатай 3 удаа орно гэж байна лээ шүү гэвэл манайхны "аливаа юмыг хэтрүүлэн хийж байвал сайн" гэдэг сэтгэлгээгээрээ "өө, хэдэн минут болоод хөл мэдээ алдчихдаг юм" гээд тоохгүй юм. Тэгээд ч аль рашаанчдад хэлж барахав дээ. Хий дэмий л рашаан хүртэх, хөл гараа дүрэх заавар номыг нь олшруулаад тараачихдаг бол гэж бодож зогслоо. 

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Энэ бол үе мөчний шавар. Дотор нь орж зогсох, мөн гадна нь шавраа тавиад суух зэргээр янз бүрээр л хэрэглэж байна лээ. Харин хүйтэн шавар тул нуруу нугасны өвчинд таарамж муу, халуун шавар тавьдаг гэх боловч нуруу, хүзүүн дээрээ тавиад наранд ээн хэвтэж буй нь олон байсан. 

Мэдээний зураг,

Мэдээний зураг,

Монгол хүний хувьд рашаан уух үедээ  хэт хүнд хүчир ажил хийхгүй, өлсөхгүй цадахгүй дэглэмээр зөв­хөн хонины мах хэрэглэн хооллох нь үндсэн гам юм. Өдөр унтахгүй байх, эм ба тан үл хэрэглэх, шарсан хуурсан зүйлээс татгалзах, өвчил­сөн эд эрхтэндээ дагнасан рашаан уухыг зөвлөж байна. Хоёр юм уу гур­ваас дээш төрлийн өвчинд зо­риул­сан өөр өөр рашаан хольж уухаар рашаануудын найрлага хо­лил­дож гашлан, эмчилгээ бо­лох­гүй шээс болж гарахаас хэтрэхгүй. 

Мэдээний зураг,

Шээс болоод гарна гэснээс 00-ийнхоо асуудлыг шийдэх гарц олсон нь сонин байсан. Эхний өдөр рашаан уугаад ашгүй 00 харагдсан тул гүйж ороод бие засчихаад гарвал "мөнгөө" гээд нэг хүүхэн зогсож байна. Уучлал гуйгаад маргааш заавал 300 төгрөг авчир өгөхөөр болоод загнуулаад явсан. 

Мэдээний зураг,

Нэлээн өндөр хадан хавцал дунд байрлах тул энд харагдаж буй хөх савнуудыг дүүрэхээр машинаар зөөж сулладаг юм байна. Энэ харин хэцүү ажил санагдсан шүү. Энэ галт уулын дэлбэрэлээс үлдсэн гэх том том чулуунуудын хаагуур нь яаж машин явдаг, энэ том чулуутай голоор машин байтугай нь гарах боломжгүй мэт санагдана. Гэсэн ч яваад л, зөөгөөд л байдгийг харсан. Харамсалтай нь манай бохир зөөгч маань жаахан "халаалттай" байсан юм уу даа, ордоггүй газраараа ороод голд таг машинаа зогсоочихож. 

Мэдээний зураг,

Машинаа гаргалгүй хэд хоносон тул нөгөө "цэнхэр" савнууд нь дүүрсэн бололтой бүгд цоожтой. Аргаа барсан хүмүүс нөгөө рашааны ундарга дээр "юу яавал" нүгэл гэм гэдэг нь алга болоод яаж ийгээд нэг мод, чулууны ард орох юм. Тэгээд ч рашаан хүртсэн хүүхэд, том хүн өдөрт нэлээн хэдэн удаа 00 орох шаардлагатай тул нөгөө 300-гаас нь төвөгшөөгөөд "аргаа олж" байгаа нь олон юм. 

Мэдээний зураг,

Амралтаа аваад гэр бүлээрээ их ирцгээжээ. Үнэндээ ч гэрээсээ цухуйх боломжгүй хот газрын хүүхдүүдэ жаргалын орон юм. Адаглаад л ялаа шумуул, хорхой шавьж гэхгүй тул сайхан торго шиг ногоон зүлгэн дээр хөл нүцгэн гүйлдэнэ. Харин манайхны дунд мухар сүсэг гэж нэг юм урдын үеэс ч их болсон мэт. Цөсний чулуун дээр тээн хэвтээд рашаан ууж байсан нэг хижээл насны эмэгтэй шилэн аягаа унагаад хагалчихлаа. Босоод явахаар нь би хэллээ, үгүй энд чинь хөл нүцгэн "маамаанууд" гүйлдээд, хөл гараа авчихвал яанаа, эгч ээ гэж. Тэгсэн нэг муу дурамжхан аяганыхаа хагархайнуудыг хайлаа, би ч дуртайяа тусаллаа. Бороо ороод шалбааг тогтсон байсан тул нэг хэсгийг нь хайгаад олсонгүй. Тэгсэн "лус савдаг аваад явчихжээ" гэж байна. Үгүй,  тэр муу шилний хагархайгаар лус яадаг байнаа... Маргааш нь ирээд харахад ус татраад шил ил гарсан байсан тул авч хогийн саванд хийгээд нэг л сэтгэл амарлаа.

Мэдээний зураг,

Мэдээний зураг,
Мэдээний зураг,

Рашаан усанд ороод, уугаад дууссаны дараа Хануйн рашаанаас баруун тийш 8 км газар орших Шаргын нуур гэж тунгалаг устай сайхан нууранд орсноор эмчилгээгээ баталгаажуулж, нялхарч нээгдсэн нүх сүвээ хаах хэрэгтэй гэж зөвлөцгөөх юм. Мөн Шаргын нууранд хар хорхой байдаг. Хүний өвчтэй хэсгийг яг олоод л хатгадаг юм байх. Хөдлөхгүй тэвчээртэй зогсвол хүрээд ирдэг гэнэ. Тэсвэр муутай дороо "явтнаад" байвал ирдэггүй гэнэ. 

Нэгэнт энэ хүртэл ирснийх тэр сайхан нуурыг ядаж үзээд явья гээд ирлээ. Тэнгэр газрын савслаганд нуурын ус цэлийгээд, доторхи чулуу нь хүртэл харагдаад гайхалтай юмаа. Харин дунд нь орж нэлээн зогсоод нөгөө гайхал хар хорхойд нь хатгуулах нь байтугай барааг нь ч харсангүй. Тэгэхээр намайг таалсангүй бололтой. 

 Мэдээний зураг,

Харин аз болж нуурын усанд хэдэн сайхан хонгор адуу сэрүүцэн байхыг хараад зураг авахаар наанаас нь дөхөөд нэлээн ойрвол гэнэт анзаараад хаа газрын юу, хаанаас гараад ирэв гэсэн байртай хамраа тачигнуулаад, хөлөө цавчлаад ер нь л дайрах шинжтэй болсон тул нэг муу монгол хүн юм гэсэндээ "хаая, хаая" гэж чангахан дуугарвал тэгэсгээд гайгүй болцгоолоо. Мэдээний зураг,

Ингэсгээд амралт маань дуусах тийшээ хандсан тул Улаанбаатар луугаа буцах боллоо. Ирэхдээ буруу замаар орж будилуудуу явсан тул буцах замаа сайн заалгаж авлаа. Өнгөрсөн жил Баян-Агт сумын засаг захиргаанаас рашаанчдад зориулж замын тэмдэг хийлгэхэд бас ч гэж "хөөрхөн" мөнгө төсөвлөсөн юм байх. Харин таны доор харж байгаа хуучин дугуйны дунд шургааг модыг будаад суулгасан энэ тэмдэгийг дагаад яваад байвал төвөггүйхэн хар зам хүргээд өгнө гэлээ. Үнэхээр ч тийм юм. Рашаанчдад туслах үүргээ одоохондоо сайн гүйцэтгэж байгаа энэ эд чухам хэдэн жилийн эдэлгээг даахыг хэлж мэдэхгүй. 

Мэдээний зураг,

Ингээд эцэст нь буудалласан "Наран-Уул" сувиллын газрын талаар хэдэн үг хэлмээр санагдлаа. Ааш сайтай, хоол унд, тохь тух гээд бүх үйлчилгээ нь сэтгэлд нийцсэн энэ газар нялх хүүдүүдээ дагуулсан маш олон хүн буудалласан байсан. Үнэ хөлс нь боломжийн юм. Сувиллын эзэгтэй Цэвэгсүрэн гэх гавшгай, ажилч хичээнгүй эмэгтэй тогооч мэргэжилтэй гэнэ. Рашаан ус ууж байгаа хүн хоол сайн идэж гам барина, бас хол алхдаг тул өлсөж болохгүй гээд сайхан, сайхан хоол унд​ыг гараа гарган хийж, ид уу хэмээн шавдуулна. Идэх хоолоо хүртэл өөрсдийн таашаалдаа нийцүүлэн захиалах боломжтой тул шар тосны хуушуур хайрч өгөөч гэвэл хавьд идээгүй сайхан хуушуур шарж өглөө. Буцахад минь хүртэл замын хоол тусгүй дээ гээд сайхан хуушуур, боорцог хайрч өгөөд явуулсан шүү. Өөрийн мал аж ахуйгаасаа сувиллынхаа аж ахуйгаа эрхлэн явуулдаг энэ эмэгтэйн исгэсэн айраг, тавьсан ааруул, өглөөний өрөм, хайлмаг гээд янзтай, янзтай. 

Энэ сайхан газар луу зүглэмээр байвч таньж мэдэх хүнгүй, дээр нь байр сав хүрэлцэх эсэхийг мэдэхгүй байж очно гэдэг бас л эрсдэлтэй тул эртхэн захиалаад, сайхан зантай эзэгтэйн анхаарал халамжинд хэдэн хоног ч болов "өнхрөн", рашаан хүртэе гэвэл "Наран-Уул" сувиллын эзэгтэй Цэвэгээ рүү 91850990 дугаараар залгаж утас цохиорой. Бусдыг нь мэдэхгүй тул уншигч танд өчүүхэн тус хүргэж буй минь энэ.   

Миний хувьд Монгол сайхан эх орныхоо нэгэн гайхамшигт газрыг өөрийн ертөнцөд нээж, цэнгэг ус, цэвэр агаар, эрүүл сайхан хоол, эдгээн анагаах рашаан ус гээд амарч, алжаалаа тайлахад хэрэгтэй бүхэн цогцолсон энэ газарт амарч алжаалаа тайлсандаа туйлын сэтгэл хангалуун буцлаа.

Харин дараагийн удаа та бүхэндээ нэр бүхий рашаануудын бүтэц, юунд сайн бас хэрхэн хүртэх тухай болон рашаанчид юуг голлон анхаарвал зохистой талаар нэлээн шинжлэх ухааны үндэстэй тайлбарлан хүргэнэ. 

Мэдээний зураг,Мэдээний зураг,

2016 оны 8-р сарын 15, Хануйн рашаан, Булган аймаг Баян-Агт сум

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • жжж

      (27.123.213.186) 2017-07-20 13:31
      • 0
      • 2

      замын дагуу тэмдэг тэмдэглээ тавьбал сайн байна хаана байгаа нь мэдэгдэхгүй бас оо асуудал Баянагт сумын захиргаал мэдэх байхдаа

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.131) 2017-07-19 20:18
      • 0
      • 2

      Hooe yasan saihan yum unshchihavaa. Uneheer ih taalagdlaa. Zaaval ochino. Caihan canagdlaa. Bayrlalaa mongolcom.

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.128) 2017-07-19 14:47
      • 0
      • 2

      hool und n amraltiin gazriinh shig negdsen baidlaar ordog yumuu,esvel oorsdoo zahialj hiilgedeg yumuu

      Хариулах

    • Зочин

      (202.179.25.242) 2017-07-19 13:53
      • 0
      • 2

      Thanks.Uneheer ochmoor sanagdtal tod oilgomjtoi bichjee...

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.130) 2017-07-04 23:23
      • 0
      • 5

      Үнэхээр сайхан нутаг, сайхан газар санагдлаа. Зураг хөрөг нь ч яасан гоё юм. Энэ жи биш гэхэд дараа жил заавал осно.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2016-08-29 13:45
      • 1
      • 6

      Yag teg inge gej heleegui ch rashaan us, baigaldaa yaj handah talaar sanuuljee. Manaihan yag ingedeg. Ter uul usaa tahij baigaa geed ochood buzarlaad baidag humuus buyan bish nugel uildej baigaagaa oilgoosoi.

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.106) 2016-08-29 09:39
      • 0
      • 10

      Хүндлэж хайрлаж хүртэх ёстой рашаанаа ном журмаар нь хайрлан шүтэж хүртэх хэрэгтэй. Янз бүрийн өөр өарсдийн дүрэм гаргаад хэтэрхий мухар сүсгээр хандаад эхэлбэл дэмий санагддаг. Сайхан газар байна.

      Хариулах

    • Huurau muhariin zuslangiin sawdag

      (27.123.214.121) 2016-08-28 21:16
      • 0
      • 12

      Good!!!! Saihan temdeglel b na Humuusd heregtei iim niitleliig olon bisheerei Good!!!

      Хариулах