Ц.Хосбаяр: Миний дүүгээр дэлхий бахархаж байна…

Twitter Print
2016 оны 08-р сар 28-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Хүмүүний амьдрал дэндүү богинохон юм. Урсаад өнгөрсөн 25 жил, уйлж дуулж явсан бидний цэлмэг залуу насны минь гал шиг халуун нөхөрлөл. Зургаадугаар бичил хороолол, Парадоксын өмнөх зогсоол гээд бидний халуун залуу насны нөхөрлөл, хэн хэнийгээ ирлэж явсан “Гал халуун зүрхний дуулал” эгшиглэсэн газар бүрийг дурьдаж баршгүй.

“Би Монголд хамгийн агуу дасгалжуулагч болно” хэмээн есөн давхар байрны хонгилоор нэг хашхирч, танил болсон сэргийлэгч “Та нар минь ингэсгээд тар л даа” хэмээн учирлаж явсан олон тохиолыг дурснам. Тэр бидний дундаа хамгийн намхан нь ч хамгийн шазруун, “олон үгтэй” нь байсан. Тэр олон үгтэй, шазруун "товарищ" бол өнөөдрийн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр билээ.

1991 оны наадмын дараахан нэг сайхан зүсрээ бороон дундуур өнөөдрийн “Сэрүүн сервис” компанийн Ерөнхий инженер асан Эрдэнэбат анд минь Ц.Хосбаяр хэмээх эгэлгүй эрхэм, энгүй шударга найзыг минь надтай танилцуулсанаас хойш бөмбөрцөг дэлхий тэнхлэгээ 25 эргэжээ. Найзыгаа Риогоос тосч, нойргүй хоносны эцэст ийм нэг яриа өрнүүлж амжлаа.

-Миний найз ч гялалзаж явах чинь. Онгоцонд ядарсангүй юу?

-Өө ядарлаа, ядарлаа. Биеийн ядаргаанаас илүү миний зүрхэнд том ядаргаа яваад байна. Өөр юу байна, хө.

-Өөр маш олон асуулт байна аа, хө. Хувийн болон хувьсгалын гээд л ?

-Найз нь чадвал тэр хувьсгалын чинь ганц хоёр асуултад хариулахыг бодъё. Хувийн асуудлаа хоёулаа хээр хөдөө, аргалын утаа үнэртсэн, чиний нөгөө сайхан хийдэг боодогны дэргэд яръя тэгэх үү.

-За тэгвэл хувьсгалын шинжтэй асуултаас эхэлье. Таны дүү Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаярын олимпийн сүүлчийн өдрийн “нүцгэлэлт” тэмцлийг та юу гэж үнэлж байгаа вэ?

-Түвшээ минь дээ. Чи намайг юу гэж хэлэхийг хамгийн сайн мэдэж байгаа хэрнээ яагаад ингэж асууж байгаа юм. За та нарт мэдээж олон нийтэд мэдээлэл түгээх гэдэг ажил байдаг байх. Мэдээж би дүүгийнхээ эр зориг, тэрүүхэн хугацаанд гаргасан гайхмаар зоригоор өнөөдөр ч бахархаж байна. Хэрвээ Цогоогийн оронд би байсан бол тийм зөв, тийм хурц тэмцлийн арга сонгож олохгүй л байсан болов уу. Н.Баяраа миний дүү хоёр үндсэндээ Монгол эх орныхоо нэрийг шавартай биш алттай хутгаад аваад гарсан шүү. Би одоо ч гэсэн дүүгээр бахархсаар явна. Миний дүү бол жинхэнэ дасгалжуулагч, жинхэнэ Монгол эр хүн. Миний дүүгийн тэрхүү тэмцлээр барилдаан болсон ордон дүүрэн үзэгчид бахархснаас гадна ер нь дэлхий нийтээрээ шударга бус бүхэнтэй тэмцсэн тэмцлээр нь бахархсан юм билээ. Ийм л байна.

-Цэрэнбаатарын Цогтбаяр гэдэг дасгалжуулагчийг Монгол байтугай дэлхий мэддэг болчихлоо. Харин ах дүү гурвын нэг олимпод оролцож байсныг ялангуяа Монголын залуу үе сайн мэддэггүй юм билээ?

-Тэр мэдээж ойлгомжтой шүү дээ. Чи бид хоёрын Парадоксын өмнүүр ханхалзаж явсан үе бол хаа байсан 30-аад жилийн өмнөх явдал. Гэтэл одоо 18-22 настангууд олимпод ноёлж эхэлж байгааг чи ч, би ч харлаа шүү дээ. Бид одоо арай өөр арга барилаар ажиллах цаг болжээ. Тэгж ажиллана гэсэн төлөвлөгөө, хэтийн зорилгоо ч боловсруулаад явж байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний толгой доторх төлөвлөгөө юм. Ярилцана, хэрэлдэнэ. Гэхдээ би бууж өгөхгүй.

-Дөнгөж өчигдөрхөн Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж ажлаа хүлээлгэж өгнө гэсэн мэдээлэл цацагдсан. Та энэ талаар ямар бодолтой явна?

-Яг үнэндээ энэ талаар өөрөөс тань л эхлэн дуулж байна. Би холбооны удирдлагууд, зарим нэгэн ажилтнуудынх нь талаар олон удаа хэрүүл тэмцэл хийсэн. Гэхдээ миний тэмцлийн гол зорилго нь аль нэг дарга болох, цалин хөлсөө нэмэгдүүлэх гэсэн башир юм байгаагүй. Хойшид ч байхгүй. Би зөвхөн шударга ёс, Монголын залуучуудад ийм ийм сайхан боломжууд байгаа юм байна шүү гэдгийг л хамтран ажилладаг байгууллагуудынхаа тусламжтайгаар мэдээлэхийг оролдож, үгээ хэлж явдаг юм. Мэдээж энд хамгийн чухал нь Монголын чөлөөт бөхийн хөгжил, шинэ залуучууд олноор нь гаргаж ирэх гээд юмнууд яваад байгаа юм л даа.

-Миний найз Риогоос ирлээ. Харин чамайг эзгүй хойгуур “Орхонг биш, Цэрэнчимэдгийг Риод явуулах ёстой байсан юм” гээд баахан хэрүүл, тэмцэл өрнөлөө дөө? 

-Хоёулаа л миний төрсөн охиноос өөрцгүй унаган шавь нар минь. Яах аргагүй “Гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд” нь хүргэж өгснөөрөө бахархаж явдаг. Миний болон дүүгийн минь бэлтгэж гаргаж ирсэн энэ хоёр охин бол хэн нь ч дэлхийд цахиур хагална шүү. Орхон унаган бяртай, суурь сайтай бол Цэрэнчимэд барилдааны мэдрэмжийн төрөлхийн авъяастай, хөлд орох  энэ тэр гээд ярьвал би өөрөө бараг хараа гүйцэхгүй. Яах аргагүй Монголын эмэгтэй чөлөөт бөхийн спортыг чимэх хоёр шавь төрүүлсэн нь хэн ч маргашгүй үнэн юм. Орхоныг Риод сойсон талаар бол Монголын чөлөөт бөхийн холбооны шийдвэр. Би багш дасгалжуулагчийн хувьд бэлдэж гаргаж ирсэн. Харин олимпод хэнийг нь явуулах талаар бол холбооны удирдлагуудын л шийдвэрийг харахаас өөр аргагүй. За өөр танд байцаах зүйл байна уу, найз нь үнэхээр яараад, ядраад байна.

-Одоо хамгийн түрүүнд юу хийхээр зорьж байна?

-Ямар ч гэсэн эхлээд хэдхэн хоног сайхан амармаар л байна. За тэгээд араас нь залгаад хүүхдүүдтэйгээ л ажиллана шүү дээ. Миний амьдралын хамгийн гол зүйл бол “Алдар”-ынхаа зааланд хэдэн шавь нартайгаа бужигналдах л байгаа юм. Мэдээж ар гэр эхнэр хүүхдээ бодолгүй яах вэ. Гэхдээ миний хань энэ айлын бүх л ачааг нуруун дээрээ үүрээд түүртэлгүй авч яваад сурчихаж дээ. Би ханьдаа маш их баярлаж явдаг. Өнөөдөр миний энэ зэрэгтэй явж төр засгаасаа хайр шагналыг нь хүртэж, энэ зэргийн шавь нар төрүүлэн гаргаж өдий зэргийн амжилттай явж байгаагийн ард хэзээ ямагт хань минь л зогсож байсан. Хүний амьралд хамгийн гол нь сайн ханийн түшиг тулгуур, нөмөр нөөлөг хамгийн чухал байдаг юм байна.

-Цэрэнбаатарын Энхбаяр, Хосбаяр, Цогтбаяр гурав хүн төрөлхтний эв нэгдэл спортын их баяр цэнгэл Барселоны олимпод зодоглож байсан талаараа эргээд нэг дурсахгүй юу?

-За даа, энэ талаар ч улиг болтлоо ярьсан даа. Одоогоос 24 жилийн өмнө гэрээсээ гурвуулаа Барселоны олимпод оролцож нэгэн ховор амжилтын эзэд болцгоож байлаа. Би тухайн үед Испанийн М.Санчес, Нигерийн А.Аденкула нарыг цэвэр ялж БНСУ-ын Ким Жүн Шинд оноогоор ялагдаж наймдугаар байр эзэлж байсан бол манай хоёр Ц.Энхбаяр, Ц.Цогтбаяр нар бас л боломжийн барилдсан. Тэр хоёр маань дараа нь хоёр ч олимпийн наадамд өрсөлдөж үзсэн шүү. Миний дүү Ц.Цогтбаяр 1993 оны Торонтогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндэт шагналын эзэн болсон. Хэдийгээр түрүүлж чадаагүй ч түүний гаргасан барилдаан, ур чадварыг нь тухайн үеийн FILA буюу өнөөгийн UWW-гаас үнэлэн албан ёсоор дэлхийн шилдэг бөхөөр тодруулж байсан. Ингэж л Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд дэлхийн шилдэг бөх болсон цорын ганц бахдам амжилтын эзэн маань өнөөдөр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч хийж, Риод шуугиулахыг нь та бид харлаа шүү дээ.   

-Сүүлийн өдрүүдэд Г.Мандахнарангийн хүрэл медаль эзэндээ ирж магадгүй талаар шуугиад байна. Энэ талаар танд мэдэж дуулсан зүйл байна уу?

-Тэр талаар надад илүү мэдээлэл байхгүй. Яах аргагүй цэвэр луйвар болсныг бид бүхэн харсан шүү дээ. Барилдааны шүүлтийн хувьд манай бөхийг Дэлхийн Бөхийн Холбооны дүрмийн 33-р заалтанд байдаг “Барилдаан дуусахаас өмнөх 30 секунд дотор өрсөлдөгч бөхдөө барьц өгөхгүй зугтаж, идэвхигүй барилдвал шүүгчдийн бүрэлдэхүүн санал нэгтэйгээр нэг оноогоор торгох” гэсэн заалтын дагуу торгосон гээд байгаа. Гэтэл дэвжээний шүүгч эхлээд огтхон ч мэдэгдэлгүй шууд л торгочихсон. Нөгөөтэйгүүр том орнууд тухайлбал АНУ, Япон, ОХУ-ын бөхчүүд энэ байтугай зугатаж, барилдахгүй байсаар дуусгаж байхыг би нэг бус удаа дэргэдээс нь харж л байсан. Сая бол шүүгчид яах аргагүй Узбекстаны бөх Ихтиёр Наврузовыг дэмжиж байсан нь шөвгийн наймд Пуэрто Рикогийн бөх, ДАШТ-ний мөнгөн медальт Ф.Гоместой барилдахдаа шүүгчийн тусламжтайгаар 8-5-аар хожсоноос илэрхий харагдаж байсан. Тэгээд ч дээрх барилдааныг шүүсэн Гүржийн Темо Казарашвили, БНСУ-ын Чунг Тонг Кун, ОХУ-ын Сергей Новаковский нарын шүүгчдийн эрхийг түдгэлзүүлээд байгааг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга А.Сильвестри мэдэгдсэн л дээ.

Узбекстаны И.Наврузовын хувьд 2015 оны ДАШТ-д манай Г.Мандахнаран, сая түрүүлдэг ОХУ-ын С.Романов нарыг дараалан ялж, Италийн Чамизод дийлдэн мөнгөн медаль хүртэж байсан нэгэн байгаа юм. Гэтэл сая бол жинхэнэ луйвар хийж хүрэл медаль авч байна. Г.Мандахнарангийн хүрэл медалийг эргүүлж өгөх энэ тэрийг одоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ удахгүй Монголын чөлөөт бөхийн холбоо энэ асуудлыг хөндөж тавих байлгүй дээ.

-Та сая хамгийн түрүүнд хэд хоног амарна гэлээ. Хаана амрахаар төлөвлөж байна?

-Аа, хаана ч магадгүй. Хөдөө ч явж магадгүй. Гэхдээ нэг их удахгүй байхаа. Энэ жил манай “Алдар”-ын 70 жил болж байгаа гээд дараагийн ажлууд ундраад л гараад ирэх байх. Гэр бүлийнхээ хүнтэй зөвлөж байгаад болно доо. Удахгүй хүүхдүүдийн хичээл сургууль эхэлнэ гээд ажил их байна аа, хө.

-Ингэхэд таныг чөлөөт бөхтэй холбосон хүн хэн бэ. Өөрөө л яваад орчихсон юмуу? 

-Би 1984 онд цэрэгт татагдаж байлаа. Тэгээд удалгүй “Алдар”-ын цэрэг болсон. Бөхөд хөтөлсөн анхны багш маань 1960-аад оны Монгол Улсын шигшээ багийн хөнгөн жингийн бөхчүүдийн нэг, Олон улсын хэмжээний мастер н.Сүрэнжав гэж хүн байсан юм. Тэр буянтай хүний дэмжлэгээр "Найрамдал" клубт чөлөөт бөхтэй насны амьдралаа холбож их  спортод хөл тавьж байлаа. Тухайн үедээ нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээний 38 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртчихээд мөн ч их баярлаж байж билээ. Ингэж явсаар дараа оноос нь "Алдар" спорт хорооны тамирчин болж О.Оюунболд, А.Баатархүү, Н.Алтаншагай, Н.Баярсайхан, О.Энхтайван, нарын шилдэг бөхчүүдтэй бэлтгэл сургуулилтаа хамтдаа хийж амжилт гаргаж эхэлсэн дээ. 1988 оны олимпийн жилд зохион байгуулагдсан улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн ч, дээд жингийн шилдэг бөх Олон улсын хэмжээний мастер Б.Сүхбаатарыг Сөүлийн олимпод илгээж байсан. Харин түүний дараагийнх буюу 1992 оны Барселоны олимпод гэрээсээ гурвуулаа оролцож байлаа. За ингээд яриад байвал дуусахгүй шинжтэй. Хоёулаа ярилцлагаа өндөрлөх үү, хө. Хүмүүс хүлээгээд байна.

-За амралтаа сайхан өнгөрүүлээрэй?

-Баярлалаа найз минь. Дараа хоёулаа тухтай уулзана аа.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • kkk

      (139.5.216.65) 2016-08-25 22:24
      • 0
      • 0

      Haana tosood yaria avchib.Rio.d bgaan bishv.

      Хариулах

    • Зочин

      (110.165.133.226) 2016-08-25 18:31
      • 0
      • 0

      Одоо иим мундаг алдартай хүмүүс чөлөөт бөхийнхөө холбоог сийхгүй авч явнадоо. холбооны тэргүүн нь балкан Баяраа дэд нь Цогт баяр нарийн бичиг Пүрэвбаатар нар бол олон алт авах харагдаж байна. Бас бөхөө сайн мэддэг мундагаа мундаг .

      Хариулах

    • Зочин

      (112.160.44.120) 2016-08-25 17:31
      • 0
      • 0

      Bugdeeree sain baisaan beltgel bol yarilgui daan ch suulchiin heden horom yagaad ch uym bolohgui bausan shuu dee uul ni bugd l medaliin tuluu l yabsan 1 nd ni uym zaagaad 1 nd zaahgui baina gej uy baihab dee bugdeeree l adilhan beltgel sain baisan yasaniug ni zubhun uursduys ni sonsoh heregtei bugdeeree l ene 4 bagsh deeree beltgel surguuliltaa hiideg shuu dee

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.19) 2016-08-25 16:31
      • 0
      • 1

      өшөө л илүү баймаар байнаа Мандахнарангаас бусад нь бол үнэхээр муу байсан шүү .

      Хариулах

    • нямка

      (112.72.2.62) 2016-08-25 15:22
      • 0
      • 2

      чөлөөт чудо 2-т гадны дасгалчуулагч хэрэгтэй одооны дасгалчуулагч нар ньолимп дэлхиин аврага биш өөрсдийн хэжээнээс хэтрэхгүй байна

      Хариулах

    • зочин

      (202.5.196.65) 2016-08-25 12:04
      • 1
      • 1

      хар гутамшиг болгочихоод тэнэгтээд бай

      Хариулах

    • Зочин

      (103.57.92.94) 2016-08-25 21:12
      • 0
      • 0

      Wo

      Хариулах

    • Зочин

      (103.10.23.86) 2016-08-25 11:46
      • 0
      • 2

      ОЙДОВ ГЭЖ НЭГ МУНДАГ БӨХ БИ ТҮҮНЭЭС ЗӨВӨЛГӨӨ АВ

      Хариулах

    • Зочин

      (103.57.93.126) 2016-08-25 23:20
      • 0
      • 0

      Yag tiim shuu ug yaria ni tsegtsei yostoi mundag hun ene hunii zuvulguu bol unegui lekts l gesen ug

      Хариулах