МАН-ын Засгийн газар маньдаа мэдэгдэлгүй “Стэнд бай”-г сонгочихсон бололтой…

Twitter Print
2016 оны 08-р сар 23-нд 19:05 цагт
Мэдээний зураг,

2009 оны эдийн засгийн хямрал, түүнээс өмнөх хүндрэлүүд гээд Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн хүнд үед урьд нь 5 удаа авч хэрэгжүүлж байсан ОУВС-гаас ядуу буурай, эдийн засгийн хямралд автсан орнуудад олгодог маш хатуу болзолтой “Stand By” хөтөлбөрт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон МАН-ын Засгийн газар маньдаа мэдэгдэлгүй сэмхэн хамрагдчихсан бололтой юм. Засгийн газар, Сангийн яам, Монголбанк ч толгой мэдэн эдийн засаг санхүүгийн томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй, бүхнийг ОУВС-гийн хараа хяналт, зөвшөөрлийн дагуу хэрэгжүүлэх учиртай, санхүүгийн маш хатуу болзол шалгууртай “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар дээд зэргийн хэмнэлт гаргах, эдийн засгаа хумих, санхүүгийн маш чанга сахилга бат сахих шаардлагатай болж байна гэсэн үг юм. Тийм ч учраас Монголын ард түмэн гэдсээ тасартал тэлээгээ чангаруулах алхмыг тун удахгүй хэрэгжүүлж эхлэх нь тодорхой болж байна. Энэ ч үүднээс Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн барив.

Засгийн газраас энэ оны төсөв хүндрэлтэй байгаа учраас Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсны үндсэн дээр дараах өөрчлөлтүүд хийгдэхээр болжээ.

Тухайлбал, Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэх олгохоор тусгажээ. Харин үлдсэн 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж. 

Мөн хүүхэд харах үйлчилгээний төсвийг 906.2 сая төгрөгөөр бууруулж, цаашид Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулахаар болжээ. Түүнчлэн энэ хичээлийн жилд Засгийн газраас их дээд сургуульд суралцагч оюутны 70,200 төгрөгийн тэтгэлгийг олгохыг зогсоох асуудлыг төсвийн тодотголд оруулсан байна. Үүний зэрэгцээ оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцах унааны зардлын 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болохоор яригджээ.

Цаашлаад Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох асуудлыг ч тусгасан байна. 

Шинэ засгийн газар төсвийн тодотголын хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудын болон ТӨК-ийн захирлуудын цалинг 30-60 хувь бууруулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог журамд өөрчлөлт оруулахаар болжээ.  Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарахдаа ТАХ-д 1-12 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг л авах юм байна.

Үүнээс гадна шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтнуудтай дүйцэхүйц хэмжээгээр бууруулахаар болжээ. Одоогоор 519 шүүгчийн цалин буурах магадлалтай юм байна.

Ийнхүү дөрвөн жилийн давтамжтай хэрэгждэг Монголын төр засгийн дампуурсан, харалган шийдвэрүүд ард түмний амьдралыг улам л ядуурал гуйлгачлал руу түлхэж эхэллээ.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.140.218) 2016-08-24 10:43
      • 0
      • 0

      Ard tumen denduu haralgan , deer ni bas denduu hultsengui b na Sertsgee!!!! Tsemtsgee!!!Ene ihk hurliig taraaj zasgiin gazriig tatan buulgaya!!!!!

      Хариулах