Ходоодон сонгуулийн хорлонтой үр дүн

Twitter Print
2016 оны 08-р сар 05-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

Одоогоос хоёр зууны тэртээ 1862 онд Пруссийн Ерөнхий сайд болж, тухайн үедээ тархай бутархай байсан Герман улсыг өөрийнхөө хэлсэн «Орчин үеийн том асуудлыг ихэвчлэн үг яриа, тогтоол шийдвэрээр биш, харин «жад сэлмийн» хүчээр л шийдвэрлэж болно» хэмээсэн алдарт үгээрээ нэгтгэн захирсан Отто фон Бисмарк “Ямар ч ард түмнийг ходоодоор нь дамжуулан захирч, хааш нь ч эргүүлэн удирдаж болно” гэсэн бас нэгэн алдарт номлол айлдсан түүхтэй.

Хоёр зууны өмнө орчин цагийн Герман улсыг үндэслэн байгуулахдаа ардчиллыг нухчин дарж, бүхнийг хүчээр шийдвэрлэсээр Европ тивд хамгийн хүчирхэг гүрнийг байгуулж дөнгөсөн Отто фон Бисмаркийн дээрх үг тун хорлонтой ч туйлын үнэн гэдгийг баталсан сонгууль төв Азид хөл дээрээ тогтох гэж унаж босон дэгэнцэж догонцсоор 26 жилийг туулж яваа Монгол Улсад болж өнгөрөөд 37-хон хонож байна.

Монголчууд тэгтлээ өлсөж цангаж, ягтаа тулаагүй ч 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг яах аргагүй ходоодоороо өгчихсөн нь хоёр сар ч болоогүй байхад эхнээсээ пүл цал хийтэл тодорхой болж байна. Өнөөдөр эргээд харвал УИХ-ын 76 суудлын 65-ыг эзэгнэж, аймаг нийслэлийн ИТХ-ыг ч тас атгачихаад сууж байгаа МАН-ынхан өөрсдөө ч гүйцэд сайн ухаарч итгэж чадахгүй байгаа хэтэрхий том амжилтынхаа банталтаас бүрэн гүйцэд гарч чадаагүй байгаа бол арай ч ингэтлээ ялагдаж, газар доогуур шургачих юм гэж зүүдлээ ч үгүй АН-ынхан гашуун ялагдлынхаа шокоос ангижирч чадахгүй мунгинацгаасаар л байгаа юм.

Монголчуудын ходоодоороо өгсөн сонголтоор УИХ-д хэтэрхий олонхи болчихсон МАН-ынхан анхнаасаа л хүч түрж Засгийн газраа байгуулахдаа ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж эхэлсэн. Тухайлбал УИХ-ын сонгуульд олонхи болж ялалт байгуулсан намын дарга нь Ерөнхий сайд болох ёстой атал МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад ард түмний хэтэрхий их итгэл найдвар, өөрсдийнхөө нуруун дээрх ачааны хүндийг хожуухан ч гэсэн ойлгож, толгойгоо нэг сайн тоншиж үзэнгүүтээ “Архи амсдаггүй хүн л бидний авралын од болно” хэмээгээд Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа Жаргалтулгын Эрдэнэбат гэгч шавилхан эрийг Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар 2016 оны долоодугаар сарын 08-ны өдөр томилчихсон билээ.   

Өнөөдрийн Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал, наймхан сарын дараа төлж эхлэх “Чингис” бондын их өр зэрэг тун ч хүнд хэцүү ачаанд хувь хүн нь дэндүү жулдач ч болзошгүй энэ будлиантай томилгооны гол зохион байгуулагч нь өнөөдөр УИХ-ын дарга гэгдээд сууж байгаа ч хамгийн гол хөзөрөө 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дэлгэхээр ханцуйдаа нууж суугаа МАН-ын дарга М.Энхболд гэдгийг өнөөдөр хэн хүнгүй мэдэж байгаа.

Тэгээд ч улс орны эдийн засаг, ард түмний амжиргаа өдрөөс өдөрт дордож, ДНБ-д харьцуулсан гадаад өрөөрөө Африк тивийн хамгийн ядуу Зимбабе улсын дараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдчихээд байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын нуруун дээр ирэх тун ч хүнд ачаа, дөрвөн жилийн дараах ард түмний хатуухан нэхэлт, шаардлагын хариунаас цэвэрхэн мултрахаар өөрийнхөө оронд золиосны хүүхэлдэй шахсан МАН-ын дарга М.Энхболдтой ч хариуцлага тооцох өдөр ирэх нь тодорхой. Учир нь тэрээр Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар бүрдэхээс өмнө "Бид эх орноо өрийн дарамтаас салгаж, эдийн засгийн хямралаас гаргаж чадах жинхэнэ мэргэжлийн Засгийн газар байгуулна" хэмээн түрүүлж ам алдсан билээ.  

Яах аргагүй шахаанд орж, өөрийнх нь мэдлэг чадвар, зориг зүрхэнд ч хэтэрхий томдсон Ерөнхий сайдын сэнтийд заларсан Ж.Эрдэнэбат “Мэргэжлийн Засгийн газар байгуулна” хэмээж Монголчуудын цөсийг дахин нэг удаа хөөргөсөн нь сар хүрэхгүйн өмнөх явдал. Гэтэл мань эр 2016 оны УИХ-ын сонгуулиас 24 хоногийн дараа “Мэргэжлийн Засгийн газар” бус харин шал эсрэгээрээ намдаа хамгийн их хандив өргөсөн бизнесменүүд, өмнөх гавьяагаа үнэлүүлсэн дарганцаруудын цуглуулгаар жинхэнэ “Мэргэжлийн бус” Засгийн газар байгуулчихдаг юм байна. Тухайлбал Монгол Улсын сангийн адвар дээр сандайлж, Сангийн сайд болсон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын гурван бизнесмен бол МАН-ын томоохон санхүүжүүлэгчид гэдгийг захын хүн хэлээд өгнө. Түүнчлэн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар оролцож, өөрөө ч зүүдлээгүй ялалт байгуулан УИХ-ын гишүүн болсон Ж.Мөнхбат хэдхэн сарын өмнө л АН-ын давхар дээлтэй сайд нарыг эсэргүүцэж Чингисийн талбайд сор залж явснаа ор тас мартчихаад өнөөдрийн энэ бүгчим халуунд хамгийн зузаан дээл давхарлаж өмсчихөөд ЗГХЭГ-ын даргын суудалд хэнэг ч үгүй малилзаад сууж байна.

Хэдийгээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Мэргэжлийн Засгийн газар байгуулна” хэмээн том толгойлон зоригтой дуугарсан ч МАН-ын Удирдах зөвлөл “Зайлуул, амьдралын хар ухаантай юм чааваас” хэмээгээд Монгол Улсын сангийн авдрын түлхүүрийг энэ УИХ-даа хамгийн их ашиг сонирхлын зөрчилтэй байж ч болзошгүй “Хурд” группын босс Б.Чойжилсүрэнд атгуулсан нь энэ Засгийн газарт итгэх ард түмний их итгэл найдварыг салхинд хийсгэсэн юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрны газрыг “Улаан хацарт” Ц.Батбаярыг Улаанбаатар хотын дарга байхад нь авлига хээл хахуулиар салгаж дөнгөөд “Рапид харш” хэмээх сүржин нэртэй ч булан захаасаа жавар сэнгэнүүлж, мөөгөнцөртөж холцруутдаг хулхины 20 байшин босгож дөнгөсөн Б.Чойжилсүрэн бол МАН-ын Удирдах зөвлөлийнхөн л “Амьдралын хар ухаантай юм” гэж дүгнэсэн болохоос биш Уралын Политехникийн дээд сургуулийг Телемеханикч мэргэжлээр төгссөн автомеханикч товариш л даа.

Өнөөдөр Төв банк нь “- 425” сая ам долларын үлдэгдэлтэй, улсаараа 22 тэрбум ам долларын өртэй, наймхан сарын дараа Хөгжлийн банкаар дамжуулан зарцуулалт хийсэн хоёр тэрбум 80 сая ам.долларын зээлийн өрөөс төлж эхлэх их өрийг “Амьдралын хар ухаантай” Б.Чойжилсүрэн хэрхэн яаж зохион байгуулж, давж гарахыг МАН-ын Удирдах зөвлөл байтугай Дэлхийн банк, Валютын сан, Азийн хөгжлийн банкныхан ч ойлгох гээд чадахгүй, толгойгоо шаах цаг хаяанд ирж байна.

Монгол Улсын сангийн данс улайж, Төв банк нь – 425 сая ам долларын үлдэгдэлтэй сууж байхад он дөнгөж гараад гуравдугаар сараас Хөгжлийн банкны таван жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй, 580 сая ам долларын зээлийг төлж эхлэх ёстой. Түүнээс гадна 30 тэрбум иенийн зээл ч байгаа.

Гэтэл МАН-ын том санхүүжүүлэгч “Амьдралын хар ухаантай” телемеханикчаас өөр Сангийн сайдын албыг түүртэлгүй хашаад явчих мэдлэг боловсролтой ч мөнгө багатай, ар өврөөс нь түлхээс муутай эрхмүүд захаас аваад л байж байна. Тухайлбал  УИХ-ын сонгуулийн Баянгол дүүргийн 67 дугаар тойрогт ялалт байгуулсан АНУ-ын Стэнфордын их сургуулийн доктор багш А.Ундраа, Сүхбаатар, Багануур дүүргийн 59 дүгээр тойрогт ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар гээд нэр цэвэр, улстөрчийн ёс зүйтэй, мэдлэг чадвартай эрхмүүд хойш шидэгдсэн нь хэний ч санаанд байтугай зүүдэнд ороогүй гэнэтийн ялалт байгуулсан МАН-ын үнэн нүүр царайг илчилсэн юм.  

Ж.Эрдэнэбатын толгойсон “Мэргэжлийн бус” Засгийн газрын тухайд энэ мэтчилэн яриад байвал нүүр улаймаар, өмнөөс нь ичиж үхмээр томилгоо, үйл явдлын эхлэл дуусахгүй, дөрвөн жил үргэлжлэх нь тодорхой болсон. Тэгвэл өнөөдөр ч өрөөгөө олохгүй төөрч, төрийн ордны хамгаалагчид гараас нь хөтлөн өрөөнд нь оруулсаар л байгаа, толгойг нь эргүүлсэн ялалтдаа одоо хүртэл итгэж чадахгүй мунгинасаар яваа УИХ-ын шинэхэн гишүүдийн тухайд элэг хөшиж, өмнөөс нь бүх бие улаймаар хачин гайхалтай түүх хоёрхон өдрийн өмнөхийг хүртэл хөврөв. МАН-ын 65 гишүүний дунд жинхэнэ элэг хөшмөөр хөгжилтэй товаришууд гарын 10 хуруунаас олон бий. Зарим нэгээс нь дурдвал УИХ-ын танхимд бүхнийг “Эгчээ, ахаа” гэсэн Баянгол дүүргийн нэгэн бизнесмен, төрийн ордонд дүнхүүртэл төөрсөөр яваа Өмнөговийн нэгэн шавилхан хүүхэн, Баянхонгорт бас л хачирхалтай ялалт байгуулсан бас нэг хээгүй нь дэндсэн гавьяат авгай, Дорноговь, Говьсүмбэрт дуулиант ялалт байгуулсан ч УИХ-ын танхимд аргагүй л жулдаж суугаа нэгэн найрагч бүсгүй гээд тод сонин үзэсгэлэнтэй товаришууд чихэлдэж байна. Гэхдээ шинээр УИХ-ын гишүүн болсон 40 гаруй эрхмийг бүгдээрээ толгойных нь эргүү гараагүй, мунгинаж дүүрсэн нөхдүүд гэвэл үнэнд арай л нийцэхгүй.

Энэ 40-ын дунд Говь-Алтайн 11 дүгээр тойрогт ялалт байгуулсан Ш.Раднаасэд, Сэлэнгийн 25 дугаар тойрогт С.Баярцогтыг тонгорчихсон Н.Оюундарь, Чингэлтэй, Налайхын 63 дугаар тойрогт ялалт байгуулсан Т.Аюурсайхан, Хэнтийн 41 дүгээр тойрогт ялалт байгуулсан Л.Оюун-Эрдэнэ, 42 дугаар тойргийн Т.Гантулга, Сонгиохайрханы 76 дугаар тойргоос мандат өвөртлөсөн Х.Нямбаатар гээд Монголын шинэ үеийн улстөрийг зоригтой, чадварлагаар тодорхойлолцох эрхмүүд бас ч гэж тодорсныг хэлэх, үнэлэх учиртай.

Ямартай ч өнөө маргаашгүй өлсөж, турж үхэхдээ тулчихаагүй ч Монголчууд 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг ходоодоороо өгчихсөнийхөө хорлонтой уршиг, үр дүнг ойрын дөрвөн жилдээ үзэж амсаж, туулж гарах нь тодорхой болов. Харин хэтэрхий их хорлонтой төлөөс л төлчихгүй өнгөрөөсэй гэж залбирах, хүлээх, харах л үлдэж байна.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.41.41) 2016-08-05 11:56
      • 0
      • 1

      Чи ходоодоороо сонгосон юм биз дээ, дэндүү хоцрогджээ, одоо "Царцаа" хүртэл өөрийнхөөрөө саналаа өгдөг болсныг харахгүй байна уу

      Хариулах

    • Уншигч иргэн

      (112.72.9.22) 2016-08-05 11:50
      • 0
      • 1

      Гашуун үнэнийг яг голоор нь л бичсэн байна. Зарим нэг нь боож үхэх нь ээ дээ янз нь.

      Хариулах

    • Ард түмэн

      (122.201.22.246) 2016-08-05 11:42
      • 0
      • 1

      Юу ходоодоороо өгсөн гээд ард түмний сонголтыг доромжилоод байгаа юм бэ.Та өөрөө хэн болчоод ийм хачин дандаа хүн доромжилж байдаг нөхөр вэ.өөрийнхөө амьдралыг хүн шиг аваад явчаад дараа нь олон юм ярь.

      Хариулах