Нөхөртэйгөө хамтарч нутаг нэгтнүүдээ худалддаг байсан монгол бүсгүйг эрэн сурвалжилж байна

Twitter Print
2014 оны 02-р сар 12-нд 15:04 цагт
Мэдээний зураг,
Эрэн сурвалжилж байна. АНУ-н иргэн Patrick Manaao-тай хамтран Монгол охидыг хил давуулан худалдаалах гэж байсан, мөн Монгол улсад хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл оруулан ирж байсан гэмт үйлдэлтэй тул энэхүү эмэгтэйг эрэн сурвалжилж байна. Мэдээлэл өгсөн хүнд шагналтай. Мэдээллийг чандлан хадгална. Цагдаагийн Ерөнхий газар. 102

Эрүүгийн цагдаагийн газрын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр АНУ-ын иргэн Маанао Патрик Иөрл нь Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газруудад тайчих үзүүлбэр үзүүлдэг монгол охидыг Номхон далайд орших Сайпан арал руу худалдаалах гэж байсныг илрүүлэв. Тэрбээр 2006 оноос хойш хэд хэдэн удаа Сайпан арал руу монгол охидыг хил давуулан худалдаалсан, хамтран амьдрагч Ө, түүний төрсөн дүү нарыг ч Сайпан арал руу тайчих үзүүлбэр үзүүлэх нэрээр гаргаж байсан талаараа мэдүүлэв.

Маанао Патрик Иөрл нь “Голден бридж” сургалтын төвийн багш хэмээн Боловсролын яамнаас өнгөрсөн наймдугаар сард зохиосон их дээд сургуулиудын багш нарын вакумжуулсан сургалтад англи хэл зааж байсан юм. Харин түүнийг наймдугаар сарын сүүлээр цагдаагийн албан хаагчид очиж сургалтаас баривчилсан. Тэрээр Америкийн тусгай албаны усан цэрэг байсан хэмээн ярьдаг байжээ.

Эрүүгийн цагдаагийн газрынхан охидыг Сайпан арал руу худалдаалахаар бэлтгэж байгаа талаарх мэдээллийг таван сарын хугацаанд баримтжуулсны эцэст сэжигтэй этгээдийг ийнхүү саатуулж байна. Түүний амьдарч байсан газарт үзлэг хийхэд цүнх, эд зүйлсээс нь Сайпан арал руу хил давуулахаар зэхэж, бэлтгэсэн 11 монгол охины бичиг баримтаас гадна шинээр таван охины визэнд орох материал, охидын нүцгэн фото зургууд олдсон. 

АНУ-ын иргэн Патрик нь өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн нийт 16 охины визний зураг, гадаад паспортын хуулбар, мөнгөө бэлэн өгөх бололцоотой хүмүүсээс тус бүр 1000 ам.долларын зардал авсан бол санхүүгийн бололцоо муутай охидыг очиж ажиллаж байгаад үлдсэн мөнгөө төлж болно хэмээн гэрээ хийж, Сайпан арал дээр үйл ажиллагаа явуулдаг “Кингс” гэх стриптиз клубт ажилд оруулах нэрээр хил давуулан худалдаалах гэж байсан нь тогтоогдоод байна. Хохирогчдын гаргасан мэдүүлгээр дээрх иргэн нь “Маш их хэмжээний мөнгө олж, цаашдаа баян эрэгтэйчүүдтэй танилцан амьдрах боломжтой” гэж ятгажээ. Тэрбээр хэдхэн хоногийн дараа буюу ирэх сарын эхээр АНУ-ын виза мэдүүлсэн дөрвөн охины хамтаар Сайпан арал руу гарахад бэлэн болоод байсныг ийнхүү таслан зогсоов. Хэргийг одоогийн байдлаар УМБГ-т шалгаж байгаа юм.

Цаашид эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг нуугдмал хохирогчдыг олж тогтоох, Сайпан арал болон Зүүн өмнөд Ази руу чиглэсэн хүн худалдаалах гэмт хэргийн урсгалыг саармагжуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.