Д.Цэдэвсүрэн: Москвагийн олимп, Ж.Гүррагчаагийн нислэгийг шууд дамжуулж байлаа…

Twitter Print
2016 оны 08-р сар 12-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Манай ажлыг зорьсоор нүүр дүүрэн мишээл тодруулсан нэгэн эрхэм “Танайхыг хайж төөрөөд” гэсээр амьсгаа өндөртэй орж ирсэн нь МҮОНРТ-ийн зөвлөх инженер, Радио, телевизийн дээд сургуулийн дэд профессор, Монголын телевиз, радиогийн техникийн шинэчлэлийн “Эх баригч” Д.Цэдэвсүрэн гуай байв. Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөнөөс дөрөвхөн жилийн дараа хуучнаар ЗХУ-д Цахилгаан Холбооны дээд сургуулийг Радио, телевизийн инженер мэргэжлээр төгсч ирсэн тэрээр жинхэнэ радио, телевизийн техникийн мэргэжлийн хүн. Бараг л Монголдоо “№1” гэж хэлэхэд маргах хүн цөөхөн болов уу. Ингээд Монголын Радио, телевизийн техникийн “Амьд архив” болсон түүнтэй хийсэн яриаг болгооно уу.

-За зуншлага сайхан уу. Таны нэрийг сонсоод “Арай уржигдархан Риогийн дэвжээнд жүдо бөхийн 63 кг-д хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Мөнхзаяагийн аав биш байгаа даа” гэж бодлоо шүү?

-Хэ хэ өөрийн тань тэгж бодох аргагүй. Манайхан бүгдээрээ зурагтаар жүдо үзээд сууж байсан чинь Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа гээд л гарсан чинь манай нэг ач “Хүүе өвөө таны охин юм уу” гээд нэг сүрхий асуусан чинь бид нар бүгдээрээ татаад уначихсан. Элгээ хөштөл инээсэн шүү. Уг нь Цэдэвсүрэн гэдэг миний нэр ер нь л ховор байдаг юм. Тэгтэл тэр сүрхий жүдоч, Монгол Улсын гавьяат тамирчин охины аав нь миний амьдаа байж таарсан.   

-Энэ өдрүүдэд Бразилын Рио де Жанейро хотод зуны олимпийн ХХХI наадам болж байна. Таны хувьд 36 жилийн өмнө Москвагийн олимпийн ХXII наадмыг сурвалжлах багийг ахалж явсан юм билээ. Тэр үеийн техник хэрэгсэл, телевизийн нэвтрүүлэг дамжуулах чадварыг одоогийнхтой ч харьцуулах аргагүй байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Ёстой л өдөр, шөнө хоёр шиг ялгаатай юм байхгүй юу. 1980 оны Москвагийн ХХII олимпд Монгол телевиз анх удаа өөрийн сурвалжлах багийг илгээж Монголын ард түмэнд үзүүлж байлаа. Уг багийн ахлагчаар ажиллах сайхан завшаан надад тохиосон юм. Би тэр үед Мэдээлэл, Радио, Телевизийн Улсын Хорооны Ерөнхий инженерээр ажиллаж байсан. Энэ зургийг Москвагийн Улаан талбайд 1980 оны наймдугаар сарын 05-ны өдөр буюу Рио Де Жанейрогийн Олимпоос яг 36 жилийн өмнө авахуулж байж.

Өнгөрсөн 36 жилийн дотор телевизийн техник тоног төхөөрөмж хүн сансарт ниссэн шиг л газраас тэнгэрт гартлаа хөгжсөн. Тухайн үед үүргийн буюу, зөөврийн камер огт гараагүй, бүх телевиз байрнаасаа хөдөлдөггүй, дор хаяж 40 кг түүнээс дээш жинтэй, асар бүдүүн кабелаар холбоотой суурин камертай байсан. Дүрс бичлэгийн техник гэхэд л хоёр дюймын буюу 5 см-ын өргөнтэй соронзон хальсан дээр бичдэг, бичлэгийн аппарат нь гэхэд л нэг тонн гаруй кг жинтэй асар том суурин төхөөрөмж байдаг байсан.

Бид Москвагийн олимпийг сурвалжлахаар явахдаа ямар ч техник хэрэгсэлгүй, нэг нь 10 кг жинтэй 10 ширхэг соронзон хальстай л Москваг зорьж байлаа. Тухайн үед Үндэсний телевизийн найруулагч С.Бадрах, МҮОХ-ноос бөхийн тайлбарлагч Х.Намшир бид гурав албан ёсны томилолт өвөртлөөд Москваг зорьж байлаа. Харин энэ зураг дээр байгаа хүмүүс бол манай багийнхан биш өөр ажлаар, өөр шугамаар Москвад очоод байсан хүмүүс юм. Тухайн үед камергүй учраас зураглаачгүй явж байсан. Бүх зургийг хуучнаар ЗХУ-ын телевизийн камер, зураглаачид аваад бидэнд өгдөг, бид шөнөжин сууж монтажлаад өглөө нь ОРТ-гын сансрын шугамаар Монгол руугаа цацчихаад хоёр гуравхан цаг унтаж амардаг байсан. Тухайн үед Варшавын гэрээний орнууд ОРТ-гын сансрын дамжуулах станцаар бүх нэвтрүүлэг, сурвалжлагаа цацдаг, тийм ч боломж гаргаж өгдөг байсан юм. Бидэнд Останкинод бичлэгийн өрөө гаргаад өгчихсөн захиалгаа өгөөд дамжуулах нэвтрүүлэг, сурвалжлагаа бэлддэг байв. Бид хальсаа аваачаад өгөөд аль тэмцээнийг бичих, ямар нэвтрүүлэг бэлдэх хүсэлтэй байгаагаа хэлдэг, Орос нөхөд маань түүнийг бичиж өгч түүнийг нь  бид янзалж, монтажилж эвлүүлээд Монгол руу явуулдаг байсан.

Тухайн үед чөлөөт бөх, сонгомол, жүдо бөхийг Х.Намшир маань бөх тайлбарлагчийн өрөөнөөс тайлбарладаг, түүнийг нь Орос нөхөд бичээд өгдөг байсан. Москва Улаанбаатар хоёр 5 цагийн зөрүүтэй болохоор ихэвчлэн шөнө ажилладаг, шөнийн хоёр цагаас дөрвөн цаг хүртэл хиймэл дагуул буюу Интерспутник сүлжээгээр бэлдсэн материалаа Монгол руугаа цацах хуваарьтай болохоор тэнд нь амжих гэж их ачаалалтай ажилладаг байсан. Тэгээд нэг юм өглөөгүүр бэлдсэн нэвтрүүлэг, сурвалжлагаа Монгол руугаа явуулчихаад зочид буудал руугаа явган нүцгэн очоод гурван цаг л унтдаг байсан даа. Учир нь өглөө найман цагаас тэмцээн уралдаан эхэлдэг байсан юм.

Тухайн үед Москвагийн олимпод 47 шиг санаж байна хамгийн олон тамирчин оролцож, өнөөдрийн Ардын багш, жүдогийн Ц.Дамдин, талийгаач Ж.Даваажав нар мөнгөн медаль, гавьяат тамирчин агсан Д.Оюунболд, жүдогийн Р.Даваадалай нар хүрэл медаль хүртэж байлаа.

Тэр үед интернет байхгүй, сошиал медиа гэж хэний ч санаанд ороогүй үе болохоор өнөөдрийн техниктэй харьцуулах ямар ч аргагүй, боломжгүй юм.

-Тахайн үед Москвагийн олимпийг хар цагаанаар үзэж байсан санагдах юм? 

-Тэгэлгүй яах вэ. Тухайн үед Секам гэдэг системээр өнгөт телевиз гарч байсан. Гэхдээ сансрын Интерспутник сүлжээгээр Монгол руу цацсан ч энд ирээд өнгөтэй гаргах техникийн боломж байгаагүй. Тухайн үед өглөөний нэвтрүүлэг байхгүй болохоор бидний урд шөнө нь дамжуулсан мэдээллийг Монголд дахин монтажилж дуу оруулаад орой нь цацдаг байсан. Гэхдээ ямар ч гэсэн Монголын ард түмэн бүх тамирчдынхаа тэмцээн уралдааныг ганц хоёр хоногийн зөрүүтэй үзсэн нь тухайн үедээ бас л дэвшил байсан юм шүү. 2004 онд ТВ-5 Афины олимпийг онцгой эрхтэйгээр анх удаа шууд дамжуулсан л гэдэг. Гэхдээ хамгийн анхных нь Москвагийн олимп гэж хэлж болох юм. Юм үнэнээрээ байх сайхан. Сүүлийн үед манай улстөрчид юм л бол “Монгол төрийн ой санамж муудлаа” гэж яриад нэг л сүрхий халаглаж, гасалсан хүмүүс байх болсон. Тэгвэл телевизийн салбарт бас л “Ой санамж муудчихсан” нь дээрх үйл явдал юм.

Монголын улстөрчид сонгуулиас сонгуулийн хооронд Монгол төрийн ой санамжийг муутгасан гай балаг нь улс орны эдийн засаг, санхүүг сүйрүүлээд зогсохгүй телевиз, радиогийн салбарт ч хар мөрөө үлдээж, техник тоног төхөөрөмж нь хуучирч, өнөөдөр арай ядан үүргээ гүйцэтгэсэн болж байгаа. Ер нь олон нийтэд тэнцвэртэй, үнэн бодит мэдээлэл дамжуулах үүрэгтэй телевиз, радио гээд бүх л мэдээллийн байгууллагуудын ой санамж муудах, хоцрогдох нь үндэсний хэмжээний гамшиг гэж би хэлнэ. Уг нь өнөөдөр янз бүрийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа энэ олон арилжааны телевизүүд маш баялаг архивтай, өнгөрснөө мэддэг, туршлага судалдаг, түүнийгээ цаг үргэлж баяжуулж үзэгчиддээ үе үе гаргаж үзүүлдэг, санаа оноогоо харилцан ярилцаж алдаа оноогоо дүгнэдэг, ой санамжаа сайжруулдаг баймаар байгаа юм. Гэтэл зөвхөн арилжаа наймаа, ашиг орлого л хөөцөлдөхөөс өөрөөр олигтой шинэчлэлт өөрчлөлт хийхгүй, техник тоног төхөөрөмжөө сайжруулж, дуу дүрсний жинхэнэ хувьсгал хийж чадахгүй, нэг ёсондоо орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхаж үнэндээ хүчрэхгүй байна. Уг нь телевизийн урлаг гэдэг бол сая Риод Д.Сумьяа мөнгөн медаль авч байхад зэрэгцүүлээд л 1980 онд Ц.Дамдин Москвад чухам яаж барилдаад мөнгөн медаль авч байсныг  үзүүлж, үзэгчдэд харьцуулалт хийх, алдаа оноог нь шүүн тунгаах боломж, бололцоо гаргаж өгч байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл өнөөдөр манай арилжааны телевизүүд тийм боломжгүй, чадваргүй байгаа нь эмгэнэлтэй. Энд мэдээж МҮОНТ архиваа алдчихсан нь голлон нөлөөлж байгаа нь тодорхой. Дүрс бичлэгийн технологиуд их хурдацтай өөрчдөгдөж байгаа болохоор хуучны бичлэгүүдийг сэргээх, дахин ашиглах боломжгүй болчихож байгаа нь бас их харамсалтай. Яг үнэндээ өнөөдөр МҮОНРТ гэхэд л сүүлийн 20-30 жилийн л архивын материалыг сэргээн үзүүлэх, нэвтрүүлэх боломжтой байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглэмээр үзүүлэлт мөн.  

-Таны хувьд 1971 онд хуучнаар ЗХУ-ын Одесс хотын Цахилгаан Холбооны дээд сургуулийг Радио, телевизийн техникийн инженер мэргэжлээр төгссөн Монголын анхны шахуу жинхэнэ телевиз, радиогийн техникийн хүн юм билээ. Одоо ингээд 45 жилийн дараа “Би 1990 оны үед сургуулиа төгсөж байсан бол техникийн ийм тийм гайхамшигтай дэвшлүүдийг нэвтрүүлэх байсан даа” гэсэн бодол төрдөг үү?  

-Ер нь бүх зүйл цаг үеийнхээ бүтээгдэхүүн байж, цаг үетэйгээ нягт холбоотой байдаг. Ямар ч техникийн хүн тухайн үеийнхээ хөгжлийн дээд талд нь л явж байх ёстой юм. Тэгэхээр надад тиймэрхүү харамсах ч юмуу сэтгэл төрдөггүй. Би ид хийж бүтээж явахдаа телевиз, радиогийн техникийн хөгжлийн нэлээн дээгүүр нь л яваад ирсэн гэж боддог. Одоо ч тэгтлээ хоцрогдчихсон гэж боддоггүй. Хэдийгээр техникийн хөгжил дэвшил цаг үе, хөгжлийнхөө түвшинг дагаж явдаг ч бид тэгтлээ их хоцрогдож дэлхийгээс сугараад үлдчихсэн зүйл байхгүй. Өнөөдрийн телевиз радиогийн техникийн хөгжил бол 30-40 жил хөгжиж ирсэн суурин дээр л тогтож байгаа юм. Ер нь  ямар ч дэвсгэргүй, анхдагчгүй хөгжил дэвшил, үсрэлт гэж байдаггүй. Жишээлбэл социализм байгаагүй бол бид гэнэтхэн нэг л өдөр өнөөдрийн ардчилал, зах зээл рүү үсрээд орчихоогүй шүү дээ. 30-аад жилийн өмнө Төв номын сангийн хойд ханан дээр “Капиталызмыг алгасч Коммунизмд” гэсэн зураг байдаг байсан. Тэр бол ёстой л үл гүйцэлдэх Утопи онол байсан л даа. Түүн шиг техникийн нэг дэвшлийг шууд алгасаад хоёр дахь, гурав дахь үеийн дэвшилд хүрнэ гэж огт байдаггүй юм. Тэгэхээр би туулж өнгөрүүлсэн, өнөөдөр туулж яваа амьдрал, ажил мэргэжилдээ харамсах зүйл байдаггүй.

-Таны туулсан амьдралын замналыг харахаар МРТУХ-нд техникчээс эхлээд Ерөнхий инженер, Техникийн төвийн захирал, 1993-1996 онд Улаанбаатар телевизийн захирал, 1996-1997 онд МҮТВ-ийн захирал, 1997-2000 онд Радио, телевизийн техникийн төвийн захирал, 2000-2005 онд РТХЭГ-т ахлах инженер, хамгийн сүүлд 2012-2015 онд “МNC” телевизэд Ерөнхий инженер, албаны дарга гээд дандаа л телевиз, радиогийн удирдлагад ажилласаар ирж. Энэ бүхнээс дүгнэлт хийвэл яах аргагүй Монголын телевиз радиогийн салбарын “Амьд архив” юм даа?

-Баярлалаа. Тийм ээ, миний ажил амьдралыг Монголын телевиз, радио мэдээллийн салбараас салгаж ойлгох ямар ч боломжгүй юм. Ярьвал маш их юм бий. Тоймтойгоос нь дурдвал радио, телевизийн техникийн шинэчлэлийн гурав дөрвөн үеийн заримыг нь өөрөө гардаж хийсэн, мөн заримыг нь удирдаж хийлгэсэн байх жишээтэй. Монголын радиод л гэхэд миний амьдралын найман жил өнгөрч бүх л студийнх нь тоног төхөөрөмжийг өөрийнхөө гараар шинэчилж суурилуулж байлаа. Дараа нь 1981 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр МҮТВ-ийг өнгөт технологид шилжүүлэх ажлыг биечлэн хэрэгжүүлж байлаа. Мөн Гандангийн дэнж дээр байгаа асар тос “Саарал байшин”-ийн зураг төслийг нь 1976 оны тавдугаар сард тэр үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүдээр хийлгэж, хамтран ажилласаар байгаад 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Саарал байшин”-гийнхаа түлхүүрийг би гардан авч байлаа. Тухайн үед миний бие МРТУХ-ны Ерөнхий инженер байсан. Яах аргагүй Ерөнхий инженерийн хийх гол ажил нь “Саарал байшин”-г барьж ашиглалтад оруулах байсан юм. Тэгээд л би ажлаа хийсэн. Мэдээж миний амьдралд бахархмаар, дурсмаар ажил үйлс маш олон бий. Тэр бүгдийг ярьвал их цаг орно. Хамгийн голоос нь дурдвал Москвагийн зуны ХХII олимпийн их наадмыг сурвалжлах багийн ахлагч, мөн 1981 оны гуравдугаар сарын 22-нд Монголын сансрын анхны нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын В.А.Жанибеков нарын түүхт нислэгийг Останкиногоос Монгол руу шууд дамжуулах багийн Техникийн удирдагчаар ажилласан гээд олон түүхт үйл явдалд биеэрээ оролцож, амьд гэрч нь болсноороо бахархаж явдаг. Сансрын нислэгийг Байконур, Останкиногоос шууд дамжуулах багийн ахлагчаар манай МҮТВ-ийн дарга байсан Чойжил агсан ажилласан юм.

Бид Москвад найм хонож Ж.Гүррагчаа баатрынхаа нислэгийг нээлтээс нь эхлээд шууд дамжуулж байлаа. Газраас хөөрөөд хязгааргүй сансрын орон зайд ороод “Союз” станцтай залгагдах хүртэл нь шууд дамжуулж байсан. Тэр үед ЗХУ-ын бүх радио болон телевизийн станц нэгэн зэрэг В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа нарын тэрхүү түүхэн нислэгийг шууд дамжуулж байхыг харахад үнэхээр бахархмаар, сүрдмээр байж билээ. Тухайн үед синхрон орчуулгатай орос, монгол хэлээр шууд дамжуулж байлаа. Тайлбарлагч нь л гэхэд манай Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нарантуяа оросын нэвтрүүлэгчтэй зэрэгцээд суучихсан зэрэг шахуу уншаад л, мөн ч сүртэй байсан даа.

Тухайн үед ЗХУ, БНМАУ-ыг холбосон “Теле мост” нэвтрүүлгийг анх удаа хийж, нэр төртэй ард нь гарч байлаа.

-Тэрхүү түүхт үйл явдлыг эргэн дурсахад Техникийн удирдагчийн хувьд таныг ихээхэн эр зориг гаргаж, Орос ах нартай зөрсөөр байгаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Д.Нарантуяагийн дуу хоолойгоор шууд нэвтрүүлгийг эхлүүлж байсан гэх юм билээ?  

-Тийм явдал болсон нь үнэн. Тэр бол яах аргагүй их ноцтой улстөрийн асуудал байсан юм. Дээгүүрээ Орос нэвтрүүлэгчээр шууд дамжуулалтыг эхлүүлнэ гээд тохиролцчихсон байсан юм билээ. Бид нартай тулж яриагүй болохоор нь жаахан уур хүрээд, тэгээд ч надад Орос хэлний проблем байхгүй юм чинь Оросуудтайгаа тулж эхэлсэн. Тэгэнгүүт  нөгөөдүүл маань бас эсэргүүцээд тэрүүхэндээ хөөрхөн улстөрийн маягийн тэмцэл өрнөж байгаа юм. Тэгэхээр нь би Оросын талын Ерөнхий редактор дээр нь тавиад орсон. Тэр үед сурвалжлах багийн дарга Чойжил маань газар дээрээс нь сурвалжилна гээд Байконурын сансрын нислэгийн бааз руу явчихсан болохоор бүх хариуцлага миний толгой дээр ирчихсэн байсан. Тэгээд Оросуудтайгаа үзэлцсээр байгаад дийлж нэвтрүүлэгч Д.Нарантуяагаар нээлтийн үгийг хэлүүлэхээр болтол бүр өндөр аваад Москвад суугаа БНМАУ-ын Элчин сайд Д.Готовын хэмжээнд хүрч байж сая нэг юм асуудал шийдэгдэж байлаа. 

Тухайн үед Орос ах нар их гүрний дээрэнгүй үзэл нэвт ханхлуулж байсан ч Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн сансарт хөөрсөн тухай хамгийн анхны мэдээллийг Монгол хэлээрээ шууд дамжуулж, тэр чухал асуудал дээр Монголчууд ямар ч гэсэн ялалт байгуулж байсан л юм даг. Тухайн үеийн тэрхүү эгзэгтэй асуудлыг одоо ч гэсэн Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нарантуяа дурсан ярьж л байдаг юм.

-Мэдээж НАТО болон Варшавын гэрээний орнууд хүйтэн дайны уур амьсгалтай байх үед Монголын малчин ардын хүү сансарт ниссэн тэрхүү түүхэн чухал үйл явдлыг сурвалжлахаар Москва руу их олон хүн явж байсан байх даа?  

-Тэгсэн. Их олон хүн явсан юм даг. Тоог нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Дөч, тавин хүн л лав явсан байх. Миний санаж байгаагаар нэвтрүүлэг­чээр нь Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нарантуяа, найруулагчаар Ц.Пунсаа нар явсан. Санхүү, аж ахуйн албаныхан ч явсан. Шууд нэвтрүүлгийг хүргэхэд хамтран ажиллаж байгаа Зөвлөлтийн нөхдөдөө өгөх бэлэг дурсгалын зүйл гээд баахан юм авч явсан.  Манай багийнхан "Останкино" буюу Москвагийн төв телевиз дээр байрлаж байлаа шүү дээ. Ардын уран зо­хиолч Ш.Сүрэнжав гуай нис­лэгийн үйл явцыг шууд тайлбарлан хүргэж байсныг манайхан мэднэ. Мань хүн тухайн үед Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурч байсан. Орчуу­лагчаар МОНЦАМЭ агентла­гийн н.Чагдар гэж хүн явсан. Муу орчуулж байна гэж загнуулаад л. Оросын тайл­бар­лагчийн шууд нэвтрүүлгийн текс­тийг харж үзэл­гүй­гээр сонсоод шууд орчуулна гэдэг төвөгтэй л дээ. Чагдар гуайн загнуулж, муугаараа дуудуулах нь ч аргагүй юм. Манай Ш.Сүрэнжав гуайн тайлбарыг Оросын орчуу­лагч хэрхэн яаж хүргэж байс­ныг мэдэхгүй байна. Ш.Сүрэнжав гуай бол урьдчилж бэлдсэн зүйлгүй, ёстой яруу найрагчийнхаа авьяас онгодоор л урсгаад байсан. Оросын орчуулагч буурал толгойтой бу­риад нөхөр байсан санагдана.

-Монгол хүн сансарт ниссэн түүхэн үял явдлын гэрч болж, сурвалжлах багийн Техникийн удирдагчаар ажилласан нь хэр баргийн хүнд тохиохгүй азтай хувь заяа шүү?

-Тэгэлгүй яах вэ. Энэ бол маш том хувь заяа, амьдралын маань хамгийн их азтай учрал тохиолын нэг байгаа юм. Тэгээд ч энэ сайхан түүхэн үйл хэрэгт оролцож байсныг минь Монголын засаг төр үнэлж 2011 онд Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойгоор төрийн дээд Алтангадас одонгоор энгэрийг минь мялаасанд бэлгэшээж явдаг.

-Төрийн гавьяа шагнал гэснээс та сар гаруйхны өмнө буюу Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 805, Ардын хувьсгалын 95 Үндэсний их баяр наадмын өмнөхөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Энэ бол Монголын Радио, телевизийн хөгжилд оруулсан таны 45 жилийн их хөдөлмөрийг Монголын төр үнэлсэн үнэлгээ байх даа?   

-Тэгэлгүй яах вэ. Би төр засгийнхаа энэхүү хайр хүндэтгэлийг үнэхээр их баярлан догдолж хүлээж авсан. Би чинь өнөөдөр насныхаа амралтад суучихсан хүн л дээ. Тэглээ гээд манай МҮОНРТ-ийн хамт олон намайг огтхон ч марталгүй төр засагт үнэлүүлэх тодорхойлолт гаргаж өгснөөр энэ өндөр хайр шагналыг хүртсэн. Ер нь хүн гэдэг урмаар сэргэж, ажил амьдралын өндөрлөг рүү зүтгэж явдаг амьтан. Ямар ч хүн насныхаа амьдрал, ажил хөдөлмөрөө төр засгаараа үнэлүүлж, дүгнүүлэхийг хүсдэг нь тодорхой шүү дээ. Миний хувьд 45 жил буюу амьдралын маань талаас илүү хувь нь Монголын Радио, телевизийн техникийн хөгжил дэвшлийн төлөө зориулагдсан байна. Өнөөдөр ч би МҮОНРТ-тэй гэрээтэй ажиллаж, шинэ залуу үедээ багшилж явна. Хувь хүн ямарч эрдэм сурлаа гэсэн, хэчнээн их туршлага хуримтлууллаа гэсэн түүнийгээ хойч залуу үе болон бусдад түгээн дамжуулахгүй юм бол тухайн хүний сурсан бүхэн юу ч биш, ямар ч эрдэм мэдлэг биш байдаг юм байна лээ. Ж.Бадрууган агсны үүсгэн байгуулсан Радио, телевизийн дээд сургуулийг хүмүүс сайн мэдэх байх. Одоо энэ “Монголын мэдээ” сувгийн захирал Ц.Мөнхтөр ч Радио, телевизийн дээд сургуулийг үүсгэн байгуулагчдын нэгэн юм шүү дээ. Намайг МҮТВ-ийн захирал байхад буюу 1996 оны 10 дугаар сард нээлтээ хийж байсан сургуулийн маань 20 жилийн ой ирэх намар болно.

Би тэр үед МҮТВ-ийн захирал байсныхаа хувьд бид бүхэн “Өвгөн Бетакам” гэж нэрлэдэг хуучин тоног төхөөрөмж бэлэглэж анхны технологитой нь залгуулж байлаа. Би тэр сургуульд зургаан жил Инженер, техникийн тэнхмийн эрхлэгчээр ажиллаж, 100 гаруй инженер техникийн ажилтан бэлтгэн гаргасан.  Ер нь Монгол Улсын хаана ч, аль ч телевизэд яваад орсон миний шавь нар сууж л байдагт, “Багш аа” гээд уулздагт их бахархаж явдаг.  Энэ хорвоод багшгүй хүн гэж байхгүй. Тэр утгаараа энэ толгой дотор байгаагаа, сурсан мэдсэнээ аль болох олон хүнд түгээж, зааж сургаж явбал төдий чинээ өөрийн тань буян арвижиж, өөрөө ч дахин боловсорч, улам л мэдлэг тань тэлж хөгжиж байдаг гэсэн бурхан багшийн сургааль хүртэл байдаг.

-Та одоо хаана харьяалагдаж, ямар ажил хашиж байна?

-2012 оны нэгдүгээр сарын 1-нээс мэдээ, мэдээллийн “МNC” телевизийг Ц.Мөнхтөр захирал бид хоёр үүсгэн байгуулж, би бүх л техник тоног төхөөрөмжийг нь суурилуулж үйл ажиллагааг нь эхлүүлж байсан бол өнөөдөр энэ телевиз мэдээллийн орон зайд өөрийн гэсэн өнгө төрхтэй болсон байна. Тэнд Ерөнхий инженерээр гурван жил ажиллаад өөрийнхөө шавьд ажлаа хүлээлгэж өгсөн. Одоо бол үндсэндээ чөлөөт уран бүтээлч маягаар энд тэнд багшилж, завсар зайгаар нь Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээ байгуулан Монголын телевизүүдэд нэгдсэн стандарт боловсруулах ажилд гар бие оролцоод явж байна. Телевизийн салбарт стандарт гэдэг бол техникийн талын дээд хууль байх ёстой юм. Өнгөрсөн оны суулчээр тоон телевизийн стандартыг боловсруулж батлуулсан байгаа. Яг одоогоор телевизийн хэмжилт, тохируулгын тоног төхөөрөмжийн нэгдсэн стандарт дээр ажиллаж байна. Өнөөдөр энэ олон телевиз гарч байгаа ч дуу, дүрсний нягтаршил гээд нэгдсэн стандарт огт мөрдөхгүй, ёстой жинхэнэ дур зоргоороо аашилж, үзэгч сонсогчдыг молигодох нь хэрээс хэтэрч байгаа. Энэ бүхнийг яаралтай нэгдсэн нэг стандартад оруулах ёстой юм. Та бүхэн анзаардаг бол зурагтын суваг сольж байтал гэнэтхэн чихний хэнгэрэг хагалмаар орилж чарлах юмуу, үгүй бол гэнэтхэн жигтэйхэн бүрсгэр, нягтаршил байхгүй дүрстэй телевиз гараад ирдэг. Энэ бол үзэгчдийн мэдлэг багатай, телевизийн дуу дүрсний талаар гомдол мэдүүлээд байдаггүйтэй шууд холбоотойгоор арилжааны телевизүүд ажлаа оромдож байгаагийн тодорхой нотолгоо юм. Уг нь дуу дүрсний бүх хэмжээ, стандартыг хэмждэг багаж, праметртэй юм шүү дээ. Тэрүүгээр хэмжээд л гаргаад ирдэг. Дагаж мөрдөх баримт бичиг, стандартгүйгээр аливаа телевизүүд дуу дүрсний өндөр нягтаршил, чанарын тухай яриад ямар ч утгагүй юм. Энэ олон телевиз, дахин дамжуулах станцуудад дуу дүрсний нэгдсэн стандарт мөрдүүлэх, хэрвээ дагаж мөрдөхгүй дур зоргоороо авирлаад байвал эрхийг нь хасч, мэдээллийн орон зайгаас холдуулах ёстой юм. Тэгж байж цэвэр шударга өрсөлдөөн, өндөр чанар, ёс суртахууны тухай ярих боломжтой болно. Хамгийн гол нь зүгээр нэг ганц хоёр өрөө аваад ганц нэг камер зоочихоод л “Би телевиз байгуулчихлаа” гэж ханхалзаад байж огхон ч таарахгүй, болохгүй. Дэлхийн нийтийн жишигт хүрсэн стандарттай байж гэмээнэ жинхэнэ дуу дүрсний өндөр нягтаршилтай, үзэгчдийн хүсэл таашаалд нийцсэн телевизийн тухай ярьж болно.

-Өнөөдөр Монголын өнцаг булан бүр тоон системд 100 хувь шилжиж чадсан уу?  

-Ямар юмаа чаддаг юм. Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга байсан Ц.Жадамбаа гэдэг нөхөр “2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр анологи өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлж дуусгана” гэж баахан үлгэр ярьсаар байгаад бүтсэн ч юм байхгүй дуусч байна. Та нар бод л доо. Манай МҮОНТ-ийн нэгдүгээр суваг л гэхэд өнөөдөр ч анологиор л явж байна шүү дээ. Өнөөдөр улс цалингаа тавих мөнгөгүй гээд Сангийн сайд болсон Б.Чойжилсүрэн гэгч яриад байна. Ийм нөхцөлд телевизийг тоон системд шилжүүлнэ гэдэг яагаад ч бүтэхгүй. Энэ “НD” телевизийн тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулахад их мөнгө шаардлагатай. Гэтэл юу яасан тэр мөнгө нь Монгол Улсад алга. Тэнд ажиллах мэргэжлийн боловсон хүчин нь ч байхгүй. Тэгэхээр одоохондоо телевизийн тоон системд улс даяар шилжих тухай яриад ямар хэрэггүй, бүтэхгүй зүйл юм. Өнөөдөр энэ олон арилжааны телевизүүд бараг бүгдээрээ эфирийнхээ ард “HD” гэсэн тэмдэг тавьчихсан л харагддаг. Үнэн хэрэгтээ тэр нь шал худлаа, үзэгчдийг хуурсан заль шүү дээ. Ихэнх нь хагас “HD” мөртлөө бүтэн юм шиг л тэмдэг тавьчихдаг болж. Тийм хагас, завсрын “HD” технологи гарчихсан байхгүй юу. За яах вэ студийнх нь тоног төхөөрөмж  “НD” байж болох юм. Гэтэл дамжуулах техник нь “HD” байж чадахгүй байгаа юм. Одоо жишээ нь лагерь дээр бол “SD”-ээр л цацаж байгаа. Энэ бол студиэс “HD”-ээр цацсан нэвтрүүлгийг дамжуулах станц нь “SD” болгож, чанарын хувьд нэг түвшин доошлуулаад үзэгчдэд хүргэж байна гэсэн үг юм. Дамжуулах зурвас, хязгаарт байж болохоос олон суваг нэвтрүүлэг цацаж, нэг ёсондоо хэмжээнээс хэтэрхий олон телевиз гарч байгаа учир технологи зөрчилдөж, мөргөлдөж байна. Мэдээж энд  технологийн заль мэх, бусдынхаа юмыг дээрэмдэх, хулгайлах гээд асар их будлиан бий. Энгийн үзэгч бол тэдгээрийг огтхон ч гадарлахгүй, мэдэхгүй. Өнгөрсөн дөрвөн жилд Монголын алслагдсан хөдөө орон нутгуудын 300 орчим цэгт 16 сувгаар тоон телевизиз цацах дахин дамжуулах станц байгуулсан. Тэр бол үнэгүй үзэх сувгууд шүү дээ. Гэтэл өнөөдөр “D Dish TV” гээд бүгдээрээ үзэгчдийн халаасыг ухсан, дандаа ашгийг төлөө хувийн компаниуд төлбөртэй эфир цацаж, телевизийн орон зайд бохир өрсөлдөөн өрнүүлж байна. Уг нь Монголын төр газар сайгүй  үнэ төлбөргүй телевизийн эфир цацах ёстой, үүрэгтэй юм. Гэтэл өнөөдөр маш хязгаарлагдмал хүрээнд 16 орчим телевизийн нэвтрүүлгийг хагас дутуу цацсан болж байна. Монголын радио мөн л ялгаагүй сүйрч байгаа. Яагаад гэвэл тун удахгүй Хонхорын дамжуулах станц ажиллахгүй болж таг зогсоно. Хонхорын өргөн нэвтрүүлгийн станц бол 1960-1970 оны хуучнаар ЗХУ-ын тоног төхөөрөмж шүү дээ. Одоо сэлбэг хэрэгсэл нь ч олдохгүй болсон. Товчхондоо Монголын Радиогийн түүх Хонхорын өргөн нэвтрүүлгийн станцтайгаа цуг алга болж, хэдэн  “”FM” радио л үлдэх бололтой. 2003 онд Японы тусламжаар Хонхор, Мөрөн, Говь-Алтайд богино долгионы гурван станц тавигдсанаас өөрөөр радиогийн салбарт хийгдсэн техникийн шинэчлэлт, өөрчлөлт юу ч байгүй. Яг үнэндээ өнөөдөр Хонхорын дамжуулах станц өнөө маргаашгүй үүд хаалгаа хааж, таг зогсоно. Тэгэхээр Монголын радиогийн ирээдүй таг харанхуй байна гэсэн үг. МОҮНРТ өнөөдрийн байдлаар төр засагт ямар ч хамаагүй болчихоод байгаа ч улстөрчид өөрсдийнхөө төлөө ажиллуулж, ялсан намын далбаан дор явсаар байгаа нь гашуун үнэн. Өнөөдөр Ц.Оюундарь захирал 36 сарын гэрээтэй ажиллаж байгаа, гэрээнийх нь хугацаа дуусахад 16 сар үлдээд байгаа ч өнгөрсөн сонгуульд хэтэрхий итгэмгүй ялалт байгуулсан МАН-ынхан цааш ажиллуулах ч юмуу, ажлыг нь булаагаад авах ч юмуу мэдэхгүй л байна шүү дээ. Товчхондоо 45 жил амьдралаа зориулсан болохоор энэ мэтчилэн МҮОНРТ-ийнхээ талаар санаа зовж л явах юм даа.

-За бид хоёрын яриа өндөрлөж байна. Манайхыг зорин ирж дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд гялайлаа?

-Өөрт чинь ч баярлалаа. Миний хувьд танай сайтын байнгын уншигчийн хувьд улам сайхан мэдээлэл байнга оруулж байгаарай гээд ажлын их амжилт хүсч байна. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.