Монголын эзэнт гүрнийг залгамжлагч Орос улс

Twitter Print
2017 оны 07-р сар 31-нд 16:59 цагт
Мэдээний зураг,

Скандинаваас ирсэн русь нар зүүн славян, финүүдийг захирснаар орос улс үүссэн болно. Гэвч Русь нар нэгдмэл бус Рюрикийн угсааныхан тус тусдаа өөрийн хотыг захирч суусан учраас 1237 монгол цэргийн довтолгоонд өртөж эзлэгджээ. Ийнхүү Русь нар Алтан Ордын хаанд дагаар орж “Татаарын буулга” хэмээн нэрлэгдсэн үе 500 жил өнгөрсөн болно. “Татар” гэдэгт оросууд турк хэлээр ярьдаг исламын шашинт монгол хүнийг хэлдэг.

Монголын захиргаан дор Русийн соёл үсрэнгүй хөгжжээ. Монголчууд албан татвар авахын тулд хүн амын бүртгэл хөтөлж, татвар хураагч нарыг байршуулснаар Русийн хотуудад анх албан татвар, хүн амын бүртгэлийн тогтолцоог мэддэг болж, өөрийн гэсэн төрийн захиргааны байгууллагатай болсон байна. Русийн язгууртнууд Алтан ордод очин бараалхах үедээ Монголчуудын өндөр соёлтой анх нүүр тулан танилцаж, Монголын соёлд татагдах болжээ. Улмаар тэд бусад русь нараасаа илүү гарахын тулд монголчуудтай гэр бүл болж, худ ургийн холбоотой болохоор тэмцэлдсэн байна.

Монголчууд ч өвөр зуураа өрсөлдөөд ялагдсан нь Русийн хотод дүрвэн очиж зочны ёсоор оршин суух тохиолдлууд гарчээ. Улс төрөөс гадна Русийн морин цэргийн зохион байгуулалт, зэвсэг, тактикын аль аль нь монгол маягтай болсон байна. Дэлхийн 2-р дайны үед Оросууд Монгол цэргийн байлдааны тактикийг ашиглан германчуудыг бут цохиод аажмаар ялагдаж буй германчуудаасаа нэмж суралцсаар өрнө ба дорнын аргад нэвтэрхий суралцсан цэргийн гайхамшигт жанжидтай болжээ.

Ганцхан шашны хувьд монголчуудын исламын шашинг хүлээн аваагүй боловч монголчууд сүм хийдийг татвараас чөлөөлөн хамгаалснаар үнэн алдартны шашин урд хожид байгаагүйгээрээ түгэн дэлгэрчээ. Ийнхүү Монголчуудын 500 жилийн хугацаанд Русь бараг бүрэн монголжиж, энэ нь оросын соёл иргэншлийн үндэс суурь нь болсон болно.

1237 онд монголчуудыг довтлох хүртэл Москва хот нь жижиг бэхлэлт төдий байж түүхэнд тодроогүй байв. Москва хот томорсон шалтгаан нь 14-р зууны эхээр Москвагийн ван 1-р Иван нь Алтан ордын Өзбег хааны өмгөөлөл дор 1328 онд их вангийн суудалд сууж, Русийн олон вангийн тэргүүн болоод татвар хураах үүргийг хүлээсэн явдал болно.

Москвагийн Ван үүнээс хойш томрон хүчирхэгжиж улмаар 1380 онд Москвагийн их ван Доны Дмитрий Алтан ордын улс дотор зөрчил гарсныг далимдуулан хаан суудлын төлөө горилогч Крымийн Монголын язгууртан Мамайтай Дон мөрний эх Куликовт тулалдан том ялалт байгуулсан гэж Оросын сум дуганы он цагийн тэмдэглэлд дурдсан байдаг. Татарын буулгын эсрэг Оросын анхны ялалт хэмээн үздэг Куликовын тулалдааныг тухайн үеийн олон улсын дипломат бичиг баримтад огт дурдаагүйгээс үзэхэд уг тулалдаан болсон эсэхэд эргэлзээтэй, болсон бол жижиг хэмжээний мөргөлдөөн байсан болов уу.

Тухайн үед Русь болон Москваг захирахаар тэмцэж байсан өөр нэг их гүрэн бол Литва байлаа. Литвагийн их ван Ягайло 1386 онд Польшийн хатан хаантай гэрлэж, Христос шашинтан болсноор Польшийн хавсран захирах болжээ. 15-р зуунд Ягайлогийн үеэл дүү их ван Витовт Литвагийн газар нутгийг зүүн ба өмнө зүгт тэлж Балтийн тэнгисээс Хар тэнгис хүртэлх өргөн уудам нутгийг захирав.Тэр үед Литвагийн захиргаанд байсан Русь нь өнөөгийн Бела-русь, Польшийн захиргаанд байсан Русь нь Украин болно.

Их ван Витовтын хамгаалалд байсан Зүчийн угсааны ханхүү Хажи Герай 1449 онд Литва-Польшийн дэмжлэгтэйгээр Крымийн хаан суужээ. Үүнээс хойш 4 жилийн дараа Османы хаант улс Византийг дайлж Зүүн Ромын эзэнт гүрнийг мөхөөв. Хажи Герай хааны хүү Менгли Грей 1502 онд Алтан Ордын хаан ширээг булааснаар Алтан Орд Ижил мөрнөөс баруун тийш нүүж Крымтэй нэгдэв.Оросын түүхчид энэхүү явдлыг Алтан Ордын мөхөл хэмээн нэрлэдэг үнэн хэрэг дээрээ Алтан Орд улам хүчирхэгжсэн явдал байлаа.

Тухайн үед Москвагийн их ван 3-р Иван Русийн бусад ханлигуудын газар нутгийг өөртөө нэгтгэж байлаа. Түүний ач 4-р Иван 1552 онд Ижил мөрний дунд бие дэх Казанийн (өнөөгийн Татарстаны нийслэл) хааны удам дотор тэмцэл гарч, тэдний ялагдаж буй талаас тусламж хүссэн завшааныг ашиглан Казаньд цэрэг оруулан эзэгнэжээ. Үүнийг Оросын түүхчид Догшин Иван татарын буулганаас Оросыг чөлөөлсөн хэмээн хэлдэг ч үнэндээ зүгээр л заль мэх хэрэглэн Казанийг эзэлсэн төдий хэрэг байв.

4-р Иван үүний дараа 1556 онд Астраханийн хаант улсыг мөхөөсөн гэдэг ч үнэн хэрэг дээрээ Астраханийн хааны гэр бүл Бухарт (Узбекистаны хот) шилжин суурьшсан л хэрэг төдий байв. Ямартай ч Догшин Иван “Бүх Оросын Их Ван” цолон дэрээ “Казань ба Астраханийн царь” хэмээх цолыг нэмжээ. Оросууд Догшин Иваныг татарын буулганаас чөлөөлсөн хэмээн ярьдаг ч үнэндээ Крымд шилжин суурьшсан хүчирхэг Алтан Орд нь 1571 онд Москваг дайлж ялснаар Москвагаас албан гувчуур авч байхаар тогтож үүнээс хойш 17-р зууны сүүл хүртэл Москва Крымд алба төлж ирсэн байна.

4-р Иван 1575 онд Зүчийн угсааны ханхүү Симеон Бекбулатовичийг (Сайн Болат) Кремлийн хаан суудалд суулган Бүх Оросын царьд өргөмжлөөд дараа жил түүгээр найр тавиулан өөрөө царь болжээ. 4-р Иван ийм төвөгтэй аргыг хэрэглэн царь болж байсан нь Чингисийн удмын зарчмын дагуу Чингис хааны удмын биш хүн хаан буюу царь болох боломжгүй учраас Монголын ханхүүгээс хаан суудлыг найр тавиулан хүлээн авах замаар Москвагийн засаглалыг хууль ёсны засаглал болгожээ. Ийнхүү Москвагийн их ван бүх Оросын хаан болж сая Монголын эзэнт гүрний бусад хаадтай эн зэрэгцэх эрхтэй болжээ. Ингэснээр Оросын эзэнт гүрэн байгуулагдсан болно.

4-р Иван нас барсны дараа Рюрикийн удам тасарсан тул дахин монгол угсааны язгууртан Борис Годуновыг царь болгоод 1605 онд Борис Годунов нас барсны дараа 1613 онд Михайл Романов цариар өргөмжлөгдсөнөөр Романовын хаанчлал эхэлжээ. Ингэснээр Русийн угсааны русь ч бус, Зүчийн угсааны монгол ч бус царь мэндэлсэн тул үүнээс хойш Орос хэмээн нэрлэх болжээ.

Михайл Романовын ач 1-р Петр Крымийн Алтан Ордоос тусгаар тогтносон анхны царь болж 1721 оноос император (хаан) цолыг хэрэглэх болжээ. 1783 онд хатан хаан Екатерина Крымийн хойгийг эзэлснээр Алдан Орд мөхжээ.Ийнхүү Батын удирдсан монгол цэрэг 1237 онд русьд орж ирснээс хойш Алтан Орд мөхөх хүртэл 546 жил өнгөрсөн болно. 1945 онд Сталин Крымийн өөртөө Засах БНУ-ыг татан буулгаж оршин суугчид болох татаруудыг хөөн гаргасан нь Алтан Ордын монголчуудын үр хойчис байв.

4-р Иван хааны үеэс русиуд зүүн зүгт Сибирьт нэвтэрч эхэлсэн нь 1581 онд Доны казак Ермак Сибирийн Күчүм хааны Искер хотыг эзэлснээс үүдэлтэй. Үүнээс хойш 70 орчим жилийн дотор 1649 он гэхэд оросууд Агнуурын тэнгис, Берингийн хоолойд усан замаар хүрсэн байна. Оросыг зүүн зүгт тэлсэн казакууд нь славян хүмүүс биш бөгөөд Дон мөрний адаг дахь нүүдэлчид буюу Оросын үнэн алдартны шашинд орсон татар хүмүүс байлаа.

Иймээс Оросын эзэнт гүрнийг зүүн тийш тэлсэн тэлэлт нь монголчуудын үр ач нарын өнгөрсөн үеийн Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрийг сэргээх хүсэл тэмүүлэл байсан гэж үзэж болно. Оросууд Сибирийн тайгыг эзлэн авсны дараа Баруун Туркестаны Зүчийн угсааны ханлигуудыг эзлэн авахад чамгүй хугацаа зарцуулж 1860-70 онд арай хийн гартаа бүрэн оруулж авчээ.

Юутай ч гэсэн 13-аас 14-р зууны Монголын эзэнт гүрний баруун хэсэг нь Оросын эзэнт гүрэн, зүүн хэсэг нь Чин гүрэн болон хувирчээ. Иймд Орос нь Монголын эзэнт гүрнийг залгамжилсан улс хийгээд 18-р зууны 1-р Петр хааныг хүртэл Монголын соёл иргэншлийн нэг хэсэг байснаар Газар дундын тэнгис, Баруун Европоос бараг бүрэн тусгаарлагдсан болно.

С.Баяртайван

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Монгол

      (202.131.230.162) 2016-08-09 09:36
      • 0
      • 0

      Энэ агуу түүхэн дунд амьдарч байсан тэр эзэрхэг монгол эрчүүдийг сүнс сүлд одоо хаана байгаа бол, эх орноо тойр хамгаалах байгаа

      Хариулах

    • sokoo

      (103.57.92.168) 2016-07-30 20:20
      • 0
      • 0

      gaixaltai ynen tyyx

      Хариулах