Д.Болдбаатар - Амь амьдралын хэлбэр засал

Twitter Print
2017 оны 07-р сар 13-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Нэгэн амраг хос хоёулаа уулын спортын тамирчид болохоор хайртай хүүгийнхээ нэг насны төрсөн өдрөөр түүнийг үүрч долоон мянган метр өндөр цаст уулын оройд авиран гарахаар шийдэцгээжээ. 

Тэр хоёр нэгэн нартай сайхан өдөр бэлтгэлээ сайтар базаасны эцэст аян замдаа гарцгаалаа. Эхэндээ ч яахав цаг уурын мэдээгээр зарлаж байсанчлан салхи ч үгүй нартай сайхан өдөр байлаа. Эхнэр нөхөр хоёр түүний ачаар таван мянган метрийн өндөрт нэг л мэдсэн авиран гарцгаав. 

Тэд төлөвлөсөн ёсоороо гайгүй сайн амарч аваад дараачийн ээлжит авиралтаа хийхээр завдаж байтал гэнэт бараан үүлс эрчлэн цасан шуурга нүдгүй шуурч агаар тэнгэр хасах гучин хэм болтлоо буурчээ. Тэр гурав цаг уурын мэдээнд хэт итгэсний харгайгаар уулчдын хувьд хамгийн чухал зүйл болох байршил тодорхойлох багаж хэрэгсэл авч гараагүйг яалтай билээ. Цасан шуурга улам ширүүсэн нэг метрээс цааш юмс үзэгдэхээ байсан болохоор дээш мацах, доош уруудахын аль алин нь маш аюултай хэрэг болон хувирав. Хоёр уулчин арга буюу нэгэн хадны нөмөр бараадан салхи шуурганаас толгой хоргоджээ. 

Агаарын хэм буурахын хэрээр жаахан хүүхэд даарч бээрсэндээ уруул ам нь хөхрөөд эхлэв. Одоо түүнд хөхийг нь хөхүүлэх явдал онцгой чухал болжээ. Гэвч тийм хүйтэн нөхцөлд биеийн аль нэг хэсгийг ил гаргана гэдэг амь насаараа дэнчин тавьсанаас өөрцгүй хэрэг байлаа. Гэвч хүүхдийн уйлах дуу улам бүр суларч байхыг үзвээс удахгүй хахир хүйтэн нөхцөлд хоол тэжээл дутагдсаны улмаас үхэх нь бараг л тодорхой болж ирэв. 

Нөхөр нь эхнэрийгээ харсаар байж үхүүлж төвдөхгүй тул хэдэн ч удаа хүүгээ хөхүүлэх оролдлогыг хориглон зогсоожээ. Гэвч хөхүүлэхгүй болохоор хүү нь харангадаж үхэх гээд байдаг. Аргаа барж гүйцсэн эхнэр нь «Хүүхдээ ядаж ганц удаа хөхүүлчихье!» хэмээн эцэс сүүлдээ гуйжээ. 

Нөхөр нь эхнэр хүүхэд хоёроо өвөртөө нөмөрлөн байж хүүгээ хөхүүлэв. Гэсэн хэдий ч эхнэр нь нэг удаа хөхүүлэх тоолонд биеийнх нь халуун хоёр хэм буурч байлаа. 

Байршил тодорхойлох багажгүй болохоор аврагчид тэднийг олно гэдэг өвсөн дунд зүү хайхтай ижил хэрэг бөгөөд одоо гагцхүү салхи шуурга эс намжих бөгөөс тэр гурав амьд гарах ямар ч найдлага байхгүй боллоо гэсэн үг юм. 

Цаг хугацаа хором хормоор урсан өнгөрсөөр. Хүү нь эхийгээ дахин дахин хөхөхийн хэрээр эхнэрийнх нь биеийн хэм буурсаар байгааг яалтай билээ. Гэвч таван мянган метрийн өндөрт нүдгүй салхи шуурган дунд хөөрхий залуу эх ердийн цагт маш амар хялбар атал өдгөө туйлын хүнд хүчир үйл болон хувирсан хүүхдээ хөхүүлэхийн хэрээр амь нас нь дусал дуслаар урсан хорогдсоор л байжээ. 

Гурван өдрийн дараа аврагчид тэр гурвыг олж очих үеэр нөхөр нь эхнэрийнхээ хажууд дөнгөж амь голтой амьтан ухаангүй суух бөгөөд харин түүний эхнэр мөнөөх залуухан атлаа аугаа эх зогсоогоороо хүүгээ хөхүүлж буй байдалтай хөшөө болон мөнхөрснийг бүгдээрээ алмайран олж харцгаалаа. Харин тэр агуу эхийн амь насны дусал ширхэг бүрээр тэжээн тэтгэсэн булбарай үр нь эцгийнхээ дулаан өвөрт юу ч болоогүй мэт нойрсож байсан нь залуу эхийн таван мянган метрийн өндөр дэхь нүдгүй цасан шуурган дунд амь насны өр төлөөсөөр бүтээсэн бас нэгэн гайхамшиг болон хоцорчээ.

Тэр агуу эхийн хайр хийгээд хайртай эхнэрээ дурсан санагалзахын эрхээр нөхөр нь хожим эхнэрийнхээ хамгийн сүүлд зогсоогоороо мөнхөрсөн тэр л биеийн хэлбэр заслыг дууриалган хүрэл хөшөө цутгуулахаар шийджээ. Ингэснээр үрээ гэсэн эхийн хайрыг олон нийтэд мэдрүүлэхийн зэрэгцээ алсдаа өсөж томрох хүүдээ бие махбодын ердийн хэлбэр засалд амь амьдралын турш хуримтлуулсан хамаг хайраа цутган шингээж чадах бөгөөс агуу үйлийг бүтээж өнө мөнх лүгээ дүйцэх үнэ цэнэтэй байдгийг ойлгуулах гэсэн хэрэг байлаа. Амь амьдралын хэлбэр засал гэдэг ариун хайрын илрэл байдаг ажгуу. Гагцхүү тэрхүү ариун хайрын улмаас амь амьдрал таван мянган метрийн өндөрт маш энгийн үйлдэл хөдөлгөөнөөр хүний орчлонгийн хамгийн агуу их хийгээд эхийн хайр лугаа холбоо бүхий хамаг нандин сайхан бүхнийг илэрхийлэн харуулж чадсан юм.

Жинхэнэ хайр үг хэлгүй. Үйл хөдлөл дуу чимээгүй өрнөдөг хэмээлцдэг. Гэсэн хэдий ч эх хүн хосгүй үнэ цэнэтэй өөрийн амь насаар хамгийн хайртай хүнийхээ амь амьдралыг аврах боломжтойг ухааран ойлгосон агшинд хасах гучин хэмийн хүйтэн орчинд хүүгээ хөхүүлэхээр энгэрээ задгайлж байгаа тэр л хатуу зоригийг зүйрлэн илэрхийлж болох үг хэл хийгээд үйл хөдлөл гэж өөр юу байхсан билээ дээ. Энхийн цагт, энэ орчлонгийн эгэл боргил өдөр хоногуудын дунд ийм нэгэн залуу эхийн шийдэмгий үйл хөдлөлд цочирдон гайхширч бүлээн нулимс дуслуулахгүй чулуун зүрхтэн гэж үгүй буй за. Тийм ч учраас ямар ч үед аль ч газар оронд уул хичнээн өндөр замын хүзүү хэдий урт хол байлаа ч «ХАЙР» хэмээх ганц л үг бидний амьдралын найдвартай түшиг тулгуур уярал ухаарлын сэжим сэжүүр болж байдаг бус уу?

Хятад хэлнээс орчуулсан Д.Болдбаатар

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.43.12) 2017-07-13 23:53
      • 0
      • 0

      шал сонин юм байна. эцэг эх хүмүүс нялх хүүхдээ уулруу авч явахуу

      Хариулах