Хятад жуулчин Германд дүрвэгч болж хоцорчээ

2016 оны 08-р сар 11-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Европ дахин цагаачдын хөлд дарагдаж дуусав. Тэр дундаа Герман улс энэ долоо хоногт 16,160 дүрвэгч хүлээн авсан нь өнгөрсөн оны  намар ирсэн дүрвэгсэдтэй ижил тооных болсон байна. Өнөөгийн байдлаар тус улсад сая хол давсан их тооны дүрвэгсдийн дотроос халдлага гаргаж, нийгмийн амгалан байдлыг алдагдуулах нь хэрээс хэтэрсэн тул цагаачлалын бодлогоо өөрчлөхөд хүрээд зогсохгүй дүрвэгсдийг ч өөр хооронд нь ялгалгүй цагаачлалын төвөөр дамжин өнгөрүүлж, хурдан салахын түүс болж байгаа аж. Тухайлбал нэг жишээ татахад Хятадын нэг жуулчин цагдаа нарын хүнд суртал, хайхрамжгүй байдлаас болж цагаачлалын төвд хоёр долоо хоног хоригдсон байна.

31 настай уг эр халаасан дахь хэтэвчээ алдаад цагдаагийн газар очиж мэдүүлэх гэсэн биш хэл мэдэхгүйн гайгаар дүрвэгч болж хоцорчээ. Штутгартын цагдаа нар ч түүний баримт бичгийг хураан авч, Гейдельберг дэх цагаачдын түр хорогдох газар руу шилжүүлсэн аж. Харин үүний дараа түүнийг цагаачдыг хүлээн авдаг албан ёсны бүх бичиг баримт бүрдүүлж өгдөг Дортмундын төвд аваачсан бөгөөд гадаад улс орнуудын виз даруулсан паспортых нь оронд түр оршин суух үнэмлэх олгосон байна. Тэнд түүний хурууны хээг  авч, ердийн дүрвэгчдийн адил хүчээр Дюльмен дэх цагаачдын байранд аваачсаны дараа олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн нэгэн ажилтан хувцас хунар сайтай ази эр яагаад ч Ойрхи Дорнодоос ирсэн дүрвэгч биш хэмээн үзэж дагалдах бичиг баримтыг нь шалгаж хэн болохыг нь тогтоожээ.

Дүрвэгчдийн хуаранд харин хятад жуулчин маш “дуулгавартай” нэгэн байсан бөгөөд ойр зуурын зардалд зориулсан мөнгө хүлээн авсан байжээ. Гэвч түүнтэй хэл нэвтрэлцэхгүй байсан учир хятад зоогийн газраас хэлмэрч авчирч Европоор аялах зорилготой гарсан жуулчин болохыг мэдсэн байна. Тэрээр Германы дараа Итали, Францаар аялахаар төлөвлөж байсан аж. Харин тэрээр дүрвэгчдийн хуарангаас суллагдахдаа элдэв гомдол гаргаагүй, зөвхөн Европыг тэс өөрөөр төсөөлж байсан гэсэн байна. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.