
(Ийм л орчлонд Чингэсийн Монголын гэх гуравхан сая хүн цар тахал, цагдаа хоёрт ээрэгдээд сууж байна даа!)
Олоон жилийн өмнө гадаадын нэг сэтгүүлд “Монгол толгой” гэсэн зурагтай материал нийтлэгдэж билээ. Бичсэн эрдэмтэн сэтгүүлч нь Монгол хүний толгойг гайхамшигтай эрдэнэтэй зүйрлээд, сэтгэн бодох чадвараараа “хосгүй” гэсэн байлаа. Үүний баталгаа болсон олон судар ном дэлхий дахины өндөр нэр хүндтэй номын сан, түүх дурсгалын хүрээлэнгүүдэд хадгалагдаж байдаг. Монгол хүний толгойн тухай, сэтгэн бодох аугаа их чадлынх нь тухай сүүлийн үеийн олон судалгаа, үйл явдлууд ч бидэнд харуулж байгаа. Олон улсын уралдаанд хүүхдүүд ухаан бодлоо уралдуулдаг, бүр тодруулвал ой тогтоомжийн тэмцээн уралдаануудад манай багачууд л тэргүүлж, хамаг медалийг нь хамаж аваад ирж байгаа.
Юуны учир би үүнийг бичиж байна гэвэл, монгол хүн тархи толгойныхоо хүчин чадлыг бүрэн дайчилвал юуг ч бүтээж чадна, дэлхийн эрдэмтэн мэргэдтэй өрсөлдөж, “хол хаяж” ч магадгүй гэсэн бодлынх. Би, үе үеийн эрдэмтэн мэргэд, шинжлэх ухааны ажилтнуудынхаа хүч хөдөлмөрийг дутуу үнэлж, үгүйсгэхгүй ээ. Олон сайн эрдэмтэн мэргэд төрөн гарч, улсдаа төдийгүй дэлхий дахинаа нэр алдраа цууриатуулж байгааг нь хэн ч маргахгүй байх. Би энэ удаа, дэлхийг донсолгосон шинэ вирусийн цар тахлын үед манай эрдэмтэн мэргэд юу хийж байдаг юм бол гэж сонирхоод байгаа юм.
Сүүлийн жил гаруй хугацаанд олон улсын хэмжээнд зөвхөн вируслогчид төдийгүй анагаах ухаан, хими физик, одон орон, хүн судлалын зэрэг бараг л бүх шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд, энэ урьд хожид үзэгдээгүй аймшигт вирусыг судлах, нууцыг нь олж илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх бүхий л төрлийн эрэл хайгуул хийж байх шиг байна. Нэг хэсэг нь шинжлэх ухаанаар, нөгөө хэсэг нь тус тусын шашин судлалаар онгичоогүй, үзэж хараагүй юм бий гэж үү?! Ядаж л, ойр ойрхон мутацид ордог энэ аюулт коронавирусуудын гарал үүслийг зөв тогтооё, тэгээд уг сурвалжаас нь эхлэж тэмцье гээд төрөл бүрийн мэргэжилтнээс бүрдсэн олон улсын багийг анх энэ өвчин гарсан Ухань хот руу явуулж байх шиг байна. Нэрд гарсан энэ эрдэмтэн мэргэд БНХАУ-ын Ухань хотод 1-2 сарын хугацаатай ажиллах ДЭМБ-ын томилолт, БНХАУ-ын зөвшөөрөл авсан гэдэг. ДЭМБ-ын дэргэд вирус судлалын баг ажиллаж, бараг бүх улс орон тэндэхийн зөвөлгөө шийдвэрийг дагаж байгаа. Ер нь олон улсын эмч мэргэдийн анхаарал энэ аюулт цар тахал руу чиглэжээ гэж хэлж болмоор. Тэгтэл бас энэ өвчнийг цар тахал биш, жирийн л нэг амьсгалын замын өвчнийг дэврээж улс төр, эдийн засгийн ашиг хонжоо олох явдал байна гэж зарим томоохон эрдэмтэн судлаачид үзэж байх юм.
Европод коронавирус анх дэлгэрэхэд Их Британы эмч Мартин Лонди гэдэг профессор судлагаа эмчилгээний асуудлыг удирдаж дэлхий нийт түүний зааврыг дагаж байсан гэнэ. Гэтэл энэ хүн буруу эмчилснээс Англи, Франц, Итали, Бельги, Бразильд үй олноороо нас барсан, энэ том улс орнууд шарил хадгалах газаргүй болтлоо өвчинд нэрвэгдсэн нь нэг эрдэмтний буруу онол, эмчилгээнээс болсон гэж гадаадын хэвлэлд бичээд байна. Өвчтэй хүнийг түргэн “нүд аниулдаг” тариагаар тариад байсан гэж буруутгажээ. Бас Германы эмч Клаус Пюшель гэдэг хүн, коронавирусын халдвар авч нас барсан 150 хүний задлан шинжилгээг ердийн хамгаалах хэрэгсэл болох бээлий, амны хаалт ашиглан хийтэл эмч өөрөө халдвар аваагүй гэнэ. Ер нь тэгээд тэр олон цогцост хийсэн шинжилгээгээр коронагийн гээд тодотгочих зүйл тэр эмчид олдоогүй гэдэг.
Эрдэмтэд бас нэг сонин судлагаа хийсэн байна. Олонх хүмүүс коронавирус нь өндөр настанд яаран тусч үй олноор нь үхэлд хүргэж байгаа гэсэн ойлголттой байгаа. Тэгтэл Америкийн Станфордын Жон Ионидес гэдэг профессорын судалгаагаар коронавирусын халдвар авсан 80-аас дээш насны 10,000 хүний 2-7 нь л энэ өвчнөөр нас барсан гэнэ. Ердийн үед жилд 80-аас дээш насны 10,000 хүний 1200-нь өвчнөөр өөд болдог байхад коронавирусын үед бол харин ч харьцангуй бага байна гэжээ. Тэгээд “энэ бол цар тахал биш” гэсэн дүгнэлтэнд хүрсэн байх юм. Эрдэмтэн цааш нь “Алийн болгон дэлхийн гэсэн тодотголтой, эмийн бүтээгдэхүүний зах зээлийг олон улсад нээх зорилготой хувийн байгууллагын үгээр явах вэ дээ!” хэмээн учирласан байна. Ямартай ч олон улсын эмч мэргэд коронавирус гэдэг аюулт цар тахлын талаар оюун ухаанаа уралдуулж, хүн төрөлхтнийг аврах арга замаа хайсаар л байна.
Манайд! Манай улсын шинжлэх ухааны академи, түүний харъяа хүрээлэнгүүд, эрдэмтэн мэргэд ер нь юу хийж байдаг юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Нэг үгээр хэлвэл “Монгол толгой” цар тахлаар ажиллаж байна уу?! Монгол улс анагаах ухааны талаар эртний уламжлалтай, баялаг түүхтэй улс орны нэг. Уламжлалт анагаах ухааны ямар олон судар ном байдаг гээ. Манай улсад ямарч өвчин тахлыг дор бүр нь дардаг аграмба, мааранбууд олон арваараа байсан. Одоо ч шавь нар нь ажиллаж амьдарсаар л байна. Судар номын далай болсон “Мамба дацан” өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж, түмэн олонд тус дэмээ үзүүлсээр байна.
Энэ баялаг суурь дэвсгэр дээр тулгуурлан орчин үеийн анагаах ухаан хөгжөөд зуун жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Монгол улсын Эрүүлийг хамгаалах яамыг нэгэн үед манай нэрт вируслогич, академич П.Нямдаваа удирдаж байсан. Одоо тэр хүн ажил үйлсээ үргэлжлүүлээд амар мэнд сууж байна . Монгол улсын олон эмч мэргэд вирус судлалаар эрдмийн зэрэг цол хүртэж олон удаа вакцин бүтээн төрийн соёрхол хүртэл хүртэцгээсэн. Ер нь тэгээд вирус судлалын талаар Монголын эрдэмтэд олон улсад хөл нийлүүлж явдаг зарим талаараа тэргүүн энгээнд нь явдаг гэж би боддог юм. Тэгээд л цар тахал дэлгэрсэн энэ хүнд үед манай эрдэмтэн мэргэд ямар нээлт хийж бид бүхнийгээ болон дэлхийн улс түмнийг баярлуулах бол хэмээн олон сар хүлээсэн хүний нэг нь би л дээ. Би мэдээллээс хоцорсон юмуу, манай эмч мэргэд алгуурлаад байгаа юмуу, ер олигтой мэдээ чих дэлссэнгүй. Харин ч хөрөнгө мөнгө дутагдалтй, цалин пүнлүү бага, эрдэм шинжилгээний ажлаа явуулах орчин үеийн лаборатори, багаж хэрэгслэл дутмаг хэмээн шүүмжлэлтэй хандахыг нэг бус удаа харсан. За яахав, цар тахлыг дарах хүчтэй эм тариа, урьчилан сэргийлэх вакцин бүтээж байгаа гэдэгт итгэе!
Нэг зүйлийг би эрдэмтэн мэргэд, эмч дүү нартаа сонордуулахад илүүдэхгүй болуу гэж бодсон юм. Манай ард түмэн чинь судар номонд үлдээхээс гадна, аман яриагаар үе удмаараа ховор нандин зүйлийг үлдээдэг нүүдэлчин сэтгэхүйтэй хүмүүс шүү дээ. Би баттай эх сурвалжийнх биш боловч, аман ярианаас сонссон зарим зүйлийг та нартаа санаа авахуулах үүднээс бичиж байгаа юм.
Дундговь нутгаас төрж гарсан, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын аав Жанлав гэж, нэртэй эмч байлаа. Хэдэн жилийн өмнө таалал төгссөн. Энэ хүн тарваган тахлын голомтонд хэд хэдэн удаа ажиллаж, орос эмч нартай хамтран энэ аюулт тахлаас хүн ардаа аварсан ач буянтай хүн байлаа. Би Жанлав гуайн дурсамжийн номыг бичиж, олон сар жилээр хамт байсан. Жанлав гуай нэг сонин түүх ярьдагсан. Нутгийн нэг хүн, одооныхоор бол коронавирусэрхүү өвчнөөр өвдөөд турж эцэн, үхдэгийн даваан дээр Жанлав эмчийг зорьж гэнэ. Ирэхэд нь Жанлав гуай өөр газар уригдаад алга байж. Өвчтөн ядарч ирээд, хатаж цангасан учир зуухны нь хажууд байсан, өтгөн хар цайг аваад залгилчихаж. Тэгээд бие нь амран унтаад өгсөн гэнэ. Маргааш өглөө болсон чинь Жанлав гуай ч ирчихэж. Өвчтөнч босч.
Тэгсэн чинь ирсэн хүний өвчин илааршаад Жанлав эмчээр эмчлүүлэх бараг шаардлагагүй, зөв зүгээр болсон байх юм гэнэ. Юу болов, гэцгээсэн чинь өвчтөн маань, зуухны дэргэд байсан өтгөн хар цайг уучихсанаа хэлж. Тэгсэн чинь тэр нь хар цай биш, загасгал гэдэг ургамлын ханд байсан юмсанж. Жанлав гуай, өвчтэй турж эцсэн малдаа загасгал хандалж өгдөг байж. Тэгээд нөгөө хүний өвчин эдгэрч. Жанлав эмч эндээс санаа аваад, хүний өвчинд туршилт хийсээр олон хүнийг эдгээсэн гэдэг. Тэгсэн чинь Дундговь, Өмнөговиор ургадаг загасгал гэдэг модлог ургамал, бүр эртнээс судар номонд бичигдсэн ид шидтэй, анагаах чадалтай ургамал байсан юм билээ. Тэр битгий хэл нутгийнхны дунд “Засаглалаар хүмүүждэг, загасгалаар эдгэрдэг” гэсэн хэлц үг хүртэл дэлгэрч байсан юм билээ.
Бас баруун чигийн нэг хүнээс сонин зүйл сонссон. Сарьсан багваахай гэдэг амьтан арцнаас их айдаг. Арцтай газраас зугатаж нүүдэг заримдаа олноороо үхсэн тохиолдол ч бий гэнэ. Хамгийн их арцтай Отгон тэнгэр хайрхан орчинд сарьсан багваахай байдаггүй гэсэн яриа олон түмний дунд байдаг юм байна. Би тэгээд, энэ коронавирус сарьсан багваахайнаас гарсан нь үнэн бол анагаах эм вакциныг нь энэ амьтныг айлгадаг монгол арцнаас эрвэл ямар байдаг юм бол гэж боддог л доо. Сонин хэвлэлд ч бичсэн. Ийм ам дамжсан яриа Монголд бий. Эрдэмтэн мэргэд минь судалгаа шинжилгээ хийхдээ энэ бүхнээс санаа авахад илүүдэхгүй болов уу хэмээн бичиж байгаа нь энэ. Ер нь манай эрдэмтэн мэргэд энэ коронавирус гэх цар тахлын талаар ямар судалгаа шинжилгээ хийж байдаг, олон улсын энэ олон онол дүгнэлтүүдээс алиныг нь дэмжиж, ажиллаж байдаг талаар мэдмээр байна. Дэлхийн хэмжээний эрдэмтэн судлаачид энэ өвчний талаар хэд хэдэн онол, чиглэл гаргачихлаа шүүдээ. Нэг хэсэг нь, энэ өвчин сарьсан багваахайнаас хүнд халдаж анх тархсан, амьтнаас гаралтай аюулт цар тахал гэлээ. Гэтэл зарим нь АНУ, БНХАУ-ын эрдэмтэд Ухань хотын нууц лабораторид “дэлхийн хүн амыг цөөлөх” зорилготой, амьтан дээр туршилт хийж байгаад энэ вирусыг алдсан. Хүний гараар бүтээгдсэн вирус гэж байна. Нэг хэсэг эрдэмтэд энэ бол цар тахал биш, том гүрнүүд, тэр дундаа эм бэлдмэлийн салбарынхан нь өндөр ашиг олохын тулд жирийн нэг амьсгалын замын өвчнийг дэвэргэж байна гэж бичээд байгаа. Тэгтэл бас зарим ноцтой зүйл ажиглагдаж байгаа. Тухайлвал, энэ их өвчлөл үхэл болж байхад зарим том гүрний удирдагчид ер тоосон шинжгүй, өөрсдөө өвдөхөд ч нэг их харамсахгүй байгаа. Дэлхийн, “том долоогийн” гурван улсынх нь ерөнхийлөгч коронавирусээр өвдсөн хэрнээ тэр дороо л эдгэрчихлээ. Далан дөрвөн настай Д.Трамп гуравхан хоног тусгаарлагдаад ажилдаа орсон. Английн ерөнхий сайд Б.Жонсон 7 хоног хөл хорионд байгаад зүгээр болсон. Си Жиньпин дарга ч Уханий голомтод алхаж л байна билээ. Бусад удирдагчид, тэдний гэр бүлийнхэн ч ялгаагүй, хамрын ханиад хүрээд эдгэх шиг л болсон. Д.Трамп “Энэ чинь зүгээр л ханиадны нэг төрөл” гэж ам алдаад нууцаа задалчих шиг болсон. Энэ ханиадны гарал үүсэл, эмчилгээний арга зүйг хэдэн том гүрний удирдлага бүгд мэдэж байгаа, тэгсэн хэрнээ ядуу тарчиг ард түмэн, өндөр настнуудыг “гаргуунд нь гаргаад “ байгаа юм шиг бодол танд ч төрж байгаа байх. Энэ том гүрнүүд чинь эм тариа, вакциныг хэн нэгнээсээ урьдчилж гарган дэлхийн зах зээл дээр их мөнгө олох гэж яаж улайрч байнав дээ. Зарим нь хугацаа болоогүй вакциныг шахаж, түрүү талаасаа Нью Йоркийн иргэнд гаж нөлөө үзүүлэн сандаргасан байна билээ. Үхсэн хүн ч бий байх. Эрдэмтний хэлээд байгаа “Эмийн бүтээгдэхүүний зах зээлийг олон улсад нээх зорилготой хувийн байгууллагын үг...” биш байгаадаа?!
Монголд ч ялгаагүй. Цар тахлын бүх нийтийн бэлэн байдал зарлачихаад байхад хэдэн төгрөгөө ард түмнээсээ харамлаж нуусан хэвээр, гадаадын голомт болгоноос өвчтэй, өвчингүй иргэдээ хамт зөөсөөр л байгаа. Хятадын дараа манай Монгол л хамгийн түрүү мэдэрч, арга хэмжээ авсан байх. Бид чинь бараг л нэг жил хөл хорионд суулаа. Хүнд л сорилт байна. Ард түмэн маань туйлдаж гүйцлээ. Мянга гаруй хүн энэ өвчний халдвар авна гэдэг чинь олон хүн амтай улс гүрэнтэй харьцуулбал аймшиг юм байна. Бид гуравхан саяулаа. Энэ бүхнийг тоож үзэж байгаа хэн байгаа юм?! Худлаа л “эрчим хүч тэглэсэн” энээ тэрээ гэж биднийг хуураад байгаа. Бүх зүйлийг биднээс нууж байгаа. Ядаж л энэ жил шахамын хугацаанд сайн эм вакцин гаргаад биднийгээ аварчих болов уу гэж эмч, эмийнхэн, эрдэмтэн мэргэдээ мөн ч их харлаадаа. Гадны, хэд нугалсан үнэтэй эм тариа л бидэнд “хөнгөлөлттэй эм” нэрээр шахаж байгаа МОНОС–ын зөвлөх Л.Хүрэлбаатарыг ерөнхийлөгч Х.Баттулга хөдөлмөрийн баатар болгож төрсөн дүү Л.Эрдэнэчимэгийг зөвлөхөөрөө дэргэдээ авахаар нь нааштай үр дүн гарсан юм болов уу? гэсэн чинь бас л таг чиг. Иргэдийн 60 хувийг вакцинжуулна. 4 дүгээр сарын нэгний дотор вакцинжуулчихна гэж Засгийн газрын тэргүүн, сангийн сайд нар мэдэгдээд байсан чинь саяхан телевизээр 2021 оны сүүлчээр иргэдийхээ 20 хувийг “вакцинжуулна” гэсэн мэдээ явж байх юм. Эрхэм дээдэст бол Монгол хүний эрүүл мэнд хамаагүй, бидний нэрийг барьж “вакцинжуулна” хэмээж гадаадаас их хэмжээний зээл тусламж авч “халааслаад” байгаа юм бишүү?! 2021 оны сүүлчийг хүлээвэл Монголд өнөөх “200 гэр бүл”-ээс өөр хүн үлдэх юм уу?!
Ийм л орчлонд Чингэсийн Монголын гэх гуравхан сая хүн, цар тахал, цагдаа хоёрт ээрэгдээд сууж байна даа. “Монгол толгой” уул нь юуг ч бүтээх гайхамшигтай толгой юм гэсэн. Одоо ч овоон дээр байдаг адууныхаа толгойтой л адил болоо шивдээ. Гэлээ ч дээрээс тэнгэр бурхан харж байгаа!
Г.ЖАМЬЯН
(Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч)
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ebee
(71.231.185.97) 2021-01-04 16:20Naad erdemten merged bgaa humuus tiim chadal bhguil bna.yum huleegeed hereggui bolson.oorsdoo ooriigoo archilj tordoh ni iluu.mergen uhaan uran gaihamshigt chadvar alga.nomoo medehguin gai.tanii sanaa iluu engiin hurteemjtei ni yum bna.
Хариулах
Зочин
(112.72.13.47) 2014-02-11 17:55saikhan hun shuu
Хариулах