Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийг хүчитгэх технологи нэвтрүүлнэ

2016 оны 07-р сар 19-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас “Монгол Улсад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх баримт бичигт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ЖАЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар гарын үсэг зурлаа.

Энэхүү төслийг Японы Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран 1.6 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн үргэлжлэл болгон гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

2013 онд хэрэгжүүлж дууссан “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийслэлийн газар хөдлөлтийн эрсдэлийн нэгдсэн зураглал гаргах, гамшгаас хамгаалах удирдлагын төлөвлөлтийг сайжруулах, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга, байгууламжийн технологи боловсруулах, холбогдох байгууллага, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхийг сайжруулах дадлага сургуулилтыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Харин уг төслийн үргэлжлэл болсон “Монгол Улсад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд гамшгийн эрсдлийг бууруулах засаглалыг бэхжүүлэх, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийг хүчитгэх технологи нэвтрүүлэх, иргэдэд гамшгаас хамгаалах боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх юм.

Төслийг Онцгой байдлын ерөнхий газар хариуцаж, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран хэрэгжүүлнэ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.