Вилло Белгер: Германчуудад Монголчуудаас сурах зүйл их бий

Twitter Print
2016 оны 08-р сар 11-нд 18:17 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, ХАХНХ-ын сайд асан С.Эрдэнэ Баянгол дүүргийн Засаг дарга байхдаа Берлиний Шенефельд дүүрэгтэй түншийн харилцаа тогтоосноос хойш 18 жил өнгөрч байгаа аж. Өнгөрсөн хугацаанд ХБНГУ-ын нийслэл Берлин хотын Шенефельд болон Улаанбаатар хотын Баянгол дүүргийн түншийн харилцаа жинхэнэ утгаараа өргөжин хөгжиж, Баянгол дүүргийн 38 дугаар сургууль, Баянгол дүүргийн олон аж ахуйн нэгжүүд Шенефельд дүүргийн харамгүй тусламжийг хүртсээр иржээ. Өнөөдөр хуучин Тээврийн товчооны ойролцоох нэгэн жижгэвтэр ресторанд Герман, Монгол түншүүдийн халуун дотно уулзалт болж, Монголд дөрөв дэх удаагаа зочилж байгаа Шенефельд дүүргийн иргэн Вилло Белгер гуай болон Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн 4-р хорооны Засаг дарга Д.Дорждулам болон Монголын мэргэжлийн боксчин Г.Баяртогтох нарын ажил хэргийн уулзалтын үеэр доорх ярилцлагыг хийлээ.

-Вилло Белгер гуай та Монголд хэд дэх удаагаа ирж байна?

-Би өмнө нь гурван удаа Монголд ирж байсан. Ирэх болгонд Улаанбаатар хот танигдахын аргагүй өөрчөгдөн хөгжиж байгаад сэтгэл тун ханамжтай байдаг. Хамгийн гол нь танай улсын хөгжил цэцэглэлтээс илүүтэй Монгол хүний эвдрээгүй зочломтгой найрсаг сайхан зан, байгаагаараа байдаг үнэнч сэтгэл намайг Улаанбаатар руу татаж чангаагаад байдаг юм. Би Монголчуудад хайртай. Тэгээд ч тэтгэврийн өвгөн надад ингээд дуртай газраа ирээд аялж, амраад явж байх нь жаргалтай байдаг.

-Та Монголын мэргэжлийн боксчдод тусалж дэмжих сонирхолтой байгаа гэсэн. Энэ талаараа танилцуулахгүй юу?

-Тийм ээ. Монгол хүний тэвчээртэй, шазруун занг сайн мэддэгийн хувьд ирээдүйтэй, чадалтай залуусыг дэмжье гэж шийдсэн. Манайх гэр бүлийн ресторан ажиллуулдаг. Бас сарын өмнө  Берлин хотод фитнес, мэргэжлийн боксын клубээ нээсэн. Миний нэг сайн найз мэргэжлийн боксын олон удаагийн дэлхийн аварга, проуметр хүн “Монголоос ирээдүйтэй сайн залуучууд байвал олоод ирээрэй” гэж захисан юм. Өмнө нь мэргэжлийн боксын дэлхийн аварга төрүүлж байсан туршлагадаа тулгуурлан Монголоос олон залуу ирээдүйтэй боксчин төрүүлнэ, дэлхийд шуугиулна гэдэгтээ ч ихээхэн итгэлтэй байгаа нь ойлгомжтой. Би ч найздаа тусалж өөрөө ч энэ ажилд гар бие оролцож хөрөнгө санхүүгээр туслах болно.    

-Таны клубт өнөөдөр хэдэн мэргэжлийн боксчин бэлтгэл хийж байгаа вэ?  

-Ирэх 10 дугаар сард анхынхаа тэмцээнийг зохион байгуулна. Тэр тэмцээнд Монголоос мэргэжлийн боксчид оруулах нь миний эхний зорилго. Өнөөдрийн энэ уулзалт их ажил хэрэгч, үр дүнтэй болж байгаа учир бидний яриа бүтэмжтэй байх нь дамжиггүй.

-Монголчууд төв Азийн нүүдэлчин угсаатай хүмүүс. Энэ өргөн уудам нутагт гуравхан сая Монголчууд эрх тааваараа амьдардаг. Тийм ч болохоор Монголчуудын цусанд хэнэггүй, тайван, цаг барьдаггүй нь хэвшил болоод тогтчихсон байдаг. Энэ нь бүхнийг яв цав хийгээд сурчихсан Герман хүмүүст хүндрэлтэй санагддаг уу?

-Тийм ээ. Анх Монголд ирээд түншүүдтэйгээ өглөөний 09 цагт уулзахаар товлотол нөгөөдүүл маань 11:00 цаг өнгөрөөгөөд ирэхэд тун их гайхаж, бас багагүй бухимдаж байснаа санаж байна. Одоо бол Монголчуудын энэ зан харин ч надад таалагддаг болсон. Учир нь Германд ямар нэг хүнтэй уулзахаас өмнө заавал мэдэгдэж, цаг тохирч бөөн юм болж байж нэг юм уулздаг. Харин Улаанбаатарт хүнтэй уулзахаар болвол хэзээ ч хамаагүй, шуудхан очоод өрөөнд яваад орж болдог нь үнэхээр сайхан. Энэ зан чанараас Германчууд бид суралцах ёстой санагддаг.

-Та тэтгэвэрт гарсан гэсэн. Их овор багатай харагдаж байна шүү?

-Баярлалаа. Монгол хүний энэ шулуухан халуун дулаан яриа, зан чанар үнэхээр сайхан санагддаг. Би 1940 оны 5 дугаар сарын 14 төрсөн, энэ жил 76 настай өвгөн байна.

-Танай гэр бүл хэзээнээс рестораны бизнес эрхэлсэн бэ. Германдаа нэлээн чинээлэг гэр бүлд тооцогдох уу?

-Би 1970 оноос рестораны бизнес эрхэлсэн. Тэгээд 1997 оноос хойш Монгол Улстай хамтран ажиллаж байгаа. Монголын төлөөлөгчид олон удаа манайд зочлон очиж манайд байрлаж, амарч ажлаа бүтээгээд буцдаг. Харин 1998 оноос хойш Баянгол дүүрэгтэй түншийн харилцаатай ажиллаж байна. 2002 оноос хойш Баянгол дүүргийн 38 дугаар сургуультай түншийн холбоотой ажиллаж, зуны амралтаар нь хүүхдүүдийг аваачиж амраадаг. Би Монгол хүмүүстэй хамтран ажиллаж байгаадаа их баяртай байдаг. Монгол хүн их хүнлэг, найрсаг итгэл даах хүмүүс байдаг.

-Вилло Белгер гуай та ямар шалгуураар Монголын залуучууд мэргэжлийн бокст амжилт гаргана гэж бодсон бэ?

-Хамгийн гол нь Монгол бол Европ биш. Хүмүүсийнх нь зан ааш эвдрээгүй, яг л энэ сайхан онгон дагшин байгаль шигээ өнөөдрийг хүртэл хадгалагдаж үлдсэн нь надад үнэхээр гайхалтай санагддаг. Монгол Улс гайхалтай хурдан хөгжиж байгаа шигээ Монголын залуучуудад маш их нөөц бололцоо, төрөлхийн дайчин чанар байдаг нь их ирээдүйтэй гэдгийг нь харуулдаг. Энэ бол маш чухал чанар. Монголчууд хэзээ ч хаалгаа түгждэггүй, үргэлж нээлттэй, инээмсэглэн угтдаг нь маш гайхалтай. Монголчууд Берлинд очвол манай “Ханс  Белгер” зочид буудал үргэлж нээлттэй байна гэдгийг хэлье, баярлалаа.

-Г.Баяртогтохын хувьд өөрөө мэргэжлийн рингэнд тулалдахаас гадна олон тулаан зохион байгуулсан гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Миний хувьд сүүлийн гурван жил мэргэжлийн боксын тэмцээнийг жил дараалан зохион байгуулж байгаа бөгөөд одоо дөрөв дэх удаагаа, тэгэхдээ Азийн аваргын тэмцээнийг Тайландын боксчинтой хийхээр дэлхийн боксын холбооноос албан ёсны бүх зөвшөөрлийг аваад ирэх есдүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэл ажил жигдрээд явж байна. Би өөрөө энэ Тайландын боксчныг ялчихвал өнөөдөр эзэнгүй байгаа 90.7 кг-ын Азийн аварга цолыг эзэмшиж, мэргэжлийн боксын рейтинг маань дэлхийн эхний 10-т орж ирэх боломжтой болох юм. Урьд нь мэргэжлийн боксын Залуучуудын дэлхийн аварга болж байсан.

Дэлхийн боксын голлох дөрвөн том холбооны хоёрынх нь эхний 10-т ороод ирвэл гадагшаа гарч тулалдах олон боломж нээгдэнэ, шагнал урамшуулал ч нэмэгдэх сайхан боломж гарч ирнэ. Одоо миний зохион байгуулахаар бэлтгэж байгаа Азийн аваргын энэ тэмцээнд Азийн боксын холбоо, дэлхийн боксын холбооноос гээд 10 гаруй хүн ирнэ. Мэдээж хөрөнгө санхүүгийн асуудал байгаа ч товлосон хугацаандаа тулаанаа зохион байгуулна. Одоогоор тэмцээн зохион байгуулах багаа бүрдүүлээд явж байна.

-Энэ сайхан сэтгэлтэй Герман хүн Монголоос чадалтай, ирээдүйтэй мэргэжлийн боксчдыг гаргаж ирье, хөрөнгө санхүүгээр тусалъя гэж байгаа юм байна. Энэ саналыг та юу гэж дүгнэж байна?

-Мэдээж энэ бол Монголчууд бидэнд маш сайхан боломж олгож, халуун гараа сунгаж байгаа хэрэг юм. Өнөөдрийг хүртэл Монголын цөөхөн мэргэжлийн боксчид бид ёстой л бор зүрхээрээ явсаар ирлээ. Д.Лхагва, Ч.Цэвээнпүрэв, С.Шинэбаяр гээд бидний хэдхэн хүн Монголын мэргэжлийн боксыг дэлхийд гаргах гэж чадан ядан зүтгэсээр ирсэн ч дэлхийд гарч хараахан чадахгүй байгаа нь өнөөх л хөрөнгө санхүүтэй холбоотой. Харин энэ сайхан сэтгэлтэй Герман хүн биднийг баруун Европын мэргэжлийн боксын нэгэн том төв Германд гаргая, хөрөнгө санхүү бүх зүйлээр ивээн тэтгэе, тусалъя гэж байгаа нь үнэхээр азтай завшаан юм. Яг өнөөдрийн тухайд Монголоос мэргэжлийн боксын рингэнд ид тулалдаж байгаа нь АНУ-д тоглож байгаа, гавьяат тамирчин Н.Төгсцогт, нутагтаа тулаан зохион байгуулж, өөрөө ч тулалдсаар байгаа би гээд хоёрхон л хүн үлдсэн байна. Яах вэ шинэ залуу хүүхдүүд гарч ирж байгаа ч хөрөнгө санхүүгийн дэмжлэг байхгүй болохоор нэг л мэдэхэд алга болчихсон байдаг. Харин одоо Вилло Белгер гуайтай харилцаа холбоо тогтоосноор энэ байдал ард хоцрох байх гэсэн итгэл төрж байна.

Герман бол маш олон мэргэжлийн боксын дэлхийн аварга төрүүлсэн, баруун Европын нэгэн гол төв учраас Вилло Белгер гуайгаар дамжуулан Германы мэргэжлийн боксын томоохон мэргэжилтнүүдтэй холбоо тогтоож, Монголын өсөх ирээдүйтэй залуучууд, эмэгтэй боксчдыг Европ, тэр дундаа Германд гаргах үүд хаалга нээгдэж байна гэж ойлгож болно.

-Боксчин Г.Баяртогтохын хувьд мэргэжлийн рингэнд хэдэн удаа гарч, ямар амжилт үзүүлсэн бэ?

-За миний хувьд 2003 онд АНУ-ын Лас Вегас гурван тулаан хийж байсан. Эхний тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч байсан бол сүүлийн хоёр тулаандаа оноогоор ялагдаж, тэгээд менежертэйгээ таарахгүй тэндээс явсан.  Дараа нь БНСУ гээд олон газар тулалдаж байлаа. Мэргэжлийн рингэнд 31 тулаан хийснээс зургаа ялагдаж, 25 ялж байснаас 22-ыг нь хүнд цохилтоор буулган авч байсан.

-Анх хэдэн оноос боксоор хичээллэж эхэлсэн бэ?

-Би 1994 оноос бокс тоглож 1997-2000 онд Үндэсний шигшээ багийн тамирчин байгаад 2000 оноос мэргэжил рүү шилжиж АНУ, БНСУ-д тулалдаж байгаад гурван жилийн өмнөөс 20 орчим кг жин өгсөж 90.7 кг-д тулалдаж байна. Сүүлийн гурван жилд гурван тулаан зохион байгуулж, БНСУ-ын боксчинг хүнд цохилтоор буулгаж авсан. 2002 оны Залуучуудын дэлхийн аварга цолтой.

-Та Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн 4-р хорооны Засаг дарга гэсэн. Вилло Белгер гуайтай олон жил хамтран ажиллаж байгаа юмаа даа? 

-Тэгэлгүй яах вэ. Хоёр жилийн дараа Берлиний Шенефельд дүүрэг манай Баянгол дүүрэгтэй түншийн харилцаа тогтоосны 20 жилийн ой болно. Энэ хооронд олон удаа Берлинд очиж Вилло Белгер гуайнд гэртээ байгаа юм шиг л байдаг байсан. Маш сайхан сэтгэлтэй хүн байгаа юм. Одоо Монголын мэргэжлийн боксчдод тусалж дэлхийд гарахад нь тусалж дэмжье гэж байна. Урьд нь Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн хүүхдүүдийг зуных нь амралтаар Германд амруулж, хэл сургаж олон жил хамтран ажиллаж байгаа их буянтай хүн байгаа юм.

-Бидний яриаг орчуулж байгаа залууд их л сайн бололтой юм. Бараг хуурай хүү нь байх тийм үү?

-Та их сүрхий гярхай ажигласан байна. Орчуулагч Дөлгөөний хувьд Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийг төгсөөд Германд очоод гурван жил болж байгаа. Одоо В.Белгер гуайн хуурай хүү нь болчихсон. Их сургуульд сурч байгаа. Ганцхан Дөлгөөн ч биш маш олон Монгол залуучуудад Германд суралцах үүд хаалгыг нээсэн энэ сайхан сэтгэлтэй хүнд үнэхээр их талархаж явдаг. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Хүрэл

      (202.126.91.100) 2016-08-13 00:40
      • 0
      • 0

      Гомдоож болохгүй шүү Их л сайн хүн бололтой

      Хариулах