Б.Түвшинбат мастерын дараагийн учраанууд…

Twitter Print
2016 оны 08-р сар 08-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

Урд шөнө Рио-2016 олимпийн наадмын боксын тэмцээний хоёр дахь өдөр Монголын боксчдын салхийг хагалан Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат эхний тулаанаа Аргентиний боксчин Палмэтта Албертотой хийж өрсөлдөгчөө 3-0-ээр ялснаар шөвгийн 16-д үлдээд байна. Б.Түвшинбат мастерын дараагийн тулаан наймдугаар сарын 12-ны өдрийн 00:30 цагаас болох бөгөөд өрсөлдөгч нь 27 настай Ирландын  Стивен Доннели байх юм. Ирланд боксчны хувьд зүүн гарын маш хүчтэй цохилттой, бас л эвгүй өрсөлдөгчийн нэгэн гэдгийг бокс сонирхогчид андахгүй.

Манай Б.Түвшинбат мастертай өрсөлдөх Ирландын боксчин Стивен Доннелли "Эхний тойргийн тулаан маань их хэцүү боллоо. Учир нь ийм том тэмцээнд оролцож байгаа учраас биеэ барих явдал гарлаа. Манай зарим боксчид допингийн асуудалд орсон ч бид өөрсдийгөө л анхаарч байгаа болохоор тэр асуудалд санаа зовохгүй байна. Дараагийн учрааны хувьд түүнийг би сайн мэдэхгүй. Гэхдээ манай дасгалжуулагчид түүнийг сайн судалсан байх, тэгээд зохих тактикаа боловсруулна даа" хэмээн ярилцлага өгсөн байна лээ.

Б.Түвшинбат мастерын хувьд туршлага, цохилтын хүчний хувьд Ирланд боксчноос огтхон ч дутахгүй бөгөөд гагцхүү тулааныхаа тактикийг л маш сайн боловсруулах шаардлагатай. Түүнчлэн Риогийн олимпод тулаан бүрийн өмнө жин үзэж байгаа тул жингээ тогтмол барих, сайн унтаж амрах гээд бодолцох зүйл олон байгаа. Ирландын боксчинг ялчихвал БНХАУ-ын Вей Лиу, Казакстаны Данияр Елеусинов, Мароккогийн дэлхийн аварга Мохаммед Рабий, Кубын олимп, дэлхийн аврага Иглесиас Сотолонго гээд маш хүчтэй өрсөлдөгчид түүнийг хүлээж байгаа. Тэгээд ч шигшээ наймд Б.Түвшинбат мастер өнгөрсөн оны дэлхийн аварга Мароккогийн Мохаммед Рабийтай тулалдах нь нэгэнт тодорхой болсон тул түүнийг ялахын тулд бүхнийг чиглүүлэх л үлдэж байна. Мэдээж энэ бол маш хүнд, хэцүү гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ Монголчууд “Аваргыг ялж аварга болдог” гэж хэлцсээр ирсэн ард түмэн билээ. Хамгийн хүнд хэцүү тулаануудынхаа өмнө ирээд байгаа Б.Түвшинбат мастераа сэтгэл зүрхээрээ дэмжицгээе…

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.