С.Цэрмаа: Зүүгээ ороож цагариг үүсгээд, түүнийгээ дарж оёхыг л зүү ороох гэж байгаа юм

Twitter Print
2017 оны 07-р сар 07-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол ёс заншил, ахуй соёлын хэрэглээ урьд өмнө байгаагүйгээр сэргэж, Монголчууд үндэсний гэсэн бүхнээрээ бахархаж, эдлэж хэрэглэх нь эрс нэмэгдэж байгаа. Энэ сайхан сэргэлт, ард олны өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хэрэглээг дагаад ардын гар урчууд, оюуны үнэтэй бүтээл урлагчдын тоо нэмэгдэж, гараас нь гарч байгаа урлагийн бүтээлүүдийн чанар чансаа ч илт сайжирч байгаа билээ.

Манай нэгэн ажилтанд захиалж хийлгэсэн аяганы уутыг нь өгөхөөр ирсэн ардын авъяастан, уран гартай үйлчин бүсгүй түүнтэй олзуурхан уулзаж, урлаж шагладаг бүтээлийнх нь онцлог, уран нарийн ажиллагаа бүхий бүтээлүүдийнх нь талаар ярилцсанаа ярьсныг эрхэм уншигч танд сонирхуулж байна, таалан болгооно уу.

-Та эхлээд өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-За намайг Сэр-Одын Цэрмаа гэдэг. Өөрийн сонирхлоор, бас удам дамжсан ардын авьяастан, гар урлалын бүтээлч гэж хэлж болно.

-Таны хийсэн хөөрөгний даалин, аяганы уут зэргийг харахад аргагүй л маш их ажиллагаа орсон, ихээхэн уран хийцтэй юм. Ер нь ардын гар урлалын энэ нягт нямбай арга ажиллагааг хэрхэн яаж сурав. Ээж, эмээ нараасаа өвлөн авч үлдсэн уу?

-Тийм ээ. Манай эмээ, ээж нар маш нямбай, уран гартай ардын билэг авьяастнууд байсан. Тэгээд ч манай Боржигон угсааны төв халхынхан хэзээнээсээ баян чинээлэг, эдлэл хэрэглэл сайтай, ёстой л торгоны сайныг эдэлж, морины сайныг унаж ирсэн түүхтэй. Эрт дээрээс хөөрөгний даалин, аяганы уут зэргийг сайн чанарын торгоор хийж, зүү ороон чимэглэх нь элбэг байж. Миний хувьд эмээ болон ээжээсээ өвлөсөн нүдний хараа, гарын ур, оюуны чадавхи байсан тул энэ чимхлүүр, нарийн ажлыг 2008 оноос хоёргүй сэтгэлээр хийж эхэлсэн. Түүнээс хойш хувиараа энэ сайхан ажил, уран бүтээл ч гэж болох гар урлалын бүтээлээ хийгээд амьдралаа аваад явж байна. Манай ээж гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт гэрийн мод эрээлэн хээлдэг, их уран гартай хүн байсан юм. 

-2008 оноос хойш зөвхөн ардын гар урлалын энэ л бүтээлээрээ амьдралаа залгуулж ирсэн гэж ойлгож болох уу?

-Болно, болно. Уг нь би эмийн бус, иог эмчилгээний дасгалжуулагч мэргэжилтэй хүн байгаа юм. Гэхдээ 2008 оноос яг л энэ ардын гар урлалын бүтээл, хөөрөг даалингийн болон аяганы уут зэргийг зүү ороох болон торгон материалаар урлах ажлаа л гол ажил болгож завсар чөлөөгүй ажилласаар өнөөдөртэй золголоо. Нэг хөөрөгний бүтэн эрээн даалинг эүү ороож урлахад 45 хоногоос дөрвөн сар сууж гараас гаргадаг болохоор маш нарийн чимхлүүр ажил гэж хэлж болно.

Тэгээд тухайн захиалагчийн хүссэн хэмжээгээр ямар хээ угалз тавих, яаж эмжих, ямар тахилаар гоёх вэ гэдэг нь тус тусдаа өвөрмөц, цор ганц үйлдэгддэг болохоор ихээхэн нарийн ажиллагаа, уйгагүй их хөдөлмөрөөр бүтдэг урлагийн бүтээл гэж хэлж болно. Одоо чинь хөөрөгний даалин захиалгаар хийлгэж байгаа хүмүүс ерөөсөө л цор ганц, дахин давтагдашгүй урлагийн бүтээл байх ёсттой гэсэн шаардлага тавьдаг, тэр нь ч өөрийгөө болон миний бүтээлийг үнэлсэн маш том үнэлгээ болохоор ёстой л гарын болон сэтгэлийн ураа шавхаж, бүх л сэтгэл зүрхээрээ хийж өгөх ёстой байдаг. Би өөрөө хийж байгаа бүтээлдээ дуртай, бүх л оюун бодол, сэтгэл санаагаа зориулдаг болохоор миний гараас хүний сэтгэлд нийцэхгүй, тааруухан зүйл гардаггүй. Ер нь ямар ч хүн хийж байгаа ажлаасаа сэтгэлийн таашаал эдэлж, чин сэтгэлээ зориулж чадвал л сая амжилттай болж, өөртөө болон бусад аз жаргал өгдөг гэж би боддог.

-Зүү ороож урласан хөөрөгний даалин аргагүй л нүдэнд тусч, хэрэглэж яваа эзнийхээ чадал чансаа, бэл бэнчинг тодорхойлдог нэг төрлийн чамин тансаг хэрэглээ болчихсон. Ер нь ямар утсаар зүү ороож энэ чамин тансаг эдлэлийг урладаг юм бэ дээ?

-Аль болох торгон утсыг цувж урлавал жинхэнэ чанартай, удаан эдэлгээтэй тансаг хэрэглэгдэхүүн болдог юм. Зүү ороох гэдэг маань дандаа хойшоо хатгаж, өмнөх зангилаагаа даран оёж явдаг болохоор маш бат бэх эдлэл болдог. Зүү ороож бүтээсэн хөөрөгний даалин зах сэжүүрээсээ л сэмэрч урагдана уу гэхээс зүү ороож урласан хээ угалз, тахилын гоёл зэрэг нь яг хэвээрээ бүрэн бүтнээрээ л байж байдаг. Зүү ороож урласан хээ угалж, бусад гоёл чимэглэлийг зориуд хурц иртэй зүйлээр урж таслахгүй л бол барагтай бол сэмэрч урагдаж, элэгдэж хуучирдаггүй юм. Одоо тэгээд зах зээл нь өргөжиж янз бүрийн торго, торгон утас хангалттай элбэг болчихсон болохоор ямар ч бүтээлийг яаж л бол яаж урлахад материалын олдоц талаасаа хүндрэлгүй сайхан болжээ. Харин манай ээжийн үед бол ядаж л торгон утас олдохгүй, янз бүрийн торгыг сэмлэж утсыг нь гарган авч нэтгээд зүү ороодог байсныг сайн санаж байна. Ер нь зүү ороож эдлэл хийдэг энэ сайхан өв уламжлал бол манай Монголоос өөр газар бараг л байхгүй, дэлхийд бас л гайхуулах урлал шүү дээ. Сүүлийн үед гадны жуулчид, гар урлалын бүтээлийн үнэ цэнийг мэддэг, мэдэрдэг хүмүүс зүү ороож урласан эдлэлийг их сонирхож худалдаж авах нь ч илт нэмэгдсэн.

-Дүнжингаравын хурд болон бүсийн уралдаануудыг үзэж сонирхож явахад газар газрын уяачид, шинэ цагийн баячууд бараг л жижигхэн шуудай шиг том хөөрөгний даалин гарган ирж тамхилж байгаа харагддаг. Ер нь хөөрөгний даалингийн тогтсон хэмжээ байдаг уу?

-Байлгүй яах вэ. Их гарын даалин бол уртаашаа 50 см, өргөөшөө 25-30 см байх ёстой юм. Гэхдээ сүүлийн үед захиалагчид “Цор ганц” гэсэн утгаараа хэмжээг нь өөрийнхөө бодож санаснаар хэлэх нь ч байдаг. Бидний хувьд захиалагчийнхаа хүсэл, сэтгэлд нь л тааруулах ёстой. Зүү ороох нь урагшаа биш дандаа ухарч, зүү ороосон өмнөх цагирагаа дарж оёдог болохоор яаж татаж чангааж, угзарч байсан сэмэрдэггүй, утас нь тасардаггүй, хөвөрдөггүй онцлогтой.  Хэдийгээр маш чимхлүүр нарийн ажил ч гэлээ гурван сар бүтээсэн бүтээлээ дараа нь харж суухад үнэхээр урамтай сайхан байдаг. Оёдлын машин зэрэг техникүүд дандаа урагшаа оёод явдаг бол зүү ороох гэдэг энэхүү гар ажиллагааны үндсэн техник нь дандаа арагшаа оёж, өмнөхөө дараад явдаг жинхэнэ гар урлалын маш чанартай эдлэл болдгоороо хамгийн давуу талтай юм. Ийм ч болохоор зүү ороож урласан хөөрөгний даалин, аяганы уут, бэлэг дурсгалын алчуур зэрэг нь манай Монголын бас л урдаа барих ганган чамин, тансаг үнэт хэрэглэгдэхүүн мөн.

Хуучны улсууд, манай эмээ ч гэсэн “Их гарын хөөрөгний даалин бол дугуй булантай цайны хэмжээтэй байдаг” гэж ярьдаг байсан юм. Тэгэхээр их гарын даалин бол бидний мэддэг Гүрж ногоон цайны дайтай л байхад стандарт хэмжээ гэж ойлгож болох юм.

-Дээд тал нь дөрвөн сар тасралтгүй оёж шидэж бүтээсэн энэ тансаг чамин эдлэлийг зарж борлуулах зах зээл, худалдан авагчид хангалттай байж чаддаг уу?    

-Чадалгүй яах вэ. Би сая хэлсэн. Нэг үеэ бодвол манай Монголчуудын амьдралын чанар их сайжирч, жинхэнэ сэтгэлээ гаргаж хөдөлмөр зарцуулж бүтээсэн гар урлалын бүтээлийн үнэ цэн ч нэмэгдэж, тэр хэрээр зах зээл, худалдан авагчид ч хангалттай нэмэгдсэн. Миний хувьд голдуу захиалагч нарынхаа захиалга дээр ажиллаж, завсар чөлөөгөөр нь урласан бүтээлээ зарж борлуулуулдаг дэлгүүр, лангуунууд бий, бий. Ер нь гар урлалын бүтээгдэхүүн гэдэг талаасаа зах зээл хангалттай гэж хэлж болно.

-Ийм их хөдөлмөр орсон, нарийн чимхлүүр гар урлалын энэхүү бүтээлүүдийн үнэ ханш нь нууц биш бол хэд орчим төгрөгт хэлбэлздэг юм бэ дээ?

-Нуух ч юу байх вэ дээ. Зүү ороосон хөөрөгний даалин бол хээ угалз, хэмжээнээсээ шалтгаалаад доод тал нь нэг сая төгрөгнөөс л эхэлдэг юм. Тэгээд өссөөр дээд тал нь 10 сая төгрөгийн үнэтэй даалин ч бий. Маш их ажиллагаа орж, битүү зүү ороосон хээ угалзтай тийм даалинг дөрвөн сар тасралтгүй сууж бүтээдэг гэхээр ямар их хөдөлмөр ордог нь мэдэгдэх болов уу. Өглөө эхлээд оёж байгаад үдийн алдад цайгаа уух гээд хэсэгхэн хөндийрөхөд л гар нэгэнт салчихсан болохоор дахиад эхлэхэд оёдол нь хүртэл ялимгүй ч гэсэн өөрчлөгдөж байх жишээтэй. Тур бүрт маш нарийн торгон мэдрэмж, нүдний хурц хараа, гарын ур дүй шаарддаг. Оёдолдоо ялимгүй ч гэсэн өөрчлөлт оруулахгүйн тулд хамаг л анхаарлаа төвлөрүүлж, маш тайван сууж оёх шаардлагатай байдаг. Оёдол нь маш жигд байж гэмээнэ жинхэнэ гар урлалын дахин давтагдашгүй нандин, тансаг бүтээл болдог л доо.

-Та өнөөдөр гэхэд 10 орчим торгоор урласан, маш чамин тансаг аяганы уут бариад явж байна. Танд ер нь бэлэн болгочихсон иймэрхүү бүтээлүүд олноороо байнга бэлэн байж байдаг уу?

-Бэлэн болчихсон, зарагдаагүй бүтээл барагтай л бол байдаггүй. Энэ аяганы уутнууд бол захиалгатай бүтээлүүд байгаа юм. Одоо захиалагчиддаа аваачиж өгөх гээд явж байх замаараа танай ажил дээр ирсэн нь энэ.

-Жишээлбэл энэ аяганы уут гэхэд шахуурга нь би андуураагүй бол чулуу байх шиг байх юм?

-Тийм ээ, та андуурсангүй. Энэ уутны тээг, шахуургыг мана чулуугаар хийсэн байгаа.

-Энэ аяганы уут ямар үнэтэй вэ?

-Энэ уут гэхэд зүгээр л торгоор урласан болохоор 120 мянган төгрөгний үнэтэй. Энэ тээг, шахуурга чулуу нь зах зээл дээр тэр бүр байдаггүй. Заримыг нь урдаас авч ирдэг юм.

-Таны гарын болон оюун ухаан, нүдний хараа, ур шингэж  бүтээгдсэн эдгээр чамин тансаг эдлэлээс хамгийн өндөр үнээр ямар хүн худалдан авч байсан бэ. Хамгийн өндөр үнээр ямар бүтээл зарж байв?   

-Ер нь бол байгаа, байгаа. Гэхдээ хувь хүний эрх, нууцыг хамгаалах үүднээс нэр усыг нь дурдаад яах вэ дээ, тийм ээ. Одоо санаж байгаагаар зүү ороож урласан нэг хөөрөгний даалинг найман саяар зарж байсан. Тэр даалин бол дөрвөн хүчтэн, найман тахилыг зүү ороож урласан бүтээл байсан санагдаж байна. Амсар дээрээ жаргалын найман морьтой, дээгүүр доогуургүй зоосон ширээстэй гээд маш их ур ухаан шаардсан бүтээлүүд урлаж байсан.

-Таны урласан бүтээлүүд бусдаас ялгарах онцлогтой юу. Ер нь та өөрийнхөө урласан хөөрөгний даалинг Дүнжингарав уралдаан дээр ч юм уу очоод таних уу?

-Танилгүй яах вэ. Ер нь зүү ороож, битүү хээ угалж, тахил урласан хөөрөгний даалин цор ганц ширхэг л байдаг юм. Тэгээд ч би дахин давтагдашгүй, “Энэ миний бүтээл байна” гэж хаанаас нь ч хараад танигдахаар зүйл урлаж, захиалагчийнхаа сэтгэл ханамжийг дээд зэрэгт нь тултал бүтээхийг, тэр хүний насан туршийн хэрэглээ болоод зогсохгүй үр удамд нь өвлөгдөж очоосой гэж бүх л сэтгэл зүрхээ зориулан бүтээдэг. Миний урласан бүтээлүүд олон сайхан хүний өдөр тутмын болон баяр ёслолоор л гаргаж хэрэглэдэг тансаг хэрэглэгдэхүүн болсоор яваад сэтгэл тун өндөр явдаг.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Зөвхөн гар урлалын энэхүү бүтээлүүдээрээ амьдралаа залгуулж, аваад явж чадаж байна уу?

-Би нэг хүүтэй. Манай хүү эмч мэргэжилтэй. Би өөрийнхөө гарын болон сэтгэлийн ураар амьдралаа хангалттай сайхан аваад явж чадаж байгаа.

-Зүү ороон оёж сурах хүсэлтэй хүмүүс олон байдаг байх. Зүү ороож сурахад гол нь юу анхаарах ёстой вэ?

-Бидний багад дунд сургуулийн техник хөдөлмөрийн хичээл дээр зүү ороож оёхыг заадаг байсан. Зүү ороож оёх техник бол утсаараа зүүгээ ороогоод тэр утсаа татаж гаргаж ирэнгүүтээ дарж оёхыг л хэлээд байгаа юм шүү дээ. Бүр тодорхой хэлбэл зүүгээ ороож цагариг үүсгээд, түүнийгээ дарж оёод явахыг л зүү ороох гэж хэлж байгаа юм. Хамгийн гол нь зүү ороож оёж сурахыг хүсч байгаа хүн их тэвчээртэй сууж сурах л гол нь байгаа юм. Тэгээд дархан хүний гурван эрдэм болсон нүд, оюун, гарын ураа нийлүүлж, эвцэлдүүлээд сурчихвал аяндаа болоод явчихна. Ямарваа урлагийн бүтээл хийж байгаа, хийхийг зорьж байгаа хүн ганцхан гараа хэчнээн ч хөдөлгөөд амжилтад хүрэхгүй. Харин нүдний хурц хараагаа оюун ухаанаараа залж, тэгээд гарынхаа урыг шингээж өгвөл сая жинхэнэ урлагийн бүтээл гараас чинь гарах болно. Зүү ороон оёж сурахыг хүсч байгаа хүмүүст үүнийг л захъя даа. Надаас зөвлөгөө авах эсвэл захиалга өгөхийг хүсвэл 96882779 утсаар холбогдож болно.

-За танд их баярлалаа. Нүдний хурц хараагаа оюун ухаанаараа залж, гарынхаа урыг шингээн бүтээж байгаа урлалын бүтээл чинь улам олширч, амьдрал тань улам дэвжин цэцэглэх болтугай?

-Яасан сайхан амны бэлгэтэй ерөөл вэ. Та бүхний ажилд ч их амжилт хүсье. Танай сайтын уншигчдад сайн сайхныг хүсэн ерөөе. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Z.Enkhtyua

      (27.123.214.82) 2017-01-29 11:34
      • 0
      • 1

      Tani ajild amjilt hvsie baharhmar bna Bi zvv orooj surah gesen yum yaj holbogdoh be

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.137) 2017-01-28 20:37
      • 0
      • 1

      Сайхан урлажээ. Монголчуудын эд өлгийн зүйл гайхамшигтай шүү.

      Хариулах