С.Дулам: Байдрагийн сургууль чамайгаа, эрдэмт даруухан багш нараа насан туршдаа хайрлан дурсана

Twitter Print
2016 оны 07-р сар 15-нд 22:29 цагт
Мэдээний зураг,

Энэ жил МУСГЗ, Төрийн шагналт Ц.Намсрайн нэрэмжит Байдраг ахлах сургуулийн 70 жилийн ой тохиож байгаа билээ. Тус сургуулийн төгсөгч, Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Франц улсын “Эрдмийн алтан дал мод” шагналт, эрдэмтэн зохиолч С.Дуламын дурсамжаас хүргэе.  

Байдрагийн дурсамж 1962 онд Баянбулагийн бага сургуулийн 4-р анги төгсөх жил сургуулийн захиргаанаас сурлага сайтай хэдэн хүүхдийг цааш нь Байдрагийн долоон жилийн дунд сургуульд суралцах нь зүйтэй хэмээн зөвлөх шаардахыг хослуулан, аав ээжийг маань ятган сэнхрүүлсний үр дүнд манай ангийн Л.Гүрдорж, С.Лхагвасүрэн, Д.Цэдэн нарын хэдэн хүүхдийг нэгдлийн жолооч Д.Мижид гэдэг хүний машинаар Байдрагийн сангийн аж ахуйн төвд хүргэж өгсөн билээ. Муу ээж минь гэрээсээ холдож үзээгүй, амь шигээ хайртай ганц эрх хүүхдээ бас ч гэж амьхандаа хол газар сурах болсонд нэг баярлан, нэг уймран юу ч гэсэн өөрийн биеэр хүргэж өгөхөөр болсон билээ.

Намрын намар болгон Байдрагийн гол үерлээд олон зуун салаа болж энд тэндгүй замын тэргэнүүд шаварт суучихсан, зарим нь нэлээд хэд хоносон ч дуулдана. Анх удаа ийм их ус мөрөн үзэж байгаа миний бие Байдраг ээжийн догшин урсгалд сүрдэн, ээжийнхээ суганд шигдэж, ээж минь өнөө авралт Ногоон Дара эх, орон нутгийн эзэн савдагаа дуудаж орилсоор явж, арай ч шаварт нам суучихсангүй их голыг гаталж, тэр үед манай сумын заанууд болох Мижид жолооч, Чойжинсүрэн нарын аав Дамиран өвгөн гуайнд буусан билээ. Тэгээд хятад барилгачдын барьсан, магнайдаа глобусын товгор сийлсэн Байдрагийн долоон жилийн сургуулийн “П” үсгийн хэлбэртэй нэг дан байшинд хүргэж ирэхэд цэвэр цэмцгэр ч гэж жигтэйхэн, үлгэрийн сайхан ордонд орсон юм шиг санагдаж байж билээ.

Анги зохион байгуулахад бид Содномжамцаа гэж намуухан сайхан дуутай, нүдэнд дулаахан намхан бор багшийн 5в анги болж, сүүлд 10-р анги хамт төгссөн С.Аяахүү, Л.Гүрдорж, Д.Цэдэн (9-р анги дуустал суралцсан) нартай нэг анги болон хуваарилагдлаа. Нэг сонин юм болсон нь Байдрагийн САА-н ерөнхий ня-бо Нацагдорж гуайн хүү Н.Эрдэнэбаатар бол сайхан барилддаг, цана, тэшүүрээр гулгадаг биерхүү банди байсан бөгөөд бага сургуулиасаа нэлээд хэдэн хочтой байснаа шинэ хүүхдүүд ирэхээр тарааж шингэлэх арга олоод олон танихгүй хүүхдийн дунд намайг зааж, энэ хүүхдийг “Тос” гэдэг юм “тос, тос”, “Тос” Дулам гэж орилсноос хойш би “Тос” гэдэг хочтой болчихдог юм байна. Энэ “өргөмжлөлийг” би арван жилийн сургуульд суралцах үлдсэн жилүүддээ бүр “Шар тос” болтол нь тээсээр ирсэн билээ. Харин Эрдэнэбаатар маань өөрийн үндсэн хоч болох “Бух” хочтойгоо үлдсэн дээ. Нээрэн л монголын бух шиг түхийсэн улаан шар банди байв. Ер нь тэр үед хочгүй хүүхэд ч гэж байсангүй. Миний ойр хавийнхнаас гэхэд л Гүрдорж маань эхлээд “Хялар Богд” хоч аваад, сүүлд цол нь нэмэгдсээр байгаад 10-р анги төгсөх үед “Гүрсоронзонгомбосүрэндоржжав” болж өндөрссөн юм даг. С.Лхагвасүрэнг болохоор “Нус” Лхагваа буюу “Нуга” Лхагваа гэнэ. Бавуужавыг “Майга” буюу “Баавгай” гэх жишээний. Харин хаа очиж эмэгтэй хүүхдэд нэг их хоч өгөөд байсныг санадаггүй юм. За тэгээд сүүлд аймгаас шилжиж ирсэн Д.Самбууг “Уваа гавж” гэх жишээний. Зарим үед нэрнээсээ илүү хочоороо дуудуулсаар бүр дасчихдаг юм билээ. Ямар сайндаа бүүр сүүлд МУИС-д багш болсон хойно манай ангийн О.Дамба Дархан хотоос ажлаар ирээд “Залуучууд” зочид буудалд байрлаж байхдаа өглөө өрөөнийхөө цонхоор хараад зогсч байтал миний ажилдаа явж байхыг үзээд араас “Хөөе Дулам” гэж дуудаад сонсохгүй болохоор нь “Хөөе, тос, тос” гэсэн чинь эргэж хараад эргэцэж байсан гэж байгаа. Ийнхүү энэ хоч алдрай багын минь алдар нэр болон үлдэж дээ. “Муусайн золигнуудын” хайрласан тэр хочны бэлгээр ч юмуу би сүүлдээ шар тос тун их хэрэглэдэг болж билээ.

Ээж минь намайг хүргэж ирсний гол учир нь миний модон хайрцагтай боорцог голдуу чихсэн авдрыг өвгөн Дамиран гуайнд байршуулж, намайг бодохноо долдугаар ангийн том сурагч болсон нутгийн банди нар болох Б.Зана, Б.Нармандал нарт намайг захиж, еэвэн боорцог мэтээр “хахуульдаад” хэн нэгэн дээрэлхвэл харж хамгаалж байгаарай гэж захисан хэрэг. Би ч бас ээжийгээ явсан хойгуур тэдэнд боорцогноосоо зөөж, биеэ өмөөрүүлдэг болсон гэж байгаа. За тэгээд дотуур байр хуваарилах болсон чинь Гүрээ бид хоёр болохоор хоёр давхар шар байрын хамгийн зүүн урд талын өрөөнд МУБИС- ийн багш, дэд захирал олон жил хийсэн, Шинжлэх ухааны гавъяат агсан Б.Пүрэв-Очир даргатай “тэргүүний тасаг” гээч юманд оров оо. Тэнд Пүрэв- Очирын дүү Дэмбэрэлсамбуу, Хүрээмаралын Молом, халимагт Жүгдэржав нартай хамт байсан санагдана. Пүрэв-Очир маань тун их нягт нямбай цэвэрч, хатуу чанд шаардлагатай болохоор нь бид “Харгис” гэж хочилно. Сангийн аж ахуйн хашаанаас тракторын тойфл гэх тосыг гуйлга, хулгай хослуулан лаазанд хийж авчраад тааранд шингээгээд шалны мод юмуу эсгий гутлаараа нүүр харагдтал өрөөний шалаа зүлгэнэ. Тэгээд байнга л манай тасаг “тэргүүний тасаг” болдог байлаа. Нэг гэм нь ээж өвөл эргэж ирж, Дамиран гуайнд намайг өвөртөлж унтаад босохдоо миний хүү “Тракторын жолооч” шиг үнэртэй болчихож гэж билээ.

Эхний жил гэр орноо, аав ээжээ санаад тийм санасандаа хүртэл сурч чадсангүй, нэн ялангуяа дархан, мужаан болон зургийн хичээл, биеийн тамирын хичээлд нэг л өөдөлж өгдөггүй. Тэр дундаа биеийн тамирын багш “Хар” Дагваас үхтлээ айдаг сан. Харин 6-р ангид Жигжжав багшийн ангид орох жил муу адиа ээж хоёр минь ганц хүүгээ нэг жил ч гэсэн гэрт нь өвөлжүүлэхийн тулд нэгдлийн дарга нараас чөлөө гуйж, Байдраг нүүхээр болоод Баянбулагийн баруун хойт хязгаарын Сэрүүн булагийн хангайгаас амины хэдэн малаа тууж, гэрээ ачаалан нүүсээр олон хоногийн наранд шаруулан, бороонд шавшуулан 200 гаруй км газар туулж, Байдрагт ирсэн билээ. Үүнийг бодох бүрийд миний муу адиа ээж хоёр ганц эрхийн тэнэг хүүгээ эрдэм ном сургахын төлөө ядрал зүдрэлийг ч тоолгүй ингэж зүтгэсний хүчээр л би өдий зэрэгтэй хүн болж дээ, энэ хоёр шиг аав ээж хорвоо дэлхийд үгүй байх аа гэж бодогдон нулимс аяндаа мэлтэрдэг юм даа.

Байдрагт гэртээ өвөлжсөний буянаар өлсч, цангахыг мэдэхгүй дураараа дургиж, өдөр хичээлээс ирээд цүнхээ шидчихээд Пионер толгойд цана, чаргаар гулгаад, үдэш болсон хойно л гэртээ орж ирдэг сэн. Манай гэрт тэр жил Дамиран гуайн зээ охин Цэдэн сууж таараад, хичээлийг маань ялгаж өгдөг ийм л цадиггүй амьтан байлаа.

Тэр жил миний сурлага ч суга суга өсч, онц сурлагатан, Д.Нацагдоржийн тэмдэгтэн ном уншигч болж мандав аа. Харамсалтай нь хавар орой болж, урин дулаан ормогц адиа ээж хоёр маань нутаг буцахаас аргагүй болж, би эргээд дотуур байртаа орлоо. Тэр үед уран зохиолын хичээлдээ учиргүй их дуртай, сургуулийн номын сангийн болон сумын дэлгүүрийн шинэ номуудыг үлдээлгүй уншиж дууслаа. Санаанд тод үлдсэнээс Виктор Хюгогийн “Парисын Дара эхийн сүм”, “Толгойлогч Бюгжаргал”, “Шоовдор хүмүүс”, “Зоригт далайчин”, Жюль Верний “Усан доогуур 20000 бээр аялсан нь”, “Капитан Грантын хүүхдүүд”, М.Шолоховын “Дөлгөөн Дон” за ер нь цөмийг шудардаг байлаав шүү.

Зургаан сарын сүүлээр хичээл өндөрлөж, сургууль тарах болчихсон чинь адууны халдварт ям өвчин гэдэг юм гараад, хорио цээр (карантин гэгдэг) тогтоосон тул нутаг явах аргагүй боллоо. Байртаа байна гэхлээр чийгтэй байшинд үхширч хэвтэх хэцүү оргиод байдаг. Гэтэл миний толгойд нэг арга орж ирсэн нь манай аав ээжийн сайн найз, өвөл малаа тавьдаг байсан Шугарын Бэгзжав гуайнх Нарийн Тээлийн голд зусч буй нь санаанд ороод явчихлаа. Би ер багадаа их гүймхий жаал байсан юм. Юм л бол хөдөө гэр лүүгээ явган гүйгээд явчихдаг хүүхэд байлаа. Бэгээ ах Чонцол эгч хоёр бол хүний хайр татсан сайхан зан аальтай, сайхан сэтгэлтэй хоёр байсан болохоор тэдний рүү гүйхээр шийдээд, хэнд ч хэлэлгүй нэг өглөө зүүн урд зүгийг чиглээд гараад гүйчихлээ. “Могойн хөндий” гэж цэлийсэн уудам хөндийг гатлаад яваад л байлаа, яваад л байлаа. Тэгсэн нэг мэдсэн орой болоод юу юугүй нар жаргахаар боллоо. Эзгүй хээр ганцаараа хонохоос аргагүй болох нь гэж бодоод хэдэн адуу бараадаад дунд нь сууж байсан чинь үдэш адуучин эр адуугаа хураахаар ирж таардаг юм байна. Адуучин эр машид их гайхаад “үгүй, чи чинь энэ харанхуй шөнө юугаа хийж суугаа хүүхэд вэ” гэхлээр нь “Нарийн Тээлийн голд нутагтай Бэгзжав гуайнд очих гэсэн чинь хүрч чадалгүй оройтлоо” гэж үнэнээ хэлбэл, “тэднийх чинь дахиад хол байна, манайд очиж хоно” гээд мориндоо сундлаад гэртээ авчирч билээ. Тэгээд тэр шөнөдөө тэр айлд хоночихоод өглөө нар битүү газар сайн заалгаж аваад цаашаа гүйсээр бага үдийн хэрд Бэгээ ахын хот айлд очтол Чонцол эгч дуу алдан эвийлж тосч авсан юм даг.

Ямар чиг байсан зуны сайхан өдрүүдийг чийгтэй байшинд үхширч хэвтэлгүй цэнгэг агаар, соргог өвсөнд, торгон элсэнд хөлбөрч, тунгалаг усанд шумбаж өнгөрөөх болж билээ. Бэгээ ахынх дөрвөн охинтой, тэдэнтэй нь тоглоод хөгжилтэй байдаг байлаа. Гэхдээ тухайн цагт тэр охидыг нь би өнгөөр нэрлэдэг, ууган охин Сундуйг Бор, удаах охин Пүрэвсүрэнг Шар, дараах охин Лхагвасүрэнг Улаан, отгон охин Ганнямыг Ягаан гэдэг байж билээ. Тэд маань бас аав ээжийгээ дуурайсан эелдэг зөөлөн зан ааштай, хүн амьтантай тун эвсээрхэн хүүхдүүд байж билээ.

Хожмоо тэд маань сайхан айл хунар болцгоож, намайг цөмөөрөө Ах хэмээн дууддаг болсон доо. Тэдний дундаас Монголд алдартай биоэнергийн эмчилгээний мастер Пүрэвсүрэн гарсныг олон хүн мэдэх байх аа. Тэгээд ям өвчний хорио дууссаны дараа Бэгээ ах намайг мориор сумын төвд хүргэж өгснөөр нутагтаа буцах болсон юм даг. Одоо бодоход хөдөөний дуусашгүй их ажилтай улсын ажлыг алдуулж байсан юм байна даа. Гэвч тэд маань ингэлээ тэглээ гэж түвэгшээж байсныг нь санадаггүй юм. Тэр цагийн хүмүүс гэж сайхан улс байж дээ, тэр дундаа Бэгээ ах, Чонцол эгч хоёр бол бүүр ч тусдаан сайхан улс л даа. Хүүхэд байхад романтик адал явдалд их дуртайгийнх юм уу, манай сумын “Нуга” Лхагваа буюу С.Лхагвасүрэн бид хоёр ярьж байгаад нэг их гайхалтай юм сэдэхээр болов оо. Тэр үед шүдний оогоор Пионер толгойн хаданд элдэв зүйлийн юм эрээчих их дуртай байсан цаг. Тэгээд хоёулаа энэ нам гүм оргиод байгаа Байдрагийн амьдралыг үймүүлэн цочоох нэг хэрэг таръя гэж санаад, хүмүүсийн хамгийн их айдаг юм нь гадаадын тагнуул гэдэг байсан цаг тул хоёр аюултай гадаадын тагнуул энд байж үүрэг даалгавраа биелүүлээд эх орондоо буцсан ухааны юм хаданд бичиж орхихоор шийдлээ. Тэгээд хоёр тагнуулынхаа нэрсийг зохион бодох гэхээр нэг л болж өгөхгүй болохоор нь газарзүйн атлас дээр байгаа гадаад нэрүүдийг хайсан чинь Энэтхэгийн хойгийн шувтрах үзүүрт байдаг Триванантапурам гэдэг хотын нэр, Номхон далайн дунд байдаг Канчайшидо арлын нэр хоёр тун их таалагдаад, нэгээр зогсохгүй шүдний оо дэлгүүрээс худалдан авч байгаад “Триванантапурам, Канчайшидо хоёр тагнуулын үүрэг даалгавраа биелүүлээд эх орондоо буцлаа” ухааны юм бичиж орхиод, юу болох нь вэ гээд чимээ чагнаад хүмүүс айж эмээгээд шуугилдаад унахаар нь нууцыг мэдэгчид нь бид хоёр л болж, дотроо додигорхон мушиганаж байхаар тооцоолж байлаа. Эхлээд яахав, нэг, хоёр, гурав хонолоо… чимээ ч алга. Долоо, арав хонолоо… чимээ ч алга. Ер нь юу ч болох шинж алга, тэгээд сүүлдээ бид хоёр ч өнөөхөө мартчихаж билээ. Одоо бодоход хэн тэрнийг тоох вэ дээ. Очиж очиж манай Байдраг тосгонд гадаадын тагнуул байна ч гэж юу байхав. Тав зургадугаар ангид л байсан байх. Гэнэн хонгор нас аа гэж.

Хамгийн сонин нь 2012 онд бил үү дээ, Солонгосын Гванжу хотод Азийн улсуудаас нэг нэг том аман зохиол судлаач эрдэмтэд цуглан олон улсын хурал хийсэн чинь Энэтхэгийн Триванантапурам хотоос нэг сүрхий шаламгай энэтхэг нөхөр ирвээ. Би тэрэнтэй танилцангуутаа “би бүр хүүхэд байхаасаа танай хотын нэрийг мэднэ шүү дээ” гэсэн чинь “яаж” гээд сонирхоод байхаар нь энэ түүхийг ярьж өгсөн чинь элгээ хөштөл инээн хөгжилдөж билээ.

Нэг удаа манай сургуулийнхан “Морьтын хясаа” руу аяллаар явцгаах үед би “Морьтын хясаа” нэртэй шүлэг бичиж тэргүүн байр эзлэв. Уран зохиолын багш өвгөн Дашдорж багш маань их л магтаж, эш татан уншиж байж билээ. Одоо тэр шүлэг маань үгүй ч “Морьтын хясаа чи юунд дуугүй дүнсийнэ вэ, Монгол түүхийг чи л ганцаараа мэднэм биш үү” гэж эхэлдэг шиг санагдана. Энэ мэтчилэн романтик мөрөөдлийн эх ундарга болж, алсын харгуйг хурайлсан Байдрагийн сургууль чамайгаа, эрдэмт даруухан багш нараа насан туршдаа хайрлан дурсана бид.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Enguun

      (122.201.22.229) 2016-07-15 23:44
      • 0
      • 0

      Woaw manai surguuliin mundag suut hun bnada.Az jargal husen erooe.Erhem hundet Dulmaa guai tand~~

      Хариулах