Үнс ашиглан барилгын материал үйлдвэрлэх боломж бүрджээ

Twitter Print
2014 оны 02-р сар 12-нд 09:16 цагт
Мэдээний зураг,
Монгол улс хэд хэдэн дулааны цахилгаан станцтай. Суурин газрын хүн амыг дулаан, цахилгаанаар хангах зорилготой энэ станцуудаас  нэг жилд 300 гаруй мянган тонн хуурай үнс гаргадаг байна. Нүүрс шатааж гарсан үнсийг газарт булж хаядаг нь байгаль, орчинд сөргөөр нөлөөлдөг аж. Тэгвэл Европын холбооны 80 хувийн санхүүжилтээр байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих "Switch Asia" буюу үнсийг барилгын салбарт ашиглах нэгэн төсөл хэрэгжиж эхэлжээ.

Манай улсын барилгын салбарт үнсийг ашиглах техник технологи хангалттай байгааг Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж “Хот байгуулалт ба ногоон хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хэлж байв.

Нийтдээ 1.6 сая еврогийн санхүүжилттэй уг төслийн хүрээнд дулааны цахилгаан станцуудаас гарч буй хаягдал үнсийг боловсруулж, Монгол улсын болон Европын стандартад нийцсэн байгаль орчинд ээлтэй барилгын материалыг үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангах суурь нөхцлийг бүрдүүлэхээр зорьжээ. Одоогоор Монгол улсын хэмжээнд 50 гаруй үйлдвэр үнс ашиглан барилгын материал үйлдвэрлэх боломж бүрдээд байгаа юм байна.

Үнсийг дахин боловсруулснаар цементний 20 хувьд, хөнгөн бетоний 10-100 хувьд, бетон зуурмагийн 10 хувьд, хөнгөн дүүргэгч бетоны үйлдвэрлэлийн 5-10 хувьд тус тус элсний оронд ашиглах боломжтой аж. Үнсний цахиурлаг чанар их учраас үнс ашигласан барилгын материал бат бэх, барьцалт, нягтралт сайтай байдаг байна. Өнөөдөр Монгол улсын барилгын үйлдвэрүүдэд 1.2 сая тонн үнс шаардлагатай байгаагийн 25 хувийг дулааны цахилгаан станцуудаас хангах боломжтой байгаа юм.

Түүнчлэн Европын Холбоо болон Скандиновын орнуудад энэ төрлийн технологийг гүүр барих, гидротехникийн байгууламжид өргөн ашигладаг аж. Харин манай орны хувьд барилгын материалд ус, хайргыг ашигладаг. Энэ нь байгальд сөрөг нөлөөтэй. Харин үнсийг ашиглаж эхэлснээр байгалийн  баялгийг хэмнэхээс гадна барилгын материалын өртөг багасч, дулааны чанар ч сайжрах юм байна.

Д.Энхнаран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.