АСЕМ, олон улсын терроризм, газар нутгийн маргаан, Brexit зэрэг асуудлыг хэлэлцлээ

Twitter Print
2016 оны 07-р сар 16-нд 15:12 цагт
Мэдээний зураг,

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцож байгаа төр, засгийн тэргүүн нар нэгдсэн хуралдааны нээлтийн үеэр өнгөрсөн пүрэв гарагт Францын өмнөд нутгийн Ницца хотод болсон халдлагатай холбогдуулан олон улсын терроризмыг эрс зэмлэн буруушаав.

Европ болон Ази тивийн 51 орны удирдагчид Монголын нийслэл Улаанбаатар хотод болж байгаа АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын нэгдсэн хуралдааны эхэнд халдлагад өртөж амиа алдсан хүмүүсийг дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй зогсч, эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн тэд хамтарсан мэдэгдэл хийж, аймшигт халдлагуудыг буруушаагаад, терроризмын тахалтай тэмцэхээ амлажээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “энгийн иргэдийг хохироож байгаа жигшүүрт терроризмыг хэзээ ч уучлан өршөөж болохгүй” гэж мэдэгдсэн бол Германы Канцлер Ангела Меркель “бид бүгд цочролд ороод байна” гэж мэдэгдсэн байна.

Өмнөд Хятадын тэнгисийн маргаан

Гааг дахь Арбитрын шүүхээс Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг зохицуулах асуудлаар Филиппиний талд шийдвэр гарсны дараагаар уг бүс нутагтай холбоотой асуудлыг АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр хэлэлцсэн байна.

БНХАУ-ын тал шүүхийн шийдвэрийг авч хэлэлцэхгүй байхыг хүсчээ. Гэвч бусад орны удирдагчид БНХАУ-ыг буруушаагаад, олон улсын хууль эрх зүйг хүндэтгэх ёстой гэж мэдэгджээ.

Олон улсын хуульд тулгуурласан дүрэм журмыг дагаж, яриа хэлцээ хийх нь маш чухал гэж Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск нэгдсэн хуралдааны нээлтийн үеэр мэдэгджээ.

Филиппиний Гадаад хэргийн сайд Перфекто Ясай мэдэгдэл хийхдээ “энэ чухал шийдвэрийг дэмжиж байгаагаа” илэрхийлээд, шийдвэрийг дагахыг бусад талуудад уриалсан байна.

Мөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянаас олон улсын хууль дүрмийг дагахыг түүнээс хүссэн гэж Японы хэвлэлүүдэд бичиж байна. Түүнээс гадна Япон улс БНХАУ-тай далай тэнгисийн маргаантай байгаа бөгөөд шүүхийн энэ шийдвэр Японы талд ашигтай байж ч магадгүй юм.

Харин Ли Көцян үүнийг эсэргүүцэж  “Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд Японд хөндлөнгөөс оролцох ёсгүй” хэмээн мэдэгдсэнийг "Синьхуа" агентлаг уламжилжээ.

Их Британи ЕХ-ноос тусгаарласан ч Азийг чиглэсэн бодлогод нөлөөлөхгүй

Их Британи Европын Холбооноос тусгаарласан ч энэ нь тус холбооны худалдааны болон гадаад бодлогод нөлөөлөхгүй гэсэн баталгааг Европын орнуудын удирдагчид Азийн орнуудад өгч байна.

“ЕХ  идэвхтэй тоглогч хэвээр байна. Их Британи холбооноос гарсан ч гэлээ тус холбооны 27 орон цаашид энэ хэвээр байх болно. Бидний гадаад бодлогод ямар ч өөрчлөлт орохгүй” гэж Дональд Туск Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсаныхаа дараа мэдэгджээ.

Минскийн гэрээг хэлэлцэв

АСЕМ-ын уулзалтын үеэр бас нэгэн онцлох үйл явдал болсон нь Германы Канцлер Ангела Меркель, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нарын хоёр талын уулзалт байв. Тэд Украины зүүн нутгийн хямралыг зохицуулах Минскийн гэрээний хэрэгжилтийн талаар хэлэлцжээ. "ЕХ болон ОХУ Минскийн гэрээг нэн даруй хэрэгжүүлэхийн тулд шийдэмгий алхам хийх хэрэгтэй. Энэ нь бүх талуудад ашигтай" гэж Меркель уулзалтын дараа мэдэгдэв.

Эх сурвалж: Montsame.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.