"Хөөрхөн халиун"-аа унаад "яваад өглөө" дөө... /Дурсамж/

2016 оны 08-р сар 04-нд 19:49 цагт
Мэдээний зураг,

Хайрт ханийн минь ээж Б.Гүнрэгмаагийн гэгээн дурсгалд...

Хөөрхөн халиун долгин шүү

Хөлд нь сууж бариарай

Хүний газар хэцүү шүү

Хүлээн байж дасаарай…

Энэ дуу ер нь ямар учиртай дуу юм бэ. Энэ дуу яагаад хүний сэтгэлийг тэгтлээ их гунихруулж бас догдлуулж чаддаг юм бэ. Яагаад энэ дууг хорвоогийн хатуу хөтүүг зөөлрүүлэх гэсэн шиг аргадан аргадан дуулдаг юм бэ…

Хачин халиун долгин шүү

Хазаарыг нь татаад мордоорой

Харийн газар хэцүү шүү

Хайрлан байж дасаарай…

Тэр ийнхүү дуулдаг байсан. Ээж маань хорвоогоос буцаад хэдхэн хонож байна. Ердөө л хэдхэн хоногийн өмнө хэвтэрт байсан тэрээр эцсийн хүчээ шавхаж байна уу даа гэмээр хүчлэн өндийж суугаад нэг л сайхан жигд тод өнгөөр хайртай дууныхаа бүх бадгийг гүйцэд дуулаад “За боллоо…” гэсэн.

Зургаан жилийн өмнө би гэдэг хүн ааваасаа хагацаж, эгээ л хорвоо дэлхий тэрчигээрээ хөмөрчихсөн мэт их уй гашуу болж, аавыг маань “аваад явчихсан” хорвоотой эвлэрч тайтгарч чадахгүй явахад хадам ээж маань энэ дууг надад зааж өгч билээ. Тэгээд бүр Америкт шүү. Дуу хүнийг маш сайхан тайвшруулдаг юм шүү дээ. Зүгээр уйлснаас дуулаад уйлсан нь дээр гэж хэлсэн нь аргагүй л зовж үзсэн, зовлонг туулсан хүний үг байж… Нээрээ л би эхлээд уйлж дуулж сураад дараа нь уйлахгүй дуулдаг болоод, одоо бол “жаргаж” дуулдаг дуу маань “Хөөрхөн халиун” болсон…

…Хорь хүрэхгүй хонгорхон насандаа оонын эвэр шиг хоёулахнаа эцэг эхээсээ өнчрөн хоцорч, амьдрахын эрхээр нэг л өдөр хэдэн үнээгээ бэлчээрт нь хөөчихөөд, гэрийнхээ өрхийг татаж хаалгаа хаачихаад замын унаанд дайгдан хот орон бараадсан гэх. Нутгийн гэх айл айлын хаяа бараадаж явсаар нэг л мэдэхэд өөрөө нялхаараа байж бас нэг нялх “амьтан” тэвэрч, түүнийгээ сайн хүнд өгчих юмсан гэж бодож явсаар үнэхээр бурхан шиг сайхан хүмүүст өргүүлж чадсан гэж хоолой нь цахиртан дурсдаг байсан…

Хожим нь хар нялхаасаа зовж зүдэрсэн түүнийг буян заяа нь тэтгэж сайн хүнтэй учруулсан нь Л.Түдэв зохиолчийн “Хорвоотой танилцсан түүх” туужид өглөө хүүхдүүдийг гимнастик хийлгэж, концерт давтуулж, шинэ жилийн багт наадмын амьтны баг урлуулдаг Цэрэндоо багш байж, гурван сайхан хүүхдийн эцэг эх болцгоожээ.

Урлаг уран сайханд дуртай, царай зүсээр ч хүний дор орохооргүй байсан тул тэр үеийн дэгжин бүсгүйчүүдийн жишгээр Хөгжимт драмын театрын дуучин болж, “Хөөрхөн хариун”, “Улаан торгон цамц”, “Сэвхэт бор”, “Хүрэн толгойн сүүдэр” зэрэг уртын болон бэсрэг уртын дууг дуулж амилуулан олонд хүргэсэн нь эдүгээ Монголын радиогийн “алтан фонд”-д хадгалагдан буй.

Ээж маань Соёлын сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг, анхны захирал, хань Б.Цэрэндоогийнхоо хамт Хөгжим бүжгийн сургуульд он удаан жил багшилж гавьяаныхаа амралтанд гарсан билээ. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул Б.Цэрэндоо аав маань Говь-Алтай аймгийн Тонхил сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сумуудад багш, захирал, Завхан аймгийн Соёлын хэлтсийн дарга, Сэлэнгэ аймгийн дарга, Монгол улсын Соёлын яамны боловсон хүчний хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Хувьсгалын музейн захирал, Улаанбаатар хотын Багшийн сургуулийн Соёлын салбарын эрхлэгч, Соёлын дунд сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг, захирал, Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш зэрэг нэр хүндтэй албыг хашин улсынхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж явсан Монголын боловсрол, соёл, урлагийн нэрт зүтгэлтэн байсныг үе үеийн шавь нар, хамтран зүтгэгчид нь бахархан дурсдаг аа.

Сэтгэлийн хатаар амьдралын зовлон зүдгүүрийг туулан үр хүүхдээ боловсролтой болгож, сайхан амьдралд хүргэсэн ээжийн маань үр ач нартаа сүүлчийн дурсгал болж үлдээсэн аяган дээр "Бусдыг дийлдэг хүн хүчтэй, өөрийгөө ялдаг хүн ухаантай..." гэсэн их сэтгэгч Күнзийн сургаалиас бичээстэй бий.

Гүнрэгмаа ээж бас ч гэж хүүхдүүдээ даган Америк орноор хэдэн жил явж, юм үзэж нүд тайлсан болоод ч тэр үү ер нь их орчин үеийн сэтгэлгээтэй, уламжлал, ёс заншилд хэт их баригддаггүй, хүүхэд хөгшид хэнтэй ч сайхан харьцдаг маш тод ухаантай, сэргэлэн цовоо хүн байсан.

Гурван хүүхдийн хоёр нь гадаадад олон жил ажиллаж амьдраад, том хүү нь болох миний хань Мөнхтөр бид хоёр хааяа эргэж очиход дарс задалчихсан хэдэн “хөөрхөн” хөгшид улаа бутарчихсан эгээтэй л найр аятай, урт, богинын сайхан сайхан дууг мэргэжлийн түвшинд аялаж дуулж, түүх хүүрнэж суух. Би ч тэднийг тийнхүү жаргаж суухыг үзэж харах дуртай, уух дарсыг нь харамгүй зөөж эрхлүүлдэг байж билээ.

Дал нэлээн гарсан хойноо хөдөө амралтанд явна гэхээр нь дулаан хувцас хунараа сайн авч яваарай гэж захиж захичихаад “ширээний юм” аваачиж өгөхөөр байгаа газарт нь очиход саравчтай малгай духдуулж, жинсэн өмд, пүүз өмсчихөөд Жууяар найзтайгаа тас тас хөхөрч зогссон нь одоо ч сэтгэлд тодхон.

Ээж маань чамин тансаг зүйлд дуртай. Хөлд нь эвтэйхэн гээд намхан зөөлөн гутал аваачаад өгчихөд далд хийчихээд ер өмсөхгүй талдаа, харин тод ягаан, улаан эсвэл сонгодог хар өнгийн цамц, даашинз, нөмрөг, гоё бүрх малгай, бантиктай ганган чимэглэл бүхий гутал, туфлид бол нугасгүй дуртай. Зохино ч гэж ванлий. Мөнхтөр бид хоёр нэг удаа зусланд ээжийгээ гаргах гээд байрных нь үүдэн дээр очсон гарч ирдэггүй. Орцных нь үүдэнд нэг гоё бүрх малгайтай, ягаан бантиктай туфли, мөн тийм өнгийн даашинз өмсөж, нарны шил зүүсэн дэгжин авгай зогсч байсан. Нэлээн удаан хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь орц руу нь орох гээд машинаасаа буутал “мань” ээж дүрээрээ зогсож байсан юм даа.

Ээж маань барагтай бол өвдлөө зовлоо гэхгүй, маш гүжирмэг, харин намайг “тэглээ, ингэлээ” гэж янгуучлахаар санаа нь зовж байн байн “залгадаг” хүн байсан. Би ядарлаа гээд гэртээ хэвтэж байхад ээж найзуудтайгаа амралтанд явах, энд тэнд ой, хурим найр, шавь нарынхаа уран бүтээлийн баяр, концерт гээд түмэн завгүй идэвхтэй хүн явахаар нь би атаархаад “party girl” (шоучин охин) гээд нэрлэчихсэн.

Ах дүү нартаа “Маамаа” гэж авгайлуулаад тун ч нэр хүндтэй. Цагаан сараар таних танихгүй, холдсон ойртсон ах дүү амраг садан ээж дээр л ирж золгоно, ээжээс л сураг тасарсан ах дүүгийнхээ чигийг гаргаж байх жишээтэй. Цагаан сараар ирэх зочдын нэрс гаргахад 250-300 хүн, томчуул нь гэнэ. Ах дүү нар нь хүүхдүүд, дүү нарынхаа хурим дээр  ээжээр заавал “Хөөрхөн халиун”-ыг дуулуулах, бас “урт наслаж, удаан жаргаж” байгааг бэлэгшээн ерөөл хэлүүлэх гэдэг, дуулуулчихаад өөрсдөө мэлмэрэн гарах нулимсаа ч мартан “ Аая, бас л сайхан авч байна шүү” хэмээн бахдан инээмсэглэцгээдэг байлаа.

Хадам аав, ээж хоёр маань тухайн үедээ эрт Улаанбаатарт орж хөлөө олоод бас ч гэж давгүй “том” алба хашиж явсных ах дүүгийнхээ хүүхдүүд шуухдууд болоод залууст ажил амьдрал, сургууль соёлын мөрөөр ороход нь нөмөр нөөлгөө харамгүй үзүүлсэн байдаг. Тэдний нэг Баатарцогт ах. Баатарцогт ах тэр үед шавилхаан шар залуу Дорнод аймгаас ирчихээд хадам аавтай ерөөлөөр таарч, гэр орноор нь хонон өнжин сургууль соёлын мөр хөөсөн гэдэг. Түүний сурлага сайтай, хүсэл тэмүүлэлтэй, юманд гярхай, авьяастай, хичээнгүй зүтгэлтэй болохыг таниснаар хожим нь Ленинградын театр урлагийн сургуульд орж суралцахад нь аав маань тусалж дэмжсэн гэж ярьдаг юм. Их сургуулиа төгсөх жилээ ээжийг маань урьж аваачин Оросын бахархал болсон Ленинград, Москва гэж хоёр сайхан хотыг үзүүлж байсан дурсгалтай сайхан зураг байдаг. Соёлын яамны дэд сайдын албыг хүртэл хашиж явсан “хуурай хүү” Баатарцогт ах хадам аав ээж хоёрыг маань төрсөн хүү нь мэт халамжилж, өвдөж зовох, баярлан жаргах бүхий л цаг үед хамт байлцаж, тусалж дэмжиж ирсэн их гавьяатан билээ.

Ээж маань их, бага гэлгүй айлд уригдсан л бол маш их хүндэтгэж, сайхан хувцаслаж, үс зүсээ сайхан засаад бэлэг сэлт барьж ирдэг уламжлалтай хүн байсан. Цагаан сар, Шинэ жилээр манайд ирдэг, Шинэ жилээр ирэхдээ үдэшлэгт орох гэж буй мэт үсээ засаж, ээмэг зүүлт гээд иж бүрэн гангалж ирдэг байсан. Бид ч энэ уламжлалыг өвлөн авчээ. За тэгээд “Хөөрхөн халиун”-аа дуулахгүйгээр явахгүй дээ. Ёстой гэрийн жавар үргэтэл сайхан дуулаад өгнө. Хүний амьдралын жаргал зовлон, баяр гуниг бүхнийг хослуулан, “санаа алдах мэт" сэтгэл тайвшруулан, хамаг л стресс арилтал дуулна.

Энэ дууг сонссоны дараа ямар ч хүнд хар хорын сэтгэл барагтай л бол нэг хэсэгтээ төрөхгүй дээ гэж надад санагддаг. Ёстой хорвоо дэлхийг хар цагаан, сайхан муухайтай бүгдийг нь хайрламаар бодогдоно. Монголчууд найр хуримаа "Жаргалтай дэлгэр"-ээ дуулж өндөрлөдөг ч зарим газар

 "Хөөрхөн халиун долгин шүү

  Хөлд нь сууж бариарай 

  Хүний газар хэцүү шүү 

  Хүлээн байж дасаарай..." гэж хоолойгоо зангируулан, нулимс унаган дуулцгаагаад охиноо хадамд гаргадаг ёсон ч бий гэнэ. 

Нас биед хүрээд айлын хүн болж буй охиноо хайртай хүнтэй нь гэрлүүлж бараалуулаад буцахдаа хадмын газар ичиж зовж, ядарч зүдрэх вий гэж өрөвдөн энхрийлж, хүчтэй байхыг сургамжлахын сацуу хадмын талыг аргадан аргадан дуулдаг гэнэ.

Харин ээж маань “Хөөрхөн халиун”-аа дуулж диваажингийн орноо аргадсаар "буцлаа".

Хачин халиун долгин шүү

Хазаарыг нь татаж мордоорой

Харийн газар хэцүү шүү

Хайрлан байж дасаарай…

Нэгэнтээ энэ дуу надад тайвшрах, хорвоогийн хатуу хөтүүтэй эвлэрэх хүч хайрлаж байсан, одоо харин…

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • banzartuul

      (202.70.46.219) 2017-01-18 05:33
      • 0
      • 4

      mundag yuma sain saihan yavaa. duugeeree baharahdag shu sain bersain saihan busgui. shuaz jargal. husie

      Хариулах

    • zochin

      (202.9.40.60) 2017-01-16 23:43
      • 0
      • 5

      hamt hajuud tani suugaad huuchlahig tani sonssoj bui met shn baina...mash ih taalagdlaa.Bayrlalaa.

      Хариулах

    • zochin

      (182.160.6.208) 2017-01-16 22:24
      • 0
      • 6

      Saihan dursamj baina Usan huree tatuulaad l avlaa Sain ber sain hadam eej bnaa

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.240) 2017-01-14 13:35
      • 0
      • 6

      Ээ хөөрхий, хүний амьдрал ийм л юм даа. Сайхан дурсамж байна. Баярлалаа.

      Хариулах