Тарвас гэдэг амттан төдийгүй ачтай тустай жимс

Twitter Print
2017 оны 08-р сар 03-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Наймдугаар сарын энэ халууныг ээ. Урьдын урьд жилүүдэд ингэж халж байсныг мэдэхгүй юм. Говьд бол ёстой сүйд болж байгаа байх. Зэрэглээ мяралзан, ботгоо сүүдэрлэж чадахгүй ингэ уйтай гунганаж, адуу толгой нийлүүлэн гудайж зогсох дүр зураг зүгээр ярих юм биш. Сүүдэрт нь гучин хэм хүрээд байгаа юм чинь ёстой амьдын там мэт. Харин ийм халуун цаг үед хөргөгчнөөс гаргаж ирсэн тарвас амтархан завьж суух ёстой жаргал. Сонирхолтой нь энэ өдөр Америкчууд тарвасны Үндэсний өдөр (National Watermelon Day) ёслон тэмдэглэдэг уламжлалтай аж. Хүний зовлон хорвоо ертөнцийн хаа ч адилхан юм хойно тэр соёлтой Америкт хүртэл зуны халуунд аргаа барж, ундаасахдаа тарвасны өдөр тэмдэглэдэг болсон байж болох юм. Анх 16-р зуунд колончлогчид тарвас чирж ирснээс хойш чухам хэзээнээс энэ баярыг тэмдэглэж эхэлснийг мэдэхгүй ч америкчууд жил ирэх бүр өргөн дэлгэр тэмдэглэсээр бүр үндэсний хэмжээнд аваачиж тавьжээ.

Тарвас бол (Шийгуа биш шүү, манайхан дандаа ингэж ярьсаар байгаад амны уншлага болчихож. Энэ бол урдаас орж ирсэн үг хэллэг. Хятадууд тингуа, шийгуа гэх мэтээр  булцуут ногоог ер нь гуа гэж нэрлэдэг) хүний биед олон талаар ашигтай, ямар ч калори байхгүй ногоо. Тиймээс АНУ-д тарвас тун нэр хүндтэй, ялангуяа латин хүн амын дунд илүү аж. Ер нь Америк даяар тарвас “хагалан” тавьсан ширээ зун цагийн амралт, аялал зугаалгын өнгө төрхийг илтгэж, шууд л найр наадам болгоод явчихдаг байна. 

Бидний харин мэдэх ердийн тарвас (латинаар Citrullus lanatus) нэг настай булцуут ногоо бол дотроо хулууны төрлийн “Cucurbitaceae”, “Citrullus” гэсэн шинжлэх ухааны нэршилтэй маш олон төрөл байдаг аж. Өнөөдөр дэлхий дахины 96 улс оронд тарьж ургуулж байгаа 1200 төрлийн тарвас дотроос тэр ялгааг нь олж харж болно. Доторх зөөлөн эд нь ягаан,улаан, шар өнгөтэйгөөс өгсүүлээд нил ялгаан хүртэл байдаг аж. 

Тарвасыг бүтцээр нь бол жимс гэж ангилдаг бөгөөд анх түгэн тархсан  эх нутаг нь Өмнөд Африк гэж түүхчид үздэг байна.  Харин эртний түүхээс нь судалж үзвэл бүр Эртний Египтэд энэ жимсийг мэддэг байсан нь археологийн малтлагаас тодорхой болжээ. Манай эриний өмнөх  20-р зуунд тарвасыг фараонуудын бунханд хийн нутаглуулдаг байсныг Тутанхамоны бунхнаас олдсон үр гэрчилдэг аж. 

Бурхдын хүртдэг жимс хэмээн дээдэлдэг байсан уг жимсийг Эртний Ромд шинээр нь болон давслан дарж иддэг байсны дээр буцалгаж бал хүртэл гаргаж авдаг байсан гэдэг. Хятадууд харин тарвасыг аравдугаар зуунаас мэдсэн бөгөөд Газар дундын тэнгисээс худалдааны хөлгөөр орж ирдэг байсан уг жимсийг тэр даруй хаадын гүнцэгт оруулдаг болжээ. Түүнчлэн хятадууд тарвасны эмчилгээний онцлог талыг олж тогтоож, «…хэрвээ хоолны өмнө тогтмол хэрэглэх юм бол бие цэвэрлэж, элдэв өвчнийг хөөнө» гэж ангаах ухаан, эмчилгээний судар номонд бичиж үлдээсэн баримт байдаг байна. Тэгээд ч хятадууд өнөөдөр дэлхийн аль ч улс орноос илүү их хэмжээнд тарвас тариалдаг болжээ. Харин Хятадуудыг удаалж Турк, Иран, Египет, Америкийн орнууд болон Орос, Узбекистан зэрэг улсууд их ургац хүлээн авдаг аж. Дэлхийн улс орнууд дотроос гэхдээ  Япон шиг тарвасыг урлагийн хэмжээнд ургуулдаг улс байхгүй. Тэд бол дөрвөлжин, пирамид хэлбэртэйгээс өгсүүлээд доторхи нь шар, бүр 10 см хэртэй бэсрэг тарвас ургуулдаг улс. 

Тарвас ер нь тал газар, Газар дундын тэнгис орчимд нар шарсан хуурайвтар уур амьсгалтай орчинд сайн ургадаг аж. Нарны илч, хөрсний шимийг тэр чигээр нь  шингээж авсан гэмээр уг жимс амт шимт нь ид бүрдэхийн хамт хүний бие организмд олон талын ашигтай амттан гэдгийг эрдэмтэн мэргэд тэмдэглэдэг байна. 90% ус, ердөө 6% чихэр гэдэг хүний биед тун ашигтай олон талын эрдэс ус өгдөг байна. А аминдэмийн эх үүсвэр төдийгүй, В төрлийн аминдэмийн иж бүрдэл, С аминдэм, хүний биеийн өсөлт хөгжилт, дархлааны системд тустай фолийн хүчил, хордлого тайлах хамгийн хүчтэй ликопин агуулдгаараа бусад үр жимснүүдийн дотроос онцгой, мэдрэлийн системийн хэвийн ажиллагааг хангаж, цусны улаан эдийг төлжүүлдэгээрээ хаадын жимс хэмээх алдар хүнэлийг олжээ. Тэрчлэн давс, төмөр, кали, натри, фосфор, магнигаар баялаг учир цус төлжүүлэх бүх эд эрхтний үйл ажиллагааг хангаж, хоол боловсруулах, зүрх судасны систем, дотоод бучирхайг тэтгэх онцгой чанартай байна. Энэ ч чанараар нь цус багадалт, зүрх судасны системийн өвчлөл, элэг, шээс хөөх замын өвчин, цөсний хүүдийд чулуу үүсэхээс сэргийлээд зогсохгүй, бие организмаас холестерин зайлуулах, зүрхний агшилтыг тогтворжуулж, цусны даралтыг бууруулах эмчилгээнд өргөн хэрэглэдэг аж. 

Тарвасны шүүс хүний биеийн шингэн дутагдлыг гайхалтай амархан нөхдөг төдийгүй сэтгэл санааг өргөж өгдөг байна. Ер нь бүхэлдээ олон төрлийн аминдэм, микроэлементийн эх уурхай болдог аж. 

Дэлхийн олон улс орнуудад тарвасыг шинэхнээр идэхийн зэрэгцээ олон төрлийн зууш, амттанд хэрэглэээд зогсохгүй өмнөдийн орнуудад тарвасны шүүсийг буцалгасаар нардек хэмээх бал хүртэл хийдэг байна. Тэр байтугай хальсыг нь хүртэл хаядаггүй, даршлах болон чанамал хийдэг аж. Тарвасны хальсыг хэрхэн дарах зөвлөгөө бүр 1796 онд Америкт хэвлэгдсэн  хоол бэлтгэх номонд хүртэл орсон байдаг аж. Ийм л амттай, ачтай тустай жимсийг Америкчууд дээдлэн үндэсний хэмжээнд хүндэтгэн ёслон тэмдэглэдэг байна. Энэ өдөр мэдээж салхинд гарч тарвас амтлахын зэрэгцээ үзэсгэлэн яармаг зохион байгуулж, олон төрлийн уралдаан тэмцээн явуулдаг аж. Жишээ нь хэн их тарвас идэхэв, үрийг нь хэр хол нулимж чадахав гэх мэтээр мэдээж сайхан баяр болдог байна.

Бөмбөрцгийн нөгөө хагаст хүмүүс энэ сайхан амттанаар ингэж туйлж баярлаж байхад бид ч бас дутмааргүй. Гэвч бид аливаа зүйлээр, тэр дундаа идэх уухаараа туйлдаггүй онцлогтой нүүдэлчин ард түмэн. Гэхдээ зуны энэ халуун өдрүүдэд анд нөхдийнхөө хүрээнд ширээн дээр ганц нэг тарвас “төхөөрвөл” тун сайхан байх байх даа.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.