Д.Наранбаатар: Монгол Улс бүх иргэнээ элэгний вирусын шинжилгээнд хамруулна

Twitter Print
2016 оны 08-р сар 22-нд 16:13 цагт
Мэдээний зураг,

Удирлагын академийн хойно байрлах “Оном сан” дээр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх сургаар явж очлоо. “Оном сан”-гийн байранд орвол сангийн ажилтнууд, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамрагдан шинжилгээ, эмчилгээнд орж элэгний В, С вируснээсээ салж амьдралын баяр жаргалыг эдэлж яваа эмчлүүлэгсдийн төлөөлөл гээд нэлээн олон хүн цугласан байлаа. Ингээд энэ өдрийн арга хэмжээ байтугай “Оном сан”-гийн Монголчууд руу хандсан энэ том буянтай үйлсийг санаачлан хэрэгжүүлэгч, “Оном сан”-гийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатартай уулзаж ярилцлаа. Элэгний В,С вирусийн халдвар тээн шаналж яваа зуугаар тогтохгүй мянган Монгол хүний хувьд амьдралын итгэл найдвар бэлэглэгч, эрхэм докторын яриаг таалан болгооно уу.

-Элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлэгч Монголчууд гурван жилийн өмнөөс л “Оном сан”-гийн тухай мэддэг болж үйл ажиллагааг нь ч талархан дэмжиж байгаа. Та бүхэн маш том зорилго тавин ажиллаж байгааг ч эхнээсээ дуулцгаасан. Та энэ бүхнийг санаачлагч, гардан хэрэгжүүлэгчийн хувьд яг хэдэн онд, ямар амжилтад хүрэх зорилготой байгаагаа тайлбарлаж өгөхгүй юу?

-Бид “Элэг бүтэн Монгол” эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг санаачилж, шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж чадлаа. Хамгийн товчхоноор энэ хөтөлбөрийнхөө зорилго, хэрэгжилтийг тайлбарлавал 2020 он гэхэд элэгний С вирусийн халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчилж эдгээн, элэгний С вирусийн голомтыг устгаж, халдварын тархалтыг үндсээр нь таслан зогсооно. Түүнчлэн 2020 он гэхэд В вирусийн дан халдвартай 65 мянган хүнийг вирусийн идэвжил дарангуйлах эмчилгээнд хамруулж, элэгний хорт хавдар, хатуурал болох магадлалыг эрс бууруулна. Мөн 2020 он гэхэд Монгол Улсын 15-аас дээш настай 2.2 сая иргэнийг түргэвчилсэн тест хэрэглэн элэгний В.С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж, мэдээллийн санд бүртгэж авна. Ингэснээр дэлхийн түүхэнд бүх хүн амаа бүхэлд нь элэгний вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан анхны улс болох юм. Хамгийн гол нь 2020 он гэхэд Монгол Улсын эрдэмтэд АНУ-ын дэлхийд алдартай Станфордын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дэлхийд тэргүүлэгч эрдэмтэдтэй хамтран элэгний хорт хавдрын эмчилгээнд хувьсгал хийнэ гэдгийг өөрөө тэр сургуулийг төгсч, өнөөдөр энэ том зорилгын төлөө ажиллаж яваа эрдэмтэн хүний хувьд батлан хэлэх байна. Дөрвөн жилийн дараа гэхэд Монгол Улс хүнд тусдаг хепатитын вирусүүдийн хамгийн хүнд хэлбэр болох элэгний Д вирусийн нэн шинэ эмчилгээтэй холбоотой судалгаагаар дэлхийд тэргүүлэгч орон болно. Түүнээс гадна дөрвөн жилийн дараа гэхэд элэгний В, С, Д вирусийн эсрэг эмчилгээтэй үнийн эмийг хамгийн бага болгон бууруулж, дэлхийд хамгийн хямд үнийг Монгол Улсад нэвтрүүлнэ. Түүнчлэн Монгол Улсын 11 мянган эмч, сувилагч, эм зүйч зэрэг эрүүл мэндийн салбарын ажилтнууд вируст хепатитын талаар цогц мэдлэгтэй болж бэлтгэгдэнэ. Тухайн үед Монгол Улсад элэгний В вирусийн архаг халдвартай ээжээс хүүхдэд халдах халдварыг 100 хувь таслан зогсоож, хойч үеэ эрсдлээс бүрэн хамгаалдаг болсон байна. Энэ бүхний үр дүнд Монгол Улсад элэгний хорт хавдар, хатуурлын нас баралт 50 хувь буурна. Энэ бол дэлхийд ч байхгүй гайхамшигтай үр дүн юм. Бид үүнийг 100 хувь хийж чадна.

-Таны ярианд АНУ-ын алдарт Станфордын их сургууль нэлээн хэд дурьдагдлаа. Та тэр сургуульд боловсрол эзэмшсэн үү?

-Тийм ээ. Би Говь-Алтай аймагт дунд сургууль дүүргээд дараа нь Станфордын их сургуулийн Анагаах ухааны салбарыг дүүргэж, докторын зэрэг хамгаалсан жирийн харц борчуудын л хүүхдүүдийн нэгэн. Манай “Оном сан” 2008 онд байгуулагдсан. Манай сан бол Монгол Улсын Эрүүл мэнд, Боловсролын салбарт хувьсгал хийж, Монгол хүний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэе, элэгний вирусийн халдвар, өвчлөлийн эсрэг тууштай ажиллая, энэ салбарыг дэлхийн жишигт хүргэе гэж байгуулагдсан ашгийн төлөө бус байгууллага юм. Монгол Улсын гэрэлт ирээдүйн баталгаа нь эрүүл, эрдэм боловсролтой Монгол хүн шүү дээ. Тийм ч учраас дээрх хоёр салбарт жинхэнэ шинэчлэл хийе, Эрүүл мэнд, Боловсролын салбарт үнийн хөөрөгдлийг арилгаж Монгол хүнийг баян ядуу гэж алагчлалгүй адил тэгш эрх чөлөө олгоё гэсэн зорилготой ажиллаж байна.

Элэгний В,С вируст хепаптитын халдвар, элэгний хорт хавдар, хатуурлын улмаас нас барж байгаа Монгол хүний тоо үнэхээр сэтгэл шимшрүүлэх хэмжээнд хүрчихээд байгаа нь бид бүхнийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой, маш том амжилтад хүрэх ёстой гэдэгт чиглүүлэгч хүчин зүйл болж байна. Өнөөдөр элэгний өвчинд нэрвэгдээгүй, аль нэгэн гишүүн нь энэ гашуун зовлонг амсаагүй Монгол гэр бүлийг олох бараг л боломжгүй нь үндэсний хэмжээний гамшиг юм.

Тухайлбал “Оном” сургуулийг үндэслэн байгуулагч миний аав, ээж хоёр хоёулаа элэгний С вирустай байсан. Аав, ээж хоёрынхоо дээрх вирусийг эмчилж, эдгэрүүлэхийн тулд миний бие АНУ-ын Үндэсний лаборторид ажиллаж байхдаа АНУ-д аваачиж шинжилгээ, эмчилгээнд хамруулсан. Үүний үр дүнд аавыгаа бүрэн эмчилж, цоо эрүүл болгож чадсан. Үүнээсээ урам зориг авч Монголчуудыг энэ зовлонгоос гэтэлгье гэж зориг шулуудан ажлаа эхэлж байлаа.

Одоо бол УИХ-д “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дэмжин хэрэгжүүлэх бүлэг нь байгуулагдаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаж 2020 он гэхэд элэгний В, С, Д вирусийн халдварыг төгс оношилж, бүрэн эмчилдэг болох нөхцөл бололцоо бүрдчихээд явж байна.

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр ямар үе шатуудаар хэрэгжих вэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан болохоор хөрөнгө санхүү, бусад дэмжлэгийн хувьд айх зүйлгүй болсон гэж ойлгож болох уу?

-Энэ хөтөлбөр маань дөрвөн дэд хөтөлбөртэй цогц хөтөлбөр байгаа юм. Урьдчилан сэргийлэлтийн, Эрт илрүүлэлтийн, Өвчтэй хүмүүсээ төгс эмчлэх, Судалгаа шинжилгээний гэсэн дөрвөн дэд хөтөлбөртэй байна. Хамгийн гол нь Эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээг цогц байдлаар төгс хийж байж бид энэ том зорилгоо бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно. Удахгүй УИХ-аар хэлэлцэн батлагдахаар бид энэ хөтөлбөрийнхөө зорилго, хүрэх амжилтын талаар ард түмэндээ тодорхой мэдээлэх болно. Хамгийн гол нь Монголчууд маань ирээдүйдээ итгэлтэй байж одооноос эрүүл мэндээ хайрлах хэрэгтэй. Дөрвөн жилийн дараа гэхэд Монгол хүний элэг цоо эрүүл байх бүх нөхцөл бололцоо бүрдсэн байна гэдэгт ард түмэн маань итгэж, тэр цагийг үзэхийн төлөө өнөөдрөөс элгээ хамгаалах хэрэгтэй гэдгийг энэ дашрамд хэлэхийг хүсч байна.

-Монголчууд элэгний В,С вирусээр ингэж их халдварлаж, элэгний хорт хавдар, хатуурал өвчнөөр нас барагсдынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх болсон нь 1950-1970-аад онуудад хийгдэж байсан “Улаан тариа”, олон удаа хэрэглэдэг тариураас үүдэлтэй гэх юм билээ. Эрдэмтэн хүний хувьд та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?  

-Ерөөсөө л элэгний өвчлөлийн үндсэн гол шалтгаан нь вирусийн халдвар шүү дээ. Монгол Улсын байгаль цаг уур хортойдоо юмуу, мах их иддэгтэй элэгний өвчлөл огт хамаагүй. Элэгний С вирус гэхэд л 1989 онд л Шинжлэх ухаанд нээгдэж, хор хөнөөл нь танигдсан вирус шүү дээ. Түүнээс өмнө Монголчууд элэгний С вирусийн талаар огтхон ч ойлголтгүй явж ирсэн. Анх элэгний С вирусийг цусаар дамжин халдварлаад байгааг огт мэдэхгүй, ойлгохгүй гараа л байн байн угаагаад байсан. Гэтэл үнэн хэрэгтээ өнөөдөр Монголчуудын хувьд жинхэнэ гамшиг болчихоод байгаа элэгний В,С вирус чинь таны сая дурдсан олон хэрэглэдэг тариураар халдварлаад байсан. Гэхдээ энэ гамшигийг ганцхан Монголчууд л туулсан юм биш, дэлхий даяараа л ийм байгаа. Яг өнөөдрийн байдлаар элэгний В,С, Д вирусийн халдвартай 400 орчим мянган Монгол хүн байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн тоо. Ийм их халдвартай хүмүүс байгаа болохоор элэгний өвчлөлөөр нас барж байгаа хүний тоогоор дэлхийд тэргүүлэх зэрэгтэй явж байна. Хамгийн харамсалтай нь сүүлийн үед Монголчуудын дунд элэгний вируст хепаптитын халдвар, өвчлөл улам бүр залуужиж В, Д вирусийн хам халдвартай залуучуудын тоо эрс нэмэгдэж байна. Одоо манай иргэд элэгний вирусийн хор хөнөөлийн талаар нэг үеэ бодвол нэлээн сайн цэгц ойлголттой болж байгаа нь эхний дэвшил юм. Дараагийн удаа жилд нэг удаа элэгний вирусийн шинжилгээнд хамрагдаж хэвших ёстой. Бидний зүгээс Монгол хүний Эрүүл мэндийн боловсролыг чанарын шинэ түвшинд гаргахыг чухал зорилт болгон ажлаа эхлээд явж байна.

-Та түрүүн “Оном” сургуулийн талаар дурдсан. Энэ ямар чиглэлээр сургалтай явуулдаг сургууль вэ?

-Манай сангийн дэргэд “Оном” бүрэн дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Бидний зүгээс Монгол хүний боловсролд тэргүүлэх ач холбогдол өгдөг. Баруун Европын юмуу, АНУ-ын боловсролын тогтолцоог тэр чигээр нь хуулбарлаж авч ирээд Монголд нутагшуулах, Монгол хүнийг тэдний уураг тархиар цэнэглэж аргагүй, болохгүй юм. Ийм учраас жинхэнэ ирээдүйн Монгол хүнийг бүх талаар хөгжүүлэх, нээж гаргах зорилготой, ашгийн бус “Оном” сургууль цэгцтэй үйл ажиллагаа явуулж байна. Манай сургуулийн хувьд Монгол Улсад хамгийн бага буюу жилд ердөө л 1.5 сая төгрөгийн төлбөртэйгөөр бүх төрлийн сургалт явуулж байгаа. “Оном” санг үндэслэн байгуулагчийн хувьд “Оном” сургуулиа Улаанбаатарт тэргүүлэх сургалттай гэж бардам хэлж чадна. Яагаад гэвэл манай сургууль хэдхэн сайн сурлагатай хүүхдийг шилж аваад сургалт явуулдаггүй. Бүх түвшний амьдралтай айлын хүүхдүүдийг алагчлалгүй сургуульдаа хамруулаад дээд зэргийн сургалт явуулж, жинхэнэ цогц мэдлэгтэй хүүхдүүд төгсгөн гаргаж байгаа нь л манай сургуулийн давуу тал, эрдэмтэн багш нарын маань ажлын гол үзүүлэлт юм. Манай сургууль Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, гадаад хэл, математик гэсэн таван үндсэн суурь дээр сургалтынхаа үйл ажиллагааг явуулж байна. Жишээлбэл инженерчлэлийн тал дээр л гэхэд миний бага дүү Д.Тулгабаатар Гэрийн автоматжуулалтын цогц систем зохион бүтээгээд Казакстан улсад борлуулах 6.5 сая ам. долларын гэрээ хийж ажил нь эхлээд явж байна. Энэ гэрээ л гэхэд Монгол хүн байгалиа ухаж биш, тархиа ухаж, оюуныхаа бүтээлээр ямар ч амжилтад хүрч болохын бодит жишээ юм. Манай дүүгийн компанид л гэхэд үнэхээр юуг ч хийж бүтээж чадах 30 гаруй инженер, техникийн баг ажиллаж байна.

-Танай “Элэгний төв”-д элэгний вируст хепаптитын шинжилгээг хамгийн хямд үнээр хийж байгаа гэсэн. Энэ талаар танилцуулахгүй юу?    

-Монгол Улсын халдварт өвчин судлалын хамгийн том төв болох Халдварт өвчин судлалын Үндэсний төвд элэгний хепатит вирусийн шинжилгээг 180 мянган төгрөгөөр хийж байгаа бол манай “Элэгний төв”-д хоёр дахин хямдаар буюу 90 мянган төгрөгөөр хийж байна. Бид ийм хямд үйлчилгээ үзүүлж байгаа ч хойшид үнэ ханшаа байнга буулгаж, Монгол хүний төлөө жинхэнэ утгаар ашгийн бусаар ажиллах болно. Бид “Оном” сургуулийн сурагчдыг дунд сургуулиас нь эхлээд “Элэгний төв” дээрээ дадлагажуулж, жинхэнэ Монгол хүний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах сэтгэл зүрхтэй, элэгний мэргэшсэн эмч нарыг бэлтгэх зорилготой ажиллаж байгаа нь цаанаа том зорилго агуулж байгаа юм. АНУ-ын Станфордын их сургуулийн Анагаах ухааны салбарыг төгсч, доктор хүртлээ явсан надад байгаагүй өргөн боломж, сайхан амьдралын үүд хаалга манай сургуулийн сурагчид гэлтгүй Монголын хойч үед нээлттэй байна. Гагцхүү хувь хүний хичээл зүтгэл, чин сэтгэл л хэрэгтэй.

-“Оном сан”-гийн Монголчуудын төлөө хийж байгаа гол ажлын нэг нь АНУ-аас элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй “Хармони” эмийг дэлхийн зах зээлийн үнээс хямдаар оруулан ирж олон арван мянга хүнийг хамруулаад байгаа ажил юм. Одоогоор энэ ажлын хамралт, үр дүн ямар түвшинд явна?

-Миний Станфордын Анагаах ухааны сургуульд сурч, гайгүй сайн төгссөний ач гавьяа л энэ ажил дээр гарч, гол хөдөлгөгч хүчин зүйл нь болсон юм. Энэ том асуудлыг Станфордын их сургуулийн хүрээлэл дотроо л шийдсэн. Учир нь Хармони эмийг үйлдвэрлэсэн “Гилеад Сайнсес” компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч нь манай Станфордын их сургуулийг төгссөн хүн байж таараад бид хоёрын нэг удаагийн санамсаргүй уулзалтаас өнөөдрийн энэ том ажил эхэлсэн түүхтэй. Бид хоёр Станфордын их сургууль дээр анх ярилцсан энэ ажил шат шатаа дамжиж явсаар 2014 оны зургаадугаар сард жинхэнэ ажил хэрэг болж эхэлсэн. Одоо бол эмийн үнийг улам бүр бууруулах талаар бид маш шаргуу ажиллаж байна. АНУ-ын талтай бүх талаар тохиролцож, нэг ёсондоо үүд хаалга нээгдчихээд байгаа. Хармонигийн ерөнхий нэршлийн эм нь орж ирээд 250 ам доллараар зарагдаж байгаа. Сарынх нь хэрэглээний үнэ 250 ам доллар байгааг тун удахгүй хямдруулах бүх тохиролцоо хийгдэж, гэрээ контрактаа байгуулчихсан. Энэ талаар бүх асуудал цэгцэрсний дараа ард түмэндээ зарлах болно. Ирэх есөн сард багтаагаад Хармонигийн ерөнхий нэршлийн эмийн үнэ хэрхэн яаж хямдарсан талаар олон нийтэд мэдээлнэ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд эмийн үнэ тодорхой хэмжээгээр буурна. Хойшид Эрүүл мэндийн даатгалд хамруулах талаар шуурхай ажиллаж байна, шинэ Засгийн газар, УИХ ч тун талархалтай дэмжиж байгаад бидний ажил их амжилттай, урамтай урагшилж байна. Тун удахгүй элэгний вирусийн эсрэг эмийн үнэ Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, ард олны маань нуруун дээрх ачаа ихээхэн хямдрах өдөр тун холгүй байгаа шүү. Ийм болохоор элэгний вирустай хүмүүс маань сэтгэл санаа өөдрөг, ирээдүйдээ итгэлтэй байгаарай.

-За танд их баярлалаа. Монголчуудынхаа төлөө ийм сайхан буянтай ажил хийж байгаа танай хамт олон их амжилт хүсч байна?   

-Танд ч гялайлаа. Монголчууд эвлэлдэн нэгдэж ирээдүйдээ итгэлтэй, зүтгэж тэмцэж чадвал юунд ч хүрч, юуг ч бүтээн байгуулах чадвартай, хийморьтой ард түмэн. Ганцхан ийм ухаантай, оюуны өндөр потенциалтай ард түмнийг зөв удирдан чиглүүлэх, Эрүүл мэнд, Боловсролын системийг чанарын цоо шинэ түвшинд хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Элэгний вирусийн шинжилгээг цаг алдалгүй өгч, аль болох эрт эмчүүлэх нь л хорт хавдар, хатуурлаар хорвоог орхихоос хүмүүсийг сэргийлэх үндсэн ганц найдвар юм. Монголын ард түмэн үүнд л гол анхаарлаа хандуулах цаг болсон. Бидний ажил ч энэ зорилгод л чиглэгдэж байна, баярлалаа. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.40.223) 2016-08-27 02:07
      • 0
      • 0

      Hamruulhaas iluu virusiin emchilgeeg hymdaar hiimeer bna.Tsuuhuulee shuu dee.

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.223) 2016-08-27 02:07
      • 0
      • 0

      Hamruulhaas iluu virusiin emchilgeeg hymdaar hiimeer bna.Tsuuhuulee shuu dee.

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.223) 2016-08-27 02:07
      • 0
      • 0

      Hamruulhaas iluu virusiin emchilgeeg hymdaar hiimeer bna.Tsuuhuulee shuu dee.

      Хариулах