Чинбай хатны түүхээс...

Twitter Print
2016 оны 11-р сар 11-нд 08:10 цагт
Мэдээний зураг,

(Монгол Хатдын Онгон Түүхийн Гялбаа судраас)

.....Анхлан би анчин айлын охин очиж байгаа шүү дээ. Алт мөнгө ч үгүй, ээжийнхээ өв залгамжилсан ногоон дээлтэй, үсээ хоёр зэс шороор хатгасан, нүүрэндээ оо энгэсэг ч үгүй бор, аавын минь уллаж өгсөн эмээгийн өмсөж байсан гуталтай хаан дээр очиж байлаа. Хамаг гоё нь тэр шүү дээ.

 

Аянгат: Хубилай Хаан яагаад таныг сонгосон бэ? Өндгөн сүй байгаагүй юм уу?

ЧинБай хатан: Би тийм нэр хүндтэй айлын охин биш. Эгэл нэгэн анчин айлын охин байсан. Иймээс харц ардтай хэзээ нэгэн цагт сууна. Хонины бэлчээр дээрээс хэзээ нэгэн цагт хулгайлагдана гэж л өссөн шүү дээ. Ээж минь харин алба буурсан ноёны охин байсан юм. Анхны нөхөр нь дайнд явж амь эрсэдсэн тул анчин эцэгтэй минь суусан. Их мэргэн хатан хүмүүн байсан юм. Эцэг маань тэгтэл зүгээр л нэг дайнаас зугтаасан анчин хүмүүн байсан. Ингээд энэ хоёрынхоо ганц охин нь болж, дээрээ нэг ахтай, энхрийдээ энхрий, эрхэмдээ эрхэм өслөө. Анчин хүмүүний охин учраас ямар нэгэн өндгөн сүй, урилга заллага ирэхгүй шүү дээ. Язгууртан, гарвал өндөртэй мэргэд, сайдын охин байж л өндгөн сүй тавигдана. 

Гэвч эх минь өөрийн сурсан ёсоор намайг хүмүүжүүлсэн. Харин эцэг маань бэлчээр дээрээс хулгайлагдтал байж л байг гэж аж төрдөг байлаа. Би арван зургаан хавартай байл уу даа. Гол дээр ус аваад л сууж байтал нэг их ганган залуу хүрч ирсэн юм. Эм юм болсон хойно зориглож сээтэн хаяад, нүд рүү нь харсан чинь: Хөөе чи над руу зориглож нүд харж байна уу гэхэд нь би таны дөрөө рүү харсан юм гээд ханцуй руугаа инээгээд, хувингаа ч авалгүй гэр лүүгээ гүйчихсэн юм. 

Тэр ганган сайхан залуу морио усалж байхад нь таарсан нь тэр. Тэгтэл тэр залуу ундаасаж байна гээд манай гэрт ороод ирсэн. Ээжийнхээ ард нуугдчихаад сэмхэн сэмхэн хараад л яасан сайхан залуу вэ, ямар сайхан хувцастай юм бэ, луун ээмэгтэй юм байна. Идэр залуу энэ хүмүүн эхнэртэй л байх даа гээд л сууж байлаа. 



 

Гэтэл ээж минь намс хийгээд л, навтас хийгээд л, хүндэлж ёслоод л байна. Тийм том хүмүүн юм байх даа. Ямархан ноёны хүү юм бол, ямархан сайдынх нь ач юм бол гээд л бодож байтал хаантан гэдэг байгаа. Ээ би бодох юм биш. Сандарсандаа орон доогуур багтахгүй түчигнэж, түчигнэж нэг муу юм шургачихсан. Хэн рүү зоригтой харснаа сэтгэсэн. Тэр үед эм хүмүүн, хаан руу юун харах битгий хэл ойртож очдоггүй байсан заншилтай шүү дээ.

Хааныг харсан юм чинь алуулж таараа гээд орон доогуур шургахгүй юу. Түүнд их эгдүү нь хүрсэн бололтой. Охиноо үзүүлээдэх гэж хэлэхэд ээж хормойноос татахад нь би зууралдаад л: Өршөө, өршөө гээд нуугдаад байв. Ээж ороо сөхөж хаяж байж намайг нэг гаргаж ирээд өршөөн болгооно уу, эрх танхил өссөн юм. Энэ миний охин байгаа юм гэв.

Тэгэхэд би нүдээ тас аньчихаад л, нүүрээ таглачихаад л намайг харахгүй гэж сэтгээд л зогсож байсан. Яасан ичимхий юм чи, түрүүн над руу цор цор хийсэн биз дээ гэхэд нь хурууныхаа завсраар харчихаад: Ээ тэнгэр халаг, би таныг гэж таньсангүй, өршөө өршөө, намайг бүү алаарай гээд л урд нь мөлхөж очлоо. 

Тэгэхэд ээж чинь дамшиглаж байгаа юм. Би хаан бишээ, ирээдүйд хаан болж магадгүй нэг л ач хүү. Чи надтай жаахан хөөрөлдөнө үү гэнэ. Хаан биш юм бол ашгүй дээ гээд л өнөө чийхарсан хөлс чинь намжаад, ач хүү гэхээр нь нөгөө хаан гэж бодож байсан хүмүүний чинь суудал нам унана биз дээ. 

Намсаад л унасан тул нэг юм нүүр тэнийгээд, амьсгаа аваад нүүрийг нь харсан чинь ихээ царайлаг залуу байгаад нь бас шохоорхоно. Хаан боломгүй сайд л болж таарна даа ийм ноомой царайтай юм чинь гээд бас голсон шиг. Ингээд цэгээ уучихаад намайг аваад мориндоо сундлаад явж өглөө. Эцэг эхийн дэргэд хэлэхэд хэцүү байсан юм байлгүй. Энэ биеэс үл ялиг л ах байсан юм.


Буга урамдаж байсан цагт хоёулаа сайхан ойд сууж байгаад хов жив ярьсан шиг. Чи яасан сайхан хүүхэн бэ, та яасан хүдэр эр юм бэ гэх мэтээр нэг жаахан сэлгүүцсэн. Надад улаан бадмаараг чулуут луу ороосон бэлзэг өгчихөөд хадгалж байгаарай, би дараа ирж авна шүү. Энэ танайд ирсний тэмдэг болог гэв.

Ямар баян юм бэ, зараад сувдан сайхан сондор авчих юмсан. Гэтэл буцааж өгөх юм чинь боломгүй гээд л хүзүүндээ улаан утсаар боочихоод, өөр газар хадгалбал алдчих юм шиг санагдаад нандигнав. Шөнө болоход өнөөхөө гаргаж нөгөө залууг төсөөлсөн шиг байсаар хаврыг өнгөрөөлөө.

Гэтэл маш гоё цэцгэн хүрээтэй, шар алтан чимэгтэй цагаан хөлөг хөлөглөсөн хөсөг хүрээд ирдэг юм байна. ЧинБай хаана байна гээд, ямар хэргээр ирж байгаа юм бол доо гээд хартал, нөгөө залуу чинь гадаа ирчихсэн танай охиныг авъя гэж байна. Өнөө шөнө болгон мөрөөддөг юм чинь огло харайж баярлах хэцүү, үгүй гэж зугтаах ч хэцүү, гүйж байгаад унах уу, гүйхгүйгээр очих уу яахаа мэдэхгүй баахан ичиж билээ. Ингэсэн л хайрын түүхтэй. Одоо ч бас хайрлаж болоогүй байнаа. Дөнгөж танилцаж байсан юм чинь. Сүртэй бараатай жанжид төмөр хуягаа агсаад л хангир, янгир гээд л ороод ирэхээр айн биширмээр гэж. Ахиад л орон доогуураа нуугдсан. Ээж, чи хүмүүн ирж байхад ёсгүй гэдэг нь гээд л гуядаад, дахин ор авч шидээд, намайг тэр дороос чирч аваачаад сүйхэнд суулгачихсан. Чи наанаа сууж бай гээд. Тэгээд авдраа ухаж ухаж өмнөх гарагт нь аавын наасан аль гоё хээтэй гутал, ээжийн маань хуримлахдаа өмсөж байсан шилүүсэн эмжээртэй ногоон дээлийг нь өмсөөд, эрт цагт аавын минь авч өгсөн зэс хатгуурыг зүүгээд их л гоёж гоёж явуулсан юм даг.

Юу болох гээд байгаа юм бэ, ингээд би эхнэр болж байна уу, хурим гэдэг нь энэ юм болов уу гээд л явж байтал хуримлах гээд явж байсан нь тэр юм байж. Тэгээд өврөө уудалтал ээжийн минь нямбайлан биечлэн түрүүний бичсэн таван мөр байсан юм. Үүнээс өөр зүйлгүйгээр би гэрээсээ гарсан юм даа. Тэгээд л цав цагаан ханатай цайз хэрмийн гадаа ирээд ийшээ ороод нэг насаараа хоригдоно гэж бодохоос уйлмаар санагдаад гэртээ харья гээд уйлж алдсан шүү дээ. 

Намайг аваачаад хорих гэж байна гэж сэтгээд л. Хөдөө хээр ямар ч хэрэм цайзгүй өссөн би тэнд эхний гурван гаригтаа л бачуурсан. Тав дахь гарагт сайн өдөр таарч хуримын ёслол хийж улаан улаан хувцастай өндөр өндөр сайхан хүүхнүүд ирж миний сайрыг үрж өгсөн дөө. Би чинь хөлдөө, гартаа жаахан сайртай. Аавтайгаа нийлж ан гөрөө хийдэг болохоор хуруундаа жаахан сайртай тийм л хүмүүнийг угаагаад, шигүүрээр үрээд л. Шигүүр гэж вандуйны голыг хэлж байгаа юм. Тэрүүгээр үрээд улаан зумлаг болгоод, дараа нь үнэртэн гоогоор илээд л, илээд л. Намайг доош нь харуулж гурван цаг илээд л, дээш нь харуулж гурван цаг илээд л, нүүрийг нь гурван цаг илээд л, тэгж байснаа нэг нунтаг цагаан юм нүүрт түрхэж түрхэж байгаад үзэм шиг уруултай, онийсон нүдтэй, хөмсөггүй болгоод тавьчихлаа.

Хөмсгийг минь хусаад зураад хаячихсан. Би өөрийгөө хараад ихэд цочсон шүү. Үсийг оройд нь нарийхан нарийхан сүлжсээр байгаад бортгон малгай өмсүүлчихнэ. Маш хүнд ээмэг чих унжтал зүүгээд л. Урагшаа өцөсхий хойшоо босонхон хачин гутал өмсүүлчихээд хүүхэлдэй шиг алхуулна. Тэгсээр байгаад нэг өргөө рүү аваачаад өгсөн дөө. 

Би чинь том нүдтэй байсан. Гэтэл миний нүдний гуравны нэгийг далдалтал будаж чадсан юм. Их жижиг нүдтэй байх тусам сайн гэдэг байсан юм тэр үед. Тэгээд том нүүртэй байвал сайхан. Сар шиг байгаа юм. Ер нь сар шиг болгож будаж байгаа юм. Тэгээд нүүрний хамаг өөхийг урагш нь болгож байгаад боочихно. Тэгэхээр булцайна. Тэгээд уруул бумбайгаад жоохон болчихоод дуугарч чадахгүй бу бу гээд бүлх залгичихсан юм шиг болно шүү дээ. Тэгээд л орд өргөөнд ортол улаан улаан торгомсог хөшгөн дунд нөгөө сайхан залуу чинь нэг их сайхан шаргал дээлтэй сууж байна. 

Олон түмэн тогосын өдөн дэвүүрээр саваад л. Гайхах ч хэцүү, зугтах ч хэцүү, хойноосоо жадаар чичлүүлээд л орсон юм даг. За тэгээд л шөнө болоход ашгүй нэг юм малгай, гутлаас салж яс амарсан. Тэр л их жаргалтай байсан. Нэг их өндөрлөсөн, урдаа төөн зайтай гутлаар яваад хөл их өвдсөн шүү. Муухай явахгүй гэж хичээж салгалсаар байгаад магнайн хөлс цувчихсан.

Өнөө будаг нь тал хүртлээ арилаад, хөмсөг нь шанаагаар урсаад л. Арайхийж шөнө болгоод бушуухан нүүрээ угаагаад харсан чинь хөмсөг байдаггүй ээ. Хүжний гол шатчихсан байхаар нь авч эцэг шигээ сарвайсан өргөн хөмсөг дөнгөж зурж дуустал өнөө сайхан залуу чинь ороод ирлээ. Учиргүй инээгээд л чи чинь түрүүн хөөрхөн болчихсон байсан. Одоо яагаад хээр нутгийн охин болчихдог билээ гэж байна. 

Би хээр нутгийн охин хэвээрээ үлдье. Та минь намайг болгоо. Гэрт минь хариулаад өг гээд л дахиад дөрвөн мөчлөөд гуйдаг юм байгаа биз дээ. Үгүй дээ чи миний гэргий болсон гээд намайг нэг өргөж аваад л зөөлөн олон дэр рүү шидчихсэн. За ингээд л үхлээ, цаазлуулах нь гэж байтал тэвэрч аваад л үнсэхээр нь сэтгэл амарсан гэж байгаа. 

Өглөө боллоо. Ээжийн сургасан бүхнийг хийгээгүй ээж ална даа гэж бодтол ээж нээрээ хол байгаа юм чинь гэж бодохоор сайхан байсан шүү. Юугаа ч учраа оломгүй нэг сар өнгөрсөн юм. Тэр л хувцас, гутал, ээмэг зүүх гэж нэг сар хичээсэн юм. Хувцас өмсөөд сурсан чинь бичиг заана гээд л хөгшин хөгшин аймшигтай дух дүүрэн үрчлээс, хамар дүүрэн үс, эрүү дүүрэн сахалтай, энд тэндээ бууралтай том том сайд орж ирээд цэх суу, үзгээ барь гээд л намайг юм мэдэмгүй гэж бодсон юмуу үүнийг дуурайгаад бич, энэ бол тэр үсэг гээд л.

Тэгэхээр нь би мэднээ гээд аяархан хэллээ.

Юуууу? Мэдэх юм бол нэг юм бичээдэх гэлээ. Хамгийн алдартай гэж бодож байсан дөрвөн мөрт шүлгээ бичлээ. 


Тогоруу шувуу халин нисэх тэнгэрийн орон зайд 
Тогосын өд нь тогоруунд зохимгүй гэдгийг танилаа. 
Тоост энэ орчлонд хаан заяанд төрсөн чиг 
Тэнүүн хангайн малчин лугаа танхай байж боломгүй 
гээд. Энэ нь манай ээжийг ордонд байхад хамгийн алдартай байсан юм билээ. Энэ шүлгийг чи яаж мэддэг юм гээд л овоо хүүхэд байна. Алив нөгөө сайдуудыг дууд гэлээ. Энд тэндээс эрдэм асуугаад л. Тэгснээ за чи хатан байж тэнцэх юм байна. Овоо доо гэв. Тэгээд хичээлгүй болсон тул хаан зав зайгаараа намайг аваад ордны алтан загас сэлдэг том нуурын дэргэд очдог байлаа. Тэгээд надаас яаж өссөн гэж баахан асуусны дараа би ганц асуух боломж олдоход таны нэр хэн бэ? гэхэд тэр үеийн хамгийн том хааны нэрийг хэлчихдэг юм байна. Би таныг өвгөн гэж бодсон гээд өөрийн мэдэлгүй хэлчихэв. Өвгөн хаан бишээ гэж их л инээв. Ингэж л дотно болсон хорвоо доо. Тэгтэл би гурван сарын дараа дайнд явах гэж байна. Наран улс амлалтаа зөрчив. Чи надтай хамт явна уу гэлээ. Тэгэхээр нь тэгье тэгье гэж хэлээд тэр цагаас ер салаагүй юм даа.

 


Гурван сарын дараа Наран улс руу дайлаар мордохдоо Гүрёо улсад түр хорогдож тэндээ нэг жижиг хүрээ байгуулаад Наран улс руу элч томилох үйлийг хүлээгээд хэсэг тухлав. Бүх хүүхнүүдийн хувцас нь жирэмсэн юм шиг. Эр эм, хөгшин залуугүй хээлтэй юм шиг хувцастай тийм хотод очсон. 

Эрчүүд нь толгой дээрээ далавчтай. Эмэгтэйчүүд нь бүх үсээ сүлжээд толгойгоо тойруулаад саравч шиг ороочихно. Банхар нохой шиг цэгэн хөмсөгтэй, хамраасаа чамархай хүртэл урт нүдтэй сонин хатад байсан. Бүгдээрээ гэдсэндээ гартай. Явж байгаа нь яг хээлтэй авгай алхах мэт. 

За тэгээд Наран гэдэг улсын хүүхнүүд ирлээ. Бүгдээрээ модон гуталтай. Хөлөө, биеэ өлгийдсөн хүүхнүүд яваад л ирэв. Хувхай цагаан царайтай, урдуураа сэгсийсэн үстэй, хойноо хавдартай гэзэгтэй. Нээрээ ордонд Хятан энэ орны хүүхнүүд гуя хасаа гаргасан садар юм шиг хүүхнүүд л явна шүү дээ гэж бодлоо. 

Харин Монгол хүүхнүүд нь дотуур хуяг өмслөө, гадуур хуяг өмслөө, цагаан хуяг өмслөө, гадна дээл, тэрлэг дээл, нөмгөн дээл гээд арваад дээл өмсөж хувцасладаг болохыг анзаарсан юм даа. Ингээд үндэстэн үндэстэн бүхний гоо үзэсгэлэн ондоо гэдгийг анх удаа сэтгэсэн юм. Монгол эмэгтэй бол дор хаяж тав, ёслолд бол есөн хувцас өмсөнө. Тэр олон хувцсан дотор галбир бол хамаагүй. Гэхдээ тэр халуун орчинд галбиртай байхаас өөр арга байхгүй. Давхар давхар бүсэлнэ. Энэ бүхэнд бие жавхайгаад сүр жавхаалаг бие ихтэй харагддаг. 

Аянгат: КауБиЭлАй хаан хэдэн гэргийтэй байсан бэ? 

ЧинБай хатан: КауБиЭлАй хаан миний дээр хоёр, миний доор гурван хатантай байсан. Хатанд тоогдоогүй маш олон татвар эмс байна. Анх би татвар эмээр очсон ч миний мэдлэг чадамж тэнд оршин байсан ноёдод хүлээн зөвшөөрөгдсөн учраас бага хатанд тоогдсон. Бичиг үсэг мэдэхгүй, ёс заншил үгүй нь татвар эмд тооцогдож их хааны орд өргөөнд нэгэн газар эмсийн хүрээнд байна. Тэд нь хаанд барьж ирсэн их бага гарвалтай охид юм. Долоон хоног сонжиж үзээд сурч чадахгүй бол хаячихна. Тэд тэгээд ордны нэг газар мартагддаг юм. Хоол идээд л тэжээвэр амьтад шиг байж байна. Хааны ордны оточ нар тэдний сарын хирийг нь тооцож байгаад үр хүүхэд олохгүй үед нь эхний шөнийг хаантай өнгөрүүлдэг. Харин хатад болбоос оточ сайд нарт найр тавьж байж Эзэн дээдсийг өргөөндөө хонуулахыг ихэд чармайна. Тэгээд тэд дургүй хүргэсэн бага хатныг сарын хирийг нь мэдэж байгаад чадна. Тийм болохоор хаан дээдсийн сэтгэлийг татаж байх хэрэгтэй. 

Би бээр гуравдугаар хатан болж ирсэн тул оточ нар хэзээ ч миний өргөө рүү эзэн дээдсийг явуулдаггүй байсан. Харин Эзэн Дээдэс өдрийн цагаар миний өргөөнд айлчилж зугаацаж байгаад явахдаа надад хэд хэдэн хөвүүд хайрласан. Хатдын төлөвлөгөөнөөс би хасагдаж байсан хатан шүү. Наран улсаас ирээд тэр балгадад суухад хатдын ширүүн нүүрийг анх үзэж эхэлсэн юм. Ёсолсон цагт ямар ч шивэгчин, ямар ч төрийн ордны гишүүдийг хүнсэлж байх ёстой. Гэтэл миний ордны хүнслэх өдрийг хэдэн хоногоор мартдаг байлаа. Манай өргөө хоёр хиатай. Тэр хоёр миний угаах хувцас, хүнсийг зэхэж байх ёстой. Тэр нь төв ордны хүнслэх газраас мах шүүс, идээ жимс авчирч өгнө. Гэтэл түүнийг мартчихсан. Нэг сар өгч явуулаагүй. Бид нар хуучин хүнсээ бага багаар идсээр байгаад дуусаж нэг долоо хоног өлмөн байсан. Аз болж манай өргөөний урд тоорын мод жимсэлдэг байсан учраас түүний түүхий жимсээр долоо хоносон шүү. Ингэж чадуулж байсан. Тэндхийн хатад биднийг хаяж байгааг анх ухсан юм. Хоёр хиа маань уйлаад л, нанхиадаар арчаагүй хатны хиа боллоо, ингээд л зэрэг дэв, цалин пүнлүүгүй боллоо гээд л намайг зүхэж байлаа. Эзэн хааны оточ үргэлж их хатны бие муу байна гэдэг учгаар эзэн хааныг маань их хатны өргөө рүү аваад явчихна. Над руу тэр, сар ирээгүй. Тэгээд ядаж хоёр хиадаа яаж цалин мөнгө олж өгье дөө гээд бодлоо.

Хатан хүмүүн ордноор дураар сэлгүүцэж болдог тул тэрүүгээр энүүгээр явж байтал Эзэн хаан анд яваад иржээ. Нүд нь гялбаад ганзага хоосон хүрээд ирсэн байлаа. Ганзага хоосон ирлээ урамгүй байна гээд мориноосоо бууж байхад нь морь хараагүй удсан би өөрийн эрхгүй гүйж очоод морины хүзүүг илэв. Тэгээд гэнэт цочиж, болгооно уу, ордноос гарах зөвшөөрөл эрье. Ордноос гаралгүй удлаа. Хөдөө нутгаа санаад байна гэж нүд дүүрэн нулимстай хэлэхэд Эзэн хаан ухаж надтай хамт морин дэл дээр нэлээн хол давхисан юм. Бараа бологчдыг аюулгүй газар үлдээгээд, бид холдож нэг сайхан талд ирээд хоёул мориноос буусан. Эзэн хаан миний өвөр дээр хэвтээд жаахан амсхийснээ урамгүй өдөр сэтгэл сэргээсэнд гялайлаа гэхэд нь би гараараа саравчлаад тэнгэр ширтүүлж байсан юм. 

 


 

Тэгж байхдаа малгайнд нь саравч байрлуулаад өгчихвөл зүгээр юм байна даа гэж сэтгээд тэргүүнийг нь гуйж авсан. Замдаа жаахан эсгийний өөдөс, торгоны өөдөс оёдолчны газраас аваад тэр шөнөдөө хааны тэргүүнд саравч оёж өгсөн юм. Маргааш нь малгайг нь өгөхдөө миний гар таны нүдийг үргэлж хамгаалж байна. Та намайг хэзээ ч битгий мартаарай. Миний хоол хүнсийг бүү мартаарай. Миний хиа нарын цалин пүнлүүг бүү мартаарай гэж хэлсэн юм. Ордныхон албаар намайг санаатай хорлож байгааг мэдээд их хатны нэр нөлөө, сүр тэр цагаас унаж эхэлсэн юм. Тэгээд их хатан намайг зууна биз дээ. Тэгж байтал давхар биетэй боллоо. Давхар биетэй болохоор элдэв янзын нанхиад хоол хүнс, идээ будаа өргөө дүүрэн болчихдог юм байна. Үнэртэхээс огиудас хүрэм элдэв загас энүүгээр тэрүүгээр байгаад л. Идэж чаддаггүй. Эсэн мэнд нуган үр төрүүлсэн тул хувийн оточтой болж Эзэн хааныг нааш нь авчирдаг болсон юм. 

Их хатны байр суурь хазайсан тул хоёрдугаар хатан нэлээн мандсан. Ингэж байтал хэн хорлосон нь мэдэмгүй их хатан өөд болсон. Хоёрдугаар хатан их хатан болж, миний бие хоёрдугаар хатан болов. Цол ахиад л хоёр оточ, дөрвөн хиа, нэг тайгантай боллоо. Энэ чинь зэрэг нэмсний тэмдэг. Миний ордон дөрвөн тасалгаатай боллоо. Эхэндээ зүгээр нэгэн унтах тасалгаатай л байсан. Дөрвөн тасалгаатай болоод Жонон хүүгийн, ном бичгийн, хүлээн авах ёслолын өрөө гэж тохижуулав. Хувийн нэг оёдолчинтой болсон. Ирдэг идээ ундаа, цалин пүнлүү хиадад минь арвин болж, тэд надад их сайн болсон юм. Учиг нь би их бага иднэ. Илүү гарсан хүнсийг тэднийг авч явахыг зөвшөөрдөг байсан юм. Нэг мэдэхэд л нэг хиа, нэг тайган нэмэгдсэн л байна. Эзэн хаан минь томилов уу гэтэл арга саам хэрэглэж байгаад өөрсдөө ирчихсэн гэнэ. 

Ингэж байтал их хатнаас олон хиад, шивэгчинтэй болсон байна. Ингээд өргөөг минь томсгож надад хувийн өргөөг Эзэн хаан бэлэглэсэн юм. Тэгээд тэр нэг өдөр надад: “Чи яахаараа хүмүүн нохой хоёр цуглуулж байдаг юм бэ” гэхээр нь би яагаад тэгсэн юм бол доо, хүмүүнд тусалъя л гэсэн юм гэж бодож байснаа: “Би бүх ард түмнээ халамжлаад гараа духанд нь тавьж өгмөөр байна” гэж хэлэв.

Ингээд Монгол угсааны ноёдын тэргүүнийг (малгайг) анх удаагаа Монгол хэв загвартай болгож би өөрөө урлаж өгсөн юм. Анхлан л өмсөхөд нанхиад шаахай надад ер таалагдаагүй. Тиймээс төрийн хувцсыг Монгол чигээр нь байлгаж, Монгол бортгон малгай, таван тусгаар тогтнолыг билэгдэх таван давхар хатан дээл, хаан дээл, саравчтай малгай, Монгол гутал зэргийг би төрөөс бүгдэд өгөхийг хүсэхэд Эзэн хаан миний эрх мэдэл, суу хүчний билэгдэл болог гэж тааламжтай хүлээн авсан. Тэгж одоогийн энэ дээл, бортгон малгай номоо олсон түүхтэй. Урд нь бортгон малгай хэт өндөр байсан. Тэрийг нь намсгаж яг өөрийн нуруунд тааруулан нарийн бөгөөд чигч болгож, хатуулгагүй салхинд хийсдэг байсныг хатуулгатай, толгойд бат болгож өгсөн юм. Өмнө нь сүлжин хийдэг байсныг цаваглаж наахыг энэ цаг үеэс хийдэг болсон. Харин жанжид, ноёдын тэргүүн нь эргэн тойрон саравчлагатай болсон юм. Дөрвөн зүгтээ эзэн байж, найман зовхистоо эзэрхэж байхыг билэгдэж дөрвөн талтай, Эзэн хаандаа захирагдаж байхын нэг цонжтой, өөрийн гэсэн ухаанаа алдахгүй байхын нэгэн залаатай тэргүүнийг урласан. Тэгш хэмийн, тэгш төрийн билэгдэл болгож Их Монгол, давааны цаадах гэрээ толгой дээрээ залж гэрэн хэлбэртэй, цагаан өнгөтэйгөөр анх урласан.

Үүнийг сонсоод Эзэн хаан их таалсан бөгөөд малгай дээрээ алтан цонжтой, тэгээд үнэгүй өгөхөд ноёд шулуун хүлээн авсан. Далавчит Нанхиад тэргүүний оронд Монгол тэргүүнтэй болсондоо ихэд баясаж байсан юм даа. Энэхэн хувцсаар миний нэр шувуу адил мандаж, би ч хувцас бүрд Монгол жаягийг сударлан үлдээхийг хичээх боллоо. Иймээс давааны цаадах гэрээсээ эрдэмтэн мэргэд, охид хүүхнүүдийг өргөөндөө авчирч тэр бүхнийг уран нарийн хатгамал, эсгий эдлэлээр хийж Эзэн хааныхаа орд харшийн дотрыг эсгийлж өгсөн. Эсгий гэртээ өөрөө амьдарч хуучин дөрвөн тасалгаатай ордоо орхисон. Өргөө гэртээ ирээд КауБиЭлАй хаан, эцгийнхээ гэрийг санаж тухалдаг байсан. Ингэж их дотно болсон тул нэг л өдөр намайг их хатанд цоллодог юм байна. Хүсээгүй байхад шүү дээ. Даруу төлөв зантай, улс оронд ихийг бүтээсэн гэж элдвийн гуншин дуудсан. Алийг нь ч ухаж ойлгосонгүй. “Их хатан” болсон учгаас үүрэг хариуцлага ч их, өстөн дайсан ч их болов.

Нанхиадаас ирсэн татвар эмс шалдан шахуу ордонд гүйлддэг байсныг болиулж, ордонд бүрэн хувцаслаж байх анхны зарлигаа гаргав. Хиад, шивэгчид үйл хийхэд аятай эвтэй байх хувцастай байхыг хүссэн тул эрх мэдэлгүй дорой гээд богино хормойтой хувцас хийсэн. Ингэж КауБиЭлАй хааны ордны анхны дүр төрх бий болсон юм. Үр минь таван хавартай болов. Нанхиад хичээл заалгах болоод байсан хатуу цагт нь давааны цаадах Монголын Хархорин хотоос эрдэм мэдлэгийн дээдсүүдийг урьж залан авчирч эрдмийн үйл хийе гэхэд хаан, өвөг дээдсийн үгийг улбаалах учиртай гээд зөвшөөрөв. Ингэж Юань гүрэнд өмнөдөд байгаа “Нууц товчоо”, “Алтан товчоо”, “Өтгөсийн шастир”, “Үнэний түүх”, “Яруу найраг”, “Яргуй цэцэний зохиол”, “Абахай цэцэний зохиол” бүхэн цуглан ирсэн юм. Нэг хувь Монгол хэл дээр, нэг хувь нанхиад хэл дээр, нэг хувь орчуулга хэлбэрт нанхиад бичиг бичиж, нанхиад бичиг сурч байгаа хүүдээ нанхиад бичгээр бичсэн Монгол үгсийг уншуулж, Монгол бичиг сурч байгаа арддаа Монгол бичгээр бичсэнийг сургаж, нанхиад сайд ноёдод Монгол гэж ийм хүмүүс байдгийг таниулж, орчуулга юугаа бич гэж анхны ном шастирын сайдыг томилж байсан түүхтэй. Энэ л үйлтэй зууралдаж зууралдаж миний бие барагдсан билээ. 

Элч сайд нь ирж, эрдэмтэн номтон нь зөвлөлдөж тэр бүхнийг санаачилснаараа чи толгойлж дүүргэ гэсэн юм. Хаадын хөргийг зураглаж, өтгөсийн түүхийг бичиглэж, хуяг хувцсыг шастирлаж үлдээсэн лугаа адил ихэс дээдсийн үүх түүх, эзэн ЧинГис хааны мөр явдал, эртний гоо хатдын үүх түүх, үнэн дүрийг зураглан үлдээх гэж өөрийгөө тойруулан эрдэмтэн зураачдаар хүрээлэн их үйл хийх болсон. Эрдэм цуглуулна гэдэг нэгэн хуяг урлахтай адил нэгэн өдрийн үйл биш, нэгэн нэгэн өгүүлбэрээр нь түүж цуглуулах учгаас арвин их насыг минь авсан. Энэхэн үйлэнд сатаарсаар байгаад төрийн үйлээс ч холхон байдаг болсон ч энэ маань өөрөө төрийн хэрэг гэж санаж явлаа. 

Миний доорх сайд, жанжид төрд зүтгэх албатыг тохож томилдог, эрдэм мэдлэг заадаг хүмүүс болж чигийг олж нанхиад угсаатны үүх түүхийг заадаг биш Монгол угсаатны үүх түүх, шастираар хүмүүжигч жонодыг бий болгосон юм. Гэвч давааны цаадах нутаг шиг адуу мал хариулж, агсах зэвсэг сэлбэж, нум сум агсаж, нутаг орноо хамгаалж өсөөгүй хүүхдүүд маань чинээндээ тээж ирсэн тэр эсийг умартаж өссөн. Ай сүүлд нь эмэг болоод харахад алдас минь энэ л байсан юм билээ.



Намайг үзэх, уулзах гэж хариас, бүр далайн чанадын хөх нүдтийн орноос хүртэл ирдэг байсан шүү. Элдэв сонин түүхэнд би их дуртай байсан. Нэг ийм буржгар сахалтай аялагч ирж байсныг маш их тод санаж байна. Мароо Мороо билүү дээ тиймэрхүү нэртэй. Түүх шастир их сайн мэддэг хүмүүн байсан. Миний өргөөнд гурван хоног тухалсан. Харин би Эзэн хаандаа хардагдаж гурван хоног зүдэрсэн дээ. Эр хүмүүнээс чи юу тэгтлээ их сонсоов гэж ихээ хардсан шүү. Далайн цаадад улс байдаг юм байна. Хаан байдаг юм байна гээд ярьсан бүхнийг өгүүлэхэд КауБиЭлАй хаан тэндэхийг тэгвэл би эзэгнэнэ гэж дахиад л аян дайнд мордсон доо. 

Бид гайхуулахаа гайхуулж, тэр гайхуулахаа ярьж гурав хоног болоход од гариг, газар орныг судлагчид байдаг, хүмүүн нь энд тэндэх судлах орон зайгаа, энэхэн дэлхийдээ эзэн болохыг хичээдгийг ухаж, энэ бүхэн юуны төлөө байх вэ гэж, ирээдүй үр хүүхэддээ мэдүүлж алдахгүй байхыг сануулах гэж судрын үйлэндээ илүү шамдаж гагц Монгол судар гэж туйлширдаг байсан бол тэр цагаас би дэлхийн их судруудыг түүвэрлэх болсон түүхтэй. Нүүхүй цагт Монгол нутагтаа авчирч чадсан бол арвин их судрын цуглуулга надад байсан. Гэтэл миний нас богино байсан учраас тэр их номын хурыг нүүлгэж чадаагүй. Надтайгаа хамт мэргэд сайдууд минь эрдэм номыг дээдэлсээр, хойч хойчийн эздэд эрдэм номын гүнийг таниулсаар Юань гүрэн гэдгийн нэгэн мөн чанарыг дэлгэж үлдээсэн юм. 

Юань гүрэн шиг их судрын агууламжтай гүрэн өнөөг хүртэл байхгүй байгаа нь бахдалтай шүү. Энэ их Монгол судар одоо харьд хадгалагдаад, гуниглан байхаар уйлмаар ч юм шиг. Ийм л дэнсэнд өнөө гарагт эмэг би буулаа даа. 

Аянгат: Таны үзэж туулсан амьдралыг хайрын дээд жишиг гэж үзэж болох уу? 

ЧинБай хатан: Болноо. Эзэн хаанаа хайрлаж, эх орноо хайрлаж, өвгүд ихсээ хайрлаж энэ бүхнийг дэргэд байгаа хүмүүндээ хайраа илчлэхийн тулд үйлдэж байсан хэмээвэл би өөрөө “Хайрын хатан” болсон байжээ. Ханьдаа дутуу байгаа орон зайгаар нь, үйлдэж чадахгүй бугшмал амьдралаар нь, дутууг нь нөхөж дүүргэж өгсөн хатан болой би. Эзэн хаан маань морин дэл дээр нутаг эзэлж, мохошгүй илдээр төрөө түвшитгэж явахад ард нь би энэхэн эрийн хүссэн газар болгон эрдмийг түгээж явснаараа дутууг нь гүйцээгч болно. Энэ хослол эр эм хоёрын хайрын түүх болж байгаа юм. Эх орон, өвгүд өтгөсийн хүсэл, чин зоригийг эрхэмлэж нэгэн мөрт номын хуудаснаа мөнхлөх гэж, нэгэн улсаа дэлхийн цээжинд мөнхлөх гэсэн нэгэн хосын түүх болой.

Нэгэн учигт Юань гүрнийг хилийн дээс алхуулсан буруутай гэдэг. Гэвч тэр чинь эзэлсэн улсын минь төв нь байсан юм шүү дээ. Улс үндэстний төв нь төвдөө л байхгүй бол болохгүй учгаас гарцаагүй эзэлсэн улсын төвөөр дэнсэлж суусан юм шүү гэж өнөө цагийн түүх өртөөлөгчдөд өгүүлж бас хэлмээр байна. Та бүхэн өнөөгийн цагаараа ч бодоод үздээ. Та нарын энэ Улаанбаатар хот чинь БаянӨлгийд байвал төв гэж нэрийдэж чадна уу? Мөн төв нь байсан Улаанбаатар хот зах хязгаарын хотоо хөгжүүлж чадахгүй бол бас алдас болдог юм. 

Аянгат: Хархорумд байсан их номыг Юань гүрэн рүү зөөгөөд аваачсан гэж бичсэн байдаг. 

ЧинБай хатан: Аваачсан. Тэрийгээ хоёр хувь болгоод буцаасан. Буцаахдаа илүү арвин, тэнд байсан нанхиад, өнгөт нүдтийн, Наран улс, Гүрёогийн түүхийг нэмж аваачсан. Үүнийг би өөрийн биеэр үйлдсэн тул хэлж байнам. Би маш их чухал гэсэн судруудаа нэг илүү хувь бичиглэн өгч явуулдаг байсан юм. Гэвч сүүлд энд ирсэн ноёд, тэнд хаан ширээгээ булаалдан бужигнах үедээ ном гэх нимгэн цааснуудыг галд өргөн үгүй хийсэн гэсэн. Улс орон бүхэнд өөрсдийн хаан буй, тэр бүхэнд өөрсдийн сургамж буй, алдаа оноо бүхнээс нь ард олон, балчир жонод минь суралцаж ирээдүйн их хаад төрөөсэй гэх хүсэл минь надад байсан юм. 

Хаан гэдэг нь нэгнийхээ дутууг нөгөөх нь гүйцээж Их Хаад нь төрнө. Хатан гэдэг нь нэгнийхээ хүслээр нөгөөх нь хөлөглөж бүрэн болж байж Их хатад болно. Нэгэн хатан цэцэглэхийн тулд маш олон хатан суурь бэлддэг. Нэгэн хаан төрөхийн тулд маш олон хаан, хатад суурь бэлтгэдэг гэдгийг ухуулах гэж арвин их түүхэн судруудыг аваачиж байснаас биш, янаг амраг, наргиа цэнгээний судрыг Хархорум ер явуулж байсангүй. Тиймээс цөөхөн боловч чанартай нь тэнд төвлөрч байсан юм. Дуу, шүлэг, яруу найраг, уянга халил бол хаана ч байнам. Хэн ч танина. Гагцхүү түүхэн шастируудыг бол түүнийг гэрчилсэн эрдэмтэн цэцэд л үлдээнэ гэдгийг үрс ухаарах хэрэгтэй. 

Аянгат: Таны хувьд КауБиЭлАй хаан ямар хүмүүн байсан бэ? 

ЧинБай хатан: Дураараа. Дурандаа нийцүүлж дэлхийг захирсан хүмүүн шүү дээ. Өөрийнхөө дураар хүч хийж, өрөөлийн үгээр хөлөг хийж, үрсийнхээ хүслээр жигүүр хийж явсан эцэг хүмүүн байсан. 

Аянгат: Таныг хөглөж, тантай найзалж ч юм уу өрсөлдөж байсан ямар хатан байсан бэ? 

ЧинБай хатан: Бусад хатан над руу чиглэсэн илд, зэв, хор байсан. Гагцхүү тэнд түшиг хэмээвэл ханилан суусан хаан минь, Монгол сайд, ноёд, Монгол шивэгчид, ардууд байсан. Балгасан дотор би буруу гишгэвэл үхэж мэдэх тийм л амьдралд өссөн. Балгасын гадна номын өргөөндөө би хатан хаан байж чадсан боловч хэзээ ч би тэр балгасын хатан байж чадаагүй. Харин би орд цагаан өргөө, олон судруудынхаа л хатан байсан хүмүүн. 

ГүнЧин удгүн: КауБиЭлАй хааны тухай киног Хятадууд хийсэн байна. Тэр кинон дээр КауБиЭлАй хааны их хатныг ЧинГис хааны гүнжээс төрсөн охин байсан гэж үзүүлж байна. 

ЧинБай хатан: Цус ойртолт болно биздээ. Худлаа байна. Их хатан болбоос Хонгириад отгийн охин байсан ч гэсэн эзэн ЧинГис хааны шууд ураг биш юмаа. 

Аянгат: Та бол Хонгириадын анчины охин? 

ЧинБай хатан: Тийм. Хоёрдугаар хатан бол нанхиад гарвалтай ЦиПиИр гэдэг нэртэй. 

ГүнЧин удгүн: Хоёрдугаар хатныг ядуу гарвалтай гэсэн байсан. 

ЧинБай хатан: КауБиЭлАй хааны ядуу гарвалтай ганц хатан нь би билээ. Өөрөө өөхөн дундаас олзолсон хатан нь би. 

ГүнЧин удгүн: Тэгээд их дураараа, байлдаанч 

ЧинБай хатан: Дураараа байсан. Амиа аврахын тулд байлдахаас өөр аргагүй шүү. Дэрэн дороо үргэлж хутгатай унтдаг байсан би дайчин байхаас яах вэ. Учиг нь ямар ч хатан, ямар ч хиа намайг яаж ч мэдэх тийм л оронд би очсон. Угшил гарвал сайтай биш учраас ар өмгөөлөгч надад байсангүй. Эзэн хаан минь таалж байсандаа л энэ бие амьдарч байсан юм шүү дээ. Тиймээс би өөрөө биеэ хамгаалах гэж анчин эцгийнхээ өгсөн жижиг хутгаар тэмцэж сурахаас өөр аргагүй байдалд орсон юм шүү дээ. 

ГүнЧин удгүн: Кинон дээр бас Аригбөх хааны дурлалт охинтой КауБиЭлАй хаан суусан учраас тэр хоёрын хооронд зөрчил үүссэн гэж үзүүлж байсан ? 

ЧинБай хатан: Үгүй. Би Аригбөх хааныг хурим дээрээ л анх удаа харсан. КауБиЭлАй хааны их хатан болбоос Хонгириад гарвалтай, түүний нэр нь тодорхой бус ч ЭсИэ хатан гэж бүгд харьцдаг байсан. Их хатны нэрийг хэлэх хориотой. Хэлбэл тэрсүүд гэж цаазлах мэдэлтэй байсан. Удаах хатан нь Алтан улсын нэлээн том ноёны охин байсан тул тэнд суурьшин амьдрах тухыг хангаж байсан хатан болно. Нанхиад гарвалтай, бүх цэрэг түүний мэдэлд байсан. Тийм том жанжны охин байсан юм шүү. Гуравдугаар хатан болбоос би. Надаас хойш олон олон эмс байна. Учиг нь Нанхиад, Сүн улсын, Гүрёо, Наран улсын ноёд КауБиЭлАй хаанд тал засах гэж өөрийн охидыг өгдөг байсан юм.



КауБиЭлАй хаанд Гүрёогийн хаан өөрийн охиныг барилаа гээд өөрийн ураг боловч төрсөн бус охиныг барьсан тул Гүрёотай дайн хийсэн учиг нь тэр болно. Наран улс бас хаан угсааны отгон охиноо өглөө гээд удмын нэгэн охиныг өгсөн тул хэлсэн үг чинь худал байсан, нүд хуурах төдий үйл хийлээ гэдэг учгаар дайтсан. Эм хүмүүн өгөөд өнөөх нь ураг байх нь тийм хамаагүй байсан ч Эзэн хаанд худал хэлсэнд нь өсөрхсөн юм. Охиноо хүртэл нууж худал хэлж байгаа юм чинь өргөн түмэнд минь хэмээ өгч, нэгдэл дор байх нь бас худал гэж үзэж энэхэн баримтыг үнэн байлгахын тулд дайтаж явсан түүхтэй. КауБиЭлАй хааны мөртөд бол худал хэлэхийг ер тэвчдэггүй байсан. Тийм чиг болоод их болоод хоёрдугаар хатдын худал үг хааны зүрхийг өвтгөж намайг их хатанд өргөмжлөхөд би төрийн үйлээс хол, зөвхөн үнэнийг өгүүлж байдаг судар номын үйлэнд биеэ хамгаалж, мэдлээ хамгаалж аж төрсөн. 

Хэрэв би бусад хэрэгт оролцох аваас аливаа нэг учигт худал хэлэх мөч гарна. Хүмүүний амь хамгаалах гэж, хүмүүний эрх хамгаалах гэж, цалин пүнлүүг нь тэнцүүлэх гэж, ахуй гэрийг нь тэнцүүлэх гэж Эзэн хааныхаа өмнөөс худал хэлэх цаг ирнэ. Тийм учгаас болгоомжилж хамагтай үнэн орших судрын үйлээр биеэ хөглөн, Эзэн хааны ирээдүйн чигчийг үнэн байлгахад эрхэм дээд үнэнийг өгүүлэгч алтан бичээсээр хөглөсөн хатан байсан юм. 

Аригбөх хаан, КауБиЭлАй хаан хоёр хэрхэн муудалцсан бэ гэвэл төр голомтыг анх тамгалсан газраас нь хөдөлгөсөнд хилэгнэлдсэн. КауБиЭлАй хаан захаас удирдаж чадамгүй. Төвд нь сууна гэж хот нүүлгэхэд, Аригбөх хаан Эзэн ЧинГис Дээдсийн голомтыг төв гэхгүй юуг төв гэнэ вэ гэх зэргээр маргалдсан. Гэвч бодит байдал дээр хэрэв бид Хархорин хотоос эзэлсэн улсаа захиръя гэвэл дор хаяж гучин тав хонож байж хэл хүрэх алсаас үргэлж илүү зардал гаргаж, үргэлж илүүтэй хөлс шавхаж, үнэн байдлын дунд биш, худал хуурмагийн хэрмэн дунд нь төр улсыг удирдах болно шүү дээ. Тиймээс КауБиЭлАй хаан үнэнийг илчилж би төвд нь оршино гэж төр улсаа нүүлгэсэн. Харин ЧинГис эзэн дэдсийнхээ гал голомтоо сахин үлдэнэ гэж Аригбөх тэндээ аж төрсөн учиртай. Эдийн засаг гэж ярих юм бол Юань гүрэн байгуулсан нь зөв болсон. 

Аянгат: Юань гэдэг чинь хөх гэсэн утгатай гэсэн үү? 

ЧинБай хатан: Хөх Монгол улс гэж нэрийдсэн. Гэтэл өнөөгийн Нанхиад бичигтэн Юань гэдэг бол хөх гээд Монгол гэдэг үгийг хасаад гүрэн болгоод бичсэн болно. Ихэнх байсан нанхиадууд “Хөх улс” гэдгийг зөвшөөрсөн болохоор тэнд санаа гүйцсэн юм. Түүнээс Монголоор хөх гэнэ үү, Нанхиадаар хөх гэнэ үү нэг л утгатай тул гэж санаа амарсан юм. Үүнээс өөр учиг үгүй. Мөн “Хөх” гэдэг үгээр бид улсаа нэрлэсэн бол нанхиад хэлний “Хөх” гэдэг үг нь өөрөө бүдүүлэг, доромж гэдэг утгыг илтгэдэг тул шууд тэр үгийг хэрэглэхэд бэрх байсан. Нанхиадууд нэг эгшиг солихдоо их гарамхай шүү. Тиймээс бүдүүлэг улс гэж нэрийдэхээс сэрэмжилж, Монголоо “Хөх” гэж гөжиж чадаагүй. Юань гэдэг бол маш эртний гарвалтай нанхиад үг болно. Хэрэв сайн судлах аваас Сүмбэ гарвалтай түрэг үг. Түрэг үг гэдэг чинь алтайн язгуур хэлэндээ ордог. Цэвэр нанхиад үг биш. Үүний утга нь далай их хөх, хязгааргүй хөх, маш гүн гүнзгий хөх, далай болоод тэнгэрийн хөх хязгаарыг хэмжиж болохгүй гэсэн утгыг илтгэдэг. Далай мэт хэмжигдэшгүй гүн, тэнгэр мэт хэмжигдэшгүй гүн гэсэн утгатай. Тиймээс хэмжээ хязгааргүй том гүрэн гэдэг утгыг илтгэх гэж энэ үгийг сонгосон. 



 

Эзэн хааны байгуулсан “Их Монгол Улс”-ын Их гэдэг үгтэй Юань гэдэг үг дүйцэж чадаж байсан. Харин Монгол Улс гэхэд моногоуул бид нь яс угсаагаараа нийцэхгүй. Тэнд ганц Монголчууд амьдарч байсан улс биш. Тиймээс энэ нэр байж боломгүй байсан юм. Тэгээд Нанхиад улс гэлтэй биш, Наран улс, Түрэг, Гүрёо улс гэлтэй нь биш дээ. Тийм биз. Олон улс угсаатан амьдарч байсан тул “Их Улс” гэх нь зөв болно гэсэн юм. Ямар ч яс үндсийн ялгаваргүйгээр тус тусын биедээ эзэн болж нэгэн туган дор нэгдэж дэлхий ээж газрынхаа төлөө аж төрнө гэх утга санаа болно. Тэрхэн санаагаа сайн хаадын үед гүйцээж, муу хаадын үед засаг захиргаагаа алдаж аж төрсөн. Бидний дэлхийд бүтээсэн гавьяа гэвэл улс орны нэг нь ядуу, нэг нь хөгжингүй байх үйлийг тэнцэтгэсэн юм. Нэг нь доромжлогдож байх, нөгөө нь аархаж байх худалдааны жимийг тэгшитгэсэн юм. Бидний захиргааны үед ямар ч улсын иргэн хаа дуртай газраа очоод, эрхлэх үйлээ хийгээд, энэ амиа зогоогоод аж төрж болдог байсан ололттой. Бусдын биед хохирол учруулахгүй, бусдын биед зовлон учруулахгүй, эд юмст зовлон учруулахгүй аж төрж байх аваас тэр хүмүүн жаргаж байдаг. Энэ гурван учгийг нь сахиж үл чадах аваас цаазаар авагддаг тийм л гүрний эзэд бид байсан түүхтэй. 

Энэ л далай их учгийг хаагч боогч, худалч хуурмаг бүхнээс хамгаалахыг хичээж байсан юм. Өөрөө бид тэр газрыг эзлэн, ир сэлмээрээ авсан учгаас зүхэх түмэн бий. Гэвч зүхдэг түмэн бидний мөн чанарыг ухаад ирэхийн цагт зүтгэх цаг байсан гэдгийг мартаж болохгүй.

Монгол Хатдын Онгон Түүхийн Гялбаа судраас...

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.