“Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлыг судалж УИХ-д танилцуулахыг үүрэг болголоо

Twitter Print
2016 оны 08-р сар 03-нд 14:46 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Анхдугаар чуулган өнөөдөр завсарлалаа. Чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр "Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүд бид тангарагаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хуульд заасан зохион байгуулалтын ажлаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, Анхдугаар чуулганаа өндөрлөх гэж байна.

Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд даргаа сонгогдож, Байнгын хороодыг байгуулж, түүний удирдлагыг сонголоо.

Түүнчлэн, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо.

2000 оноос хойшх таван удаагийн Улсын Их Хурлын сонгуулийн, сонгуулийн  дараах Анхдугаар чуулгануудаас хамгийн богино хугацаанд хуралдаж, шинэ Засгийн газрыг ажиллах боломжоор хангасан байна. Монгол Улсын Засгийн газраас монголын ард түмэн ихээхэн зүйлийг хүсэн хүлээж байна. Засгийн газар шуурхай ажиллаж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай байна. 

Өмнөх Засгийн газрын төрийн хуулийг үл хайхран зөрчдөг алдааг давтах ёсгүй гэдгийг энд анхааруулж хэлье. Анхдугаар чуулганы хуралдааны үеэр ОХУ-ын эзэмшилд байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хувийн компанид шилжүүлсэн асуудлыг олон гишүүн асууж, иргэдээс гомдол, шаардлага ихээр ирүүлж байгаа тул энэ асуудлыг Ажлын хэсэг байгуулан, нарийвчлан судлаж Улсын Их Хуралд яаралтай танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгож байна. 
 
Улсын Их Хурлын намрын чуулганы өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулж, өмнөх Улсын Их Хурлаар хуульд заасан хугацаанд батлагдаагүй үлдсэн хуулийн төслийг хэлэлцэн батална. Үүнд:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх  үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, түүнчлэн Монгол Улсын 2016 оны Улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлагатай байна.
 
Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын Анхдугаар чуулган өндөрлөснийг мэдэгдье" гэв.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.