АНУ-ын цагдаагийн офицер лалын террористуудад дэмжлэг үзүүлж иржээ

2016 оны 08-р сар 04-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

АНУ-д “Лалын улс” бүлэглэлд тусламж үзүүлсэн хэргээр цагдаагийн офицерийг баривчилжээ. Вашингтон хотын  метрополитений цагдаагийн офицер 36 настай Николас Янг гэгчийг террористуудад материаллаг тусламж үзүүлсэн хэргээр наймдугаар сарын 3-ны өглөө баривчилсан аж. 

The Washington Post сонинд тэмдэглэснээр, Янг өнгөрсөн долоо хоногт Холбооны мөрдөх товчооны туршуулын хүсэлтээр лалын дайчдын мэдээлэл солилцохдоо ашигладаг гар утасны 245 долларын үнэ бүхий картны кодыг хилийн чанад руу илгээсэн аж. 

Тэрээр метрополитений цагдаагийн албанд 2003 оноос ажиллаж байгаа бол 2010 оноос Холбооны мөрдөх товчооны хяналтад орсон байна. Янг терроризмд холбогдолтой олон хүнтэй харилцдаг байсан тодорхой болсон төдийгүй 2011 онд хоёр ч удаа Ливид очиж, тус улсын ерөнхийлөгч асан Муаммар Каддафийн эсрэг бослого хөдөлгөөнд оролцож байжээ. Холбооны мөрдөх товчооны туршуулд тэрээр мөн Сирид хэрхэн очир зөвлөгөө өгч “тусалж” байсан байна. 

2014 онд Янг “Лалын улс” бүлэглэлтэй нэгдсэн цэргийн бэлтгэл офицер гэж өөрийгөө халхавчилсан Холбооны мөрдөх товчооны туршуултай 20 удаа уулзаж байсан бөгөөд 2015 онд тэрээр цахим шуудангаар террористуудад хэрэхн мөнгө шилжүүлэх зөвлөгөө өгч байсан аж.

Тэрчлэн тэрээр Сомалийн "Аль-Шабаб" террорист бүлэглэлтэй нэгдэхийг оролдож, телевизийн олон ангит South Park киноны уран бүтээлчдийг алхаар сүрдүүлж байсан Захари Чессер, 2011 онд АНУ-ын Конгресс байрладаг Капитолийг дэлбэлэхээр завлаж байсан Амин аль-Халифийг таньдаг байжээ. 

Fox News телевизээр мэдээлсэнээр, 2014 онд Янг Хеллоуины баяраар  “Жихади Жон" буюу “Лалын улс”-ын толгой зандалчин Мухаммад Эмвазийн дүрд хувирсан хувцас өмсөж, толгойг нь тасдаж авсан барьцаалагдсан хүний зураг харуулж, үдшийг өнгөрөөсөн байна. Энэ зэрэгцээ Янг бага насандаа амьтан яргалах дуртай байсан бөгөөд хожим нь нацист дүрэмт хувцас өмсөж, нацистуудын билэг тэмдэг цуглуулдаг болсон гэдгээ Холбооны мөрдөгчид ярьсан байна. Түүний хүзүүн дээр нь Гуравдугаар рейхийн бүргэд тэмдэг шивээстэй байдаг аж. 

Янг Холбооны товчооны нууц ажилтантай ярилцаж байхдаа тус холбооны ажилтнуудыг алах төлөвлөгөөгөө дэлгэсэн төдийгүй хэрвээ илчлэгдэх юм бол урвагчдын толгойг Брэддок нуурын ёроолоос олох болно гэж занау байжээ. Түүнд албанаас өөр олон тооны буу зэвсэг байсан байна. 

АНУ-д сүүлийн гурван жилд “Лалын улс” бүлэглэлтэй нэгдэхийг оролдсон, эсвэл террористуудад дэмжлэг туслалцаа үзүүлсэн хэргээр сэжиглэгдсэн 100 америк иргэн бүртгэгдээд байгаа аж. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.