МАН улс төрийн өнгийг өөрсдийнхөөрөө зурж эхэллээ

Twitter Print
2016 оны 07-р сар 21-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг болон холбогдох Байнгын хороод хуралдаж, цаашлаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан оройн 22.00 цагийн орчим эхэлж, шөнийн 03 цаг өнгөртөл хуралдсан юм. Ийнхүү шөнийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэнийг хүргэж байна.

УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар Ц.Цолмонг томиллоо

Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, шийдвэрлэв.

Ингэхдээ УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлж, Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томиллоо. 

Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэгдсэний дараа Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар ажил хүлээлцэн, тамгаа шилжүүлэв. Энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байлцжээ.

Ц.Цолмон нь 1973 онд төрсөн, эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1980-1988 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1988-1992 онд ОХУ-ын Омск хотод технологийн техникум, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйн мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуульд хууль зүйн мастер, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд хууль зүйн мастер тус тус хамгаалжээ.

Тэрбээр 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт компьютер операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр тус, тус ажиллаж байсан аж.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэст нь Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд, олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2016.07.21/ 09.00 цагаас хуралдана.  

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүнтэй байхаар тусгасан.

Засгийн газрын бүтэц

  • Монгол Улсын Ерөнхий сайд;

  • Монгол Улсын Шадар сайд;

  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

  • Гадаад харилцааны сайд;

  • Сангийн сайд;

  • Хууль зүй, дотоод хэргийн сайд;

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;

  • Батлан хамгаалахын сайд;

  • Барилга, хот байгуулалтын сайд;

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;

  • Зам, тээврийн сайд;

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

  • Эрчим хүчний сайд;

  • Эрүүл мэндийн сайд

Харин Төрийн захиргааны байгууллагын бүтцийг тодорхойлохдоо тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлаг байхаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Шинэ Засгийн газар 13 яам, 27 агентлагтайгаар үйл ажиллагаагаа явуулах юм байна. Ингэхдээ Гааль татварыг салгаж, Төрийн өмчийн хороог дахин байгуулж, Үндэсний хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Соёл урлагийн газрыг байгуулахаар тусгаж, таван агентлагийн нэрийг сольсон байна. 

Үүнд:

-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын нэрийг Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар болгон өөрчилж, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг байхаар тусгажээ.

-Хүүхдийн төлөө үндэсний газрын нэрийг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчилж, хүүхэд төдийгүй залуусын хөгжил боловсролын асуудлыг хариуцуулан Хөдөмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар тодорхойлжээ.

-Иргэний харьяалал, хөдөлгөөний ерөнхий газрыг Гадаадын иргэн, харьяатын газар болгон нэрийг нь өөрчилж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар тусгажээ.

-Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болгон өөрчлөхөөр тусгаж, Барилга, хот байгуулалтын яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар тодорхойлжээ.

Харин Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болгон өөрчлөхөөр тусгаж, шинээр байгуулагдах Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харьяалагдах хэрэгжүүлэгч агентлаг байхаар тусгасан байна.

Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал

Засгийн газрын тохируулагч агентлаг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1.Тагнуулын ерөнхий газар

2.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

3.Үндэсний хөгжлийн газар

1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд

4.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

5.Онцгой байдлын ерөнхий газар

6.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

7.Стандартчилал хэмжил зүйн газар

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

2.Цаг уур орчны шинжилгээний газар

Гадаад харилцааны эрхлэх асуудлын хүрээнд

 

 

Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

3.Гаалийн ерөнхий газар

4.Татварын ерөнхий газар

Хууль зүй, дотоод сайдын эрхлэх асуудлын хүрээнд

8.Цагдаагийн ерөнхий газар

9.Хил хамгаалах ерөнхий газар

5.Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

6.Архивын ерөнхий газар

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

8.Гадаадын иргэн харьяатын газар

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

9.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

10.Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар

11.Хүүхэд залуучуудын хөгжлийн газар

Барилга хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

12.Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар

Батлан хамгаалах сайдын эрхлэх асуудлын хүрээнд

10.Зэвсэгт хүчний жанжин штаб

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

13.Биеийн тамир, спортын газар

14.Соёл урлагийн газар

Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

15.Иргэний нисэхийн ерөнхий газар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

16.Ашигт малтмал газрын тосны газар

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

17.Мал эмнэлэг үржлийн газар

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

 

Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.