Олимпийн наадамд Монголоо дуурсгасан мөч

Twitter Print
2016 оны 08-р сар 12-нд 08:36 цагт
Мэдээний зураг,

Дандаа л медаль хүртэх юм шиг бодоод яахав. Спорт гэдэг ялж, ялагдах торгон агшин дээр тогтдог. Анх Н.Түвшинбаяр 2007 оны Азийн аваргаас мөнгөн медаль хүртэн ирээдүйтэй бөх гэдгээ харуулсан. Үүнээс нэг жилийн дараа болсон “Бээжин 2008” зуны Олимпийн их наадамд эх орноо төлөөлөн оролцож эхний тойрогт Олимп, дэлхийн аварга Японы К.Сүзүкитэй оноолт таарсан. Энэхүү барилдаанд өрсөлдөгчөө цэвэр хожиж аварга болох замаа зассан юм. Улмаар хагас шигшээд Азербайжаны бөхийг нэмэлт цагт юүко үнэлгээгээр, шигшээ барилдаанд Казахстаны А.Житкевыг ваза-ари үнэлгээгээр ялж Олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн.

Дараа нь Дэлхийн аваргын тэмцээнд хэд хэдэн удаа оролцсон ч медаль хүртэж амжаагүй манай бөх Олимпийн одтой бөх гэдгээ харуулж 2012 онд Лондон хотод болсон их наадамд финалдаж мөнгөн медаль хүртсэн аж. Тэр жил үнэхээр бэлтгэл сайн байсан ч мөнгөн медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөхтэй учраа таарч барилдааны явцад хүнд бэртэл авсан. Гэвч бэртлийн улмаас барилдааныг орхилгүй цаг дуусгаж Олимпийн хошой медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж түүхэнд тодоор бичигдэн үлдсэн юм. Лондонгийн татамигийн эхний тойрогт Тайландын Т.Хомкинг цэвэр, хоёрт Францын Т.Фабиаг цэвэр, шөвгийн наймд Узбекистаны Р.Сайдовыг цэвэр савж байсныг бид мартаагүй.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр тивийн аваргын тэмцээнд “Кувейт 2007”-гоос мөнгө, “Чежү 2008”, “Абу Даби 2011”-ээс хүрэл, 2014 БНСУ-ын Инчон хотод болсон Азийн наадмаас алтан медаль авсан. Мөн өнгөрсөн оны багийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Ийм л аварга бидний дундаас төрөн гарсан. Өнөөдөр Кубын бөхөд ялагдсан ч дээрх ялалт, медаль, асгаруулсан хөлс, хичээл зүтгэлийг нь бид хэзээ ч мартахгүй.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.