Д.Цэдэвсүрэн: Монгол хүн сансарт ниссэн мэдээг зарлахын тулд эфирээ хаахгүй хүлээлгэж байлаа

Twitter Print
2019 оны 03-р сар 22-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МҮОНТ-ийн инженер Д.Цэдэвсүрэн 1981 оны 3-р сарын 22-ны Орос-Монголын хамтарсан санс­рын нислэгийн үйл явцыг Москвагийн телевизээс шууд дамжуулах манай багийн бүрэл­дэхүүнийг удирдан ажиллаж байсан гавьяатан билээ. Энэ үйл явцын талаар түүнтэй "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Н.Гантулгын хийсэн ярилцлагыг хүргэе.

-Сансрын нислэгийн үйл явцыг Москвагийн телевизээс шууд дамжуулахад та Монголын багийн бүрэлдэхүүнийг, ялан­гуяа инженер техникийн ажилч­дыг буюу арын албыг хариуцаж байсан. Тэр тухайгаа сонирхуу­лахгүй юу?

-Эхлээд нэг түүх ярья. Далаад оны сүүл наяад оны эхээр дарга нарын түвшинд нууц групп байгуулагдаад байгаа нь илт анзаарагдаж байсан. Нууцаар сурвалжлага, бичлэг хийж түүнээ хадгалаад байгаа нь мэдрэгддэг байв. Би Мэдээлэл радио, теле­визийн улсын хороо гэж байхад ерөнхий инженерээр ажиллаж байлаа. Монголын үндэсний теле­визтэй дөч гаруй жилийн хуга­цаанд хувь заяагаа холбосон байдаг. Сүүлд захирлаар нь ажил­лаж байсан. Мөн "UBS" теле­ви­зийн захирлаар ажиллаж байсан хүн шүү дээ. 

Нууцаар явагдаад байгаа зүй­лийн талаар асуух боломжгүй. Харин наян онд надад дээрээс хариуцлагатай үүрэг ирлээ. Тэр нь телевизийн техник тоног төхөө­рөмжийн шинэчлэлийн тухай юм. Тодруулбал, гаднаас валютаар төхөөрөмж авах тухай. Доллараар наймаа хийх нь бүү хэл доллар гэдгийг мэддэг хүн ховор байсан цаг. Ийн үүрэг өгөхдөө ирэх онд буюу наян нэгэн онд нэг томоохон үйл явдал болно, ер нь монгол хүн сансарт нисэх төлөвлөгөөтэй бай­гаа шүү гэдгийг цухуйлгасан. Тэгээд "Энэ бол улсын нууц шүү" гэдгийг хатуу анхааруулсан. Тэгээд гад­наас авах тоног төхөөрөмжөөр техникийн бэлтгэл сайтар хангахыг үүрэг болгосон доо.

-Хэн үүрэг өгөв. Дээрээс гэдэг маань...?

-Мэдээлэл радио, телевизийн улсын хорооны дарга С.Пүрэвжав гэж хүн надад үүрэг өгсөн. Пүрэв­жав даргад мэдээж дээрээс үүрэг ирсэн байж таараа. Наян нэгэн он гарлаа. Гаднаас авах тоног төхөө­рөмж ч эхнээсээ ирлээ. Нэг өдөр намайг дуудлаа шүү. Дарга нарын тусгай бүрэлдэхүүн хуралдаад ЗХУ болоод Монгол Улсын иргэдийн сансрын хамтарсан нислэгийг сурвалжлах багийг томилсон юм байна. Би ч сайн мэдэлгүй сүүлд нь яваад очтол "Чамайг техникийн багийн удирдагчаар томилсон, тушаал гарсан" гэв. Мэдээлэл радио, телевизийн улсын хорооны ерөнхий инженерийн хувьд, үнд­сэндээ ажил үүргийн хуваариараа би гарцаагүй явах байсан л даа. Тэгээд л бэлтгэл ажилдаа орсон. Нислэгийн үйл явцыг газар дээрээс нь  Монгол руу дамжуулахад холбоо­ны шугам, сансрын хиймэл дагуул гээд олон бэрх зүйлтэй тулгарна. Түүнийг тухайн үеийн Холбооны яам хариуцаж байв. 

Тус яамны нэгдүгээр орлогч сайд Гарам-Очир гуай бид хоёр техникийн бэлтгэл хангахаар наян оны хоёрдугаар сарын дундуур, нислэгээс нэг сарын өмнө Москвад очиж байлаа. Зөвлөлтөд буугаад шууд л Холбооны яаманд очиж байгаа юм. Тус яам л бүгдийг мэдэж байсан. Гарам-Очир гуай бид хоёр бүхий л зүйлтэй сайтар танилцаад, тэмдэглэл хөтлөөд гарын үсэг зурж баталгаажуулж байв. Түүнээс өмнө бас туршлага судлуулахаар гурван хүнийг явуулсан. Тэдний нэг нь би л дээ. Унгарын нисгэгч Зөвлөл­тийнхөнтэй хамтарч нислэг үйлдэж байв. Түүнийг газар дээрээс нь сурвалжилж туршлага судлуулсан түүхтэй.

-Сурвалжлах багт яг хэдэн хүн явсан бол оо?

-Өө олон хүн явсан. Тоог нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Дөч, тавин хүн лав явсан байх. Миний санаж буйгаар нэвтрүүлэг­чээр соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нарантуяа, найруулагчаар Ц.Пунсаа нар явсан. Санхүү, аж ахуйн албаныхан ч явсан. Шууд нэвтрүүлгийг хүргэхэд хамтран ажиллаж байгаа Зөвлөлтийн нөхдөдөө өгөх бэлэг дурсгалын зүйл гээд баахан зүйл аваачсан. "Останкино" буюу Москвагийн төв телевиз дээр бид чинь байрлаж байлаа шүү дээ. Ардын уран зо­хиолч Ш.Сүрэнжав гуай нис­лэгийн үйл явцыг шууд тайлбарлан хүргэж байсныг манайхан мэднэ. Мань хүн тухайн үед Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурч байсан гэдэг. Орчуу­лагчаар МОНЦАМЭ агентла­гийн Чагдар гэж хүн явсан. Муу орчуулж байна гэж загнуулаад л. Оросын тайл­бар­лагчийн шууд нэвтрүүлгийн текс­тийг харж үзэл­гүй­гээр сонсоод шууд орчуулна гэдэг төвөгтэй л дээ. Чагдар гуайн загнуулж, муугаараа дуудуулах нь ч аргагүй юм. Манай Сүрэнжав гуайн тайлбарыг Оросын орчуу­лагч хэрхэн яаж хүргэж байс­ныг мэдэхгүй байна. Ш.Сүрэнжав гуай бол урьдчилж бэлдсэн зүйлгүй, ёстой яруу найрагчийнхаа авьяас онгодоор л урсгасан. Оросын орчуулагч буурал толгойтой бу­риад нөхөр байсан санагдана. 

-Нислэгийн өмнөх байдлыг тодорхой ярихгүй юу. Инженер техникийнхэн амьсгаа авах зав­гүй бөөн бужигнаан дунд л байв уу?

-Хорин хоёронд Москвагийн цагаар 17 цагт Байконураас хөлөг хөөрсөн. Монголд шөнийн 22 цаг болж байгаа. Техникийн дэвшил тухайн үед үнэндээ гайхмаар байсан шүү. Бидний байрлаж буй төв телевизэд хэд хэдэн томоохон дэлгэц байрлуулсан байв. Байко­нурт чухам юу болж байгаа, нис­лэгийг удирдах төв буюу Оддын хотхон ямар байдалтай байгаа нь тэрхүү дэлгэцүүдээр тодоос тод харагдана. Ухаандаа, В.Жани­беков, Ж.Гүррагчаа нар сансрын хөлөгтөө сууж байгааг дэргэд нь юм шиг л харж байв. Харин түүнийгээ дамжуулах эрхгүй. 

Бичлэгээ сайтар нягтлаад хад­галж байлаа. Зураг авалтыг бол Зөвлөлтийн нөхөд газар дээр нь хийж байсан. Сансрын нисгэгчид газраас хөөрөх үед би тусгай олон аппарат дунд ганцаараа сууж байв. Нэгээр нь Улаанбаатар руу мэдээ дамжуулна, нөгөөгөөр нь оросууд­тайгаа ярина. Владимир гээд хотод байрлах сансрын тойрог замын төвтэйгээ холбогдоно. Харин гол хариуцлага нь нислэг амжилттай болоод сансрын тойрог замдаа орчих юм бол Москвагийн бүх телевиз болоод Монголын телеви­зээр мэдээллийг нэгэн зэрэг цацах явдал байсан. Түүнд л бид бэлдэж бүх техник хэрэгслийг бэлэн бай­далд байлгасан. Гэтэл нэг ноцтой асуудал гарлаа.  

-Юу тэр вэ?

-Юмжаагийн Цэдэнбал гэж хүн­тэй холбоотой. Зөвлөлтийнхөнтэй өмнө нь олон орны нисгэгчид хамтарч сансарт хөөрсөн. Тэдгээр орнуудын удирдагчид ажлын өрөө­нөөсөө сансрын нисгэгчидтэйгээ холбогдож, утсаар ярьж захиас заавар өгч байсан түүхтэй. Уг бичигдээгүй хуулийн жишгээр нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалыг Гүррагчаатай холбуулах, ажлын­хаа өрөөнд зурагт үзэж байгаагаар бичлэг хийж аваад шууд нэвтрүүл­гээр цацъя гэтэл Бал дарга Москвад оччихсон байж билээ. Ингээд л асуудал үүсч байгаа юм. Хаана яаж Цэдэнбалын зургийг авах уу гээд л пижигнэлдээд явчихлаа. Ерөнхийдөө улс төрийн хүнд асуу­дал үүсээд явчихаж байгаа юм. Мань хүн хэл чимээ ч үгүй Москвад оччихсон байхад бид их гайхаж билээ. Сүүлд мэдэх нь ээ, хэнд ч дуулгаж хэлэлгүйгээр Бал дарга авгайтайгаа Москва руу байнга нисчихдэг байсан юм билээ. Ин­гээд түүний зургийг Зөвлөлтөд байгаа Монголын Элчин сайдын өрөөнд авахаар боллоо. Тусдаа өрөө гаргуулж гэрийн тавилга тавьж, гэртээ байгаа маягаар тохи­жууллаа. Явуулын станц Элчин сайдын яаманд байрлуулж, өнөө тусгай өрөөндөө гурван камер зоогоод авлаа. Гэтэл зургийг нь хэнтэй хамт авах уу гэсэн асуудал гардаг юм. Авгайтай нь хамт авъя гэхээр Филатова орос хүн байдаг. Тэгээд эцэст нь Москвад байдаг хүүтэй нь хамт авсан даа. Хүмүүс болохоор Бал даргыг гэртээ хүү­тэйгээ үзэж байна гэж бодсон нь мэдээж. Тэр болгонд би оролцож байлаа шүү дээ.

-Нэвтрүүлгээ одоо явуул гэх даалгаврыг хэн өгсөн билээ?

-ТАСС буюу Москвагийн төв мэдээллийн агентлагаас өгнө шүү дээ, албан ёсоор. Хэрвээ нислэг бүтэлгүй болбол тэгээд л тас нуу­чих­даг байсан. Манай нислэгээс өмнө Болгарын нэг нөхөр Зөв­лөлтийнхөнтэй хамтарч нисээд тойрог замдаа орж чадалгүй бүтэл­гүйтэж байсан. Шууд нислэгийг дамжуулалгүй удсаны учир манай Гүррагчаа алдаа гаргасан байгаа юм. Тойрог замын станцдаа залгаг­даж чадалгүй нэг тойрог илүү яв­чих­сан юм билээ. Хоёр дахь тойр­гоосоо холбогдсон хэрэг. Тэрхүү хугацаанд Улаанбаатараас яриад байдаг. Шууд нэвтрүүлгээ өгнө гэсэн яасан бэ. Шөнийн арван цаг өнгөрчихөөд байна. Телеви­зийн нэвтрүүлгээ хаах юм уу, яах юм гээд асуугаад байдаг. 

-Тэгэхэд та ямар хариу өгөв?

-Зурагтын нэвтрүүлгээ хааж болохгүй. Хаах л юм бол иргэд унтчихна. Нэвтрүүлэг зогсох учир­гүй гэж үүрэгдсэн. Тэгээд л "Хаврын арван долоон учрал" киног үргэлж­лүүлж гаргаад байлаа. Монголын цагаар 23 цаг өнгөрч байхад би­дэнд мэдээ ирлээ. Телевизийн нэвтрүүлгийг шууд дамжуулж бол­но оо гэсэн. Үндсэндээ бид бүхэн урьдчилж бичсэн бичлэгээ яг шууд дамжуулж байгаа мэтээр олонд хүргэсэн дээ. Ийн хүргэхэд бас нэг асуудал гарсаан. 

-За бас ямар асуудал гарав даа?

-Команд өгөөд нэвтрүүлгийг яг дамжуулах болтол монгол, орос хоёр нэвтрүүлэгчийн хэн нь эхэлж текстээ хүргэх вэ гэдэг асуудал гарлаа. Оросууд "Манай нэвтрүү­лэгч эхэлж хэлнэ. Ер нь манайх эхэлдэг жишигтэй юм" гэлээ. Ту­хайн үед миний бие арын албыг хариуцаж байсны хувьд манайх эхэлнэ гэж дайрлаа. Яг тэрхэн мөчид миний бие группээ ахалж байсан юм. Биднийг даргалж байсан Магсарын Чойжил гуай Байконур руу явсан учир би албыг нь хариуцаж үлдсэн байв. Ингээд оросуудтайгаа маргалдлаа. "Та­най Элчингээс асууна" гэж байна. "Тэг ээ" л гэлээ. Тухайн үед ЗХУ-д суугаа Элчин сайд Д.Готов гуай байсан. Мань хүн мэдээж "Мон­голын нэвтрүүлэгч Д.Нарантуяа эхэл­нэ" гэж хэлсэн нь тодорхой. Тэгээд л монгол хүн сансарт нисч буй түүхэн үйл явдлыг Д.Наран­туяагийн дуу хоолойгоор ЗХУ бо­лоод Мон­гол Улс даяараа сонсож байлаа. Тухайн үедээ би ажлаа хийж байна л гэж боддог байсан. Харин цаг хугацааны дараа эргээд бодохуйд монгол хүн сансарт нис­сэн түүхэн үйл явцад гар бие оролцож, Д.Наран­туяагийнхаа дуу хоолойгоор шууд нэвтрүүлгийг эхлүүлсэндээ өөрийн эрхгүй ба­харх­даг шүү. Д.Наран­туяа шууд нэвтрүүлгийг эхлүүлнэ гэдэг монгол хэлээр, монгол дуу авиагаар эхлүүлж байгаа хэрэг. 

-Тэрхүү түүхэн үйл явдалд гар бие оролцсоны дурсгал гэ­вэл юу байна. Зураг хөрөг бий юу?

-Хувь амьдралд минь тохиолд­сон хамгийн дурсгалтай мөчийн нэг юм аа. Харин надад дурсгал болгон хадгалдаг зүйл ховор. Зураг хөрөг байдаггүй юм аа. Оросын зурагчид уг нь авч л байсан. Гэхдээ олж авч чадаагүй.  ЗХУ, Монгол Улсын хамтарсан түүхэн нислэг гэсэн гарчиг бүхий Оросын төв хэвлэлийн тусгай дугаар, Гүр­рагчаа, Жанибеков нарын нэр бүхий бичээстэй захидлын дугтуй л байна даа. Өнгөрөгч онд гучин жилийн ой тохиосон. Тус ойд зо­риулсан ном гарсан. Түүнд миний дурсамж орсон юм. Мөн тэрхүү ойгоор төрийн дээд шагнал  болох Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан. Үүнийг сансар огтор­гуйн буян, Ж.Гүррагчаа баатрын маань хишиг гэж сүсэглэн боддог доо.    

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Холбоотой мэдээ:

Д.Цэдэвсүрэн: Москвагийн олимп, Ж.Гүррагчаагийн нислэгийг шууд дамжуулж байлаа… - http://mongolcom.mn/read/39630 
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Д.Цэдэвсүрэн

      (124.158.107.85) 2019-03-22 10:54
      • 0
      • 0

      Миний 2012 онд өгсөн ярилцлагыг сайтдаа нийтэлсэнд их баярлалаа.Та бүхэнд уран бүтээлийн их амжилт хүсье.

      Хариулах